Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1385

 

МАГАДЛАЛ

 

2018.06.13                                                     Дугаар 1385                                Улаанбаатар хот

 

 

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Д-нд холбогдох,

16 754 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ө ХХК нь Монгол улсад үргүйдлийн оношилгоо эмчилгээ нэвтрүүлэх зорилгоор 2015 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр Япон улстай хамтран боловсон хүчнийг сургахаар тохиролцсон. Х.Д-тэй 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн өдрийн 78 тоот тушаалаар эмбриологчоор ажиллуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Япон улсад сургаж дадлагажуулахаар сургалтын гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлд компани хуваарьт заасан төлбөрийг хийж гүйцэтгэнэ гэсний дагуу төлснийг хариуцагч тал маргахгүй байгаа. Мөн шууд сургалтын байгууллагад хүлээлгэн өгнө гэж зааснаар төлбөрөө бэлнээр өгч байсан. Х.Д 2 удаагийн явалт буюу эхний удаа 90 хоног, дараагийн удаа 28 хоногийн хугацаатай, нийт 128 хоног суралцсан. Эхний сургалтын зардлыг төлүүлж, харин сүүлийн сургалтын зардлыг хасъя гэж компанийн зүгээс үзсэн. Нийтдээ 1 125 000 иен бөгөөд үүнд эмбриологчийн сургалтын зардал 600 000 иен, орон сууцны зардал 300 000 иен, хоол хүнсний зардал 225 000 иен болсон. Энэ гарсан зардлыг Япон улсаас Монгол улсад байгаа төлөөлөгч Ц сан гэж хүнд бэлнээр өгч байсан. 7, 7 хоногоор эсвэл 14 хоногт нэг удаа гэж өгсөн байгаа. Тус бүрд нь суралцагч өөрөө гарын үсэг зураад явсан. Суралцаж ирсний дараа 36 сар ажиллах хугацаандаа хангалттай ажиллаагүй. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Х.Д өгсөн. Байгууллага Х.Д-нийг ажиллах хугацаандаа тодорхой үр дүнд хүрээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэрээний 6 дугаар зүйлд суралцагч нь хангалттай үр дүнд хүрээгүй бол компанийн хохирлыг бүрэн эсвэл хэсэгчлэн компанийн үзэмжийн дагуу төлнө гэж заасан. Нэхэмжлэлийн дүнгийн хувьд визний мөнгө, онгоцны зардал зэргийг дурдсан. Монгол банкны ханшаар 2014 оны 09 дүгээр сарын13-ны өдрийн иений ханш 17.21 байсан. Үүний дагуу тооцоход 19 700 000 төгрөг гарч байгаа. Гэхдээ бид 16 754 800 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр сургалтын гэрээ байгуулсан. Компани болон Х.Д нар хэн хэн нь үүргээ биелүүлсэн. Мөн сургалтын гэрээ дуусгавар болсон. Ө ХХК нь сургалтын гэрээ байгуулагдсаны дараа буюу улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, эмбриологичоор төгссөн оюутныг дадлагажуулах шаардлагатай, маш богино хугацаанд технологийг нэвтрүүлэх зорилгоор эмнэлэг байгуулагдана гэж санал тавьсан. Тэр үед 2 эмбриологичийг сургасан. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Япон улс руу явсан. 3 сарын хугацаанд ахлах эмбриологичийн удирдлага дор дадлагажсан. Дадлагажих хугацаа дуусаагүй байхад Х.Д-ний виз дууссан. Буцаж ирээд визээ сунгуулаад 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сургалтаа дуусгасан. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын 20-нд Монголд ирсэн. Ирэхэд эмнэлэг байгуулагдаагүй байсан. Ө ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн. Эмнэлэг байгуулагдах бүтээн байгуулалтын хугацаанд Х.Д нь цэвэрлэгээ, тохижилт зэргийг 2015 оны 3 дугаар сарын 02 хүртэл хийгээд контракт гэрээг байгуулах ёстой гээд байгуулсан. Сургалтын гэрээнд 36 сар ажиллах ёстой гэсэн заалт байхгүй. Тэр үед эмнэлэг өөрөө ч байгуулагдаагүй байсан. Гэрээний 5 дугаар зүйлд суралцагч дүнгийн хуудсаа танилцуулах үүрэгтэй гэсэн. Суралцаж дуусаад сертификатаа аваад танилцуулсан. Нэхэмжлэгч тал хангалттай үр дүнд хүрээгүй гэж ярьсан. Гэвч гэрээнд суралцагч нь дадлагажих хугацаандаа хангалттай үр дүнд хүрч, болзлоо биелүүлж чадаагүй, ирээд мэргэжлээрээ ажиллаагүй бол компанийн үзэмжийн дагуу төлбөрөө төлнө гэсэн зохицуулалт байна. Гэвч Х.Д ирээд эмнэлэгтээ ажиллаад, бусад эмбриологич нартаа зааж зөвлөөд явсан. 36 сарын хугацаанд сургалтаа дуусгаж чадаагүй, сургалтаасаа хасагдсан. Сурч чадахгүй байна гэсэн бол асуудал яригдах байсан. Гэтэл 36 сарын хугацаанд ажиллана гэсэн нөхцөл байгаагүй. Гэрээнд тийм журам заалт байхгүй. Энэ сургалтандаа суугаад, төгсөөд, сургалтын гэрээний үр дүнг гаргаад, эрх үүрэг нь дуусгавар болсон. Контракт гэрээнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан заавал тусгах гол нөхцөлүүд байхгүй. Ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, ажил үүрэг, албан тушаал зэргийг дурдаагүй. Ө     ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгийн тусгай зөвшөөрлөө авсан. Энэ үед хүний нөөц бэлтгэгдсэн хангагдсан байх ёстой байсан. Х.Д эмч нь эмбриологичийн шаардлага хангасан учраас эмнэлэгт зөвшөөрөл олгосон байгаа. Япон улсад дадлагаа дуусгаж ирээд эмнэлгийн нээлт болтол цалингүй ажилласаар байсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн санаачлагаар ажлаас гаръя гээд тушаал гарсан. Гэвч ажлаас чөлөөлсөн тушаал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Ажилгүйдлийн тэтгэмж авах ёстой байсан. Нийгмийн даатгалын байгууллагад хандаж чадахгүй. Өөр ажилд орох боломжийг хаасан. Харин ч Х.Д хохироод байж байна. Үр шилжүүлэн суулгах төслөө Монголд нутагшуулъя гээд төслөө хэрэгжүүлэх явцад Ө ХХК нь үр дүнг урьтал болгоогүй ашгийн төлөө байсан. Үр ашиггүй биш. Энэ боловсон хүчнүүдийг бэлдсэнээр өнөөдөр үйл ажиллагаа явагдаад тусгай зөвшөөрөл авсан байгаа нь үр дүн юм. Нөгөө талаар эмнэлэг тодорхой хэмжээний үйлчлүүлэгч нартай болсон. Гэвч ашгийн төлөө хэт явсан болохоор ажлаасаа гарах үндэслэл болсон. Сургалтын гэрээнд сургалтаа хангалтгүй суралцсан бол төлбөр гаргуулах агуулга байна. Гэхдээ сургалтаа төгсөөгүй бол гэсэн байна. Компанийг төлбөр төлсөн асуудалд маргаагүй. Байгууллага ажилтны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрийг барьцаалж эрхийг нь зөрчсөн асуудал байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдах гол нөхцөлүүдийг тусгаагүй учир ажилтан гэрээг цуцлах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гаргасан. Иргэний хуулийн 493 дугаар заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Х.Д-нд холбогдох 16 754 800 төгрөг гаргуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрч оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийн ач холбогдол нь 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр болох /Байр, хоол, сургалтын зардал/ зэргийг бэлнээр хүлээн авсан болохыг нотлох туйлын ач холбогдол бүхий хүсэлт байсан юм. Гэтэл шүүхээс хэрэгт хамгийн чухал мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн авсан эсэхийг нотлуулах хүсэлтийг хүлээн аваагүй атлаа нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Энэхүү байдал энэ хэргийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан сургалтын гэрээ 2 хуудастай эхний нүүрэнд талуудын эрх үүрэг, 2 нүүрэнд Ж.Д төлбөрийн мөнгөн хөрөнгийг хэзээ, хэдэн төгрөгийг гардан хүлээн авсан гарын үсэгтэйгээ байдаг юм. Ийм баримтууд байсаар атал нотлогдохгүй байгааг үнэхээр гайхаж гомдолтой байна.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 13-ны байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд “Компанийн үзэмжийн дагуу төлбөрийн мөнгөн хөрөнгийг буцаан төпнө” гэж заасан энэ үндэслэлээр мөн мэтгэлцсэн гэтэл энэ талаар шийдвэрт дурьдаагүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь компани олгосон мөнгөн хөрөнгөө хэзээ ч нэхэмжлэх эрхтэй байхаар талуудын гэрээнд тусгасан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Х.Д-нд холбогдуулан 16 754 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Х.Д-ний сургалтын зардалд зарцуулсан 16 754 800 төгрөгийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.8 дахь заалтыг үндэслэн гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...сургалтын гэрээг зөрчөөгүй, үндэслэлгүй хөрөнгөжин, хууль бусаар өөртөө ашиг олоогүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Сургалтын гэрээний дагуу хариуцагч Х.Д нь Япон улсын “К” эмнэлгээс зохион байгуулж байгаа сургалтанд 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 2014 оны 12 дугаар сарын 15, 2014 оны 12 дугаар сарын 22-ноос 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд суралцсан, сургалтын зардалд нийт 16 755 160 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч байгууллагын захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18/05 тоот тушаалаар зохигчдын хооронд байгуулагдсан контрактын гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон тухайд талууд маргаагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзнэ. Учир нь хариуцагч Х.Д-ний суралцах зардлыг дээр дурдсан гэрээний 3-т заасны дагуу нэхэмжлэгч төлөхөөр талууд тохиролцсон, мөн гэрээний 6-д зааснаар сургалтын төлбөрийн санхүүжилтийг хариуцагч буцаан төлөх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах зүйлд нэхэмжлэлийн шаардлага болох сургалтын төлбөр хамаарахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 242 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                   

                       ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ