Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 02

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, ялтан С.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан С.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.     

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Х аймгийн Д суманд оршин суух бүртгэлтэй, Э овогт С-ын Б нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 41А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих ял шийтгүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар С.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-д зааснаар 18 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 10 жил 1 сар 7 хоног хорих ял болгон хасаж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жил 11 сар 8 хоног хорих ялаар тогтоож, уг ялаас 9 жил 11 сар 8 хоногийг хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 29 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр магадлалаар “… анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... 12 жил 11 сар 8 хоног” гэснийг “...12 жил 11 сар 7 хоног” гэж,

2 дахь заалтын  “... 12 жил 11 сар 8 хоног” гэснийг “...12 жил 11 сар 7 хоног” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан С.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан С.Б гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн тохиолдлууд бүгд хэрэгсэхгүй болж цагаадсан атлаа хоригдол С.Б надад хуучин хуулиар оногдуулсан ялыг хэвээр нэмж нэгтгэн ял оноож байгаа нь ашиггүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Мөн энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй”, “хууль хүн бүрт адил тэгш үйлчилнэ” гэсэн заалт үйлчлэхгүй ялгавартай хандсанд гомдолтой байна. Дээрх зүйл заалтын алдаа дутагдлыг дахин нягталж ашигтай хуулийн заалтыг ашиглаж хуучин Эрүүгийн хуулиар оногдуулсан 2 жил, мөн үндэслэлгүйгээр нэмсэн 10 сар хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх ялтан С.Б-д оногдуулсан 18 жилийн хорих ялыг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ түүнийг хүнийг алсан гэмт хэрэгт оногдуулсан ялыг 10 жил 1 сар 7 хоног болгож, хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг хасахгүйгээр нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Харин нэмэхдээ 10 жил 1 сар 7 хоногийн хорих ял дээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 11 сар 7 хоног болгож 10 сарын хорих ял илүү тогтоосныг засан залруулж, шүүгчийн захирамж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэрэглэвэл зохих хуулийг буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Ялтан С.Б нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 41 а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 9 хоног хорих ялыг нэмж, нийт 21 жил 2 сар 9 хоног хорих ял шийтгүүлсэн байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас багасгаж тогтоосноос гадна “өс хонзон”-г гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болжээ.

Энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл мөн болно.

Шүүх ялтан С.Б-ын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-д зааснаар оногдуулсан 18 жил хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар 7 хоног хорих ял болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг дүйцүүлэн тогтоож хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтан С.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй тул хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд ялтан С.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан “хуучин хуулиар оногдуулсан 2 жил хорих ялыг үндэслэлгүй нэмсэн” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх ялыг дүйцүүлэн хасч ялтны биечлэн эдлэх ялыг тогтоохдоо үндэслэлгүйгээр 10 сарыг нэмж тооцооллын алдаа гаргасан тул засч зөвтгөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр захирамж, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “12 жил 11 сар 7 хоног” гэснийг “12 жил 1 сар 7 хоног” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан С.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                 Б.ЦОГТ 

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН