| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0182/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
2024 04 24 2024/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Ч.Б,
Шүүгдэгч Ч.Б нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *-** дугаар байрны *** тоотод хохирогч Т.Т-ыг “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, хүзүү, хэвлийд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун тохой, хэвлийд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Ч.Б дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
хохирогч Т.Т-ын “...2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *-** дугаар байрны *** тоотод бусдад зодуулсан.” гэх гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
хохирогч Т.Т-ын өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *-** дугаар байрны *** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13, 14-15 дахь тал/,
хохирогч Т.Т-ын “....2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эхнэр У-ын ажлын газрын хүмүүс болох Б, М хоёрын гэр бүлүүдтэй нь хамт эхнэр бид хоёр “Өргөө” кино театрт кино үзсэн, тэндээс гараад Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *-**-*** тоот манай гэрт ирсэн. Манайд хоол идээд, архи, дарс ууцгааж, даалуу тоглоцгоосон. ...өглөө сэртэл манай эхнэр, Б, түүний эхнэр гурав байж байсан, би “00” орж бөөлжөөд ухаан орж сэргэсэн, Б гэх залуутай юунаас болж маргалдсанаа мэдэхгүй, ...намайг “Б-тай зодолдож байхад М салгасан” гэж эхнэр надад хэлсэн. ...надад ямар нэгэн гомдол санал алга, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
гэрч Ш.М-ын “...2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Т ах, Б ах нарын хамт эхнэрүүдтэйгээ “Өргөө”-д очиж кино үзсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *-**-*** тоотод даалуу тоглоцгоосон. ... Маргааш нь ажил дээрээ байж байтал Б ах залгаад “Т ахындаа ганц шил архи аваад хүрээд ир” гэж хэлсэн, намайг очиход Б ах Т ах хоёр архи уугаад сууж байсан, ...тэр хоёр муудалцаад байсан. ...тэр хоёрыг барьцалдаад авахаар нь би салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
гэрч М.А-ийн “...2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Т, М нарын хамт эхнэрүүд, нөхөр Б бид зургаа “Өргөө”-д очиж кино үзсэн, Т, У хоёр “манайд очиж даалуу тоглоцгооё” гэхээр нь Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-130 тоотод очиж даалуу тоглож байхдаа хоёр шил 0.75гр архи уусан, Т, У хоёр өөрсдийнхөө ажиллуулдаг газраас архи авчруулаад байсан, хэдэн шил архи ирснийг мэдэхгүй. ...У бид хоёр унтаж байтал гаднаас М орж ирсэн, У бид хоёр сэрээд би “00” ороод гараад иртэл М-ын цамцыг Т цонхоор гаргаад шидчихсэн, М уурлаад цамцаа авахаар гарсан. ...М, Б хоёртой Т зууралдаад тэр хоёрыг “муу хар гөлөгнүүд минь” гээд агсраад байсан, ...Б-ыг “явъя” гэтэл Ууганзул “та нарыг явчихаар намайг зодно шүү дээ” гэхээр нь гарч явж чадахгүй байсан. ...би пиво авах гээд явж байтал гадаа Ууганзулын орилж байгаа чимээ сонсогдоод байсан, ...ороод ирсэн чинь М, Б, Т, У нар орооцолдчихсон байхаар нь дундуур нь ороод салгах гэтэл Т, Б хоёр хэн, хэнээ цохих гэж дайрсан, Б-ы хамар хөхрөөд хавдсан, М-ын хүзүү, хоолой улайсан, Т-ын зүүн нүдний дор хөхөрсөн, нүүр нь цус болчихсон байсан, салгаад байж байтал Т “та хоёр хэзээ ч барахгүй, түй май” гээд байсан. ...Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад Ууганзулын дээр гарч суучихаад толгойноос нь цус гартал зодоод байхаар нь М бид хоёр салгасан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
гэрч Б.У-ын “...кино үзэж дуусаад “ойрд уулзаагүй” гэх шалтгаанаар манайд очиж даалуу тоглохоор болсон, харих замдаа хоёр шил архи авч ороод тавуулаа уусан, ер нь дөрвөн шил архи, арван лааз пиво ууцгаасан. ...Б эхнэрийн хамт манайд хонох болоод би ор засаж өгснөө бага зэрэг санаж байна, манай нөхөр тэр үед унтаж байсан, үүрээр Б архи, ундаанд гараад орж ирсэн. ...сэрээд босоод иртэл М ирчихсэн зогсож байсан, би “чи чинь ажилтай биз дээ” гэхэд “Б ах архи захисан” гэж хэлж байсан. ...манай нөхөр, Б хоёр маргалдаад...Б манай нөхрийн нүүр лүү цохиж байхыг харсан, нөхөр урдаас нь очиж зууралдаж байхад дундуур нь М орж салгаж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Ч.Б-ы яллагдагчаар өгсөн “...Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад бид нар руу орилж хашхираад, эхнэрээ цохиж аваад, “цонхоор үсэрнэ” гэхээр нь татаж газар унагааж сүүлдээ барьцалдаж авч зууралдсан, би агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгээгүй. Би согтуудаа Ттай ноцолдсоны улмаас биед нь гэмтэл учирсан байна, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 287 дугаартай; “...Т.Т-ын биед баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, хүзүү, хэвлийд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, баруун бугалга, хүзүү, баруун шуу, баруун тохой хэвлийд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,
мөрдөн байцаалтын явцад хохирогч Т.Т-ын өгсөн, хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан “...надад ямар нэгэн гомдол санал алга, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Ч.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э