Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/01359

 

 

 

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/01359

Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Э Ж Ж Э ХХК-д холбогдох

 

Бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 245 945 488 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б түүний өмгөөлөгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 5 сарын 13-ны өдөр 0000000 дугаартай бараа материал худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компани хариуцагч талын хэрэгжүүлж буй Хан төгөл төслийн барилгад зургийн дагуу шаардагдах эхийн болон биет байдлын доголдолгүй Герман улсын Vasco брэндийн халаалтын ган хэвлэмэл радиаторыг нийлүүлэх ажлыг гүйцэтгэж, харин хариуцагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлж, 1126 ширхэг биет байдлын доголдолгүй халаалтын радиаторыг 2020.6.10-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгөхдөө 2020.08.13-ны өдөр 02 дугаар акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 12/14-10 дугаар албан бичгийг 2020.12.14-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл хариуцагч талаас 2020.12.18-ны өдөр 22/20-140 дугаар Хариу шаардах тухай албан бичгийг манай и-мэйл хаягаар ирүүлсэн ба үүнд Төслийн талбайд хэрэглэх үед тухай бүрт нь төлбөрөө төлж болно гэсэн утгаар талууд тохиролцсоны дагуу бараг манайх өөрийн агуулахдаа тоолж хүлээж авсан. Тухайн үед манай зүгээс барааг өөрийн агуулах байрандаа хадгалсан нь бараа бүтээгдэхүүнийг бүрэн хүлээж авч төлбөрийг 100 хувь төлөх үүрэг хүлээх үндэслэл болохгүй. Мөн гэрээг дүгнэсэн акт үйлдэхдээ ч үлдсэн 50 хувийн төлбөрийг санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалж төлөх боломжтой гэсэн утгаар буюу зөвхөн барааг хүлээн авсан талаар акт үйлдсэн билээ гэх тайлбарыг ирүүлсэн. Хариуцагчийн энэ тайлбар нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийх зорилгоор зориуд тайлбарласан байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 184 228 830 төгрөгийг, алданги 61 1716 658 төгрөг, нийт 245 945 488 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид алданги 30 397 757 төгрөгийг нэмж нийт 276 343 245 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э Ж Ж Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөр болох 184 228 830 төгрөгийг төлөөгүйгээ зөвшөөрч байгаа боловч гэрээгээр бид төлбөрийг үе шаттайгаар төлөхөөр тохирсон. 2020 оны 7 сарын 27-ны өдөр 1126 ширхэг халаагуурыг хүлээж авсан нь үнэн. Бид үлдэгдэл халаагуурыг дараагийн төсөлд ашиглах байсан бөгөөд уг халаагуурыг хэрэглэсний дараа төлбөрийг үе шаттайгаар төлнө гэж тохирсон тул бүхэлд нь төлөхийг зөвшөөрөхгүй, мөн их хэмжээний алданги төлөх үндэслэлгүй. Энэ нь цар тахлын нөхцлөөс болоод манай ажил саатсан. Бид агуулахад байгаа халаагуурыг нэг бүрчлэн тоолж үзэхэд 1 ширхэг 515 406 төгрөгийн халаагуур гэмтэлтэй байсан. Бид гэрээг дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад манай захирал гарын үсэг зураагүй бөгөөд бид нэгэнт гэрээтэй учраас дахин төлбөр төлөх нөхцлийн талаар ийм акт үйлдэх шаардлага байхгүй. Мөн нэхэмжлэгч талын гэрээний мэргэжилтэн Э.Б нь би асуудалд орох гээд байна гэж гуйсаар энэ бичгийг хийлгэсэн. Манай талаас гэрээний үндсэн төлбөрийг тодорхой үе шаттайгаар төлөх саналыг хүргүүлсэн боловч С ХХК нь хүлээж аваагүй, мөн алдангийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх гэрч Э.Б-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК хариуцагч Э Ж Ж Э ХХК-нд холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 184 228 830 төгрөг, алданги 61 716 658 төгрөг, нийт 245 945 488 төгрөгийг гаргуулахаар шаардсныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийг 30 397 757 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 276 343 245 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 239 497 480 төгрөгийг хангаж, үлдэх 36 845 765 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2020 оны 5 сарын 13-ны өдөр БМ 02/20-12 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр талууд Худалдан авагчийн хэрэгжүүлж буй Хан төгөл төслийн доод бүсийн барилга /засварын байрнаас бусад/-д зургийн дагуу шаардагдах эрхийн болон биет байдлын доголдолгүй Герман улсын VASCO брэндийн халаалтын ган хэвлэмэл радиатор нийт 1126 ширхэгийг нийлүүлэх, тохируулах ажлыг хийж, худалдан авагч нь гэрээнд заасны дагуу төлбөрт 368 457 661 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-7/

Дээрх гэрээний дагуу гэрээ байгуулахад хариуцагч Э Ж Ж Э ХХК нь урьдчилгаа 50 хувийн төлбөрт 184 228 830 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл төлбөрийг халаагуурыг хэсэгчлэн захиалан хүлээн авсан тоо хэмжээгээр тухай бүрт нь нэхэмжлэлийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

Харин хариуцагч Э Ж Ж Э ХХК нь нэхэмжлэгч С ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд гэрээний үүрэгт 184 228 830 төгрөгийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлж 2020 оны 7 сарын 27-ны өдөр 1126 ширхэг халаагуурыг хүлээлгэж өгсөн боловч хариуцагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний 9.3-т гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-иар алданги тооцохоор тохирсон... гэж тайлбар гаргасныг хариуцагч тал ...1126 ширхэг халаагуурыг хүлээж авсан нь үнэн. Бид үлдэгдэл халаагуурыг дараагийн төсөлд ашиглах байсан бөгөөд уг халаагуурыг хэрэглэсний дараа төлбөрийг үе шаттайгаар төлнө гэж тохирсон тул бүхэлд нь төлөхийг зөвшөөрөхгүй, мөн их хэмжээний алданги төлөх үндэслэлгүй энэ нь цар тахдын нөхцлөөс болоод манай ажил саатсан. Бид халаагуурыг нэг бүрчлэн тоолж үзэхэд 1 ширхэг 515 406 төгрөгийн халаагуур гэмтэлтэй байсан... гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

 

Хавтаст хэргийн 8-10 дугаар талд авагдсан 2020.08.13-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт гэх баримтыг нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа ирүүлснийг хариуцагч Э Ж Ж Э ХХК ...уг баримт тухайн гэрээг дүгнэж баталгаажуулсан акт биш бөгөөд эх хувиараа байхгүй... гэж, нэхэмжлэгч тал ... уг баримтыг хариуцагчаас авсан бөгөөд одоо эх хувь байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй... гэж тайлбар гаргаж, энэ байдлыг гэрчлүүлэхээр гэрчээр Э.Бийг асуулгах хүсэлт гаргажээ.

 

Дээрх Гэрээ дүгнэсэн акт гэх баримтыг тухайн үед нэхэмжлэгч компанийн гэрээг хариуцсан мэргэжилтэн Э.Б боловсруулж, холбогдох эрх бүхий этгээдүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулахаар хариуцагч Э Ж Ж Э ХХК-д хүргүүлсэн боловч тус компани нь бидэнд эх хувийг өгөөгүй гэж гэрч мэдүүлэг өгсөн байна.

Эдгээрээс дүгнэхэд дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй хэдий ч талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэргээр 2020 оны 7 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч С ХХК нь нийт 1126 ширхэг халаагуурыг хариуцагч Э Ж Ж Э ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч тал уг халаагуурыг бүхэлд нь хэрэглээгүй бөгөөд бид дараагийн төсөлдөө ашиглаж, суурилуулалт хийсний дараа төлбөрийг үе шаттайгаар төлнө гэж тайлбар гаргасан нь талуудын байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй, гэрээгээр энэ талаар тохироогүй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Э Ж Ж Э ХХК нь дээрх 1 ширхэг халаагуурын доголдлын талаар сөрөг шаардлага болон үүнтэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрхээс дүгнэхэд худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч С ХХК нь худалдан авагч Э Ж Ж Э ХХК-д биет байдлын доголдолгүй, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж, гэрээний зүйл болох 1126 ширхэг халаагуурыг бүхэлд нь хүлээлгэн өгснийг худалдан авагч нь хүлээн авсан боловч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүйг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч Э Ж Ж Э ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын байгуулсан гэрээний 9.3-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй хэдий ч шүүх дараах үндэслэлээр алдангийг багасгаж шийдвэрлэв.

Хариуцагч Э Ж Ж Э ХХК нь гэрээний төлбөр төлөх үүргийн 50 хувийг уг бараа бүтээгдэхүүн авахаасаа өмнө төлсөн, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан СOVID-19 цар тахал үүссэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, улмаар санхүүгийн хямрал үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэснээр алдангийг 30 хувиар тооцож, алдангийг 55 268 649 төгрөгөөр /184 228 830 х 30 хувь/ тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Э Ж Ж Э ХХК-иас гэрээний үүрэгт 184 228 830 төгрөг, алданги 55 268 649 төгрөг, нийт 239 497 479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 36 845 766 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Ж Ж Э ХХК-иас гэрээний үүрэгт 239 497 479 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 36 845 766 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 698 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э Ж Ж Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1 355 437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ