Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/339

 

 

 

 

 

     2024          04          30                                     2024/ШЦТ/339

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: В.Нансалмаа,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Шүүгдэгч/хохирогч: ***, түүний өмгөөлөгч Х.Бямбасүрэн,

Шүүгдэгч/хохирогч: ***, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, *** нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305039270046 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Стелла баарны гадаа такси үйлчилгээнд явах гэж байсан ***ыг “...хаанаас гарч ирсэн золбин хулгайч бэ” гэж хэл амаар доромжилж, цамцны захаас нь боож нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь үүдэн доод баруун 1, зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, баруун доод 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч *** нь  2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Стелла баарны гадаа такси үйлчилгээнд явахаар зогсож байсан ***тай “дарааллаараа хүн авсангүй” гэж шалтгаанаар маргалдаж, түүнийг заамдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “...Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хохирлоо авсан байгаа. Цаашид гарах хохирлоо жич нэхэмжилнэ” гэв.

Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөгч намайг сүүлд очиход хөөж гаргасан. Баримттай хохирлын төлбөрөө авсан. Үүдэн 3 шүд унасан, хоол, унд идэхэд хэцүү байна. Шүд хийлгэх эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна” гэв.

Хохирогчоор ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Стелла шөнийн цэнгээний газрын гадна *** дугаартай тоёота приус 20 машинтай хувиараа таксинд явж хүн авахаар 4 машинтай хамт очерлоод зогсож байсан. ...баарнаас 2 эмэгтэй гарч ирээд нэг нь миний машинд суусан. ...тэгтэл нэг хүн хүрч ирээд миний машины хаалгыг онгойлгоод ийшээ суучих гээд аваад явсан. ...30 минутын дараа миний хүнийг аваад явдаг приус 30 машины жолооч хүрч ирээд ...баарнаас дахиад 2-3 хүн гарч иртэл миний авах гэж байсан хүнийг “унаа авах уу” гэж орилоод аваад явсан. ...дахиад 20-30 минутын дараа өнөөх залуу хүрч ирээд ...баарны гадаа байсан 4-5 жолооч нартай тамхи татаад зогсож байгаад өнөөх залууд “дарааллаараа хүнээ авмаар байна шүү” гэж хэлэхэд намайг “хаанаас гарч ирсэн золбин хулгайч вэ” гэж хэлээд миний нүүр рүү мөргөөд боож хана руу түлхсэн... намайг боогоод тавихгүй болохоор нь тэр залуугийн хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон ...боолтыг нь тавиулах гээд чадахгүй байсан. ...баарны хамгаалагч нар салгасан. Тухайн залуу би 9-10 жил энэ газарт таксинд явж байна. Чи хаанаас гарч ирсэн золбин хулгайч бэ гэж хэлээд над руу дайрч миний биед халдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Хохирогчоор ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 01 цагийн үед Стелла шөнийн цэнгээний газрын гаднаас хувиараа таксинд явж байсан. *** улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Стелла баарны үүднээс зам хөндлөн 2 үл таних эмэгтэй гарч ирсэн. Миний машины урд нэг машин зогсож байхад нөгөө үл таних 2 эмэгтэй хүрээд ирэхээр нь “такси авах уу” гэж асуухад зөвшөөрөөд миний машинд суугаад Улаанбаатар палас хүртэл хүргүүлсэн. Би буцаж Стелла баарны гадаа хүрч ирэхэд миний урд зогсож байсан машины жолооч над дээр хүрч ирээд “чи миний хүнийг авдаг хэн юм бэ” гэхээр нь “чиний хүн гэж юу байдаг юм” гэхэд намайг хэл амаар доромжлоод надтай хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би өнөөх залууг заамдаад авсан. Тэгсэн намайг зөрүүлж заамдахаар нь би түлхэх үед миний нүүр хэсэг рүү гараараа цохиход миний хамраас цус гараад эхлэхээр нь би тухайн залууг толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн. Миний хамраас цус гараад бид хоёр салсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Шинжээчийн 13215 тоот дүгнэлтэд: “...***ын биед үүдэн доод баруун 1, зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, баруун доод 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-с доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гурван шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Баруун доод 2 дугаар шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх-н 37-38/,

Шинжээчийн 13746 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 12-16 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 40-41/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, шүүгдэгч/хохирогч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69, 71-77/, шүүгдэгч/хохирогч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70, 79-84/, хохирлын баримтууд /хх-н 87, 91/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***, *** нар нь 2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Стелла баарны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, харилцан зодолдож нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***, *** нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нар нь 2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Стелла баарны гадаа хоорондоо маргалдаж, харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо тус тус шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нар нь хохирогч нарын хавтаст хэрэгт болон шүүхэд баримтаар гаргаж өгсөн хохирлуудыг тус тус төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч нар нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаар бүрдүүлж шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ыг 1.100 нэгж буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч ***ын өмгөөлөгч 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***ын өмгөөлөгч 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт  эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь хоорондын зүй бус харилцааны улмаас харилцан зодолдсон, маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч ***, *** нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР