Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/02037

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Л.С

Хариуцагч: П.Г,

1,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020.10.02-ны өдөр иргэн П.Гонгорбаатараас эхнэрийнх нь нэр дээр байсан 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монголд орж ирсэн Тоёота Чейзэр маркийн 22-99 УБЧ улсын дугаартай суудлын автомашиныг аман гэрээ хийж авахаар тохирч тухайн өдрөө 6,000,000 төгрөгийг П.Гонгорбаатарт 5075614065 тоот данс руу нв шилжүүлсэн. Үлдэгдэл 2,750,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг хуваан төлөх нөхцөлтэйгээр аман гэрээ хийсэн. Төлбөрийг бүрэн төлж дуусмагц гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон. 2020.10.03-ны өдөр мотороос нь тос гоожоод байхаар нь хариуцагчид мэдэгдэхэд солиулчих гэсэн. Түүнийг нь би 130,000 төгрөгөөр янзлуулсан. Гэрээний дагуу 2020.10.17-нд 450,000 төгрөгийг би П.Гонгорбаатарт шилжүүлсэн. 2020.10.18-нд машинаа асаах гэтэл асаагүй. Үүнийг хариуцагчид мэдэгдэхэд машинаа аваад ир гэсэн учраас машиныг аваачиж өгсөн. Тухайн үед анх авсан 6,450,000 төгрөгөө авъя гэхэд маргааш аваарай гэсэн. 2020.10.27-нд 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн боловч үлдэгдэл 1,450,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд 1,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч П.Гонгорбаатараас нэхэмжилсэн 1,450,000 төгрөгийн үнийн дүнд машины күпер, хормой авч тохиролцсон тул нэхэмжлэгч, хариуцагч нарт аль алинд нь ямар нэгэн санал гомдол байхгүй. Тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь, хариуцагч П.Гонгорбаатарт холбогдуулан 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч нэхэмжлэгч 1,450,000 төгрөгийн шаардлагын хүрээнд хариуцагчаас машины күпер, хормой авч хохиролгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн энэхүү татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд харшлах шалтгаан тогтоогдоогүй гэж үзэхээр тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Л.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Гонгорбаатарт холбогдох 1,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч эвлэрч нэхэмжлэгч 1,450,000 төгрөгийн шаардлагын хүрээнд хариуцагчаас машины күпер, хормой авч хохиролгүй болсон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,150 төгрөгийн 19,075 төгрөгийг улсын орлогоос, 19,075 төгрөгийг хариуцагч Б.Бүвээгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.*******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ