Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1410

 

                                                                      МАГАДЛАЛ

 

2018.06.15                                                     Дугаар 1410                                Улаанбаатар хот

 

 

 

ГУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00685 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ГУ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Түрээсийн төлбөр 95 028 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Ц нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх “...Таван толгойн уурхайд хөрс хуулалт, тээврийн ажил хийх гэж байгаа, уул уурхайн туршлага байхгүй, өөрт нь нэг ч хүрз байхгүй н.Б гэдэг хүнд туслах”-ыг санал тавихад боломжгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхэд дахин “чи хөрөнгө техник гаргаж, ажлыг нь явуулахад тусалж өгөөч” гэж гар утаснаасаа зургийг харуулсан, н.Б нь “ахынхаа ажлыг ямар ч үнээр хамаагүй эхлүүлээд өгөөч, ах нь энэ боломжоо алдах гэж байна” гэж хэлсэн. Хүн бизнес хийхэд хамгийн эхний ажил хэцүү байдаг. Тухайн үед гэрээ хэлцэл хийж, би машин техникээ аваачиж, араас нь очиход манай хүмүүст байрлах орон байр, засварын ажлын байр гэх зүйл байхгүй, энд хүн ажил хийх нөхцөл бололцоогүй гэдгийг хэлсэн. Би өөрөө Улаанбаатар хотод 10 гаруй сая төгрөгөөр ажилчдын сууц, сэлбэг хадгалах агуулах зэргийг богино хугацаанд хийж, нэмэлтээр аваачиж өгсөн. Өөрийнхөө ажилчид болон н.Б ахын ажилчдыг оруулж, ажил хийж эхэлсэн. Экскаватор надад байхгүй, Хас лизингээс барьцаа хөрөнгө тавихгүйгээр түрээсийн гэрээгээр авч, 1 жил 6 сарын дараа төлөлт хийж өөрийн өмчид авахаар экскаватор авсаныг н.Б ахад хэлсэн. Гэтэл графикт хугацаандаа төлөлт нь хийгдээгүй тул түрээсээ зогсоож би машинаа татсан. Дараа нь н.Б ахтай уулзаж тооцоо нийлсэн акт үйлдсэн, ломбардаас 26 000 000 төгрөгөөр авсан машин одоо болтол зарагддаггүй. Би нэмэлтээр 14 000 000 төгрөгийн зардал өнөөдрийн байдлаар гаргасан. Хариуцагч талын хэлсэн бусад зардал нь надад хамаарахгүй, харин экскаваторын тээврийн зардал хассан байсан 7 000 000 төгрөгөө буцааж авна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, эргээд авлагатай гэсэн тайлбар өгсөн байх тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлийн дагуу   102 028 300 төгрөгнөөс төлбөрт тооцсон автомашин, шилжүүлсэн мөнгийг нь хасч үлдэгдэл төлбөрийг гаргуулна. Нэхэмжлэгч тал уг нь экскаваторын тээврийн зардал хассан байсан, одоо 7 000 000 төгрөгөө хасахгүй болж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Санал тавьсан гэх ярианд би оролцоогүй, энэ ажил эхэлснээс хойш тооцоог нь хийдэг байсан. Б.Б , бид 2 Сонгинохайрхан уулын дайрганы карьерыг 8 жил гаруй ажиллуулсан. Манай нөхөрт Х ХХК өөрөө санал тавьж, хятад компанийг төлөөлж хөрс хуулалтын ажилд урьсан. Манайд байгаа техник нь карьерт хэрэглэдэг төхөөрөмжүүд байсан учраас хөрс хуулалтад ашиглах боломжгүй байсан. Энэ ажилд 10 гаруй компани орж хамт ажилласан, нийтдээ 100 машин ажиллаж байсан. Тогтмол 5-6 компани, давхардсан тоогоор 10 гаруй компани ажилласан. Ломбардаас авсан машины тухайд гэвэл уг машиныг би өөрөө ломбардад 58 000 000 төгрөгөөр тушаасан. Бид нарт тооцоо нийлж, мөнгө өгдөг хүн нь В Ж Ж гэх хятад хүн байдаг. Бид нар уг хүнээс мөнгө авч, доор ажилласан компаниудад мөнгийг нь өгдөг байсан. Компани болгон өөрсдийнхөө амьдрах байр зэргийг аваачсан. Таван толгойгоос шаардсан болгоныг 3 хүн нийлж, хөрөнгө гаргаж кемпийг босгож ажилласан. Хувьсах зардлыг бүх компаниудад хувааж, тооцож н.Б ногдуулсан хуваагдах зардал гэж гаргасан. Тухайн үед манайхаас мөнгийг хуваарилахдаа бусад хувьсах зардлыг оруулаагүй, тооцоогүй зөвхөн манайхаас хэрэглэсэн түлш зэргийн тооцоог хасаж, хийсэн ажлынх нь хөлс мөнгийг өгч байсан. Гэтэл бид нар В Ж Ж-аас мөнгө авах болж, тооцоо хийхэд бүх зардал нь манайхаас хасагдаж, бид 3-ын хооронд маргаан гарсан. Машины 50 000 000 төгрөгийн хувьд В Ж Ж миний нүдэнд өрөөнөөсөө 60 000 000 төгрөг бэлнээр авч гарч ирсэн. Машины жинхэнэ эзэн нь ломбардад тавьж, авч чадахгүй болохоор нь ломбард зарах болсон. Тэгтэл ломбардад тавьсан үнээр нь биш, зах зээлийн ханшаар бодож зардаг. Тэгэхээр эзэнд нь 30 000 000 төгрөгийг төлж, ломбардад нь 28 000 000 төгрөгийг төлөх юм бол уг машиныг 58 000 000 төгрөгөөр авч болох юм байна гэсэн санал тавьж авсан. Мөн уг машин нь 2 жил ломбардад хөдөлгөөнгүй тавигдсан байсан учраас машины доод эд ангид нь би 2 000 000 төгрөг гаргаж, бүгдийг нь солиулсан буюу нийт уг машиныг 60 000 000 төгрөгөөр авсан. Нэхэмжлэлийг яагаад бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр ажил гүйцэтгэх гэрээ нь 2 хувь хүний хоорондын гэрээ байдаг. Хэрвээ нэхэмжлэл гаргаж байгаа бол Ж.А нэхэмжлэл гаргах ёстой. Ж.А-тэй хийсэн гэрээг харахад уг тооцоо нь хийгдэж дууссан байгаа. Гэрээний 3 дугаар зүйлд 3.1.1 дэх хэсэгт урсгал зардлыг хасаж, үлдэх өртгийг бүрэн хүлээж авна гэсэн байгаа. Тийм учраас урсгал зардал хасагдах нь зайлшгүй гэдэг нь харагдаж байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт тээвэрлэсэн тоогоороо ашгаа тооцно гэж заасан байгаа. Тоологч ажилладаг ба бүх машины өдөрт хийсэн рейсыг тоолдог. Тэгэхээр сарынх нь рейсыг бүртгэж, нэг рейсыг 28 000 төгрөг гэж тооцоход ажилласан ажлын хөлс гарна. Түүнээс нь рейсыг хийхдээ хэрэглэсэн түлш, сэлбэг зэргийг үндэслэж, миний өгсөн тооцоо гарч байгаа юм. Үүнээс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эхний 15 000 000 төгрөг, 02 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, машиныг 50 000 000 төгрөгт тооцож нийт 85 000 000 төгрөг бид нар төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б өөс 42 028 300 төгрөгийг гаргуулж ГУ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 368 091 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тооцоог хийхдээ "Хамтран ажиллах" гэрээний 3.1.1-д заасан "хээрийн ангитай холбогдон гарах урсгал зардлыг хасч тооцно" гэсэн заалтын дагуу иргэн А-ийн  ажилчдын урсгал зардал болох 50 305 891.84 төгрөгийг хасч тооцоогүй байсныг хасч тооцох. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А-ийн  дүү гэх Б-ийн  Хаан банкны 5007935770 тоот дансанд шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг шүүх хасч тооцоогүйг хасах. Ингэж тооцоход манайх А-ээс  23 277 591 төгрөгийн авлагатай байхад шүүх эсрэг шийдвэр гаргасан нь илтэд нэг талыг барьсан гэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ГУ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан түрээсийн төлбөрт 95 028 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...талуудын хооронд үүссэн төлбөр тооцоог барагдуулах хэлцлийг үндэслэсэн...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...төлбөр тооцоо дууссан, харин манайх авлагатай” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь “Huyndai 500” маркийн эксковатор 1, “HOWO” маркийн өөрөө буулгагч 3, “Норд бенз” маркийн өөрөө буулгагч 2 ширхэгийг хариуцагч Б.Б ийн эзэмшилд 3 сарын хугацаагаар шилжүүлэх, гэрээний 3 дахь заалтаар ашиг, орлого хуваарилах журмыг тогтоосон, гэрээний дагуу үүссэн төлбөр тооцоог 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр баримтжуулснаар 95 028 300 төгрөгөөс хариуцагч нь тухайн өдөр 67 394 690 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-нд багтааж үлдэх 27 633 610 төгрөгийг тус тус төлөх үүргээ хариуцагч Б.Б  биелүүлээгүй, гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон, талууд гэрээний хугацааг сунгаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв гэж үзнэ.

Учир нь хариуцагч төлбөр тооцоо дууссан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч компани нь Х Л ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр шилжүүлэн авсан эксковатор, өөрөө буулгагчийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, Б.Б  нь гэрээний зүйлээр нүүрсний тээвэр хийж, олсон ашгийн зохих хувийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон, Ж.А , Б.Б  нар түрээсийн төлбөрийн тооцоо гэх баримт үйлдэж байжээ.

Хэдийгээр Ж.А , Б.Б  гэх 2 иргэний хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан мэт байгаа боловч гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлан, нэхэмжлэлийн үндэслэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан дүгнэвэл ГУ ХХК, Б.Б  нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн баримтад заасан төлбөрийн дүнгээс            42 028 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 368 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ