| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0197/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
2024 05 01 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Б.Х,
Шүүгдэгч Б.Х нь;
2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 18.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг *** айлын *** тоот гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн төрсөн ах, хохирогч Б.Х-ийг “гэрт архины шил хагалсан” гэх шалтгаанаар нуруун тус газарт нь архины хагархай шилээр зүсэж, эрүүл мэндэд нь “нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Б.Х дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Орхон аймаг дахь БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч М.Н-ийн “...хүлээн авах дээр нуруундаа шархтай хүн ирлээ.” гэсэн мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18.58 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг *** айлын ** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн “...ширээний баруун талд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болж бохирлогдсон байлаа. ...ширээний зүүн талд шаргал сандлын доор шилний хагархай хэсгүүд байх ба “Хараа” гэсэн бичигтэй хагархай хэсэг байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7, 8-9 дэх тал/,
хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан, 14см урттай, “Хараа” гэсэн бичигтэй архины шилний хүзүүний хэсгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/,
хохирогч Б.Х Орхон аймаг дахь БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасагт үйлчилгээ авсан баримтууд /хавтаст хэргийн 64-73 дахь тал/,
хохирогч Б.Х-ийн “...2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед төрсөн дүү Х-ын хамт 0.75л архи нэг шил, 0.5л “Хараа” архи нэг шилийг хувааж уусан. ...Дүү бид хоёр том өрөөнд уусан бөгөөд дүү надад “ажлаа хийгээч ээ” гэхээр нь би “хийнэ” гэж хэлээд маргалдсан, намайг “гэрээс зайл” гээд хөөгөөд байхаар нь би “зайллаа” гээд хувцасаа өмсөх гээд коридор руу алхах замдаа “Хараа” архины шил авч пааранд цохиж хагалаад хаячихсан юм. Гэтэл араас дүү уурлаж ирээд “чи яахаараа гэрт шил хагалдаг юм” гээд барьцалдаж авсан, зууралдаад аав салгасан, салсныхаа дараа бид хоёр дахин барьцалдаж авсан, гэтэл дүү маань миний хагалсан шилний хүзүү хэсгийг авч миний баруун даланд нэг удаа хатгасан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
гэрч Б.Б-ын “...2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш манай эхнэр Д над руу залгаж “энэ хоёр хүүхэд чинь хоорондоо зодолдоод, нэгнийхээ далыг шилээр зүссэн байна.” гэж хэлсэн, ...хүү Х-ийн баруун мөрний орчимд цус гараад бинтээр дарчихсан том өрөөнд сууж байсан, ...Том өрөөнд цус болчихсон, коридорт архины шил хагарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 353 дугаартай “...Б.Х-ийн биед нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Б.Х-ын яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ийм явдал болсонд маш их харамсаж байна. Урьд өмнө ах бид хоёр хоорондоо нэг ч удаа маргалдаж, зодолдож байгаагүй. ...архины шилээр нэг удаа Х ахын баруун талын далны хэсэгт хатгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
хохирогч Б.Х-ийн “...надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд “нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон бөгөөд хохирогч Б.Х-ийн “надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Б.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан, 14см урттай, “Хараа” гэсэн бичигтэй архины шилний хүзүүний хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан, 14см урттай, “Хараа” гэсэн бичигтэй архины шилний хүзүүний хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э