Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/206

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      05          08                                          2024/ШЦТ/206

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Л.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгчЛ.Мд холбогдох эрүүгийн 2425000000254 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Л.М,

2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Л.М нь;

2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим 0.97 хувийн согтуурсан үедээ **-**ОРБ улсын дугаартай “Toyota prius-30” /Тоёота приус-30/ загварын тээврийн хэрэгслийг Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багаас Баянцагаан багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын байр хүртэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Л.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй “Alcotest 7510” загварын амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар шүүгдэгч Л.М-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг 0.97%-тай байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

“...Л.М нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрх хасагдсан.” гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.О-ын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 42/05-286 дугаартай,

“...Л.М нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар ******** тоот дугаартай “В” ангилалтай жолоодох эрхийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай эрх хасагдсан байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Л.М-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 400.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хассан зөрчлийн материалын хуулбар /хавтаст хэргийн 40-53 дахь тал/ зэрэг нотлох баримтууд,

гэрч Н.Э-ийн “...Х “эрүүл хүн дуудна, манай дүү байгаа” гэж хэлээд Д, М бид гуравтай пиво хувааж уусан, орой 20-21 цагийн хооронд Х-ийн утас руу цагдаа залгаад “цагдаа дээр хүрээд ир, өөртэй чинь холбоотой гомдол ирсэн” гэж хэлээд дуудсан. ...Цагдаа нарт бид нар “пиво уусан, машиныг М жолоодож ирсэн” гэж үнэнээ хэлсэн, цагдаа нар М-ийг үлээлгэж үзээд “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, эрхээ хасуулсан байна” гээд унаж ирсэн Х-ийн машиныг журмын хашаа руу авч явсан.” гэх /хавтаст хэргийн 15 дахь тал/,

гэрч А.Х-ийн “...М “би чиний машиныг бариад цагдаа руу явъя, эхнэр цагдаа дээр байгаа юм бол хурдан очихгүй бол болохгүй” гэж хэлээд миний **-**ОРБ улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож цагдаа дээр очсон. Цагдаа дээр очих үед М-ийн согтолтыг шалгасан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд машиныг нь журмын хашаа руу авч явсан.” гэх /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч Б.Б-ийн “...2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн, орой 7035102 дугаарын утсанд “согтуу хүн машин бариад байна” гэх дуудлага ирсэн. Дуудлага өгсөн эмэгтэйтэй холбогдоход “намайг ирээд авчих, би согтуу жолооч хаана байгаа гэдгийг заагаад өгье, Булаг багийн Баянбулаг багийн завсар байдаг засмал зам дээр хүрээд ир” гэж дуудсан. Би албаны машинтай дуудсан газарт нь очсон, дуудлага өгсөн эмэгтэй нөхөртэйгөө яриад “байгаа газраа хэл, би чамайг цагдаад өгчихсөн” гээд бухимдаж байсан, хэсэг хугацааны дараа Цагдаагийн газрын байранд цагаан өнгийн “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэл ирж зогссон ба жолооч нь дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр болох М гэх эрэгтэй бууж ирсэн. Л.М-ийн согтолтыг шалгахад 0.97 хувийн согтолттой байсан.” гэх /хавтаст хэргийн 19 дэх тал/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хураасан мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Л.М-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан шүүхийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж,

торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э