| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0044/э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
хохирогч Д.Г
нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Д.Э
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 01 сарын 17-ны өдөр Сайншанд сумын ... иргэн Д.Гын орхисон Самсунг- J7 маркийн гар утсыг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад борлуулан 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллагдагчаар татах тогтоолд/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэг гар утас олсон, дэвжээ хураачихаад ороод ирсэн чинь цонхон дээр утас байсан, утсыг нээж үзсэн чинь кодтой байхаар нь буцаагаад унтраасан, аваад шургуулгандаа хийгээд өглөө ажлаас буухдаа аваад явсан, гар утас авсандаа харамсаж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 17- нд төв зааланд болох тэмцээнд шүүгчээр ажиллах гэж очихдоо жижүүрийнх нь үүдний өрөөнд утсаа мартаад явсан байсан.Тухайн үедээ мэдээгүй,утсаар ярих гэтэл уьас байхгүй байсан,тэгээд жижүүрээс нь асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол барагдуулсан санал гомдол байхгүй гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны өглөө би 09 цагийн үед гэртээ байж байхад Э над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир гэхээр нь очсон. Тэр үед Э надад мэдрэгчтэй шаргал өнгийн “Самсунг –J7” маркийн гар утсыг надад үзүүлээд найз нь олсон юмаа зарна гэхээр нь би хөгшин чинь худалдаж авъя гэсэн чинь 300,000 төгрөгөөр зарна гэхээр нь суманд очиж байгаад мөнгийг нь өгье гэж хэлээд гар утсыг нь авсан. Мөн бензины 60000 төгрөгийг Эаас зээлж аваад сум руугаа явсан. 2017 оны 02 сарын 06-ны өдөр би Дэлгэрэх сумын төвд явж байхдаа Эаас худалдаж авсан шаргал өнгийн “Самсунг –J7” маркийн гар утсаа машиндаа бууж суухдаа гээгдүүлчихээд олж авч чадаагүй. Би Эт эхлээд 2017 оны 01 сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийг “Хаан” банкаар шилжүүлсэн. Дараа нь удаагүй 2-3 хоногийн дараа би аймаг орохдоо Эт үлдсэн 210,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн үед Эаас худалдаж авсан “Самсунг маркийн гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдээгүй худалдаад авчихсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн “Манайх ам бүл 5. Би Д.Этай 2004 онд гэр болсон...Зан байдлын хувьд: даруу төлөв зантай, эхнэр хүүхэддээ халамжтай, хамт олныхоо дунд нэр хүндтэй ажилсаг... Хүний гар утсыг ажилтай байхдаа олоод хүнд зарсан гэж надад сүүлд нь цагдаа дээр асуугдаж байгаа гэж хэлсэн өөр нарийн ширийн зүйлийг надад яриагүй учир би сайн мэдэхгүй байна “гэсэн мэдүүлэг,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 13/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 01 сарын 17-ны өдөр Сайншанд сумын ... иргэн Д.Гын хайхрамжгүй байдлаас хаягдаж орхигдсон Самсунг- J7 маркийн гар утсыг завшиж бусдад борлуулан 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Үүнд,хохирогч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017.01.17-ны өдөр аймгийн спорт зааланд өсвөрийн аварга шалгаруулах боксын тэмцээнд шүүгчээр ажиллах байсан юм. Тэгээд би спорт заалны жижүүрийн үүдний өрөөнд хувцасаа солихдоо цонхон дээр нь өөрийнхөө утсыг мартаад явсан байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны өглөө би 09 цагийн үед гэртээ байж байхад Э над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир гэхээр нь очсон. Тэр үед Э надад мэдрэгчтэй шаргал өнгийн “Самсунг –J7” маркийн гар утсыг үзүүлээд найз нь олсон юмаа зарна гэхээр нь би хөгшин чинь худалдаж авъя гэсэн чинь 300,000 төгрөгөөр зарна гэхээр нь суманд очиж байгаад мөнгийг нь өгье гэж хэлээд гар утсыг нь авсан...”гэсэн мэдүүлэг,гэрч Ч.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Хүний гар утсыг ажилтай байхдаа олоод хүнд зарсан гэж надад сүүлд нь цагдаа дээр асуугдаж байгаа гэж хэлсэн өөр нарийн ширийн зүйлийг надад яриагүй учир би сайн мэдэхгүй байна “гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Эыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э иргэн Д.Гын хайхрамжгүй байдлаас хаягдаж орхигдсон Самсунг-J7 маркийн гар утсыг хувьдаа завшсан болох нь тогтоогдож байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байна.
Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 01 сарын хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Д.Гтай сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон бичгийн нотлох баримт шинжлэн судлах үеэр тогтоогдсон тул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй байдал хохирогч хохирогчид учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Эыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН