| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2021/00352/И |
| Дугаар | 135/ШШ2021/00372 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2021/00372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2021/00352/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* ******* тоотод оршин суух ******* ******* овогт /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, тоотод оршин суух ******* ******* овогт *******ы /РД:/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, тоотод байрлах ******* ХХК /РД:/-д тус тус холбогдох,
Хувьцааны дундаа хэсгээр өмчлөгчөөр тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хувьцаанаас ногдох хэсгээ салгуулах, хувьцааг салгаж бүртгэн компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, Б., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.*******, Б. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дархан нэхий ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэг гишүүнтэй, 20,000 төгрөгийн дүрмийн сантай ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн хөрөнгө босгож эхэлсэн. Энэ зорилгын хүрээнд Э.******* миний бие Голомт банкнаас 4,127,000,000 төгрөгийн зээлийг өөрийн нэрээр авч ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Миний нэр дээр зээл гарсан тул 4,127,000,000 төгрөгийн хувьцаа эзэмшигчээр намайг бүртгэсэн. Гэхдээ уг зээлийн хүүг Дархан нэхий ХК төлдөг, зээл төлөгдөж дуусахаар хувьцаа нь Дархан нэхий ХК-д шилжихээр тохиролцсон. Энэ нь компанид хөрөнгө оруулалт хийх аргуудын л нэг юм. Улмаар эхнэр Б.тай зөвлөлдөж төрсөн хүү Б.ы нэр дээр ******* ХХК-д хөрөнгө оруулахаар шийдэж, өөрийн хувийн хөрөнгө оруулалт болох 92,000,000 төгрөгийг өөрийн данснаас хувьцааны дүрмийн санд Б., , *******аас гэсэн утгатайгаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, эхнэр Б. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөгийг дүрмийн санд Б.аас гэсэн гүйлгээний утгатайгаар ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Дээрх байдлаар хөрөнгө босгож ******* ХХК нь 13 хувьцаа эзэмшигчтэй болж, 5,205,414,000 төгрөгөөр компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* ХХК-д Э.******* 92,000,000 төгрөг, Б. 45,000,000 төгрөг шилжүүлсэн, Б.ы нэр дээрх 157,000,000 төгрөгийн хувьцаа нь бид гурвын дундаа хэсгээр өмчлөх дундын өмч юм. Гэтэл хүү Б. түүний эхнэр А.Хандсүрэн нар гэр бүл цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* ХХК-ийн Б.ы нэр дээрх 157,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг хуваалгах тухай маргаан үүсгэсэн байна. Бидний хөрөнгө рүү халдаж бид нарыг маргаандаа татан оролцуулж байгаа нь зохисгүй байна. Иймд бид өмчлөх эрхээ хамгаалахын тулд ******* ХХК-ийн Б.ы нэр дээрх 157,000,000 төгрөгийн хувьцааны дундаа хэсгээр хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, Э.*******ы ногдох хэсэг 92,000,000 төгрөгийн хувьцаа, Б.гийн ногдох хэсэг 45,000,000 төгрөгийн хувьцааг тус тус салгах, хувьцааг салгаж бүртгэн компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг ******* ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* ХХК-д хөрөнгө оруулалт хийснээ надад мэдэгдээгүй. Миний бие өнгөрсөн оны 12 дугаар сард гэр бүл цуцлуулах өргөдөл өгсөн, миний эхнэр А.Хандсүрэн нь энэхүү 157,000,000 төгрөгийн хөрөнгө мөнгө байгаа хэмээн сөрөг нэхэмжлэл гаргах үед л ******* ХХК-д миний нэр дээр 157,000,000 төгрөгийн хувьцаа байгааг мэдэж гайхсан. Би өөрөө Голомт банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч хөрөнгө оруулсан нь үнэн. Түүнээс аав 92,000,000 төгрөг, ээж 45,000,000 төгрөгийн, нийт 137,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт миний нэр дээр хийснийг мэдээгүй болно.Үнэндээ 137,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломж надад байхгүй тул ******* ХХК-ийн 157,000,000 төгрөгийн хувьцаа нь аав Э.*******, ээж Б., хүү нь болох Б. бид гурвын дундын өмч болохоос дан ганц миний хөрөнгө биш юм. Үүний 20,000,000 төгрөг нь миний оруулсан хөрөнгө оруулалт, үлдсэн 137,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг би хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Э.*******, Б. нарын оруулсан хөрөнгөд ногдох хувьцааг тэд, би өөрийн оруулсан 20,0 сая төгрөгт ногдох хувьцааг эзэмшихэд татгалзах зүйлгүй. гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ХХК-д Б. нь 157,023,000 төгрөгийн 157,023 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тус компанийн Хас банкны тоот дансанд 2018.04.09-нд 20,000,000 төгрөг, 2018.08.09-нд 22,800 төгрөг, 2018.04.04-нд 92,000,000 төгрөг, 2018.04.02-нд 45,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Хувьцааны дундаа хэсгээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд Э.*******, Б., Б. нарын дундын асуудал байх тул манай компанид шууд хамааралтай биш байна. Хувьцаа эзэмшигч Б. өөрийн эзэмшлийн хувьцаанаас Б.д 45,000,000 төгрөгийн хувьцааг, Э.*******д 92,000,000 төгрөгийн хувьцааг шилжүүлж, өөртөө 20,023,000 төгрөгийн хувьцаа үлдээхийг зөвшөөрсөн тохиолдолд манай компанийн зүгээс компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн талаар зохих өөрчлөлт оруулахад татгалзах зүйл байхгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.*******, Б. нар нь хариуцагч Б., ******* ХХК-д тус тус холбогдуулан Хувьцааны дундаа хэсгээр өмчлөгчөөр тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хувьцаанаас ногдох хэсгээ салгуулах, хувьцааг салгаж бүртгэн компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б., ******* ХХК нь тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дараах байдлаар хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч ******* ХХК-ийн Хас банкны тоот дансанд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөгийг дүрмийн санд аас гэж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 92,000,000 төгрөгийг хувьцааны дүрмийн санд Б., *******аас гэж, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг аас дүрмийн санд гэж, 2018 оны 08 дугаар сарын 09-ний 22,800 төгрөгийг дүрмийн санд *******аас гэж тус тус орлого орсон байх бөгөөд 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б., 92,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.******* нар тус өдрүүдэд шилжүүлсэн болох нь Б.гийн Худалдаа, хөгжлийн банкны тоот дансны хуулга, Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.*******ы Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Э.*******ы шилжүүлсэн 92,000,000 төгрөг, Б.гийн шилжүүлсэн 45,000,000 төгрөг нь тэдний өөрсдийнх нь мөнгөн хөрөнгө буюу тэдний өмч байсан болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан бөгөөд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* ХХК-ийн 157,023,000 төгрөгийн хувьцаа нь Э.*******, Б., Б. нарын дундын өмч байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь өөрсдийн ногдох хувьцааг салгаж авах, салгаж бүртгэн компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй байх бөгөөд тус шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.
Э.*******, Б., Б. нар нь ******* ХХК-ийн 157,023,000 төгрөгийн хувьцааны дундаа хэсгээр өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч Э.*******, Б. нар нь өөрт ногдох хэсгээ салгаж авах, салгаж бүртгэн компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч Б., ******* ХХК-иас шаардаж байгаа нь Б.ы эхнэр А. эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй, түүнд мэдэгдэх үүрэг хүлээхгүй байх тул нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Э.*******, Б. нарыг ******* ХХК-ийн 157,023,000 төгрөгийн хувьцааны дундаа хэсгээр өмчлөгч буюу Э.*******ыг 92,000,000 төгрөгт ногдох, Б.г 45,000,000 төгрөгт ногдох, Б.ыг 20,023,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож, хувьцааг салгаж бүртгэн компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хариуцагч ******* ХХК нь хувьцааны дундаа хэсгээр өмчлөгчөөр тогтоолгох асуудал нь Э.*******, Б., Б. нарын дундын асуудал бөгөөд манай компанид шууд хамааралтай биш байна, хувьцаа эзэмшигч Б. өөрийн эзэмшлийн хувьцаанаас Б.д 45,000,000 төгрөгийн хувьцааг, Э.*******д 92,000,000 төгрөгийн хувьцааг шилжүүлж, өөртөө 20,023,000 төгрөгийн хувьцаа үлдээхийг зөвшөөрсөн тохиолдолд манай компанийн зүгээс компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн талаар зохих өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар нэхэмжлэгч нарын эрх, ашгийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул холбогдох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. нь шүүх хуралдааныг өөрийгөө байлцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд талууд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байх тул хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 108 дугаар зүйлийн 108.8-д тус тус зааснаар Э.*******, Б. нарыг ******* ХХК-ийн 157,023,000 төгрөгийн хувьцааны дундаа хэсгээр өмчлөгч мөн болох, Э.*******ыг 92,000,000 төгрөгт ногдох, Б.г 45,000,000 төгрөгт ногдох, Б.ыг 20,023,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоосугай.
2. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан 157,023,000 төгрөгийн хувьцааны дундаа хэсгээр өмчлөгч Э.*******ыг 92,000,000 төгрөгт ногдох, Б.г 45,000,000 төгрөгт ногдох, Б.ыг 20,023,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмшигчээр тус тус салгаж бүртгэн, компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг ******* ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 983,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 983,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******, Б. нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС