| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0180/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
2024 04 24 2024/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч М.Л нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Л-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
М.Л,
Шүүгдэгч М.Л нь;
2024 оны 2 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолборын 3 дугаар давхрын спорт заалнаас хохирогч Г.Э-ийн эзэмшлийн “Huawei nova 8i” /Хуавэй/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч М.Л дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
хохирогч Г.Э-ийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолборын 3 дугаар давхрын спорт заалнаас “Huawei nova 8i” загварын гар утсаа алдсан.” гэх гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
хохирогч Г.Э-ийн өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
хохирогч Г.Э-ийн “...2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хангарьд” спорт ордны гурван давхрын спорт зааланд манай байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээн болсон, би үүд хэсгийн сандал дээр сууж байгаад тоглох дөхөөд сууж байсан сандлын тавцан дээр гар утсаа үлдээгээд тоглочихоод ирсэн чинь гар утас алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
“...надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний гар утсыг хүлээлгэн өгч, намайг хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
М.Л-ийн яллагдагчаар өгсөн “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Тухайн өдөр бэр дүү М байгууллагын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд оролцож байсан тул дэмжих гэж очсон, заалны үүд хэсэгт сууж тэмцээн үзэж байтал миний ар талд налуурга тавцан дээр хөх өнгийн гадна хэсэгтээ гэртэй, гэр дээрээ улаан өнгийн карт хийдэг гар утас байсан. Би гар утсыг аваад хүн нь ирж авах байхдаа гэж 10 гаран минут харж суугаад хүн ирж авахгүй болохоор нь аваад гарсан, миний авсан гар утас кодтой байхаар нь “Сонорхайрхан” худалдааны төвийн “Тэди”-д ажилладаг найз Б-аар кодыг нь тайлуулаад дүү Б-ийн хүүхдэд бариулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн 2024 оны 2 дүгээр сарын 28-ны өдрийн 03/33 дугаартай; “...2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар “HUAWEI NOVA 8I” загварын гар утасны үнэлгээ 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг болж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолборын 3 дугаар давхрын спорт заалны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
хохирогч Г.Э-т эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Л “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,
мөрдөн байцаалтын явцад “Huawei nova 8i” загварын гар утсыг хохирогч Г.Э хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолборын 3 дугаар давхрын спорт заалны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Л-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүгдэгч М.Л-д мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолборын 3 дугаар давхрын спорт заалны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э