Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

 2024      04          15                                         2024/ШЦТ/161

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн 242500032**** дугаартай хэргийг 2024 оны 4 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.Э,

Шүүгдэгч Б.Э нь;

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг “Сансар” худалдааны төвийн гадаа “машины суудлын бүрээс муухай болголоо, машинд муухай суулаа.” гэх шалтгаанаар хохирогч А.А-тай маргалдаж,

улмаар өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн нүүрэн тус газарт удаа дараа цохисон, доош дарж нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалга, зүүн алганд цус хуралт, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч А.А-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

“iphone-12 promax” загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

хохирогч А.Аын “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг “Сансар” худалдааны төв рүү хүнс цуглуулах зорилготой нөхөр Э, бага охин 6 настай Ц нартай ороод хүнс цуглуулчихаад гарч ирээд машин дотор ороод сууж байгаад нөхөртөө “буруу ус, ундаа авчихсан байна шүү дээ, архи даруулдаг тоник авах шаардлага байгаа юм уу, шинэ жилээр архи уух хүн байхгүй биз дээ, чи яваад солиулаад ир” гэж хэлтэл нөхөр уурлаад “өөрөө яв” гэж хэлсэн. Би дэлгүүр орж тоникийг ундаагаар солиулаад ундаагаа машины хойд талын суудал дээр тавих үед нөхөр уурлаад “чи машины суудлын бүрээс муухай болгочихлоо” гэж хэлсэн, би “чиний тоник тавьсан газар л ус, ундаагаа тавьсан шүү дээ” гэж хэлсэн, намайг машинд суутал “бөгсөө чирч суулаа” гэх мэтчилэн хэрэлдсэн. Машинд суугаад гэрлүүгээ явж байх үед намайг “янхан, гуйлгачин” гэж хэлсэн, би уурлаад “чиний намайг араар тавьдаг хүүхэн чинь юу юм” гэж хэлээд маргалдаад машины цонх руу гар утсаараа цохих үед Э машинаа замаас чөлөөлж зогсоогоод миний баруун нүд хэсэг рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон, хувцаснаас доошоо дараад нуруу хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. ...Миний зүүн талын мөр, дал, нуруу хэсэг хөхөрч хавдсан, баруун, зүүн нүд хөхөрч хавдсан, уруулын дотор тал язарсан. ...Намайг “машинд муухай суулаа, машины цонх руу цохилоо” гэх шалтгаанаар зодсон...гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 29 дэх тал/,

гэрч Б.А-ын “…2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 40 минутын үед миний фэйсбүүк мессенжер чат руу А бичлэг, зураг явуулсан,  бичлэгийг үзтэл Аын баруун нүд, баруун хацар нь хавдаж хөхөрсөн, А машинаас буусан, машины хаалга онгойсон, машин дотор Э жолооны ард сууж байгаа бичлэг байсан. ...Тус өдрийн 18 цагийн үед А руу залгаж ярихад “Э намайг машин дотор зодчихлоо, миний толгой өвдөж байна, хоёр нүд минь доошоо харахаар бүлтрэх гээд байна” гэж хэлсэн. ...2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Атай уулзахад хоёр нүд нь хавдартай, хөхөрч, ногоорсон байсан, би Атай цуг явж эмнэлгийн байгууллагад үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч П.Ц-ийн “…2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын 1 дүгээр байранд жижүүрийн мөрдөгч хийж байх үед 16 цагийн үед нэг эмэгтэй нүд нь хөхөрсөн, хавдсан, уйлсан байдалтай орж ирсэн, юу болсон талаар асуухад “намайг А.А гэдэг, би цагийн өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 30 минутын үед “Сансар” худалдааны төвөөс гараад “Хурд” авто засварын хажуугаар машинтай явж байхад нөхөр Э-тэй маргалдаж муудалцаад зам дээр машинаа зогсоогоод намайг машин дотроо зодсон, тэгээд цагдаагийн байгууллагад хандах гээд хүрээд ирлээ” гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Б.Э-ийн яллагдагчаар өгсөн “…Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... А бид хоёр аман яриагаар салаад хоёр жил болж байна, албан ёсоор салсан зүйлгүй. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А Улаанбаатар хотоос Орхон аймагт шинэ жил хамт тэмдэглэх зорилготой ирсэн, маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд хүнс цуглуулах зорилготой “Сансар” худалдааны төв рүү бага охин Ц, эхнэр А нарын хамт орсон. Хүнс, бараа, бүтээгдэхүүнээ цуглуулчихаад машиндаа суутал “буруу ундаа авлаа” гээд хэрэлдэж эхэлсэн, маргалдаад учраа олоогүй хэрэлдээд байсан. “Сансар”-аас хөдлөөд гэрлүү явах төв зам дагуу машинтай “Хурд” машин угаалгын газрын урд явж байтал эхнэр А намайг гар утсаар мөр лүү цохиод байсан учир би уурандаа А-ын нүүрэн тус газар 3-4 удаа цохичихсон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 111 дугаартай; “...А.А-ын биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалга, зүүн алганд цус хуралт, баруун алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулсан баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогчийн “...нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэргийн хамт ирүүлсэн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэргийн хамт ирүүлсэн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э