Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0074

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Л.******* нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Х.*******, Х.*******, Х.*******, Х.******* нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.1, Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.*******, Х.*******, Х.*******, Х.******* нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэр нөхөн олгох тухай шийдвэр гаргахыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Х.******* нарын эцэг, эх нь 1995 онд нас барж бүтэн өнчин хоцорч тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон өвөө А.*******йн амьд сэрүүн, асрамж халамжинд нь байх хугацаанд 1995 оны 10 дугаар сараас 1996 оны 06 дугаар сарын хооронд авч, 1996 оны 03 дугаар сараас УБЭҮ-ийн асрамжийн газарт асруулж өсөн хүмүүжсэн байна. А.*******й нь 1998 оны 03 дугаар сарын 14-нд хорвоогийн мөнх бусыг үзжээ.

Давж заалдах гомдлыг шүүхийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдсан зүйлүүдийн дагуу тайлбарлан таниулах нь:

Нэг. Шүүх хэргийн болон нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй гэж үзсэн тухайд:

Иргэн Х.******* нарын гаргасан өргөдөлд улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл болон Хяналт шинжилгээ үнэлгээний газар хуульд заасан ямар үндэслэлээр, хэрхэн яаж шийдвэрлэх гэсэн шат шатны удаа дараагийн хариу арга хэмжээ авсныг анхааран үзэх ёстой байсан, асуудлыг шийдвэрлэхэд тэтгэвэр нөхөн олгох эрх болзол, нөхцөл арилсан, тэтгэврийг олгох хөөн хэлэлцэх хугацаа болон хариуцлага хүлээлгэх хуулийн хугацаа өнгөрсөн зэрэг эдгээр бодит нөхцөл байдлууд нь эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргахад хүргэх байсныг, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэл, үйл ажиллагаа биш бөгөөд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг, энэ нь хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим дээр тулгуурласан, холбогдох хуулийг зөрчсөн, татгалзсан үйлдэл гаргаагүй болохыг, хэрэв эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гарсан бол иргэн хохирох байсныг тус тус хянан үзэж, авч хэлэлцээгүй, илэрхий зөвхөн оршин суугаа газрын, байгууллагын ангиллыг харснаас захиргааны эрх зүйн харилцааны үндэслэлээ орхигдуулсан, шүүх дэндүү нэг талыг барьснаас хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх үүргээ умартсан, шийдвэр гаргалаа.

Ийнхүү захиргааны байгууллагаас хуулийг зөрчсөн акт маргаан гаргаагүй байхад захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх харьяаллаар асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй эсэхээ хянан үзэлгүй, хариуцагч байгууллагаас удаа дараа шаардсан, тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргax”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 148 дугаар зүйлд зааснаар “үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт”-ийг иргэний хэргийн дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалт байсаар байхад анхааран үзээгүй нь эдлэх боломж нөхцөлийг хайн, туслалцаа хүссэн иргэнд хууль зүйн бодит туслалцаа үзүүлэхийн оронд иргэнийг улам төөрөлдүүлэн, хуулиар эдлэх боломж байх эсэхийг алдагдуулсан байна.

Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь нийгмийн хамгааллын маш чухал салбар болохынхоо хувьд шинэ тутамдаа иргэний эрх зүйн харилцаатай илүү нарийвчлан зохицуулсан зүйл заалтад үндэслэн нягт холбоотой хөгжиж, өндөр насалсан, тэжээгчээ алдаж өнчрөн хоцорсон, тахир дутуу болж эрүүл мэндээрээ түр буюу удаан хугацаагаар хохирсон иргэдэд эрсдэл учирсан тухайн цаг үед өдөр тутамд цаг алдалгүй одоо цагт хуваалцаж, тэдэнд итгэл найдвар нь болж, тусламж үйлчилгээ үзүүлж, үйлчилж ирсэн хуулийг бодит нөхцөл байдалтай уялдуулан шалгаж нягтлахаас илүүтэй өнгөрсөн цаг хугацаанд хийсвэрээр хандаж шийдвэрлэлээ.

Энэ салбарт ажиллаж буй 400 гаруй албан тушаалтнуудад энэ шийдвэр ямархуу байдлаар нөлөөлж, цаашид тэдний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлэхэд шинэ залуу жинхэнэ албан хаагчдад шүүхэд итгэх итгэл найдвар хэрхэн бий болохыг тооцон үзэлгүй, 20 гаруй жил үйлчилж ирсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 15 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 8 дахь зүйл заалт, хууль тогтоомжийг бүрэн судалж ойлгоогүй, хуулийн заалт нэг бүрийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг анхаарч үзнэ үү.

Төрийн үйлчилгээг үзүүлэгч энэ сангийн цаана тэжээгчээ алдсаны тэтгэврээр амь зуулгаа дааж буй мянга мянган өнчин иргэдийн эрх ашиг зөрчигдөж, нас биед хүрсэн, ажил орлоготой, мөнгө шаардлагатай иргэдэд өнгөрсөн цаг хугацаанд үйлчилдэггүй хууль болохыг анхааран шалгаж энэ хуулийн бие даан оршин үйлчилж буй төрийн хууль тогтоомжийг хүндэтгэн үзнэ үү.

Хоёр. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 8-д "тэтгэвэр" гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 19 нас хүртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас cap бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/”

Тус хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл хөдөлмөрийн чадваргүй хугацаанд нь олгодог нийгмийн хамгааллын онцгой үйлчилгээ болохыг, хуулийн дагуу хэрэгжиж ирсэн төрийн үйлчилгээ, түүнийг зохицуулсан хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл алдагдах боломж олгосон шийдвэр гарсныг туйлаас анхааран үзэж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг, хуулийг хүндэтгэн, дээдлэн үзэх, сахин биелүүлэх, даатгуулагч, тэтгэвэр авагч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нийгмийн хамгааллын байгууллыг хамгаалах, шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмуудыг хэрэгжүүлээгүй байна.

Шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл: "тэтгэвэр олгох хугацаа"-г зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд хуулийн энэ заалт нь тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл олгох харилцаа байхад Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 82 дугаар зүйлийн 82.1-д "хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн эдгээр заалтууд нь нийгмийн даатгалын хууль нь Иргэний хуультай буюу илүү нарийвчлан зохицуулсан хуулийг баримтлан шийдвэрлэдэг энэ салбарын хууль тогтоомжийг сайн судалж, мэдэх шаардлагатай байсан.

Хуулийн энэхүү зохицуулалт Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхад илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүйгээс үндэслэлгүй захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэснийг хянан шалгаж өгнө үү.

Гурав. Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 тоот тайлбарт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар тэтгэвэр, тэтгэмж дутуу тогтоогдсон, эсхүл дутуу олгогдсон тохиолдолд энэ зүйлийн зохицуулалт хамаарахгүй ба тэтгэвэр авагчид учирсан хохирлын асуудлыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тайлбарласан. 1995-1996 оны хооронд Х.Туул, Алтанцэцэг нар ажиллаж байх үед Х.******* нарын тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь олгож ирсэн байдаг ба одоо эдгээр албан хаагчдын Х.Туул нь хорвоогийн мөнх бусыг үзэж, Алтанцэцэг нь 70 гаруй настай ахмад буурал амьд сэрүүн амьдарч байна.

Шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг баримталсан нь Улсын Дээд шүүхийн 47 тоот тайлбараар гэм хор учруулсан албан тушаалтан хариуцлага хүлээж учруулсан хохирлыг барагдуулах ёстойг, нэг нь нас барж, нөгөө нь ахмад настан болсон, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар ч үндэслэлгүйг, бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй, нотолсоор байхад бүхий л талаас нь хянан үзээгүй, хуулийг зөв хэрэглээгүй нь алдаа гаргахад хүргэсэн байна.

Мөн түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан нь тогтоогдвол түдгэлзүүлэн зогсоох тухай" хуулийн энэ заалт нь тухайн нэхэмжлэлээс огт өөр харилцааг зохицуулсан байхад нэхэмжлэлтэй холбогдуулан үзсэн нь, мөн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн тогтоосон, хувийн хэргийг устгаж үрэгдүүлсэн гэх баримт материал хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад хуулийг дахин буруу хэрэглэснийг хянан үзнэ үү.

Хуулийн хариуцлага хүлээлгэхэд хариуцлагыг тооцох хугацаа байдгийг харгалзан үзсэнгүй. 1995-1996 оны хооронд гарсан энэ асуудлыг хэлэлцэх эрх зүйн зохицуулалт үгүй байхад тодруулбал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, хүлээлгэхгүй байх эсэх, ял хариуцлагаас чөлөөлөх эсэх, захиргааны зөрчил, сахилгын зөрчлийг тооцох хугацаа өнгөрсөн эсэх, тооцохгүй байх талаар хуулиудад тус тусын зохицуулалт, үндэслэлүүд байдгийг тооцолгүй шүүх захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэхэд хүрсэн нь үргэлжлүүлэн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр захиргааны хэрэг үүсгэн, үндэслэлгүй шийдвэр гаргахад дахин гол нөхцөл нь болсон.\

Дөрөв. Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нийгмийн даатгалын байгууллагаас өргөдлийн дагуу харьцаж байсан албан тушаалтнууд надад тусалж байсан” гэж гэрчлэн хэлж байсныг, Х.******* гаргасан нэхэмжлэлийнхээ талаар ярих гэхэд шүүгч тайлбарыг нь тасалж "ийм байдлуудыг ярь" гэж чиглүүлж байсан нь, шүүгч хариуцагчаас асуусан асуулт нь зөвхөн "маргах зүйл байна уу" гэж асууснаар хязгаарласан төдийгүй, харин ч төрийн өмнө хуулийг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээн ажиллаж үйлчилж буй захиргааны мэргэжлийн байгууллагаас олон зүйлийг тодруулан салбарын хууль тогтоомжийг үнэлж дүгнэх шаардлагатай байсан санагдана.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэл заалт байхгүйг удаа дараа тайлбарлан, хувийн хэрэг материалыг устаж үрэгдүүлсэн гэж тайлбарлаагүй байхад хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр шийдвэрт тусгасан байгаа нь шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байна. Хурлын тэмдэглэл хөтөлж байсан нарийн бичиг зарим үгийг буруу сонсон бичсэнийг завсарлагааны үеэр мэдэж байлаа.

Ийм хариуцлагагүй байдал Монгол Улсын шүүхийн зарим нэгэн шүүгч, ажилтнуудад байж болох уу.

Энэ бүхний цаана нийгмийн хамгааллын, нийгмийн даатгалын хуулийн оршин тогтнож, иргэдэд үйлчилдэг төрийн хууль гажуудах их эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй тул энэхүү гомдлыг гаргах нь нийгэмд тулгамдсан аргагүй зүйл болохыг анхан шатны шүүх анхааран, дүгнэлт хийх цаг хэдийнээ болсон байна.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрлэлт хэсэг хүмүүст биш нийгэм олонход нөлөөлсөн, 20 гаруй жил хэрэгжиж, хөгжиж ирсэн нийгмийн даатгалын хууль тогтоомж маш хэцүү практик болон тогтох аюул, эрсдэл үүсгэж, дагуулж ирэх нөхцөл бүрдсэн байгаа тул эрхэм шүүгч та шударгаар тунгаан хандаж, ядарч туйлдсан үедээ аврал тусламж шаардлагатай иргэдэд үйлчилдэг энэхүү хууль цаашид нэг мөр хэрэгжих боломжийг олгож өгнө үү.

Иймд хуулийг буруу хэрэглэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 тоот шийдвэрийг, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Х.******* нарын эцэг, эх нь 1995 онд нас барж бүтэн өнчин хоцорч, өвөө *******йн амьд сэрүүн, асрамж халамжинд нь байх хугацаанд 1995 оны 10 дугаар саpaac 1996 оны 06 дугаар сарын хооронд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч, 1996 оны 03 дугаар сараас УБЭҮ-ийн асрамжийн газарт асруулж өсөн хүмүүжсэн байна.

Давж заалдах гомдлыг шүүхийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдсан зүйлүүдийн дагуу тайлбарлан таниулах нь:

Нэг. Шүүх хэргийн болон нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй гэж үзсэн тухайд:

Иргэн Х.******* нарын гаргасан өргөдөлд хувийн хэрэг материал байхгүй байгаа нь эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн бөгөөд улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл болон Хяналт шинжилгээ үнэлгээний газарт хуульд заасан ямар үндэслэлээр, хэрхэн яаж шийдвэрлэх тухай шийдвэр тулгарсан, өгсөн удаа дараагийн хариу нь асуудлыг шийдвэрлэхэд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй, захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь шийдвэрлэхгүй орхигдуулсан үйл ажиллагаа биш бөгөөд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг, энэ нь хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим дээр тулгуурласан, холбогдох хуулийг зөрчсөн, татгалзсан үйлдэл гаргаагүй болохыг,  хэрэв эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гарсан бол иргэн хохирох байсныг хянан үзэж, авч хэлэлцээгүй, илэрхий, зөвхөн оршин суугаа газрын, байгууллагын ангиллыг харснаас цаашгүй, захиргааны эрх зүйн харилцааны үндэслэлээ орхигдуулсан, дэндүү нэг талыг барьсан, шүүхээс хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх үүргээ умартсан, ухвар мөчид шийдвэр боллоо.

Ийнхүү захиргааны байгууллагаас хуулийг зөрчсөн акт маргаан гаргаагүй байхад захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй эсэхээ хянан үзэлгүй, хариуцагч байгууллагаас удаа дараа шаардсан, тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргax”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 148 дугаар зүйлд зааснаар үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэргийн дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалт байсаар байхад анхааран үзээгүй нь эдлэх боломж нөхцөлийг хайн, туслалцаа хүссэн иргэнд хууль зүйн бодит туслалцаа үзүүлэхийн оронд иргэнийг улам төөрөлдүүлэн, хуулиар эдлэх боломж байх, эсэхийг алдагдуулсан байна.

Өнөөдөр төр засгийн ивээл хайраар, хүний эрхийг дээдэлсэн оронд хүний зэрэгт хүрч, сайн сайхан амьдарч яваа эдгээр дөрвөн залууд ямар эрх зүйн ухамсар, соёлыг өгч байгаагаа шүүгч ухаараагүй байсан нь дэндүү харамсмаар.

Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь нийгмийн хамгааллын маш чухал салбар болохынхоо хувьд шинэ тутамдаа иргэний хууль, эрх зүйн харилцаатай илүү нарийвчлан зохицуулсан зүйл заалтад үндэслэн нягт холбоотой хөгжиж, өндөр насалсан, тэжээгчээ алдаж өнчрөн хоцорсон, тахир дутуу болж эрүүл мэндээрээ түр буюу удаан хугацаагаар хохирсон иргэдэд эрсдэл учирсан тухайн цаг үед өдөр тутамд цаг алдалгүй одоо цагт хуваалцаж, тэдэнд итгэл найдвар нь болж, тусламж үйлчилгээ үзүүлж үйлчилж ирлээ. Хуулийг бодит нөхцөлтэй уялдуулан шалгаж нягтлахаас илүүтэй өнгөрсөн цаг хугацаанд хийсвэрээр хандаж шийдвэрлэх эрх байхгүй билээ.

Энэ салбарт ажиллаж буй 400 гаруй албан тушаалтнуудад энэ шийдвэр ямархуу байдлаар нөлөөлж, цаашид тэдний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлэхэд шинэ залуу жинхэнэ албан хаагчдад шүүхэд итгэх итгэл найдвар хэрхэн бий болохыг тооцон үзэлгүй, 20 гаруй жил үйлчилж ирсэн хууль тогтоомжийг бүрэн судалж ойлгоогүй, хуулийн заалт нэг бүрийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг ноцтой гажуудуулж байгааг цохон тэмдэглэхийн аргагүй болсныг анхааран үзнэ үү.

Төрийн үйлчилгээг үзүүлэгч энэ сангийн цаана мянга мянган тэжээгчийн тэтгэврээр амь зуулгаа дааж буй өнчин иргэдийн эрх ашиг зөрчигдөж, нас биед хүрсэн, ажил орлоготой, мөнгө шаардлагатай иргэдэд өнгөрсөн цаг хугацаанд үйлчилдэггүй хууль болохыг анхааран шалгаж энэ хуулийн бие даан оршин үйлчилж буй төрийн хууль тогтоомжийг хүндэтгэн үзнэ үү. Өмгөөлөгчийн жишээ, тайлбарт ач холбогдол өгч байсан нь нэн харамсалтай байна.

Хоёр. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 8-д "тэтгэвэр" гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 19 нас хүртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас cap бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/”

Тус хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл хөдөлмөрийн чадваргүй хугацаанд нь олгодог нийгмийн хамгааллын онцгой үйлчилгээ гэдгийг, энэ хуулийн дагуу хэрэгжиж ирсэн төрийн үйлчилгээ, түүнийг зохицуулсан хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл алдагдах боломж олгосон шийдвэр гарсныг туйлаас анхааран үзэж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг, хуулийг хүндэтгэн үзэж, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нийгмийн хамгааллын байгууллыг хамгаалах, шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдах нөхцөл бүрдэж байгаа гашуун үнэнийг бичихээс аргагүй болсныг тунгаан үзэж, шийдвэрлэж өгнө үү.

Шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл "тэтгэвэр олгох хугацаа"-г зохицуулсан зохицуулалтыг баримталсан нь буруу бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д "хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн эдгээр заалтууд нь нийгмийн даатгалын хууль нь иргэний хуультай буюу илүү нарийвчлан зохицуулсан хуулийг баримтлан шийдвэрлэдэг энэ салбарын хууль тогтоомжийг илүү сайн судалж мэдэх шаардлагатай байсан.

Хуулийн энэхүү зохицуулалт иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхаар зохицуулсан байгаа нь энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхгүй, хуулийн үндэслэлгүй болохыг анхааран үзэж, шалган шийдвэрлэж өгнө үү.

Гурав. Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 тоот тайлбарт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар тэтгэвэр, тэтгэмж дутуу тогтоогдсон, эсхүл дутуу олгогдсон тохиолдолд энэ зүйлийн зохицуулалт хамаарахгүй ба тэтгэвэр авагчид учирсан хохирлын асуудлыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тайлбарласан.

Шүүх захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус учраас гэж үзсэнийг тайлбарлах тухайд: Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд хариуцлагыг тооцох хугацааг харгалзан үзэх шаардлагатай байсан. 1995-1996 оны хооронд гарсан энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх хууль зүйн заалт үгүй байхад, тодруулбал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, хүлээлгэхгүй байх эсэх, ял хариуцлагаас чөлөөлөх эсэх, захиргааны зөрчил, сахилгын зөрчлийг тооцох, тооцохгүй байх тухай хуулинд тус тусын зохицуулалт, үндэслэлүүд байдгийг харгалзан үзэлгүй, ийнхүү шүүхээс энэ тохиолдолд захиргааны хэрэг маргаан үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарах гол нөхцөл нь болсон юм.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг гаргаж байгаа тул хянан үзэж, шалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 218-д “тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож авах эрхтэй: 1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулснаас үзэхэд шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч нас барахад түүний асрамжид байсан төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй бөгөөд тэтгэвэр тогтоох эсэх асуудлыг нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгч нарын эцэг, эх 1995 онд нас барж, нийгмийн даатгалын байгууллагаас Х.*******, Х.*******, Х.*******, Х.******* нарт 1995 оны 10 дугаар сараас эхлэн 1996 оны 06 дугаар сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. Ийнхүү нэгэнт 1995 онд нэхэмжлэгч нарт 16 нас хүртлээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсч, нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр олгох тухай шийдвэрийг гаргаcан боловч энэхүү шийдвэр биелэгдээгүй байхад хариуцагч “нэхэмжлэгч нарын тэтгэврийн хувийн хэрэг олдохгүй байгаа, түүнчлэн тэтгэвэр нөхөн олгох хуулийн зохицуулалт байхгүй” гэх үндэслэлээр тэтгэврийг нөхөн олгохгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Учир нь, хэдийгээр Х.*******, Х.*******, Х.*******, Х.******* нар нь одоо насанд хүрсэн ч тухайн үед буюу 1996 оноос 2006 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” асрамжийн төвд хүмүүжиж байх хугацаандаа тус асрамжийн төвийг нэхэмжлэгч нарын тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогоогүйн улмаас тэтгэврээ үргэлжлүүлэн авч чадаагүй төдийгүй нэхэмжлэгч нарын хувьд нэгэнт тэтгэвэр авах эрх нь үүссэн байсан учир өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар тэтгэвэр аваагүй нь тэтгэврийг олгохгүй байх, олговол зохих тэтгэврийг нийгмийн даатгалын санд хэвээр үлдээх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч “...тухайн тэтгэврийг хүлээн авч, хүүхдүүдэд зарцуулах эрх ойр төрлийн ахан дүүст нь байсан. Нэхэмжлэгч нарын өвөө А.*******йг нас барахад төрөл төрөгсөд хэн нэгэн өөр аймаг, дүүрэгт тэтгэврийг авч байсан эсэх талаар шүүх шалгаж, энэ талаар ажиллагаа хийгээгүй” гэх боловч нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоосон болон тэтгэвэр олгосонтой холбогдох баримт бичиг, хувийн хэргийг хадгалах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нарын тэжээгчээ алдсаны тэтгэврийг тухайн үед тэдний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид өгч байсан гэх баримтгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч нь тэтгэврийг бусдад олгосон талаар баримт гаргах эрхтэй байсан боловч энэ талаарх санхүүгийн болон бусад баримтуудыг гаргаж өгөөгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 32 дугаар зүйлийн 32.3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй болно.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага дээрх баримт бичгийг хадгалах үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч нарыг “үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоох тухай иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан” гэж маргаж буй нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан “тэжээгчээ алдсаны тэтгэвэр нөхөн олгох тухай шийдвэр гаргахыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай” шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхэд энэ нь хамааралгүй, заавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлд заасан үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргах шаардлагагүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон банк, санхүү, нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлөх бөгөөд  буруутай албан тушаалтанд 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг баримталсан нь үндэслэлгүй” гэх боловч энэхүү зохицуулалт нь тэтгэвэр авах эрх нь нээгдсэн этгээдэд олговол зохих тэтгэврийг хугацаанд нь олгохгүй, саатуулж болохгүй, хэрэв саатуулсан бол нөхөн олгох агуулгыг илэрхийлж байх тул анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6, 12 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдах ба энэ нь Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаанаас ялгаатай ойлголт тул хариуцагчийн “Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа 10 жил бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгч нар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж, улмаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 971 дүгээр албан бичгээр Х.*******т хариу өгснийг эс зөвшөөрч 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН