| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0177/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
2024 04 24 2024/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Н-т холбогдох эрүүгийн 2***000000*** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Э.Н,
Шүүгдэгч Э.Н нь;
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг “Happiness club” /Хапинесс клуб” баарны хажууд байрлах нийтийн байрны гадаа хохирогч А.Ц-ийг “дансанд байгаа мөнгөөрөө пиво авсангүй”, “гэрт хэрэлдлээ” гэх шалтгаанаар түүний зүүн дал, зүүн бугалганд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Э.Н дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
иргэн А.Ц-ын “...манай ах хүнд хутгалуулсан байна.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг “Happiness club” баарны хажууд байрлах нийтийн байрны гадаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15, 16 дахь тал/,
хохирогч А.Ц-ийн “...2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ням- Очир гэх айлд очсон, тэнд Н, Н, эхнэр нарын хамт дөрвүүлээ пиво уусан, ...Н надтай маргалдаад байсан. Учир нь, дансанд есөн мянган төгрөг байгааг мэдчихээд “ганц пиво авъя” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэнд уурлаад байсан. Хажуугаас Н намайг “гадаа гаръя” гэж хэлсэн, би дагаад гартал намайг шууд тэвэрч аваад “дүү нь чадсангүй, агаа” гэснээ зүүн талын гарын булчин, дал хоёрт нэг, нэг удаа хутгаар хатгасан, халуун оргиод эхлэхээр нь би цусаа хараад айсан, сандарсан, “гэртээ харья” гэж бодоод эхнэр А руу залгаад “хүнд хутгалуулчихлаа” гэж хэлсэн. ...БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт ирээд хоёр оёдол тавиулсан, ...би “пивонд гарах гэж байна” гэж бодоод футволктой дагаад гартал намайг тэвэрч аваад хутгалсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч Б.Н-ийн “...2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхдаа дүү Н руу залгаад “юу хийж байна” гэхэд “Цийн хамт архи ууж байна, манайд хүрээд ир” гэж хэлсэн. ...Н, Д бид гурав том хүрэн савтай пиво ууж байтал Ц утсаар ярьж байгаад хүрээд ирсэн. ...Намайг нэг сэрэхэд хутга шөвөг болчихсон байсан. ...би хохирогч Ц-д “есөн мянган төгрөгөө нэмэрлээд пиво авч өгсөнгүй” гэж уурласан, Н болохоор “гэрт муудалцлаа” гэж уурлаад байсан. ...намайг гэрт байхад Ц уйлаад “Н, чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж байсан, тэгээд би “Ц хутгалуулсан” гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч А.Ц-ын “...2024 оны 3 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байхад төрсөн ах А.Ц-ийн хамт амьдардаг эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ над руу яриад “Ц хүнд хутгалуулчихсан гэнэ, чи очоодох” гэж ярихаар нь гэрээсээ гараад такси барьж очоод баар луу ороход ах Цийн гар утаснаас дуудлага ирэхээр нь аваад ярьтал “цагдаа байна, Ц-ийн дүү мөн үү” гэж асуухаар нь “тийм байна” гэж хэлтэл “...“Happiness club” баарны хажуу талд байрлах нийтийн байранд ороод ир” гэж хэлсэн. ...цагдаа нар Ц ахыг аваад БОЭТ-ийн хүлээн авах тасагт хүргэж ирсэн, ах Ц надад “найз Н-тай маргалдаж байхад тэр залуу дундуур орж ирж маргалдаж байхдаа гэрийнхээ хутгыг аваад гадаа гараад яръя гэж хэлэхээр нь тэр залууг дагаад гарсан, гарч ирээд би таныг гэртээ чадсангүй гэж хэлээд хутгалчихлаа, арай ч намайг хутгалчихгүй байх гэж бодсон чинь хоёр ч удаа хутгалчихлаа” гэж хэлсэн. ...өөрөө нэлээн айсан шинжтэй, баруун талын далан тус газар хутганы зүсэгдсэн шархтай, зүүн талын булчингийн арын хэсэгт нэлээн гүн зүсэгдсэн шарх үүссэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
гэрч Р.А-ийн “...2024 оны 3 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд над руу манай нөхөр Ц “хайраа би хутгалуулчихлаа” гэхээр нь би сандраад “юу яриад байгаа юм, хэн юм” гэхэд гар утсаа салгасан, би төрсөн дүү рүү нь яриад “ах нь хутгалуулсан байна, чи “Happiness” баарны баруун талд байрлах нийтийн байрны гадаа яваад очоорой” гэж хэлсэн. ...“Н гэх залууд хутгалуулсан” гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
гэрч Д.Н-ийн “...2024 оны 3 дугаар сарын 02-ны өглөө А.Ц манай нөхөр Н руу “шартаад байна, танайд яваад очьё” гэж 08.30 цагийн орчим ярьсан. А.Ц, Н хоёрт би шөлтэй хоол хийж өгсөн, тэр хоёр 0.75гр “Ерөөл” архи авч уусан. ...Н 9500 төгрөг ярьж хэрүүл эхэлсэн, Ц Н хоёр маргалдаад нэлээн удсан, тэгсэн манай нөхөр “та хоёр манайд ууж идэж байж маргалдлаа, нэг бол явцгаа, үгүй бол дуугай болцгоо” гэж хэлсэн. Ц Н хоёр 9500 төгрөгөөр пиво авсан, аваагүй, хэн нь хэнийхээ хэргийг үүрсэн ч гэнэ үү ойлгомжгүй юм яриад маргалдсан хэвээрээ л байсан. ...Манай нөхөр “больчихооч” гэхэд Ц нь “би л хүн зодохгүй бол болохгүй юм биш үү” гээд орилж хашхираад, цамцаа авч шидээд, футволктой сууж байгаа харагдсан, тэр гурав “учраа олно” гэж гурвуулаа зууралдаад гарсан. ...Н аймар хурдан гүйж орж ирээд, гүйгээд гараад явсан, гайхаад араас нь гартал Ц, Н, Н гурав урд урдаасаа хараад зогсож байсан, Цийн зүүн талын гараас цус урсаад байхаар нь би өөрийнх нь өмсөж байсан футволкоор цусыг нь дараад гэрт оруулж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Э.Н-ын яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, согтуудаа хохирогч А.Ц-ийн биед шар өнгийн хутгаар гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай; “...А.Ц-ийн биед зүүн дал, зүүн бугалганд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Н гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,
мөрдөн байцаалтын явцад хохирогч А.Ц-ийн өгсөн, хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан “...надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Э.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э