| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0079/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2416000760081 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ********-д эмчээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******** сумын ******** баг, ********** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, ************* дүүрэг, ***** хороо, ********** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, О овогт Б-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 02 цаг 50 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах ********* баарны гадаа хохирогч С.Б-г зодож түүний биед цээжний баруун талын 5-р хавирганы хугарал, цээжний арын хананд хий хуралдалт буюу хөнгөн зэргийн гэмтэл, мөн тухайн цаг хугацаанд хохирогч С.Б-г зодож, түүний биед тархи доргилт буюу хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө би найзуудын хамтаар ****** бааранд очсон ... Баарны баруун талын хашааны үүдэн дээр үл таних нэг залуутай маргалдаж тухайн залууг унагаагаад зодсон. Тэгэхэд араас нь дүү нь гээд цагаан цамцтай залуу ирээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь тухайн залууг нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд ах нь хашааны үүднээс урагшаа надаас зугатаасан. Би араас нь явж байтал дүү болох залуу нь баарны үүдэн дээр байхаар нь хавсарч унагаагаад цээжин хэсэгт нь дэвсээд, бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд байж байтал ах нь ирж байхаар нь араас нь хөөгөөд хавсарч унагаагаад цээж хэсэг рүү нь өшиглөсөн... Тухайн үед миний буруутай үйлдлээс болсон. Тэр үед надаас өөр С.Б, С.Б нарыг цохиж зодсон хүн байхгүй... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/
2. Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би баарны дээд талын ногоон хашааны үүдэн дээр байж байхад хашаан дотроос улаан дээлтэй залуу гарч ирээд “...намайг Б-н Б гэж таних уу хашаан дотор юу хийгээд яваад байгаа пизда вэ...” гэж орилж ирээд намайг шууд зодсон. Миний нүүр, цээж хэсэг рүү өшиглөөд, хавсарч унагаагаад цээж хэсэг рүү өшиглөөд байсан. Намайг улаан дээлтэй Б гэх залуу зодсон хажууд явж байсан залуус салгасан... Манай дүү С.Б-тэй тэр залуу хашааны үүдэн дээр барилцаж аваад хоёр гурван удаа цохиод унагаагаад цааш нь баарны үүд рүү аваад явсан. Намайг араас нь яваад очиход манай дүүг хавсарч унагаагаад өшиглөөд, цээжин хэсэгт нь дэвсээд байсан. Салгах гээд очиход улаан дээлтэй залуу намайг хавсарч унагаад нүүр, цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэнд байсан залуучууд салгаад, би найзуудтайгаа дүүгээ аваад эмнэлэг рүү явсан... миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо гомдол санал байхгүй Б гэх залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/
3. Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ганцаараа гадагшаа тамхи татах гээд гараад ирэхэд баарны баруун урд талд олон залуучууд байсан тэр дунд манай төрсөн ах болох Б зодуулж байсан. Намайг яваад очиход улаан дээлтэй залуу шууд цохиод авсан... Нэг залуу намайг салгах гээд баарны үүд рүү аваад явсан. Тэндээ зогсож байтал улаан дээлтэй залуу ирээд намайг хавсарч унагаагаад миний бөгс рүү өшиглөөд цээжин дээр хүчтэй дэвссэн... миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо гомдол санал байхгүй, Б гэх залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/
4. Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 08-ны орой Ш, Б, Б, Б нарын хамтаар Солонго хорооллоос доошоо Б эгчийн баярыг тэмдэглэхээр ********* баар руу явсан ... Тухайн бааранд бид нар 00 цагаас 03 цаг өнгөртөл байсан ... Б баарнаас түрүүлж гараад ахтайгаа уулзаад байж байя гэж хэлсэн. Араас нь Ш гарсан би түүний араас гараад Б хаашаа явсан талаар Ш-с асуутал хүнтэй уулзах гээд энэ ногоон хаалгатай хашаа руу орчихсон гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд зогсож байтал Б хаалгаар гарч ирээд араас нь хүн нуруу хэсэг рүү нь өшиглөж унагаасан. Унагаачихаад нөгөө улаан дээлтэй, улаан куртиктэй 2 хүн гарч ирсэн бөгөөд улаан дээлтэй нь өшиглөж унагаасан. Унагаачихаад татаж босгоод ирэхээр нь Ш бид 2 очиж салгах гэтэл тухайн хүн заамдаж авчихаад салахгүй, Б-г өшиглөж цохиж аваад байсан... Б-г унагаагаад улаан дээлтэй ах нь өшиглөөд, цохиод байсан. Улаан дээлтэй ах л их зодсон юм. Ш бид 2 салгах гээд огт чадаагүй. Тэгээд би баар руу Б эгчийг дуудах гээд ортол араас Б, Ш нар орж ирсэн бөгөөд араас Б орж ирэхгүй байсан. Би Б-с Б-г асуутал машин дотор суулгачихсан гэж хэлсэн. Тэгтэл бааран дотор улаан дээлтэй ах ороод ирсэн бөгөөд Ш-г зодох гээд байхаар нь би арай хийж салгасан юм. Тэгээд тухайн улаан дээлтэй хүнийг баарны зөөгч махлагдуу залуу VIР өрөө рүү оруулчихсан. Бид нар зөрөөд гарсан. Машиндаа суугаад байж байтал Б миний бие өвдөөд амьсгал авч чадахгүй байна гээд орилоод сандраад би машин унаад эмнэлэг дээр очоод Б-г үзүүлсэн. Б эмнэлэг дээр хоносон ... Б-н 2 хавирга хугарсан, Б-н толгой хөдөлсөн, нүд хөхөрсөн, хүзүү нь улайсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/
5. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 09-ний 00 цагийн үед би “******” баарны хашаан дотор байх адуун дээрээ байсан. Тэгээд би хашаан дотор байж байхад хашааны гадаа Б нь үл таних залуутай барилцаад авахаар салгах гэж оролдоод дийлээгүй. Тэр залууг Б цохисон, хавсарч унагаагаад байсан... Зодуулж байсан залуугийн төрсөн дүү нь гээд нэг залуу ирсэн... Дүү нь болох залуу ирээд Б-тай маргалдаад бас барьцалдаж аваад Б дүүтэй нь зодолдсон. Би тэр хоёрын голоор нь ороод салгасан... Б дүүг нь хавсарч унагаагаад цээжин хэсэгт нь дэвссэн... Ах ирээд салгах гэтэл Б араас нь гүйж очоод хавсарч унагаагаад өшиглөөд байсан... Баарнаас хүмүүс гарч ирж салгаад Б-д зодуулсан ах дүү хоёрыг явуулсан...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас/
6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цадаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай “...С.Б-н биед цээжний баруун талын 5-р хавирганы хугарал, цээжний ар хананд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/
7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цадаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай “...С.Б-н биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, баруун бугуй, 2 тохой, баруун өгзгөнд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно ... Дээрх гэмтлүүдээс тархины доргилт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/
8. “********” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс дээш хүнийг” гэж заасан тул шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б, С.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нар гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилцаад “... Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх агуулга бүхий хүсэлтийг бичсэн /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/, мөн шүүдэгч Б.Б Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч С.Б-н эмчилгээний төлбөрт 34,500 (гучин дөрвөн мянга таван зуу) төгрөг, хохирогч С.Б-н эмчилгээний төлбөрт 348,500 (гурван зуун дөчин найман мянга таван зуу) төгрөг, нийт 383,000 (гурван зуун наян гурван мянга) төгрөг буюу иргэний нэхэмжлэлийг бүрэн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /ХХ23-24 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол болон иргэний нэхэмжлэл төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 700(долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол болон иргэний нэхэмжлэл төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА