| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2021/00982/И |
| Дугаар | 183/ШШ2021/01520 |
| Огноо | 2021-07-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/01520
2021 оны 07 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2021/01520 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ............. байрлах У ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт оршин суух Г овогт Н.А /000000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 41.095.525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би өөрөө энэ аж ахуйг удирддаг ганц хүний үүсгэн байгуулсан компани бөгөөд манай компанийн өмчлөлийн 1761 метр квадрат объект байдгаас 745 метр квадрат хэмжээ бүхий баар караокег иргэн Н.А-т 2020.08.24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, хүлээлгэн өгсөн байдаг. Уг гэрээнд тусгагдаагүй хөнгөлөлт чөлөөлөлтийг иргэн Н.А-т үзүүлж ирсэн ба Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрүүдтэй уялдан тухайн хугацааны түрээсийг хасаж тооцон эрсдэлийг өөрсдөө үүрсээр ирсэн. Төлбөр тооцооны тал дээр удаа дараа тооцоо нийлж байсан ба миний өөрийн сүүлд гаргасан тооцоогоор түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 2021-03-12-ны өдрийн байдлаар 34.295.000 төгрөг болсон ба алдангид 6.800.525 төгрөг, нийт 41.095.525 төгрөгийг гаргуулахаар байна. Одоог хүртэл энэ хүн түрээсийн талбайг суллаж өгөөгүй хаяад тэр чигээрээ явсан. Утсаа ч авдаггүй, яаж суллаж авахаа ч мэдэхгүй байна. Барьцаанд 2.850.000 төгрөгийг төлсөн байдаг. Түрээсийн төлбөрт 18.705.000 төгрөг л дансаар төлсөн. Сарын түрээс 18.000.000 төгрөгөөр тохирсон байдаг. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Н.А шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2021-04-05-ны өдөр гардан авсан байх бөгөөд 2021-04-19-ний өдөр хариу тайлбар ирүүлэх байсан боловч бичгээр ямар нэг тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Н.А-т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэлд 34.295.000 төгрөг, алдангид 6.800.525 төгрөг, нийт 41.095.525 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Н.А-тай 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Талбай түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар түрээслэгч Н.А нь Баянзүрх дүүргийн .............. байрлах үйлчилгээний зориулалттай 745 метр квадрат талбай бүхий бар, караокег 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатайгаар түрээслэхээр тохиролцжээ. Хөлсний хэмжээг гэрээний гуравдугаар зүйлд тусгасан байх ба 3.2-т түрээсийн төлбөр сар бүр тогтмол 18.000.000 төгрөг байхаар, 3.9-т караоке өрөөнүүдийн түрээсийг 50 хувиар бууруулж 8 дугаар сард 5.000.000 төгрөг төлөхөөр, 9 дүгээр сард 30 хувь бууруулж 7.000.000 төгрөг төлөхөөр, 10 дугаар сард 7.000.000 төгрөг төлөхөөр, 10 дугаар сард пабд 30 хувь бууруулж 2.100.000 төгрөг төлөхөөр, баарны төлбөрийг сар бүр 5.000.000 төгрөг, эхний сар 50 хувь, дараагийн сар 30 хувь хөнгөлж, сар бүр түрээсийг шилжүүлэхээр тохирчээ.
Мөн уг гэрээний 6-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.05 хувийн алданги тооцно гэж тохиролцжээ.
Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэнтэй нийцэж байх тул У ХХК нь Н.А-аас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2021-03-12-ны өдрийн байдлаар тооцоход 34.295.000 төгрөг, алданги 6.800.525 төгрөг гэж тус тус тайлбарлаж байх боловч хэрэгт У ХХК нь Н.А-тай 2020-09-25-ны өдөр болон 2021-02-23-ны өдрүүдэд тооцоо нийлсэн акт үйлдсэн байхаас гадна 2021-02-26-ны өдөр 07/21 дугаартай мэдэгдэл хүргүүлж, гэрээг 2021-02-28-ны өдрөөр дуусгавар болгох талаар дурджээ.
Уг мэдэгдлийг Н.А хүлээн авч гарын үсэг зурсан байх тул гэрээг 2021-02-28-ны өдөр гэрээ цуцлагдаж, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т заасан үндэслэлээр буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар цуцлагдаж дуусгавар болсон гэж үзнэ.
Улмаар хэрэгт 2021-02-23-ны өдрөөр огноолсон нэхэмжлэх буюу төлбөр тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан баримт /хх-10-11/-аар үлдэгдэл төлбөр 24.128.333 төгрөг, алданги 3.907.175 төгрөг, нийт 28.035.508 төгрөг байна.
Гэтэл нэхэмжлэгч тал 2021-03-12-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг тооцохоос гадна тухайн тооцоонд нь барьцааны үлдэгдэл, барьцааны үлдэгдэлд ноогдох алдангийг тус тус оруулан тооцож байгаа нь үндэслэлгүй байх тул шүүх гэрээ цуцлагдах цаг хугацаанд талуудын хооронд үйлдэгдсэн баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцнэ.
Шүүх уг баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Талбай түрээслэх түрээсийн гэрээний үүрэгт 25.185.508 төгрөг төлөгдөөгүй гэж дүгнэв.
Учир нь талуудын тооцоо нийлсэн 28.035.508 төгрөгөөс түрээслэгчийн барьцаа гэж авсан 2.850.000 төгрөгийг хасаж тооцсон ба барьцаа нь түрээсийн эд зүйл тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа зорилгоор түрээслэгчээс аваад гэрээ дуусгавар болоход эрсдэл учраагүй бол буцаан өгөхөөр талууд гэрээний 3.3-т зохицуулсан байна.
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Н.А-т 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр харилцаа холбооны хэрэгслээр, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд тухайн хаягт бүртгэлгүй талаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хуралдааны товыг хүргэсэнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Н.А-ын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.А-аас 25.185.508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.910.017 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363.428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283.877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ