Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/01944

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.М

Хариуцагч: Г.Д

Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М*******, хариуцагч Г.Д*******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч анх дэлгүүр ажиллуулдаг тул барааны төлбөр төлөх гэсэн юм 2,500,000 төгрөгийг зээлээч гэхэд нь би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 7 хоногийн хугацаатай 2,500,000 төгрөгийг түүнд зээлсэн. Тэгээд 7 хоногийн дараа мөнгөө нэхтэл сар бүр хүү тооцож, хугацаагаа сунгая гэсэн. Хариуцагч эхний 2 сарын хүүг нь төлж байгаад сүүлдээ алга болсон. Анх 7 хоногийн хугацаатай мөнгө зээлье гээд тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь асуухад сарын 8 хувийн хүүтэй мөнгийг чинь зээлье гэж хэлсэн. 30 хоногоор л сунгасан учраас 200,000 төгрөгийн хүүг нь тохирч авсан гэв.

Хариуцагч Г.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даргалагчаас: Би 2019 онд 2,500,000 төгрөгийг бараа авах гэж А.М******* эгчээс зээлсэн. Дэлгүүр түүнээс хойш орлогогүй болоод үйл ажиллагаа зогсоод, анх зээлэхдээ 1 сарын хүү гэж 200,000 төгрөгийн хүү төлөхөөр ярьсан. Түүнээс хойш хүүнд 200,000 төгрөгийг төлж байгаад корона гараад хөл хорио болсон тул мөнгөө төлж чадаагүй удсан. Би 1,720,000 төлсөн, үүнээс 200,000 төгрөгийг нь хүүнд төлсөн тул үндсэн төлбөрөөс 980,000 төгрөг үлдсэн. Үүнийгээ төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч А.М*******, хариуцагч Г.Д*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хариуцагч 980,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,020,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ХААН банкин дахь ******* тоот данснаас хариуцагчийн ******* тоот дансруу 2,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Уг мөнгийг хариуцагч 7 хоногийн хугацаатай зээлж, зээлсэн хугацаанд буцаан төлж чадаагүй шалтгаанаар талууд 30 хоногийн хугацаатай, хүүнд 200,000 төгрөгийг хариуцагч нэмж төлөхөөр тохиролцсон талаар зохигч шүүх хуралдаанд тайлбарлаж, энэ талаар маргаагүй. Хариуцагч нийт 1,720,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигч маргаагүй. Үүнээс тохиролцсон 200,000 төгрөгийг хүүнд тооцон 1,520,000 төгрөгийг зээлд төлсөн, үлдэх 980,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, татгалзал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийсэн байна.

Иймд хариуцагчаас 980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,020,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Д******* /*******/-аас 980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М******* /*******/-т олгож, нэхэмжлэлээс 1,020,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Д*******аас 26,750 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч А.М*******т олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ