| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/00415/И |
| Дугаар | 183/ШШ2021/01354 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/01354
| 2021 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2021/01354 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХААДС-д холбогдох
Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд 48 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С нь 2020.06.10-ны өдөр ХААДС-тай трактор хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, тус гэрээгээр 3 086 000 төгрөгийн тармуурыг 100 хувийн төлөлтөөр худалдан авсан. Тармуурыг 2020.06.19-ний өдөр тус сангийн нярав Г-О-оос хүлээн авах үед тармуурын 3 ширхэг эд анги, 1 ширхэг саран тармуурыг дутуу хүлээж авсан. Энэ үед Г-О нь тармуурын дутуу эд ангийг 2020.07.01-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгнө гэсэн боловч хугацаандаа өгөөгүй удаа дараа нэхсэн боловч эд ангиа авч чадаагүй бөгөөд хадлангийн ажил эхлэхэд манай хадлангийн бригад дутуу техниктэй ажил зогсонги байдалд орсон. Манай хадлангийн бригад Дорнод аймагт хадланд 2020.08.15-ны өдрөөс эхлэн гарсан бөгөөд ХААДС-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай хариуцлагагүй үйлдлийн улмаас бидний ажил тармуургүй гацаж ажил зогсон 2020.09.04-ний өдөр дутуу эд ангиа хүлээн авч 2020.09.06-ны өдөр хадлангийн ажлаа эхэлсэн. Иймд ХААДС-аас гэрээний дагуу эд хөрөнгөө цагтаа хүлээлгэж өгөөгүйгээс үүдэн гарсан хохирол болох 48 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн гаргасан хариу тайлбартаа: Н.С нь манай сангаас 100 000 000 төгрөг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн албан бичгийг 2 удаа ирүүлсэн бөгөөд 2020.10.22, 2020.11.04-ний өдөр тус тус албан бичиг хүргүүлж, нэхэмжилж байгаа мөнгийг төлөх эрх зүйн болон санхүүгийн үндэслэл байхгүй талаар мэдэгдсэн болно. Манай сан нэхэмжлэл гаргагчтай байгуулсан ТХААТ/2020/93 дугаар бүхий гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд Н.С-ийн нэхэмжлэлийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С хариуцагч ХААДС-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 48 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2020 оны 6 сарын 10-ны өдөр ТХААТ/2020/93 дугаар трактор, хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХААДС нь 3 086 000 төгрөгийн үнэ бүхий тармуурыг Н.Ст нийлүүлэхээр харилцан тохиролцож, Н.С нь мөн өдрөө 3 086 000 төгрөгийг бэлнээр төлсөн ба талууд уг асуудлаар маргаагүй байна. /хх-ийн 10-13/
Гэрээний зүйл болох тармуурыг талууд 2020 оны 06 сарын 19-ний өдөр харилцан өгч, авалцсан байх ба хүлээж авахад уг тармуураас 3 ширхэг эд анги, 1 ширхэг саран тармуур дутуу авсан болох нь, түүнчлэн уг дутуу эд ангийг 2020 оны 09 сарын 04-ний өдөр хүлээлгэн өгч, хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчинтөгөлдөр эсэх асуудлаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тармуурыг 100 хувийн төлөлтөөр ХААДС-аас худалдан авсан. Тармуурыг 2020.06.19-ний өдөр тус сангийн нярав Г-О-оос хүлээн авах үед тармуурын 3 ширхэг эд анги, 1 ширхэг саран тармуурыг дутуу хүлээж авсан. Энэ үед Г-О нь тармуурын дутуу эд ангийг 2020.07.01-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгнө гэсэн боловч хугацаандаа өгөөгүй удаа дараа нэхсэн боловч эд ангиа авч чадаагүй бөгөөд хадлангийн ажил эхлэхэд манай хадлангийн бригад дутуу техниктэй ажил зогсонги байдалд орсон.... гэх тайлбар гаргасныг, хариуцагч тал ...Манай сан нэхэмжлэл гаргагчтай байгуулсан ТХААТ/2020/93 дугаар бүхий гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.
Нэхэмжлэгч Н.С нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагч ХААДС-д 2020.08.30-ны өдөр нэхэмжлэл гаргах тухай, 2020.11.04-ний өдөр хариу тайлбар авах тухай ...Тармуургүй зогсонги байдалтай алдагдалд хүрч байх тул хохирлыг барагдуулах агуулга бүхий албан бичгийг тус тус хүргүүлсэн байх бөгөөд ХААДС нь 2020.09.02-ны өдрийн 01/02 тоот, 2020.10.22-ны өдрийн 01/279 дугаар албан тоот, 2020.12.22-ны өдрийн 01/381 дугаар албан бичгээр тус тус ...Нэхэмжилсэн алдагдлыг барагдуулах боломжгүй... гэх агуулгатайгаар хариу хүргүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байна.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч ХААДС гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс талуудын хооронд дээрх маргаан бүхий нөхцөл байдал үүссэн байх ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. гэж зааснаар хариуцагч ХААДС-г гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна.гэж зааснаар нэхэмжлэгч Н.С нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь ...тармуургүй гацаж ажил зогссоноос учирсан хохирол буюу энэ хугацаанд бид багадаа 16 000 боодол өвсийг бэлдэх боломжтой байсан тул 1 боодол өвсийг 3 000 төгрөгөөр тооцож, нийт 48 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Н.Б 2021 оны 3 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр хариу тайлбараа бичгээр гаргаж ирүүлсэн байх ба тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Н.Бд 2021 оны 06 сарын 14-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХААДС-аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 48 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.С-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 397 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ