Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г*******”;

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс;

Гуравдагч этгээд: “А******* ” ББСБ, “Т******* ” ХХК;

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, түүний өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, гуравдагч этгээд “А*******” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, өмгөөлөгч Ж.О*******, гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн төлөөлөгч н.Ц*******, гэрч Б.Ц*******, Э.Х*******, Б.Б******* нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн “Барьцааны гэрээ /БГ*******/, Барьцаалбар /**-*******/-ыг бүртгэсэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хоршооллын хотхон 65/5 тоот орон сууцны 05, 15, 39, 45, 47 тоот байр, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолуудын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар багасгаж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь “Барьцааны гэрээ /БГ*******/, Барьцаалбар /**-*******/-ыг бүртгэсэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна. 

1.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулсан болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нийслэлийн Засаг  даргын 2008 оны  448 дүгээр захирамжаар Г******* ХХК-ийн эзэмших Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хоршооллын хотхон 65/4 хаягтай, ******* метр квадрат газрын зориулалтыг орон сууцны болгон өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгосон талаар;

            2.2.Нэхэмжлэгч Г******* ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Т*******” ХХК-тай 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-г байгуулсан талаар;

            2.3.“Т*******” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандан тус дүүргийн * дугаар хороо, Дарь эхийн /*******/ Б.Доржийн гудамж, ******* тоот хаягтай ******* метр квадрат орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө /цаашид “******* тоот орон сууц” гэх/-ийн өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргасан талаар;

2.4.Г******* ХХК нь 2013  оны 10 дугаар сарын 14-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт  ч хандан 6 давхар 2 орцтой, 48 айлын ******* метр квадрат талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй ******* дугаартай, дуусаагүй  барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүсэж өргөдөл гаргасан талаар;

2.5.“Т*******” ХХК 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “А*******” ББСБ-тай ЗГ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулсан талаар;

2.6.Барилгыг улсын комиссын актаар хүлээн авсан талаар.

2.7.Г******* ХХК нь “Т*******” ХХК-тай байгуулсан 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-ний талаар;

2.8.65/5 тоот орон сууцнаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа 05, 15, 39, 45, 47 тоот байр, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолуудаас  “Т*******” ХХК нь Орон сууц захиалан борлуулах гэрээгээр 05 тоотыг Б******* овогтой С*******, 15 тоотыг Э******* овогтой Х*******, 39 тоотыг Б******* овогтой Б*******, 45 тоотыг Б******* овогтой А*******, 47 тоотыг Ц******* овогтой А******* нарт, авто зогсоолын 15 тоотыг Х******* овогтой А*******, 16 тоотыг Т******* овогтой Б*******, 20 тоотыг Б******* овогтой А******* нарын  өмчлөлд шилжүүлсэн талаар нэхэмжлэлдээ бичиж, шүүх хуралдаанд тайлбар хийсэн.

2.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нь манай компанийн зөвшөөрөлгүйгээр барьцаалбарыг бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл учраас барьцаалбарыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг 65/5 гэсэн байрыг бүхэлд нь барьцаалчихсан байгаа, мөн 70 хувийн гүйцэтгэлтэй ганцхан улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. “А*******” ББСБ-ын захиралтай 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээ аваад 04 дүгээр сарын 01-ний өдөр хаягийг нь мэдэхгүй байсан учраас 45-тай дугаараар холбогдоод нэг удаа уулзаж байсан. Үүнээс өмнө уг байгууллага дээр очиж үзээгүй. Очиж уулзах шаардлага байгаагүй учраас 2, 3 удаа очиж уулзсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хоёр ба түүнээс дээш олон этгээд хөрөнгө оруулсан эсхүл хоёр ба түүнээс захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх нь хөндөгдөж байгаа этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл” гэж заасныг үндэслэн барьцаалбарыг баталсан гэх тайлбарын тухайд манай зөвшөөрлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхэд өгсөн боловч уг баримт байхгүй гэсэн хариу Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл манай компани бүртгэх зөвшөөрөл өгөөгүй гэсэн үг юм. Мөн бидний зүгээс “А*******” ББСБ-ыг хохироох санаа байхгүй” гэв.

2.10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн маргаж байгаа газар нь анх 2018 оны 08 сарын 29-ний өдөр бүртгэгдсэн. Ингэхдээ Г******* ХХК-иас зөвшөөрөл аваагүй учраас хууль бус бүртгэл гэж үзэж байна. Тийм учраас уг бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Манай компанийн эрхийг тухайн үед хязгаарлаж бүртгэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

2.11.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан “Т*******” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Дарь-эх ******* Доржийн ******* гэсэн хаягт орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр нотлох баримтыг хавсарган мэдүүлэг гаргасан.  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.6.2-т “хоёр ба түүнээс дээш олон этгээд хөрөнгө оруулсан эсхүл хоёр ба түүнээс захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх нь хөндөгдөж байгаа этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл” гэж заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн гэрчилгээ олгосон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан барьцааны гэрээ шаардлага хангасан байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзсан үндэслэл байгаагүй учраас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “А*******” ББСБ-тай байгуулсан ******* тоот барьцааны гэрээ, ******* тоот барьцаалбарыг бүртгэсэн. Мөн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.12.Гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Манай зүгээс барьцаалахдаа газрын эзнээс зөвшөөрөл авдаг гэдгийг мэдээгүй. Мэдсэн бол ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авах байсан. Манай компанид *******-д өмчлөлийн бүртгэлтэй байгаа” гэв.

2.13. Гуравдагч этгээд “А*******” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай ББСБ нь “Т*******” ХХК-д тус компанийн эзэмшлийн 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулан эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулсны үндсэн дээр зээл олгосон.

Улмаар 50 айлын орон сууцыг 2019 оны 03 дугаар улирал бүрэн гүйцэт барьж дуусаад ашиглалтад оруулсан. Гэвч “Т*******” ХХК нь ******* дугаартай орон сууцны бүх байрыг борлуулж дууссан боловч манай зээлийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ асуудлаар манай байгууллага Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүхийн шатанд хянагдаж байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгч 50 айлын орон сууцны барилга бариад 5 айлын төлбөрөөр зээлээ төлөх боломжтой байхад өнөөдрийг төлбөрөө төлөхгүй байгааг асуусан ба хариулт нь өнөөдрийн шүүх хуралдаанаар үеэр тодорхой болж байна.

“Т*******” ХХК нь манай байгууллагаас авсан зээлээ төлөхгүй байх бүх л боломжтой хувилбаруудыг ашиглаж байгаагийн нэг нь өнөөдрийн энэ асуудал гэж харж байна.

Эхнээсээ асуудлууд нь шүүхээр хурдтай шийдвэрлэгдээд эхлэхээр цаг хугацаа хожих, манай байгууллагын барьцаа хөрөнгөгүй болгох гэсэн зүйл ажиглагдаж байна.

Нэхэмжлэгч “*******”  ХХК нь нэхэмжлэлдээ 12 дугаар сард оршин суугчид өгсөн анхааруулгаас мэдсэн гэж худал зүйл бичсэн байсан. Учир “Т*******” ХХК нь Г******* ХХК-иас зөвшөөрөл авч 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ гаргуулахдаа бид энэхүү 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг барьцаалж барилгаа цааш нь барьж дуусгах хөрөнгө босгоно гэсэн байх ба энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнээс нь харагддаг. Мөн тухайн компани нь 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй гэрчилгээг барьцаанд тавих зориулалттай гаргуулсан бөгөөд өөр ямар нэгэн байдлаар ийм гэрчилгээ шаардагдахгүй юм.

2020 оны 10 дугаар сард болон 2021 оны 04 дүгээр сард нийгмийн хариуцлагын хүрээнд 65/5 байрны оршин суугчдад буюу бүх айлуудад анхааруулга тараасан. Тухайн үед Г******* ХХК-ийн захирал надтай утсаар холбогдоод ирж уулзахад “бид гэрчилгээ гаргадаггүй, барьцаанаас чөлөөлж болох ба “Т*******” ХХК нь төлбөрөө тодорхой шат дараатай хийж байгаа тохиолдолд барьцаанаас хэсэгчлэн чөлөөлж болох учраас н.Д******* захиралтай уулзаарай” гэж хэлээд явуулж байсан.

Мөн нэхэмжлэгч нь уг асуудлуудыг 2019 оны 09 дүгээр сард улсын комисс тухайн байрыг хүлээж авсны дараа мэдсэн байдаг. Энэ мэтчилэн үнэн бодит байдлууд болсоор байхад мэдээгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь манай байгууллагыг барьцаа хөрөнгөгүй болгох, “Т*******” ХХК-тай маргаж байгаа асуудлыг удаашруулах хожих гэсэн санаатай гэж үзэж байна. Манай байгууллага нь Г******* ХХК-ийн газрыг барьцаалаагүй, “Т*******” ХХК-ийн эзэмшлийн 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл үнэн зөв байх зарчим буюу холбогдох журмын дагуу барьцаалж зээл олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн тайлбарыг дэмжиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Гурав.Маргааны зүйлийн талаар:

3.1.Энэ хэрэгт “барьцааны гэрээ, барьцаалбарыг бүртгэсэн улсын бүртгэлийн үйл баримт” маргааны зүйлээр хэлэлцэгдсэн болно.

            Дөрөв.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

4.1.Нийслэлийн Засаг  даргын 2008 оны  448 дүгээр захирамжаар /ХХ-207 дахь тал/ Г******* ХХК-ийн эзэмших Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хоршооллын хотхон ******* хаягтай, ******* метр квадрат газрын зориулалтыг орон сууцны болгон өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгож,  2014 оны 04  дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр  захирамжаар /ХХ-н 43-45 дахь тал/  уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ, гэрчилгээ олгосон байх  бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/48 дугаар шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгасан /ХХ-н 5 дахь тал/ байна.

            4.2.Нийслэлийн Засаг даргын 2008 оны ******* дүгээр захирамжаар Г******* ХХК-д газар  эзэмшүүлсэн байхад дүүргийн Засаг даргын захирамжаар сунгасан хууль зүйн үндэслэлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “барилга барих зөвшөөрөл олгосон, Нийслэлийн Засаг даргаас сунгасан баримт, газар эзэмшүүлсэн баримт байхгүй” гэж /ХХ-н 206 дахь тал/ тайлбарласан болно.

4.3.Г******* ХХК нь “Т******* ” ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр эзэмшил газар дээрээ орон сууцны барилга бариулж, төлбөрт нь  “Барилга баригдаж ашиглалтад ороход Г******* ХХК дээрх угсармал орон сууцны барилгаас хамгийн урд байрлах 1 орцыг өөрийн мэдэлд авах ба үлдсэн бүх барилга нь “Т******* ” ХХК-ийн мэдэлд үлдэнэ” гэж харилцан тохирчээ /гэрээний Дөрөв  дэх хэсгийн 2-т ХХ-н 35-36 дахь тал/ байна.

            4.4.“Т******* ” ХХК нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/114 дугаартай албан бичгээр тус дүүргийн * дугаар хороо, Дарь эхийн /*******/ Б.Доржийн гудамж, ******* тоот хаягтай ******* метр квадрат орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө /цаашид “******* тоот орон сууц” гэх/-ийн өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдлийг /ХХ-н 33 дахь тал/ гаргажээ.

4.5.Энэ өргөдөлд “... 65/5 дугаартай 60 айлын сууцны дуусаагүй барилгын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Т******* ” ХХК-д гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй” гэх агуулга бүхий Г******* ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 36 дугаартай албан бичгийг, мөн дээр дурдсан хөрөнгө оруулалтын гэрээ бусад баримтыг тус тус хавсаргаж  /ХХ-ийн 34 дэх тал/ өгсөн болох нь Улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсанаар тогтоогдлоо.

4.6.Нэхэмжлэгч Г******* ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 36 дугаартай энэхүү албан бичгийг өөрөө үйлдсэн болохоо зөвшөөрч байна /Шүүх хуралдааны тэмдэглэлд/.

4.7.Эдгээр баримтыг үндэслэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /Дарь эх/-д барьж буй ******* дугаартай 60 айлын сууцны 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр “Т******* ” ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон /ХХ-н 57 дахь тал/байна.

4.8.Үүнээс өмнө Г******* ХХК нь 2013  оны 10 дугаар сарын 14-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт  хандан 6 давхар 2 орцтой, 48 айлын ******* метр квадрат талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй 65/4 дугаартай, дуусаагүй  барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүсч өргөдөл, холбогдох нотлох баримтын хамт гаргаж өгчээ /ХХ-н 212 дахь тал/.

4.9.Энэ баримтыг үндэслэн уг барилгын өмчлөгчөөр Г******* ХХК-ийг бүртгэж, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээг олгосон /ХХ-2-н 18 дахь тал/ байна.

4.10.Энэхүү Ү-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтээ гаргасан, бүртгэл хүчингүй болсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн төлөөлөгч нараас энэ талаар маргаагүй, энэ үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул шүүхээс тодруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, дээрх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Г*******ХХК-ийг газрын төлбөртөө ******* дугаартай орон сууцыг шилжүүлж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, талууд энэ талаар маргаагүй, улсын бүртгэлд ийм бүртгэл байхгүй, ийм нотлох баримт байхгүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан болно.

4.11.“Т*******” ХХК нь “А*******” ББСБ-тай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “А*******” ББСБ-тай байгуулсан БГ******* тоот барьцааны гэрээ /ХХ-н 6 дахь тал/, 258022 тоот барьцаалбар, уг гэрээ болон барьцаалбараар  70 хувийн гүйцэтгэлтэй гэх гэрчилгээтэй, *******тоот орон сууцыг бүхэлд нь барьцаалж, энэхүү Барьцааны гэрээ болон Барьцаалбарыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  улсын бүртгэлд бүртгэж, 6/1-31 дугаартай тэмдэг дарсан /ХХ-н 65, 71 дэх тал/ байна.

Үүний дараа  2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ЗГ******* дугаартай Зээлийн гэрээ /ХХ-н 75-77 дахь тал/, БГ******* дугаартай Барьцааны гэрээ /ХХ-н78-79 дэх тал/  байгуулж, Барьцаалбар  /ХХ-н 80 дахь тал/ үйлджээ.

4.12.“Т*******” ХХК нь уг барилгыг барьж гүйцээн, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр /ХХ-н 91-93 дахь тал/ барилгыг ашиглалтад оруулсан байна.

4.13.Улмаар “Т*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19/164 дугаартай албан бичгээр “Улсын комиссын актаар уг барилгыг ашиглалтад хүлээж авсан тул гэрчилгээг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөгчөөр бүртгүүлэх” гэж хүсэлт гаргажээ /ХХ-н 87 дахь тал/.

4.14.Барилгыг улсын комиссын актаар хүлээн авсан баримт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан байна /ХХ-н 91-93  дахь тал/.

4.15.Энэ үед Г******* ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 63/19 дугаартай албан бичгээр “дахин” Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан “... Барилгыг ашиглалтад хүлээн авсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Т*******” ХХК-ийн нэр дээр гаргахад татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн /ХХ-н 90 дэх тал/ байна.

4.16.Дээрх баримтыг үндэслэн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Дарь эх /*******/ Б.Доржийн гудамж, ******* тоот хаягтай, ******* метр квадрат  барилгын 100 хувийн өмчлөгчөөр “Т ” ХХК-ийг  улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон /ХХ-н 116 дахь тал/байна.

4.17.Дээр тогтоогдсон үйлт баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх /*******/ Б.Доржийн гудамж, ******* тоот хаягтай, ******* метр квадрат  барилгын өмчлөгч нь “Т*******” ХХК байх тул Г******* ХХК-иас зөвшөөрөл авахгүйгээр захиран зарцуулах эрх нь Иргэний хуульд зааснаар үүссэн зэрэг нэхэмжлэгчид холбогдох үйл баримтууд тогтоогдлоо.

4.18.Харин гуравдагч этгээд “А*******” ББСБ-аас “******* тоот орон сууц бүхэлдээ барьцаанд байгаа гэдгийг 2020 оны 10 сар, 2021 оны 4 сард оршин суугчдад хандан Анхааруулга тараасан, Г******* ХХК-ийн захирал нь манай компанид ирж гэрчилгээ авмаар байна гэх үедээ мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”  гэж маргаж байгаа ч гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид уг барьцаалбарыг мэдэгдсэн гэдэг нотлох баримт байхгүй, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Анхааруулга” гэх хуудсанд /ХХ-н 143-144 дэх тал/ ямар нэг тэмдэглэгээ байхгүй тул шүүх энэ үйл баримтыг нотлогдсон гэж үзэхгүй болно.

4.19.Гуравдагч этгээд “А*******” ББСБ-аас нэхэмжлэгч Г******* ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон” гэж маргасан боловч тус компанийн газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны  А/48 дугаар захирамжаар сунгасан захирамж байх тул энэ нь нотлогдсонгүй.

4.20.Г******* ХХК нь “Т******* ” ХХК-тай байгуулсан 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-гээр барилга баригдаж ашиглалтад ороход Г******* ХХК дээрх угсармал орон сууцны барилгаас хамгийн урд байрлах 1 орцыг өөрийн мэдэлд  авна гэсэн байгаа ч гэрээний уг заалт бодит байдал дээр хэрэгжээгүй, ийм орцыг өмчлүүлэхээр “Т******* ” ХХК-иас Г******* ХХК-д  шилжүүлж байгаагүй байна.

4.21.65/5 тоот орон сууцнаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа 05, 15, 39, 45, 47 тоот байр, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолуудыг  “Т******* ” ХХК нь Орон сууц захиалан борлуулах гэрээгээр 05 тоотыг Булган овогтой Санчир, 15 тоотыг Э******* овогтой Х*******, 39 тоотыг Б******* овогтой Б*******, 45 тоотыг Б*** овогтой А*******, 47 тоотыг Ц******* овогтой А******* нарт, авто зогсоолын 15 тоотыг Х******* овогтой А*******, 16 тоотыг Т******* овогтой Б***, 20 тоотыг Б******* овогтой А******* нарын  өмчлөлд шилжүүлсэн байна.

4.22.“Т*******” ХХК-ийн эдгээр үл хөдлөх хөрөнгийг дээрх иргэдийн өмчлөлд шилжүүлж байгаа  үндэслэл нь  01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-ний дагуу  Г******* ХХК-ийн газрын төлбөрийг төлсөн явдал бөгөөд нэхэмжлэгч энэ үйл баримттай маргаагүй болно.

4.23.Эдгээр иргэд нь дээрх 05, 15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай , автомашины зогсоолын төлбөрийг Г ХХК-д бүрэн төлж барагдуулсан, одоо Г******* ХХК, “Т******* ” ХХК,  Б.С*******,  Э.Х*******, Б.Б*******, Б.А*******, Ц.А*******, Х.А*******, Т.Б*** нарын хооронд төлбөр тооцоо байхгүй гэдгийг гэрч Б.Ц*******, Б.Б*******, Э.Х******* нар болон нэхэмжлэгч Г******* ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн төлөөлөгч, нар зөвшөөрсөн болно.

4.24.Мөн 05, 15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай , автомашины зогсоолын өмчлөх эрх нь “Т*******” ХХК-иас эдгээр нэр бүхий иргэдэд шилжсэн гэдэг нь “Орон сууц захиалгын гэрээ” /ХХ-2-н 19-20 дахь тал/, түүнчлэн  нэхэмжлэгч болон  гуравдагч этгээд “Т ” ХХК,  гэрч Б.Ц*******, Б.Б*******, Э.Х******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон  зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.

4.25.Өөрөөр хэлбэл, иргэд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Г******** ХХК-иас шилжүүлж авахгүй, харин “Т********  ” ХХК-иас шилжүүлж авах, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримтыг гаргаж өгөх үүргийг  “Т********  ” ХХК хүлээсэн байна. Энэ үйл баримтыг “Т********  ” ХХК зөвшөөрч, ямар нэг байдлаар няцааж, татгалзаж маргаагүй болно.

Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарна.

5.2.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Хоршооллын хотхон /Дарь эх/-д барьж буй *** дугаартай 60 айлын сууцнаас ********  тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээ, барьцаалбарыг хүчингүй болгуулах”-аар багасгаж тодруулсан бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдож, эдгээр орон сууцны өмчлөгчийг тодруулахад  3 нь гэрчээр ирж, шүүхэд мэдүүлэг өгсөн тул бусад иргэдийг гэрчээр заавал оролцуулах шаардлагагүй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны актад хамаарч байгаа орон сууцны төлбөр тооцоо, өмчлөх эрх шилжихтэй холбоотой маргаан байхгүй гэж нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “********” ХХК тайлбарласан тул маргаагүй асуудлаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй байна.

5.3.Орон сууц, автомашины зогсоолын өмчлөгч хэрхэн шилжсэнийг нотлох баримт нь дээрх иргэдтэй байгуулсан ”Орон сууцны захиалгын гэрээ” байх бөгөөд уг гэрээг “Т******** ” ХХК олдохгүй байгаа гэж тайлбарлан, шүүхэд гаргаж өгөхөөс татгалзсан болно.

5.4.Иймд уг нотлох  баримтыг  шүүхэд гэрчээр асуугдсан Б.Б********-өөс гаргуулан авч, энэ гэрээ нь бусад иргэдийн гэрээтэй адил агуулгатай гэж нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тайлбарласан, эдгээр орон сууц, зогсоолд холбогдох гэрээг нэмж нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж хэргийн бүх оролцогчоос тайлбарласан тул нэг гэрээг нь эх хувиар шүүх хуралдаан дээр нотлох баримтаар судалж, шүүхийн зардлаар хуулбарлан авч хэрэгт хавсаргасан болно.

Зургаа.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

6.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 8.1.1-т “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-т ”Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заажээ.

6.2.Нэхэмжлэгч Г********  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа 65/5 тоот хаягтай барилгын 05, 15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г********  ХХК бүртгүүлээгүй, ийм хүсэлт гаргаж байгаагүй, түүнчлэн 100 хувийн өмчлөгчөөр “Т******** ” ХХК -ийг бүртгэхийг бичгээр зөвшөөрсөн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1- т заасны дагуу тус компанид уг хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсээгүй байна.  

6.3.Харин нэхэмжлэгчид эдгээр үл хөдлөх хөрөнгийг  өмчлөх эрх үүсээгүй байсан боловч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ********  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийгдэх үед “Т********  ” ХХК-иас өмчлөх эрхийг шилжүүлэн авах, өөртөө гэрээний дагуу эд хөрөнгө олж авах эрх үүссэн байсан гэж үзсэн учраас Г********  ХХК-ийг  “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн эсэхийг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж үзсэн болно.

            6.4.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг” ойлгоно” гэж, 4 дүгээр зүйлийн  4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, мөн зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” нь улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмууд байхаар заасан байна.

            6.5.Хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын  бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  бүртгэсэн “Т********  ” ХХК-ийн “А********  ” ББСБ-тай байгуулсан БГ********  дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.4, .1.5-д заасан зарчмыг зөрчөөгүй байна.

            6.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.6.2-т “хоёр ба түүнээс дээш олон этгээд хөрөнгө оруулсан эсхүл хоёр ба түүнээс захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх нь хөндөгдөж байгаа этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл” гэж заасан тул  “Улсын бүртгэгч барьцаа болон барьцаалбарыг бүртгэхдээ, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг дотор байгаа  Г********  ХХК болон “Т********  ” ХХК-ийн хооронд 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-г хянаад, уг гэрээний заалтаар Г********  ХХК нь уг байрнаас орон сууц авах эрхтэй гэсэн дүгнэлт хийгээд, энэхүү ирээдүйд зарим орон сууцны өмчлөгч болох ёстой Г********  ХХК-иас барьцааны гэрээ, барьцаалбарыг бүртгэх талаар зөвшөөрөл авах ёстой” гэх агуулгаар маргаж байгааг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

            6.7.Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж тус тус заасан тул “Т********  ” ХХК нь барьцаалуулагч мөн, харин Г********  ХХК нь энэ заалтын дагуу барьцаалуулагч гэдэгт хамаарахгүй этгээд байна.

6.8.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ” гэжээ.

 6.9.Маргаан бүхий улсын бүртгэлийн үндэслэл нь хуулийн энэ заалтын дагуу “Т********  ” ХХК-ийн “А********  ” ББСБ-тай байгуулсан БГ********  дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар мөн бөгөөд харин "Г******** ” ХХК болон “Т ” ХХК-ийн хооронд 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ” нь маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болохгүй учраас нэхэмжлэгчийн маргаж байгаа улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй байна.

6.10.Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.6.2-т “хоёр ба түүнээс дээш олон этгээд хөрөнгө оруулсан эсхүл хоёр ба түүнээс захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх нь хөндөгдөж байгаа этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл” гэж заасан заалт нь барьцааны гэрээг бүртгэхэд хамааралгүй, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхэд хамааралтай заалт тул Улсын бүртгэгчээс Барьцааны гэрээ, Барьцаалбарыг бүртгэхдээ дээрх “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-г хянах хуулийн шаардлага тогтоогоогүй гэж үзлээ.

6.11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “маргаан бүхий улсын бүртгэлийн хийхдээ Улсын бүртгэгч нь  Г********  ХХК болон “Т********  ” ХХК-ийн хооронд байгуулсан “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-гээр Г********  ХХК зарим байрыг өмчлөлдөө авахаар заасны дагуу “Т********  ” ХХК-ийг барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Г ХХК-иас зөвшөөрөл авсан байхыг шаардах ёстой, газрыг хамт барьцаалах ёстой” гэх үндэслэл бүхий тайлбар гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

6.12.Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна” гэжээ.

6.13.Энэ нь бусад хуульд барьцааны гэрээг байгуулахдаа бусдаас зөвшөөрөл авах гэж заасан байх тухай ойлголт бөгөөд бусад хуульд “барьцааны гэрээг байгуулахдаа барьцааны зүйл оршин байгаа газар эзэмшигчээс, эсхүл өмчлөгч биш боловч ирээдүйд өмчлөгч болох этгээдээс зөвшөөрөл авах” хуулийн зохицуулалт Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, бусад хуульд тусгаагүй байна. Иймд ирээдүйд өмчлөл шилжих Г********  ХХК-иас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

6.14.Нөгөө талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж, мөн зүйлийн 31.3-т “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана” гэж заасан.

6.15.Нэхэмжлэгч Г********  ХХК нь зарим орон сууцны хувьд ирээдүйд өмчлөгч болно гэдгээ мэдэж байсан учир Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.2-т заасны дагуу хөрөнгө оруулагч болохоо өөрөө улсын бүртгэлд мэдэгдэж, тэмдэглэл хийлгэх хүсэлт гаргаж эрхийн хамгаалалт хийлгээгүй, уг эрхээ хэрэгжүүлээгүй байгаа тул нэхэмжлэгчийн “хариуцагчийг гэрээг судлаад Г********  ХХК-иас Барьцааны гэрээ, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг асуух ёстой байсан” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

6.16.Тодруулж хэлбэл, дээрх 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-ний заалт өөрөө шууд хэрэгжээгүй, аливаа өмчийн эрхээ иргэн, хуулийн этгээд өөрөө хамгаалах, эрхийн хамгаалалт хийлгэх боломжийн хуулиар олгосон байхад хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

6.17.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр “Т********  ” ХХК нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Дарь эхийн /******** / Б.Доржийн гудамж, ********  тоот хаягтай барилгын өмчлөгчийн хувьд захиран зарцуулах эрхтэй этгээд болсон байх мөн тул Барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар хийхдээ Г********  ХХК-д мэдэгдэх, зөвшөөрөл авах хуулийн болон гэрээний үүрэг үүсээгүй байна.

6.17.Мөн Г********  ХХК-ийн Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ”-нд  ********  дугаартай 60 айлын сууцнаас 05, 15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолыг өмчлөлдөө шилжүүлнэ гэсэн тодорхой заалт байхгүй, харин тодорхой бишээр барилгын хамгийн урд талын 1 орцыг гэж заасан нь уг 65/5 дугаар байр гэж үзэх эрх болон  мэдэж байх үүрэг Улсын бүртгэгчид байхгүй гэж үзэв.

6.18.Цааш дүгнэвэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг, 16 дугаар зүйлийн 16.1-т ипотекийг бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргах журам, мэдүүлэгт хавсаргах баримтыг, 20 дугаар зүйлд барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчилсэн бол барьцаалуулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргах журам, 29 дүгээр зүйлийн 29.1-т Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаах үндэслэл зэргийг тус тус хуульчилжээ.

6.19.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Улсын бүртгэгч нь  Г********  ХХК-иас зөвшөөрөл авахыг шаардаж, барьцааны гэрээ, барьцаалбарыг бүртгэхээс татгалзах эрх байгаагүй, улсын бүртгэл нэхэмжлэгчийн эрхийг болон хууль зөрчсөн үйл баримт нотлогдохгүй байна.

6.20.Дээр дурдсанаар 05, 15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолуудыг нэр бүхий иргэд “Т********  ” ХХК-иас өмчлөх эрхийг шилжүүлээд авчихсан, Орон сууцны захиалгын гэрээний 2.11-т зааснаар “орон сууцыг 100 хувь төлбөр хийсэн тохиолдолд Захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгөх үүргийг “Т********  ” ХХК хүлээсэн байгаа тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх зүйл баримт  нотлогдсонгүй.

6.21.Тодруулбал, нэхэмжлэгч  Г********  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа 65/5 тоот хаягтай барилгын 05, 15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолыг өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй, одоо өмчлөх эрхийг нэр бүхий иргэд шилжүүлэн авсан, эдгээр үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг, газрын төлбөртөө тооцон авч,  “Т********  ” ХХК-тай ямар нэг төлбөр тооцоогүй байх, нэр бүхий иргэдийн өмнө үүрэг хүлээгээгүй зэрэг байдал нотлогдсон тул Г********  ХХК-д шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

6.22.Иймд нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчигдсөн гэх тайлбар үндэслэлгүй байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г********  ХХК-ийн “БГ********  дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар  /11-1258022/-ыг бүртгэсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн  улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Г********  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ