Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 889

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 393 дугаартай шийтгэх /цагаатгах/ тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Дхолбогдох эрүүгийн 2009 00842 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

 

Ц.Д нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 93 тоотод буюу гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Б, 17 настай хүү Д.Б, 15 настай охин Д.Н нарын хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн үндэслэлээр гурван удаа зөрчлийн хэрэгт шийтгүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхийн цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэлдээ“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон аюулын зэргийн үнэлгээний маягт, аюулын зэргийн маягтаар эрсдэлийн түвшин “дунд” гэж үнэлэгдсэн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын "... хүүхдийн эрсдэл бага гарсан тул Дамдиндоржтой уулзах шаардлагатай байна...” гэсэн үнэлгээ,

Хохирогч Д.Бын "...гэр бүлийн гишүүдийг шалтгаангүй хэл амаар доромжилдог, том хүүгээ өөр хүний хүүхэд гэж хэлдэг, Ц.Д нь 2-3 удаа хаалга үүдээ өшиглөн эвдэж, хоол унд асгаж, гэрийн эд зүйл шатаах үйлдэл гаргаж байсан, мөн орой унтуулахгүй хоёр хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага, зүй бус үг хэллэг болох чи хүнтэй явалддаг, унтаж хэвтдэг, буудалд орж залуучуудтай шаалцдаг, эрхтэнийг нь хөхдөг, чи хошногодуулдаг, хоёр нүх рүүгээ зэрэг хийлгэдэг гэх мэтээр хэлдэг. Энэ оны 1 дүгээр сард байхаа, намайг ажилтай үед хүү Батзаяаг согтуу байхдаа нэг удаа алгадаж маргалдсан байсан. Ц.Дийг согтуу ирж янз бүр болохоор хүү маань найз нөхдийндөө хоноод байгаа, сүүлд 2019 оны 6 сар, 2019 оны 10 сар, 2020 оны 1 дүгээр сард шүүхээр баривчилгаа авсан. ...” /хх 17-18, 19/

Насанд хүрээгүй хохирогч Д.Нын “...2020 оны 2 дугаар сарын 18-ны орой ээж, ах, бид гурав гэртээ байж байхад аав гаднаас согтуу ирсэн. Ц.Д ээжийг янз бүрээр хэлээд доромжлоод, агсам согтуу тавиад гэрээ шатаана гэж хэлээд гарч ороод, хаалга үүд савж хаагаад орилоод байсан ба ээж бид хоёр унтах гэж байхад унтуулахгүй, бид хоёрыг янз бүрээр хэлээд 2-3 цаг болохоор нь ээж цагдаа дуудаж аавыг цагдаа нар эрүүлжүүлсэн. Манай ахыг нэг удаа алгадаж байсан. Аав архи согтууруулах ундаа хэрэглэдэг, нэг уух юм бол 3-4 хоног уучихдаг, аав архи уусан үедээ муухай харьцдаг. ...” /хх 28-29/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Бгийн “... 2020 оны 2 дугаар сарын 18-ны орой би гэртээ ээж болон дүүгийн хамт байж байсан. Гэтэл гаднаас аав Ц.Д нь согтуу орж ирээд согтуурхаад янз бүрийн юм яриад байхаар нь би найзындаа хонох гээд явсан. Аав агсам тавиад ээжийг хэл амаар доромжлоод унтуулахгүй, амраахгүй болохоор нь цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн гэж байсан. Аав архи согтууруулах ундаа их хэрэглэдэг, архи уухаараа унтахгүй үглээд байдаг, ээж болон дүү бид гурвыг элдвээр хэлээд доромжлоод, ээжийг хардаад, дүү бид хоёрын хажууд бэлгийн чиг хандлагатай үг хэллэг хэлээд, намайг бас янз бүрийн үгээр хэлээд байдаг. Архи уусан үедээ үглээд хэрүүл өдөөд бид нарыг унтуулдаггүй. 2019 онд агсам согтуу тавьж 2 удаа гэрээ шатаана гэж хэлж, мөн хоёр удаа хутга авч эхний удаа өөрийгөө ална гэж, дараагийн удаа хутга аваад агсамнаж байсан. Аав байнга архи согтууруулах ундаа хэрэглэж гэр бүлээ амар тайван бус байлгадаг. ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Ц.Д нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 93 тоот гэртээ эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болох нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай шийтгэврээр “...эхнэр Байгалыг хэл амаар доромжилж агсам тавьж хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 875 дугаартай шийтгэврээр “...эхнэр, хүүхдүүдээ хэл амаар дарамталсан” буюу хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэврээр “...гэртээ эхнэр Байгальд агсам тавьж унтуулж амраахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” буюу хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох “байнга” үйлдэх шинжийг хангасан байна.

Мөн Ц.Д нь зөрчлийн хуулиар 3 удаа шийтгэл оногдуулсны дараа дахин 2020 оны 2 дугаар сарын 18-ны орой гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр эрүүгийн 2009008420501 дугаартай хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, прокуророос гарсан эрх зүйн баримт бичгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар гэр бүлийн гишүүдийн эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ эхнэр, хүүхдүүдийн эсрэг үйлдсэн нь тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх зүйл, хэсгээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн.

Тарчлаах гэдэгт бие махбодын болон сэтгэл санааны шаналгаа, өвдөлт үүсгэсэн аливаа үйлдэл хийсэн байхыг ойлгохоор тайлбарласан байдаг.

Ц.Дийн үйлдлийн улмаас эхнэр Д.Б болон насанд хүрээгүй хүүхдүүд болох хохирогч Д.Н, Д.Б нар нь хүчирхийлэлд өртөн гэрээсээ дайжин зугтаж, найз нөхдийндөө хонодог, гэр бүлийн хүмүүсээ унтуулахгүй байх, агсам согтуу тавих, гэрийн эд зүйлсээ авч шидэх, хагалах, гэрээ шатаана гэж сүрдүүлэх, өөрийн болон бусдын эрүүл мэндэд халдана хэмээн хутга барьж айлгах, хүүхдийн эрүүл мэндэд халдаж алгадах, эхнэрийгээ байнга хардах, гэр бүлийн хүмүүс, хүүхдийн дэргэд бэлгийн чиг хандлагатай зүй бус үг хэллэг хэлэх зэрэг нь байнгын давтамжтай болж, гэр бүлийн гишүүддээ сэтгэл санааны шаналгаа үүсгэн тарчлаасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийн эрхийг зөрчих” талаар зохицуулсан байх ба энэхүү зөрчлийг үйлдсэн этгээд нь эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр арга хэмжээ тооцуулахаар зохицуулсан байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зөрчилдөө Ц.Д нь хуульд заасан хариуцлагыг хүлээсэн, тухайн зөрчилд хүүхдийн эсрэг үйлдсэн гэсэн зохицуулалт байхгүй байхад хүүхдийн эсрэг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн нь нотлогдохгүй гэж шүүхээс дүгнэж байгаа нь хууль зөрчиж байна.

Хэрэв шүүхийн дүгнэснээр зөвхөн эхнэр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэдгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлбэл цаана нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн эрх ашиг, тэдний сэтгэл санааны шаналал, зовиурыг хайхралгүй үлдээх нь харин эсрэгээрээ шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Тодруулбал, шүүхийн удаа дараагийн шийтгэврүүд нь шүүгдэгч Ц.Дийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангахуйц үйлдэл хийснийг нотлох эх сурвалж болох байтал тэдгээрт хүүхдийн эсрэг байнга үйлдсэн шинжийг тодорхойлоогүй шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг болон хүүхдийн эсрэг байнга үйлдсэн гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл болохгүй байна.

Иймд Ц.Дийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дхолбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол уншиж сонсгосон байтал 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 393 дугаартай шийдвэр нь “Шийтгэх тогтоол” гэсэн тэргүүн дээр хэвлэгдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Ц.Дийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 393 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбар байхгүй. Эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.Дийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 93 тоотод буюу гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Б, 17 настай хүү Д.Б, 15 настай охин Д.Н нарын хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн үндэслэлээр гурван удаа зөрчлийн хэрэгт шийтгүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг болно.

Ц.Дийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 93 тоотод буюу гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Б, 17 настай хүү Д.Б, 15 настай охин Д.Н нарын хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн үндэслэлээр гурван удаа зөрчлийн шийтгэл оногдуулж байсан болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад тусгагджээ.  

Хохирогч Д.Бын “...би олон удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Гэр бүлийн амгалан тайван байдал алдагдаж байна. Ц.Д нь архи уусан үедээ байнга хэл амаар доромжилно, гэр орныхоо эд хогшлыг эвдэнэ, гэр орноо шатаана гэж айлган сүрдүүлнэ. Улмаар хүүдээ гар хүрч зоддог. Гэр бүлийнхээ гишүүдийг байнга хэл амаар доромжилж, бурхан болсон аав, ээж нарыг маань хүртэл доромжилно, намайг байнга хардаж сэрдэнэ. Өсвөр насны 2 хүүхдийнхээ хажууд бэлгийн чиг хандлагатай муу муухай үг хэллэг хэлнэ. Архи ууж ирээд шөнө оройн цагаар унтуулахгүй агсам тавьдаг. Сүүлийн үед хүү рүүгээ дайрч гар хүрдэг болсноос болж хүү маань найз нөхдийнхөөрөө хонодог болсон. Гэр бүлийн дотор уур амьсгал амгалан тайван байдал алдагдуулдаг бөгөөд Ц.Д нь 2-3 удаа хаалга үүдээ өшиглөж эвдэж, хоол унд асгаж, гэрийн эд зүйл эвдэж, шатаах үйлдэл гаргаж байсан. Мөн орой унтуулахгүй хоёр хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага зүй бус үг хэллэг болох чи хүнтэй явалддаг, унтаж хэвтдэг, буудалд орж залуучуудтай шаалцдаг, эрхтэнийг нь хөхдөг, чи хошногодуулдаг, хоёр нүх рүүгээ зэрэг хийлгэдэг гэх мэтээр хэлдэг юм. Манай нөхөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэхэд орж байсан ба сүүлд 2019 оны 6 дугаар сард, 10 дугаар сард, 2020 оны 01 дүгээр сард шүүхээр баривчилгаа авч байсан. ...” /хх 17-18, 20/,

насанд хүрээгүй хохирогч Д.Бгийн “...гэртээ ээж, дүүгийн хамт байж байсан. Гэтэл гаднаас аав Ц.Д нь согтуу орж ирээд согтуурхаад янз бүрийн юм яриад байхаар нь би найзындаа хонох гээд явсан юм. Ингээд маргааш нь гэртээ ирэхэд аав агсам тавиад ээжийг хэл амаар доромжлоод унтуулахгүй болохоор нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн гэж байсан. Эрүүл болон архи уусан үедээ дүү болон ээжийг миний мэдэхээр цохиж зодож байгаагүй, харин намайг согтуу байхдаа 2-3 удаа алгадаж байсан. Аав архи уухаараа унтахгүй, үглээд байдаг юм. Ээж болон дүү бид гурвыг элдэвээр хэлээд доромжлоод үглээд байдаг. Ээжийг хардаад дүү бид хоёрын хажууд бэлгийн чиг хандлагатай үг хэллэгээр хэлээд байдаг. Намайг бас янз бүрийн үгээр хэлдэг юм. ...” /хх 23-25/,

насанд хүрээгүй хохирогч Д.Нын “...орой ээж, ах бид гурав гэртээ байж байхад аав гаднаас согтуу ирсэн ба ах энэ үед найзынх руугаа хонохоор явсан. Энэ үед аав Ц.Д зүгээр сууж байснаа гэнэт ээж рүү дайраад ээжийг янз бүрээр хэлээд доромжлоод агсам согтуу тавиад, гэрээ шатаана гэж хэлээд гэрээс гарч ороод хаалга үүд савж хаагаад, орилоод байсан. Ээж бид хоёрыг унтах гэж байхад унтуулахгүй бид хоёрыг янз бүрээр хэлээд 2-3 цаг болохоор нь ээж цагдаа дуудаж, эрүүлжлүүлэхэд өгсөн. Ээж бид хоёрыг аав цохиж зодож байгаагүй, харин ахыг нэг удаа алгадаж байсан. Манай аав архи согтууруулах ундаа их хэрэглэдэг. Нэг уух юм бол 3-4 хоног уучихдаг. ...” /хх 27-29 тал/,

аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 21/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 57-68/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 105-106/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 875 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх Ц.Дхолбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 875 дугаартай шийтгэвэрээр “эхнэр, хүүхдүүдээ хэл амаар дарамталсан” буюу хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байгаа хэдий боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа /зодсон, харгис хэрцгий харьцсан, тарчлаасан/ үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж  дээрхи нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, үндэслэлийг цагаатгах тогтоолдоо тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Ц.Дийн гаргасан зөрчлийн дээрх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадсан” гэх үндэслэлээр шийтгэл хүлээлгэсэн байхад дахин тухайн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав, түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав, түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч Ц.Дийн хувьд, 3 удаа зөрчлийн арга хэмжээ авагдсан боловч тэрхүү зөрчлийн үйлдлүүд нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг агуулж, дахин 2020 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал нь оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдэл давтагдаж байгаа энэ тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн байдал нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй.  

Шүүгдэгч Ц.Дийн “2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Д.Быг хэл амаар доромжилж, агсам тавьж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил” үйлдсэн, мөн “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Бьд агсам тавьж, эхнэр хүүхдүүдээ хэл амаар дарамталсан зөрчил” үйлдсэн, мөн “2020 оны 1 дүгээр  сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 48-93 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Бьд агсам тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх 3 удаагийн үйлдэлд зөрчлийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсний дараа Ц.Д нь 2020 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18-93 тоотод буюу гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ эд хогшлыг эвдэж сүйтгэх, гэрээ шатаана гэж айлган сүрдүүлэх, эхнэр Б.Байгалыг хэл амаар доромжлох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гомдолд 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 200900842 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол” үйлдсэн боловч яллах дүгнэлтэд дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан, дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримтыг хэрэгт шалгаж, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан байх боловч сүүлийн үйлдэл буюу 2020 оны 2 дугаар сарын 18-ны гэр бүлийн хүчирхийллийг яллах дүгнэлтэд оруулаагүй асуудлыг анхан шатны шүүх нягтлан үзэж, шаардлагатай гэж үзвэл уг үйлдлийг нэгтгэн хэргийн зүйлчлэлийг тогтоолгохоор прокурорт буцаах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дхолбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол уншиж сонсгосон байтал 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 393 дугаартай шийдвэр нь “Шийтгэх тогтоол” гэсэн бланкан дээр хэвлэсэн зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино.

Иймд прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх /цагаатгах/ тогтоолыг хүчингүй болгон Ц.Дхолбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.