| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/173 |
| Огноо | 2024-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/173
2024 04 22 2024/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-ын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Г.Г,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шүүгдэгч Г.Г нь;
2024 оны 3 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим 4.45%-ийн согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэр 23 дугаар гудамж төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн **-**БУЛ улсын дугаартай “Toyota Prius-20” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Г.Г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, ахлах ахлагч Ц.Мөнх-Эрдэнийн “...2024 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 19.01 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт **-**БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Г нь эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явсан.” гэх мэдээлэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй “Alcotest 7510” загварын амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар шүүгдэгч Г.Г-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг нь шалгахад 4.45%-ийн согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 дэх тал/,
уг бичлэгт үзлэг хийсэн “...цагдаагийн алба хаагч хар өнгийн куртик өмссөн, зүүн хацар хэсэгтээ шархтай, хар өнгийн халимаг үстэй эрэгтэй болон зам дагуу байрлах гэрлийн шон мөргөсөн “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг бичсэн дуу дүрсний бичлэг байна, “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсоноо хүлээн зөвшөөрч байна уу” гэж асуухад хар өнгийн куртиктэй эрэгтэй ...“тийм хүлээн зөвшөөрч байна.” гэж,
бичлэгийн 03 минут 28 секундэд цагдаагийн алба хаагч тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хар куртиктэй эрэгтэйгээс “та хэзээ эрхээ хасуулсан юм бэ” гэж асуухад хар өнгийн куртиктэй эрэгтэй “ноднин байх, есөн сард” гэж хэлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
гэрч Ч.О-ийн “...нөхөр бид хоёр 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “Март-8”-ны өдрийг гэртээ тэмдэглэж байгаад 16 цагийн үед Орхон аймагт найз Б-ын гэрт ирээд бид хамт архи уусан. Тэгээд орой нөхөр бид хоёр мал руугаа яараад харих замдаа нөхөр машинаа барьж яваад гэр хорооллын цаад захын замын хажуугийн гэрлийн шонг мөргөсөн, цагдаа ирээд нөхрийн согтуурлын зэргийг үзэхэд нэлээн өндөр зэргийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
гэрч Ц.М-ийн “...2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 24 цагаар замын цагдаагийн цагдаа, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд, “Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 23 дугаар гудамжны орчимд замын гэрэлтүүлгийн шонг согтуу жолооч мөргөсөн байдалтай байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Г гэх настай эрэгтэй хүн “гэртээ харих гэж яваад шон мөргөчихлөө” гэсэн. Тээврийн хэрэгслийг саатуулж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах “Alcotest 7510” загварын багажаар шалгахад 4.45%-ийн согтолттой гарсан. Үлээлгэсэн багажийг өөрт нь харуулж, зургаар бэхжүүлж, энгэрийн камерын бичлэгээр баталгаажуулсан. Г.Г нь эрхээ хасуулсан, эрхээ хасуулсан нэг жилийн хугацаа нь дуусаагүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
гэрч Г.С-ын “...ээж Ч.О над руу залгаад “аав чинь цагдаад баригдчихлаа, хүрээд ир” гэхээр нь цагдаагийн газарт ирээд болсон асуудлын талаар асуухад “гэрээсээ гараад Орхон аймаг орж ирсэн хойноо гэр хороололд шонгийн мод мөргөөд, цагдаад баригдсан” гэж хэлсэн. Манай аав өмнө согтуугаар машин жолоодож яваад эрхээ хасуулсан, эрх сэргээх хугацаа нь болоогүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
“...Г.Г нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрх хасагдсан.” гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Г.Г-д холбогдох зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтаст хэргийн 40-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Г.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан шүүхийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э