| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/01016/И |
| Дугаар | 183/ШШ2021/01353 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/01353
|
2021 оны 06 сарын 22 өдөр |
Дугаар 183/ШШ2021/01353 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ү И ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б
Хариуцагч: Э.Е нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 111 206 920 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Зээл болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, хариуцагч болон асран хамгаалагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү И ББСБ ХХК нь иргэн Н.Э, Г.Г нартай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 00000000 тоот барьцаат зээлийн гэрээгээр 75 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 00000000 тоот барьцаат зээлийн гэрээгээр 19 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 000000, 00000 тоот гэрээнүүдээр Нийслэлийн ... дүүрэг 00 хороо, 00 тоот тоот хаягт байршилтай 22.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалсан. Бид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасанд нийцүүлж гэрээг бичгээр байгуулсан ба зээлийн гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж, нотариатаар батлуулсан төдийгүй Улсын бүртгэлийн газарт барьцаа хөрөнгийг бүртгүүлсэн байдаг. Зээлдэгч Н.Э, Г.Г нар нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тодорхой хэмжээгээр төлж байгаад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барцгаасан. Үүний дараа 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Н.Э, Г.Г нарын хүү болох Э.Б нь дээрх барьцааны хөрөнгө буюу Sunday plaza төвийн 9016 тоот лангууг ажиллуулж байгаагаа хэлсэн төдийгүй Н.Э, Г.Г нарын манай байгууллагаас авсан зээлүүдийг 24 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж хүсэлт гаргасан. Гэвч Э.Б нь 2019 оны 7 сард манай байгууллагад зээлийн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Монголын Нотариатчдын танхимаас манай байгууллагын зээлийн барьцаанд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй холбогдуулан талийгч нарын хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ болон гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэх талаар лавлагааг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр авахад бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байсан. Тухайн цаг хугацаанд Э.Б нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн хэдий өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, өв хүлээн авах хүсэлт гаргаагүй боловч Н.Э, Г.Г нарын манай байгууллагад барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ажиллуулж, ашиг олж байсан болох нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлийн бүртгэлийн ӨВ 137 дугаартай тэмдэглэлээр нотлогддог. Энэ нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар Э.Б дээрх өвийг хүлээн авсан юм. Мөн манай байгууллага нь Э.Б-д холбогдуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Э.Бий шүүхэд гаргасан өвлөх эрхийн гэрчилгээгээр манай байгууллагын барьцаанд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Нийслэлийн .... дүүргийн 00 хороо, 00 тоот хаягт байрлах 22,4 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Э, Г.Г нарын хүүхдүүд болох Э.Б, Э.Е нарт тус бүрд нь 50 хувь өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Түүнчлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/279 дугаар захирамжаар Э.Бий гаргасан өргөдөл, холбогдох бичиг баримтыг үндэслэн түүнийг Э.Е-ийн асран хамгаалагчаар тогтоожээ. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар Н.Э, Г.Г нарын гүйцэтгэвэл зохих үүргийн талаар тэдний хүү Э.Б-д удаа дараа өөрт нь амаар болон бичгээр мэдэгдэж, мөн түүний өмгөөлөгч Г.Төгөлдөрөөр дамжуулж мэдэгдэл хүргүүлсэн. Түүнчлэн бидний зүгээс өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэл-д хандан Н.Э, Г.Г нарын манай байгууллагад дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалсан Нийслэлийн .... дүүрэг, 00 хороо, 00 тоот 22.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалах арга хэмжээ авхуулахаар хүсэлт гаргасан. 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бидний хүсэлтийн хариуг өгөхдөө Өвлөгч Э.Б нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь худалдаа үйлчилгээний зориулалттай, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг тул манай гэр бүлийн орлогын эх үүсвэр болдог. Иймд энэ үл хөдлөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоолгохгүй гэснийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд эрхлэн хамгаалалт тогтоох боломжгүй болсныг мэдэгдсэн. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт өвлөгчийн хариуцлагыг хуульчилж өгсөн ба үүний дагуу Э.Б, Э.Е нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар буюу барьцаа хөрөнгийг эрхлэн удирдаж, ашиг орлого олж байгаа, мөн түүнчлэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатад хандаж өвлөх эрхийн гэрчилгээг гардаж авсан учир Н.Э, Г.Г нарын 00000000, 00000000 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг мөн Э.Б, Э.Е нарт шилжих хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Э.Б-ээс өөрийн эрх ашиг сонирхол болон Э.Е-ийн хууль ёсны асран хамгаалагчийн хувьд Н.Э, Г.Г нарын Ү И ББСБ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 00000000 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 00000000 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөр 68 346 370 төгрөг, зээлийн хүү 42 511 443 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349 107 төгрөг, нийт 111 206 920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Н.Э, эх Г.Г нар нь миний бага дүүгийн хамт 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр автомашины осолд орж зуурдаар нас барсан. Эцэг эх маань амьд сэрүүн үедээ Ү И ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлийг хэвийн төлж вйсан. Уг эмгэнэлт явдал болсон талаар би тус ББСБ-д мэдэгдэж, зээлийн гэрээг дуусгавар болгох заалт гаргасан. 2020 оны 05-р сарын 11-ний өдөр Ү И ББСБ-ийн гаргаж өгсөн тооцоогоор 2019 оны 04-р дүгээр 17-ны өдөр байгуулсан 19 000 000 төгрөгний зээлийн гэрээний үлдэгдэл 17 802 300 төгрөг, 2018 оны 01-р сарын 22-ны өдөр байгуулсан 75 000 000 төгрөний зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 50 544 070 төгрөг нийт 68 346 370 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь үндсэн төлбөр дээр сарын 4 хувийн хүү нэмж тооцсон үлдэгдэл болно. Гэрээ байгуулсан тал болох эцэг эх маань нас барснаар зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон тул би хүү алданги, нэмэгдүүлсэн хүүг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2019 оны 06-р сарын 16-ны өдрөөр тасалбар болгож хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү зогсох үндэслэлтэй эдгээрийг төлөхийг зөвшөөрөхгүй. Харин 2020 оны 05-р сарын 11-ний өдөр гаргасан эцсийн үлдэгдэл тооцооны дагуу 68 346 370 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Б миний эцэг Н.Э, эх Г.Г нар нь бага дүүгийн минь хамт 2019 оны 06-р сарын 16-ны өдөр автомашины осолд орж, зуурдаар нас нөгчсөн. Н.Э, Г.Г нар нь Ү И ББСБ -тай 2018 оны 01-р сарын 15-ны өдөр 0180005 дугаартай зээлийн гэрээ, 0000000000 дугаартай барьцааны гэрээ, 2019 оны 04-р сарын ны өдөр 00000000 дугаартай зээлийн гэрээ, 00000000 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулсан байсан болно. Эдгээр гэрээнүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 240 дүгээр лийн 240.1.2-т зааснаар дуусгавар болох үндэслэл үүссэн. Э.Б би тус ББСБ -д би нас барсан эцэг эх нас барсан талаар мэдэгдэж, зээлийн гэрээ дуусгавар болгох талаар хүсэлт тавихад ар гэрт нэгч хариу өгөөгүй. Гэрээ байгуулсан хүмүүс нас нөгчсөн байхад Ү И ББСБ нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Г.Г, Ү И ББСБ-ын хооронд 2018 оны 01-р сарын 15-ны өдөр байгуулсан 00000000 дугаартай зээлийн гэрээ, Н.Э, Г.Г нар болон Ү И ББСБ-ын хооронд 2018 оны 01-р сарын 15-ны өдөр байгуулсан 0000000000 дугаартай барьцааны гэрээ, Г.Г, Ү И ББСБ-ын хооронд 2019 оны 04-р сарын 16-ны өдөр байгуулсан 00000000 дугаартай зээлийн гэрээ, Н.Э, Г.Г нар болон Ү И ББСБ-ын хооронд 2019 оны 04-р сарын 16-ны өдөр байгуулсан 00000000 дугаартай барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ү И ББСБ ХХК-ийн хувьд иргэн Н.Э, Г.Г нартай холбогдож байгаа шалтгаан нь зээлийн харилцаагаар баталгаажсан хууль ёсны харилцаа гэдгийг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бидний хувьд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан болзол, шаардлагуудыг хангаж, Иргэний хуулийн 451- 453 дугаар зүйлд заасныг үндэслэн иргэн Н.Э, Г.Г нарт үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгосон ба үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгох, барьцаа хөрөнгийг бүртгэх ажиллагаа хуулиар хамгаалагдсан харилцаа юм. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 хэсэгт зааснаар гүйцэтгэх ёстой үүрэг нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар үүрэг дуусгавар болно. Үүрэг гүйцэтгэгч нь нас барсан бөгөөд түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон бол тухайлбал, Иргэний хуулийн 361 дүгээр зүйлд заасан ажил үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй үед үүрэг дуусгавар болох нь логик шаардлага юм. Ийм тохиолдолд үүргийг үүрэг гүйцэтгэгч заавал биечлэн гүйцэтгэхээр байх ёстой. Үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүргийн гүйцэтгэлийг хангах боломж үгүй болох нь ойлгомжтой. Харин манай байгууллага иргэн Н.Э, Г.Г нартай үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгосон. Монгол Улсын Иргэний эрх зүйд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа баталгаажуулж авах олон төрлийн боломж орсон. Үүргийн эрх зүйн хувьд ийм баталгааг Иргэний хуулийн 231-235 дугаар зүйлд заасан бол гэрээний эрх зүйн хувьд эдгээр нь Иргэний хуулийн 156-р зүйлд заасан барьцааны гэрээ, 165-р зүйлд заасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ байдаг. Барьцааны эрх нь барьцааны эд хөрөнгийг борлуулах замаар үүрэг гүйцэтгэгчээс, эсхүл гуравдагч этгээдээс өөрийн шаардлагаа хангуулж авах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу бидэнд олгодог. Барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг заавал төлөх албагүй, харин барьцааны эд зүйлийг борлуулахыг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байдаг. Энгийн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгөнд барьцааны эрхтэй болдог. Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87.1-д заасан салгаж үл болох эрх юм. Учир нь баталгаажуулж байгаа үндсэн эрхгүйгээр барьцааны эрх дангаар бие даан оршин тогтнох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл Н.Э, Г.Г нартай зээлийн гэрээ байгуулагдсан учир барьцааны гэрээ давхар байгуулагдсан, энэ хоёр гэрээ салшгүй холбоотой гэсэн үг. Иргэний хуулийн 155.1-д зааснаар барьцаагаар баталгаажсан эрхийг шилжүүлсэн бол барьцааны эрх мөн адил шилждэг. Үндсэн шаардлага дуусгавар болох тухай бол барьцааны эрх мөн адил дуусах тухай Иргэний хуулийн 160.1.1-д заасан байдаг. Үүний нэгэн адил барьцаа буюу тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа тохиолдолд тухайн барьцаагаар баталгаажсан эрх нь мөн шилжих үндэслэлтэй. Иргэний хуулийн 153.1, 153.3-ын дагуу ямар нэг шаардлага үүсэж буй болон үүсэхээр байгаа тохиолдолд л зөвхөн тухайн шаардлагыг хангуулах үүднээс эд юмсыг барьцаалах эрх нь бий болдог. Өөрөөр хэлбэл ямар нэг шаардлага байхгүй тохиолдолд барьцааны эрх үүсэхгүй юм. Барьцааны эрхийн салгаж үл болох байдлын талаар Иргэний хуулийн 155 дугаар зүйлд мөн зохицуулсан байна. Барьцааны эрх нь хангагдах шаардлагатай салшгүй холбоотой юм. Үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцаагаар хангагдах шаардлагыг өөр этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх нь тухайн этгээдэд мөн адил шилждэг. Жишээлбэл, зээлийн гэрээний үүргийг өөр этгээд гүйцэтгүүлэхээр болсон тохиолдолд барьцааны эрх нь мөн адил түүнд шилжинэ. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн дагуу ипотек буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь мөн салгаж үл болох эрх байна. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх бөгөөд үүрэг гүйцэтгэгчээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болж байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 165.3, 166.2, 168.1-д тус тус зохицуулсан байна. Ипотек нь үүргийн эрх зүйн хангагдах шаардлагатай холбоотойгоор үүсдэг. Иргэний хуулийн 172.1-д ипотек нь гагцхүү түүний үндэслэл болж буй шаардлагын хамт нэгэн зэрэг өөр этгээдэд шилжиж болохыг заасан байна. Энэ утгаараа ипотек болон шаардлага нь хоорондоо бие биеэсээ хамааралтай, салшгүй ойлголт бөгөөд ипотек нь салгаж үл болох шинжтэй юм. Өв залгамжлалд өв нээгдсэн өдөр өвлөгчид хамаарах эд зүйл, бусад эд хөрөнгө, түүний дотор эд хөрөнгийн эрх, үүрэг багтах ба өв залгамжлах тохиолдолд талийгаачийн эд хөрөнгийг эрх залгамжлалын дарааллаар бусад хүмүүст шилжүүлдэг. Энэ нь нас барагчийн эд хөрөнгийг хүлээн авсан өв залгамжлагчид түүний өрөөс татгалзаж чадахгүй гэсэн үг юм. Эсвэл өв залгамжлагчид бүх эд хөрөнгөөс, түүнчлэн өр төлбөрөөс татгалзах эсвэл эд хөрөнгө болон өрийг хоёуланг нь өвлөн авах ёстой гэсэн ойлголт юм. Өр төлбөрийг өв залгамжлагчид хуулиар болон гэрээслэлийн дагуу хариуцна. Гэхдээ зөвхөн өвийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс, өв залгамжлалыг хүлээн аваагүй өв залгамжлагчид өв залгамжлуулагчийн өр төлбөрийг хариуцахгүй тул өв хөрөнгө болон түүнд ногдох үүрэг салшгүй холбоотой ойлголт хэрэг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл хэд хэдэн өвлөгчийн өмчлөлд шилжсэн бол барьцааны зүйлийг хүлээн авагч тус бүр өөрт нь шилжиж ирсэн эд хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээх бөгөөд хэрэв тухайн эд хөрөнгө нь үл хуваагдах буюу бусад үндэслэлээр барьцаалуулагчийн эрх хүлээн авагчдын хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжсэн бол эрх хүлээн авагч бүх этгээдийг хамран барьцаалагч гэж үзэхээр хуульчилжээ. Иймд зээлийн үүрэг хүлээсэн барьцаа хөрөнгө байгаа, мөн талийгч нарын хууль ёсны өв залгамжлагч нар нь өвийг хүлээн авсан зэрэг үйл баримтууд нь тодорхой байх тул зээлдэгч нар нас барснаар зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шууд дуусгавар болох нөхцөлийг бүрдүүлдэггүй тул Э.Бий гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү И ББСБ ХХК хариуцагч Э.Б, Э.Е нарт холбогдуулан хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 68 346 370 төгрөг, зээлийн хүү 42 511 443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349 107 төгрөг, нийт 111 206 920 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг,
хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрт 68 346 370 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, Зээл болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 66 214 146 төгрөгийг хангаж, үлдэх 44 992 774 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох агуулгаар бус хариу тайлбарын хэмжээнд, түүний хууль зүйн үндэслэлийг дүгнэж шийдвэрлэх боломжтой болно.
Нэхэмжлэгч Ү И ББСБ ХХК Н.Э, Г.Г нартай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 00000000 тоот барьцаат зээлийн гэрээгээр 75 000 000 төгрөгийг, сарын 4% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэн төлөх хуваарийг графикаар тохирч, мөн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 00000000 тоот барьцаат зээлийн гэрээгээр 19 000 000 төгрөгийг, сарын 4% хүүтэй, 24 сарын хугацаатайгаараа, эргэн төлөх хуваарийг графикаар тохирсон гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 18-23/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Улсын бүртгэлийн Y-2204036055 дугаартай, Нийслэлийн ... дүүрэг 00 хороо, 00 тоот тоот хаягт байршилтай 22.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 20, 23, 26/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Н.Э, Г.Г нарт 2018 оны 01 сарын 22-ны өдөр 75 000 000 төгрөгийг, 2019 оны 4 сарын 17-ны өдөр 19 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нар нь 2019 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байжээ.
Харин зээлдэгч Н.Э, Г.Г нар нь 2019 оны 6 сарын 16-ны өдөр нас барсан байх ба улмаар дээрх гэрээний үүргийг түүний хүү Э.Б 2019 оны 07 сарын 05-ны өдөр 75 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 3 700 000 төгрөгийг 1 удаа, 19 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 1 160 000 төгрөгийг 1 удаа тус тус төлсөн болох нь зээлийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /хх-ийн 35/
Зохигчид нь дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан эсэхэд, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй хэдий ч нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хууль ёсны өвлөгчид нь бүхэлд нь биелүүлэх үүрэгтэй гэж, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөс татгалзахгүй ба харин зээлийн гэрээ, барьцааны гэрээ дуусгавар болсон болохыг тогтоолгоно гэж маргажээ.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно. гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд Н.Э, Г.Г нар нас барснаар буюу 2019 оны 06 сарын 16-ны өдрөөр Ү И ББСБ ХХК-д зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн талийгаач Н.Э, Г.Г нар нь хууль ёсны гэр бүл болж гэрлэлтээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас 1999 оны 10 сарын 21-ний өдөр хүү Э.Б, 2008 оны 09 сарын 09-ний өдөр охин Э.Е нар төрсөн нь гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх ба хүү Э.Б нь 2020 оны 07 сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/279 дугаар захирамжаар Э.Е-ийн асран хамгаалагчаар тогтоогджээ./хх-ийн 45/
Э.Б, Э.Е нар Н.Э, Г.Г нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах хүсэлтийг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчид 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасныг мөн өдөр тус нотариатч бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь 0149 дугаарт бүртгэлтэй Өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-ийн 61-62/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. гэж зааснаар Э.Б, Э.Е нар нь талийгаач Н.Э, Г.Г нарын хууль ёсны өвлөгчид бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ү И ББСБ ХХК нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 66 214 146 төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч болох Э.Б, Э.Е нараас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, нэхэмжлэгч Ү И ББСБ нь зээлийн төлбөрийг 2021 оны 3 сарын 18-ны өдрийн байдлаар тооцоолж, зээлийн хүүгийн төлбөрийг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсан нь үндэслэлгүйн дээр хариуцагч Э.Бий 2019 оны 07 сарын 05-ны өдөр 75 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 3 700 000 төгрөгийг, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 52 664 146 төгрөгөөс хасаж тооцох, мөн 2019 оны 07 сарын 05-ны өдөр 19 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 1 160 000 төгрөгийг, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 18 410 000 төгрөгөөс тус тус хасаж тооцох үндэслэлтэй байна.
Дээрхийг нэгтгээд төлөгдөөгүй зээлийн төлбөрийг нийт 66 214 146 төгрөгөөр /18 964 146 +17 250 000/ тогтоох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Ү И ББСБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б, Э.Е нараас 66 214 146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү И ББСБ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 44 992 774 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 713 984,60 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 489 021 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Үнэн итгэл ББСБ ХХК-д олгож, хариуцагч Э.Бий сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 1 192 632 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч Э.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ