Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/365

 

 

 

 

 

    2024          05          07                                     2024/ШЦТ/365

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405003790424 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын 103 тоот өрөөнд хохирогч ***ы өмчлөлийн булган шуб, Самсунг Эс-8 загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...би хулгай хийе гэж бодсон бол ***ы дансанд байсан 5 сая төгрөгийг авах байсан. Мөн ***ы булган шубийг зарах байсан. ...гар утас, булган шуб авснаа зөвшөөрч байна. ...Миний буруу. Би эд зүйлийн үнийг нь хуваагаад төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...өвөл 9 эхэлсэн хүйтэн байхад миний хувцсыг аваад явсан. Би 11 сард булган шуб авсан 12 сард хулгайд алдсан. Би байнга өмсдөггүй байсан. Булган шуб хулгайд алдаж ханиад, хатгаа хүрсэн. Би өөрийн эд зүйлээ авбал гомдолгүй. ...Миний булган шуб шинэ шуб байсан, элэгдсэн, хуучирсан учир би тухайн булган шубийг хүлээж авахгүй. Төлбөрийг нь гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн найз ***, *** нарын хамт 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, *** зочид буудалд өрөө аваад архи ууцгаагаад байж байсан. ***гийн найз *** хонох газаргүй байна гэж ярьсан чинь *** ***ыг хүрээд ир гээд дуудсан. Тэгээд бид нар дээр *** ирээд хамт ууцгааж байгаад шөнө унтаж байх хойгуур миний Самсунг Эс-8 загварын гар утас болон өмсөж явсан булан шубийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 41/,

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны  12 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед 1 эмэгтэй 3 эрэгтэй орж ирээд 1 давхрын 103 тоот өрөөнд орж архи ууж байх шиг байсан. ...өглөө эмэгтэй нь миний булган шубийг хүн хулгайлаад аваад явчихсан байна гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 21-ний орой найз ***, эхнэр *** нарын хамтаар БГД-н *** зочид буудалд өрөө аваад архи уугаад хоноод 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой манай найз гээд Д.*** /***/ гэх хүнийг дуудсан. Тэгээд хамт 2 шил архи болон 3 ширхэг пиво хувааж уугаад тасарч унаад өглөө сэрэхэд *** эхнэр ***ы булган шуб, Самсунг Эс-8 загварын гар утсыг аваад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 53-56/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 76, 78-82, 84-90, 100-113/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын 103 тоот өрөөнд хохирогч ***ы өмчлөлийн булган шуб, Самсунг Эс-8 загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, Б.*** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд тухайн үед цуг байсан ***оос мэдүүлэг аваагүй байна гэсэн хүсэлт гаргасан ба хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нар нь тухайн болсон үйл баримтын талаар маргаагүй ба заавал ***оос гэрчээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг унтаж байхад нь түүний гар утас болон булган шубийг хулгайлан 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн булган шуб нь урагдаж, их элэгдэн хуучирсан тул авахгүй гэж мэдүүлсэн.

Иймд эд зүйлийн үнэлгээгээр гарсан булган шубын  үнэ 3.8000.000 төгрөг, Самсунг Эс-8 загварын гар утас 200.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн булган шубийг авахгүй гэсэн тул тухайн булган шубийг шүүгдэгч ***ад буцаан олгох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн булган шубийг шүүгдэгч ***ад буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыгбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн булган шубийг шүүгдэгч ***ад буцаан олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 4.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР