Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1384

 

МАГАДЛАЛ

 

2018.06.13                                                     Дугаар 1384                                Улаанбаатар хот

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01179 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЭЭБ ХХК-д холбогдох,

 

9 523 207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус компанитай дулаан гарааш захиалгаар барих тухай гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны 725/2-48 тоотод байрлах 18 м.кв талбайтай гараашийг гэрээний нэгдүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар 20 000 ам.доллараар захиалан тухайн өдрийн ханшаар нийт 32 339 600 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 1 796 644,44 төгрөгөөр бодож худалдан авсан юм. Тус гэрээний дагуу захиалан бариулсан авгозогсоол дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар ЭЭБ  ХХК-иас тодорхойлолт авсан. Гэтэл ЭЭБ  ХХК нь Оюуны өмч Улсын бүртгэлийн газарт манай автозогсоолыг нийт 14.7 м.кв талбайтай болохыг тодорхойлсон тодорхойлолт гаргасан байна. Нэхэмжлэгч би анх гэрээ байгуулахдаа автозогсоолыг 18 м.кв талбайгаар бодож төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл бодит байдап дээр уг автозогсоол нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгааг мэдлээ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зогсоолын хэмжээг 14.7 м.кв талбайтай гэж үзэж зөрүү 3.3 м.кв талбайн үнийг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр уг талбай нь 12.77 болсон тул зөрүү 1,93 м.кв талбай дээр 3 467 531 төгрөгийг тооцож хариуцагчаас нэмж гаргуулахыг шаардаж байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар 5,3 м.кв талбайн зөрүү үнэ болох дээрх мөнгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч талын зүгээс гүйцэтгэгчээс гараашаа өмчлөлдөө шилжүүлж авч чадаагүй ба гэрчилгээ гаргуулж чадаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 3 467 531 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9 396 457 төгрөг болгож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дахин 126 750 төгрөгөөр нэмэгдүүлж 9 523 207 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дулаан гарааш барих гэрээгээр гараашийг зарахдаа м.кв-аар тооцоогүй ба тэр гараашийг гарааш гэсэн хэлбэрээр зарсан. Ямар нэг байдлаар м.кв-аар тооцож үнэлж худалдаагүй. Тэр нь ч тухайн байрны автозогсоолын худалдсан үнийн дүнтэй тэнцүү байгаа. Тиймээс нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч ЭЭБ  ХХК-иас орон сууцны м.кв талбайн зөрүү          9 523 207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 862 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримталж гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан. Тодруулбал, захиалагч Д.Б нь ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн үйл баримт нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан ЭЭБ  ХХК-ийн нарын оюуны өмч, улсын бүртгэлийн газарт гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдсон, мөн хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдал байсан төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах хуулийн зохицуулалт байсаар байтал түүнийг уг зохицуулалтыг анхаарч шийдвэрлээгүй. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан хугацааг баримталж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь худалдан авсан автозогсоолын талбайн зөрүүд илүү төлсөн гэх 9 523 207 төгрөгийг хариуцагч ЭЭБ  ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, автозогсоолыг зарахдаа м.кв-аар тооцоогүй, автозогсоол гэсэн хэлбэрээр зарсан тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтад талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Дулаан гараж захиалгаар барих тухай гэрээ” байгуулагдаж, хариуцагч байгууллага нь “Нарлаг өргөө” хотхоныг барьж, 48 тоот дугаар бүхий автозогсоолыг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч худалдан авахаар болж 2013 оны 04 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр мөн гэрээний дагуу 32 339 600 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч байгууллага нь автозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс ашиглаж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, талууд үгүйсгэж маргаагүй. Харин бодит байдалд талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу, зориулалтаар ашиглах боломжтой талбай нь эрх бүхий этгээдийн хэмжилтээр 12,77 м.кв байх тул уг хэмжээгээр бодож 22 943 144 төгрөгийг төлөх үндэслэлтэй, 9 523 207 төгрөг илүү төлснийг буцаан гаргуулна гэж маргажээ.

Гэрээний гол нөхцөл болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны гэрчилгээ хүлээн авсан байгаа нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг худалдан авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. Түүнчлэн гэрээнд 1 м.кв-ын үнэлгээг тохироогүй, талбайн хэмжээг тодорхой заасан тохиолдолд хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгаж хүлээн авах боломжтой ба шүүх эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад шалгаагүй хүлээн авсан үндэслэлээр шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг 2014 оны 04 дүгээр сард хүлээн авснаас хойш 2018 онд хэмжилт хийсэн ТГ ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шаардлага гаргасан нь эд хөрөнгийг хүлээн авсны дараа байх бөгөөд шаардах эрхээ нэгэнт алдсан тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Иймд зориулалтын хувьд ашиглах боломжгүй том автомашин орох гарах талбайгаас 5,23 м.кв дутсан гэх үндэслэлээр нийт 9 523 207 төгрөгийг илүү төлсөн гэж буцаан гаргуулахаар шаардсан шаардлага болон талуудад ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 167 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ