Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0341

 

 

  

 

 

     2022           05           03                                    128/ШШ2022/0341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Э,

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага бүхий И ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч И ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

          2.Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны Хяналт шалгалт хийх тухай УБ/04, Удирдамжийн хугацаа сунгах тухай УБ/05 дугаар удирдамжийн дагуу И ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101002 дугаар 1 дүгээр хороо 9 дүгээр байрны дээвэр засварын ажлын тендерийн материалд Ч.А ийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжлийн D201222187 дугаар диплом, Б.Ш ын мөн сургуулийн Архитектор мэргэжлийн D201331562 дугаар дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн хяналт шалгалт хийж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлт гаргасан.

          3.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УБ/61 дугаар албан бичгээр улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг мэдэгдсэн байна. /х.х-ийн 13 дахь тал/

          Нэхэмжлэгчийн тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “И ХХК нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101002 дугаар 1 дүгээр хороо 9 дүгээр байрны дээвэр засварын ажлын тендер шалгаруулалтад оролцсон. Улмаар Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны Хяналт шалгалт хийх тухай УБ/04, УБ/05 дугаар удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А хяналт шалгалтыг хийсэн.

          Уг хяналт шалгалтын хүрээнд ерөнхий инженерт санал болгосон Ч.А, ХАБЭА ажилтан Б.Ш нарын мэргэжлийн диплом хуурамч байсан гэх зөрчил илэрсэн. Тухайн зөрчлийг тогтоох ажиллагааны явцад манай компанийн менежер Ш.Г аас тайлбар авсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, мөн хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1-д заасныг тус тус үндэслэн И ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн болохыг бидэнд 2021 оны 10 сарын 11-ний өдөр мэдэгдэж, УБ/38 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн авсан.

          Тухайн шийдвэр гаргах ажиллагааны явцад манай байгууллагын менежер Ш.Г тайлбар өгөхдөө тендерийн материалд бүрдүүлсэн холбогдох этгээдүүдийн мэргэжлийн дипломын хуулбар яагаад хуурамч байсан эсэх талаар тодорхой тайлбарыг өгсөн.

          Тодруулбал, тухайн тендер шалгаруулалтын материалыг бүрдүүлэхдээ гуравдагч этгээдээр дамжуулан хийлгэсэн нь тендерийн материал хуурамчаар бүрдүүлэх шалтгаан болсон байдаг. Бидний зүгээс Ч.А, Б.Ш нарын мэргэжлийн дипломын хуулбар хуурамч болохыг мэдээгүй бөгөөд гуравдагч этгээдийн энэхүү үйлдлийн улмаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдэх санал хүргүүлсэнд харамсалтай байна. Хэдийгээр манай компанийн нэрийн өмнөөс тендерийн материал бүрдүүлсэн учир бидний зүгээс тухайн асуудалд хариуцлагатай хандах ёстой хэдий ч энэхүү зөрчилд хариуцлага оногдуулахдаа нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй гэж үзэж байна.

          Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийг удирдлага болгох учиртай бөгөөд шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. 2021 оны 10 сарын 11-ний өдрийн УБ/38 тоот улсын байцаагчийн дүгнэлт нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлэх шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлээгүй бөгөөд оролцогч байгууллага болох манай компанийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй.

          Өөрөөр хэлбэл, бидний хувьд тухайн хуурамч дипломын хуулбарыг бүрдүүлээгүй нь чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмын талаар хуульчилжээ. УБ/38 тоот худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт нь захиргааны акт болохын хувьд хуульд заасан энэхүү зарчмыг үндэслэл болгох учиртай. Бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргахын тулд шийдвэр гаргах ажиллагааны явцад эрх бүхий этгээд нөхцөл байдлыг тал бүрээс шинжлэн судалж, ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрийг тодорхойлох шаардлагатай бөгөөд үүний үндсэн дээр шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байх гол нөхцөл болдог. Гэтэл шийдвэр гаргах ажиллагааны явцад оролцогчид ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нарийвчлан судалж, бүрэн тогтоолгүй бодит нөхцөлд тохироогүй шийдвэр гаргаж, манай байгууллагыг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Манай компани нь барилга угсралт буюу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-т заасан тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд тухайн зөвшөөрлийг 2017 оны 4 сарын 27 өдөр 5 жилийн хугацаатайгаар авсан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж “үйл ажиллагаа эрхлэн явуулах эрх” бөгөөд энэхүү эрх нь тус хуулийн 5.4-т зааснаар тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан үеэс эхэлдэг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Нээлттэй тендер шалгаруулалтыг урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдэгдэж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер илрүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, ... бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд сонирхогч этгээд нээлттэй оролцох эрхийг хуульчилсан бөгөөд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн УБ/38 тоот дүгнэлт нь манай компанийн энэхүү эрхийг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “И ХХК нь Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 1 дүгээр хороо 9 дүгээр байрны дээвэр засах ажлын тендерт оролцохдоо тендерийн материалуудыг гаргаж өгсөн. Тендерийн материалыг гуравдагч этгээдэд тодорхой гүйцэтгүүлэх хэлбэрээр төлж оролцсон хэдий ч уг тендерт шалгараагүй.  

          Мөн тендерт ирүүлсэн материал нь хуурамч туслах боловсон хүчний диплом хуурамч гэх асуудал гарсан учраас худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны хяналт шалгалт хийх албан бичиг гарч удирдамжийн дагуу холбогдох ажлыг хийсэн. Ингээд маргаан бүхий дүгнэлт гарсан.

          Иймээс нэхэмжлэгчийн зүгээс тодорхой материалыг бүрдүүлээд өгчихсөн ба нэхэмжлэгч тал хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг хэдий ч худалдан авах ажиллагааны газартай уулзаад боловсролын диплом нь манайд байсан ажилтны диплом мөн эсэх Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд бүртгэлтэй эсэхийг эх хувиар нь танилцуулсан боловч цахимаар илгээсэн материал нь хуурамчаар ирсэн гэсэн баримт үзүүлдэг. Тийм учраас дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Мөн цахимаар илгээсэн баримтыг нэхэмжлэгч тал хараагүй учраас уг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

          6. Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4 дэх заалтад “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ \үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасан байдаг тул гуравдагч этгээдээр материалаа бэлтгүүлсэн нь тухайн оролцогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалтад “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасны дагуу хянан үзсэн бөгөөд И ХХК-ийн нэхэмжлэл болон 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн сонсох ажиллагааны үед ХАБЭХ ажилтан Б.Шын мэргэжлийн диплом хуурамч болохыг хүлээн зөвшөөрсөн байх ба энэ талаар маргаагүй байдаг. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас авсан тодруулгаар Б.Шын диплом хуурамч болохыг тогтоосон болно.

Харин И ХХК материалаа гуравдагч этгээдээр бүрдүүлсэнтэй холбоотой хохирлын асуудлыг тухайн этгээдээс гаргуулан авах нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

7.Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-т худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэлт гаргахдаа илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн бол ерөнхий нөхцөлийг хангахгүй гэж заасан байдаг. Түүний дараагаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасны дагуу Сангийн сайд тушаал гаргаж тогтоосон нөхцөл байдлын талаар нэгтгэсэн жагсаалтыг үйлдэж гаргадаг.

Энэ нь худалдан авах ажиллагаанд оролцохдоо үнэнч шударгаар оролцож байгаа хуулийн этгээдийг дэмжих, хууль зөрчсөн этгээдийг худалдан авах ажиллагаа буюу төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой харилцаанаас тодорхой хугацаанд эрхийг нь хязгаарлаж оролцуулахгүй байхаар заасан хуулийн зохицуулалт юм. И ХХК-ийн хувьд Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хоёр иргэний дипломын хуулбарыг хуурамчаар үйлдэж оролцсон гэх асуудлаар Сангийн яамнаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан. Уг шалгалтын хүрээнд нэхэмжлэгчийн төлөөлөгч сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд хуурамч баримт бичгээр оролцсоноо хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.

Иймд тал бүрээс нь судалж үзээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч талын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой цахим системээр тендерийн материал ирүүлэхийг зохицуулсан журам байдаг. Энэ нь Сангийн сайдын 2019 оны 257 дугаар тушаалаар баталсан 7 дугаар зүйлд тендерт оролцогч нь цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны үйлдэл, эс үйлдэл түүнд олгогдсон эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх хариуцлагыг хүлээнэ, тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг тендерт оролцогч өөрөө хүлээнэ гэж заасан.

Үүнээс гадна тендерт оролцогч нь тендерийн материал үнэн зөв эсэхийг өөрөө хариуцах ба тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө материалд өөрчлөлт оруулах, буцаан авах эрх нь нээлттэй байдаг. Хэрвээ гуравдагч этгээдээр үйлдүүлчихсэн гэх тайлбар хэлж байгаа бол тухайн этгээдийнхээ үйлдлийг хянах ёстой ба энэ эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.И ХХК-иас гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.

1/Тухайн тендер шалгаруулалтын материалыг бүрдүүлэхдээ гуравдагч этгээдээр хийлгэсэн нь тендерийн материал хуурамчаар бүрдүүлэх шалтгаан болсон. Ч.А, Б.Ш нарын мэргэжлийн дипломын хуулбар хуурамч болохыг мэдээгүй.

2/Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлэх шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлээгүй бөгөөд манай компанийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй.

3.Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар албан бичгээр /х.х-ийн 82 дахь тал/ ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар үйлдэж, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлжээ.

4.Хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 11 цаг 20 минутад И ХХК-ийн менежер Ш.Гийг оролцуулан “...ерөнхий инженер Ч.Аийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Иргэний ба үйлдвэрлэлийн барилга мэргэжлээр төгссөн D201222187 дугаартай диплом, ХАБЭА ажилтан Б.Шын мөн сургуулийг Архитектур мэргэжлээр төгссөн D201331562 дугаартай дипломыг тус тус хуурамчаар ирүүлсэн гэх мэдээлэл нь үнэн эсэх” талаар сонсох ажиллагаа явуулж, тайлбар авахад “...материал бэлдсэн хүн дипломын дугаарыг зассан байсан. ...Бид нар өөрсдөө мэдээгүй” гэсэн тайлбар өгсөн байна. /х.х-ийн 22 дахь тал/

5.Сангийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/5367 дугаар албан бичгээр /х.х-ийн 51 дэх тал/ Б.Шт D201331562 дугаар бакалаврын диплом олгосон эсэх мэдээллийг шаардахад Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/478 дугаар албан бичгээр /х.х-ийн 28 дахь тал/ Б.Шын тус сургуулийг төгссөн талаарх мэдээлэл олдоогүй гэсэн хариу ирүүлжээ.

6.Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15/3788 дугаар албан бичгээр /х.х-ийн 92 дахь тал/ “...D201222187 дугаартай диплом ... ын мэдээллүүд ирүүлсэн мэдээллээс зөрүүтэй байх бөгөөд ... боловсролын салбарын мэдээллийн санд өөр иргэдэд олгосон бүртгэлтэй байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ч.Аийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Иргэний ба үйлдвэрлэлийн барилга мэргэжлээр төгссөн D201222187 дугаартай диплом нь боловсролын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

7.И ХХК нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101002 дугаар 1 дүгээр хороо 9 дүгээр байрны дээвэр засварын ажлын тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл бүхий тендерийн баримт бүрдүүлсэн нь маргаан бүхий дүгнэлтээр тогтоогдсон гэж үзлээ.

8.Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4 дэх заалтад “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ. гэж тендерт оролцогчийн эрх, үүргийг тусгайлан зохицуулсан байна.

9.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” 14 дүгээр зүйлийн 14.5-тТөсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.” гэж заасан.

Иймд дээрх үндэслэлүүдээр И ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14 дүгээр зүйлийн 14.5-д  заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН