Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/02035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж шүүгч Т.Болормаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: А.Б

Гэм хорын хохиролд 21,739,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Түмэнбаяр, хариуцагч А.Баянмөнх, иргэдийн төлөөлөгч Д.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төмөрбөт шүүхэд болон төлөөлөгч Ц.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* би нөхөр Цогтбаатарын Түмэнбаярын хамтаар 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 19 минутын үед Toyota RAV-4 маркийн 89-70 УБЯ дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн замд зүүн чиглэлд явж байх үед Toyota Aqua маркийн 72-61 УБЕ дугаартай суудлын автомашины жолооч А.Баянмөнх нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. А.Баянмөнхийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын Цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад С.Оюунгэрэл зам тээврийн ослын 2106000133 дугаартай зөрчлийн хэргийг шалгаад, Засгууд овогт А.Баянмөнх Toyota Aqua маркийн 72-61 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машиныг засварлахад 24,000,000 төгрөгийн засварын зардал гаргах талаар Таван богд ХХК-ийн Toyota service төвөөс үнийн санал өгсөн бол үнэлгээний Ашид Билгүүн ХХК хохирлын үнэлгээг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн ба Автомашин техникийн үнэлгээний тайлангаар үнэлгээгээр 17,139,900 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар манай нөхөр Ц.Түмэнбаяр болон А.Баянмөнх бид ярьж тохиролцсон ба А.Баянмөнх нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Тoyota RAV-4 маркийн 89-70 УБЯ дугаартай машин нь миний эзэмшлийн машин бөгөөд ажлын болон хувийн зориулалтаар унаж хэрэглэдэг. Манай Ажин Үжин ХХК нь ариутгал, халдваргүйтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Корона вирусийн цар тахлын үед компани маань маш их ажилтай байсан тул бид аргагүй эрхэнд ажлаа амжуулах, халдвар хамгааллыг сахих, ажлын хэрэгцээнд QR кодтой автомашинтай байх зэрэг шаардлага гарсан тул иргэн Л.Чинзоригтой Автомашин түрээсийн гэрээ-г 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулан ажлаа гүйцэтгэж байна. Түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс хойш cap бүр автомашин түрээсийн зардалд сард 4,500,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Иймд хариуцагч Засгууд овогт Алтанхуягын Баянмөнхөөс машинд учруулсан хохирол болох 17,139,900 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 20,000 төгрөг, автомашин ачилтын зардал 80,000 төгрөг, осол болсноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны автомашин түрээсийн зардал 4,500,000 төгрөг, нийт 21,739,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 17,139,900 төгрөгийг зөвшөөрч байна. 4,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хэрвээ 2 жилийн хугацаа олговол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.Баянмөнхөд холбогдох гэм хорын хохиролд 21,739,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэ 17,139,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2106000133 дугаартай Зөрчлийн хэргийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн цагдаагийн албаны Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн ЗТО-857/001511 дугаартай Шийтгэлийн хуудас зэрэг баримтаар хариуцагч А.Баянмөнх нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн замд Toyota Aqua маркийн 72-61 УБЕ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийн Toyota RAV4 маркийн 89-70 УБЯ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилж автомашинд учирсан хохирлоо хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар тогтоолгож, тус компанийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 694 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, түүний хавсралтаар нэхэмжлэгчийн автомашинд 17,139,900 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

Хариуцагч уг ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулж зам тээврийн осол гаргасан гэм буруугийн болон хохирлын үнэлгээгээр тогтоогдсон үнийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн автомашин хөлсөлсний зардалд 4,500,000 төгрөг нэхэмжилснийг төлбөрийн чадваргүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн өмчлөлийн гэх Toyota Aqua маркийн 72-61 УБЕ улсын дугаартай суудлын автомашин өмчлөгчөөр Тэнгэрлиг авто финанс ББСБ ХХК 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Хариуцагч шүүх хуралдаанд тус автомашиныг ББСБ-аас зээл авч барьцаалан зээлээр худалдан авсан гэж тайлбарласан ба зохигч энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хууль, дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан бол тухайн этгээд уг хохирлыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэж заасны дагуу уг автомашины эзэмшигч болох хариуцагч А.Баянмөнх автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсны хариуцлагыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээ 17,139,900 төгрөг, ачилтын төлбөр 80,000 төгрөг, үнэлгээний төлбөр 20,000 төгрөг, автомашин хөлсөлсний төлбөр 4,500,000 төгрөг, нийт /тооцооллоор 21,739,900 төгрөг боловч нэхэмжлэгч 21,739,000 төгрөг нэхэмжилсэн/ 21,739,000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч автомашинд учирсан хохирлын үнэлгээ 17,139,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн автомашиныг зөөвөрлөн тээвэрлэсний хөлс 80,000 төгрөг баримтаар тогтоогдсон ба ийнхүү тээвэрлэсэн нь автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой гарсан зайлшгүй зардалд хамаарна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн хариуцагч А.Баянмөнхөөс /17,139,900+80,000=17,219,900/ 17,219,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч автомашинд учирсан хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн гэх үнэлгээний төлбөр 20,000 төгрөг нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэг сарын хугацаанд автомашин хөлсөлсний төлбөр 4,500,000 төгрөг нь хариуцагч зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн автомашинд хохирол учирч автомашинаа ердийн байдлаар ашиглах боломжгүй болсон ч ийнхүү ашиглах боломжгүй хугацаанд нэхэмжлэгч автомашин хэрэглэх зайлшгүй шаардлага бий болсон, үүний улмаас зардал гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд эхнэр Б.******* ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани ажиллуулдаг тул зайлшгүй автомашинаараа явж ариутгалын үйлчилгээ хийх шаардлагатай байсан гэх тайлбар нь нэхэмжлэгч өөрийн ажиллуулдаг компанийн үйл ажиллагаанд зориулан автомашинаа хэрэглэдэг, хэрэглэх шаардлага нь үүссэн нь түүний өдөр тутмын хувийн хэрэгцээндээ зориулж автомашин ашиглахтай нь шууд хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,519,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.Баянмөнх /ОЮ92040318/-өөс 17,219,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.******* /ДЭ76080604/-д олгож, нэхэмжлэлээс 4,519,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,645 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Баянмөнхөөс 244,049 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР