| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
2024 04 10 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч С.Э-т холбогдох эрүүгийн 242500000**** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
С.Э,
2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч С.Э нь;
2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд 3.07 хувийн согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэсвгэрийн замд **-**УАМ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед;
шүүгдэгч С.Э“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
гэрч Э.Т-ийн “…Би 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.А-ын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг “Танил” техникийн захын хойд талын асфальтан зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож явсан **-**УАМ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад С.Э гэх эмэгтэй жолоодож явсан бөгөөд эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...жолоочийг цагдаагийн газар авч ирээд драйгер багажаар шалгахад 3.07 хувийн согтолттой гарахаар нь тээврийн хэрэгслийг нь саатуулж, жолоочийг тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
гэрч Б.М-гийн “...2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед хадам дүү Т-ын гэрт ганцаараа, эрүүл очсон, ...түүний эхнэр Э хоёр хүүхэдтэйгээ байсан. ...“өчигдөр шөнө уусан” гээд согтуу байсан...Эбид хоёр түүний машинтай “Танил” захын гадаа ирээд Этүрүүлж зах руу орсон, би хэсэг хугацааны дараа араас нь орсон, ...намайг захаас иртэл Эцагдаад баригдчихсан зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
С.Э-ын яллагдагчаар өгсөн “…3-4 аяга “Монгол архи” халааж уусан болохоор согтуу байсан, манай урд талын хүмүүс “нохойгоо уяач ээ, уяхгүй бол буудууллаа шүү дээ” гэхээр нь нохойндоо гинж авахаар **-**УАМ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын машиныг жолоодож “Танил” зах явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Эрх бүхий албан тушаалтны “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 3.07%.” зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,
Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7, 8-10 дахь тал/,
Гомдол мэдээллийн бүртгэлийн 1100-2502 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтаст хэргийн 14-27 дахь тал/,
С.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/,
жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрчүүдээс, С.Э-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч С.Энхболорыг гэм буруутайд тооцох;
тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч С.Э нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд 3.07 хувийн согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэсвгэрийн замд **-**УАМ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч Э.Т-ийн “…“Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад С.Э гэх эмэгтэй жолоодож явсан бөгөөд эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...жолоочийг цагдаагийн газар авч ирээд драйгер багажаар шалгахад 3.07 хувийн согтолттой гарахаар нь тээврийн хэрэгслийг нь саатуулж, жолоочийг тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.” гэх,
гэрч Б.М-гийн “...Э...“өчигдөр шөнө уусан” гээд согтуу байсан... тэгээд Э бид хоёр түүний машинтай “Танил” захын гадаа ирээд Э түрүүлж зах руу орсон, би хэсэг хугацааны дараа араас нь зах руу орсон, ... намайг захаас иртэл Эцагдаад баригдчихсан зогсож байсан.” гэх,
С.Э-ын өөрийнх нь “…3-4 аяга “Монгол архи” халааж уусан болохоор согтуу байсан...нохойндоо гинж авахаар **-**УАМ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын машиныг жолоодож “Танил” зах явсан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гомдол мэдээллийн бүртгэлийн 1100-2502 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч С.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,
түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь тухайн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул
шүүх шүүгдэгч С.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүхээс шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргаж,
шүүгдэгч С.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...зөвшөөрч байна.” гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзав.
Шүүх шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг дээрх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Энхболорт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлдүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч С.Э-т тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч С.Э-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.
7.Хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э