| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2020/00750/И |
| Дугаар | 135/ШШ2021/00416 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2021/00416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2020/00750/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хороо, *******, *******, ******* гудамж, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын баг, байр, оршин суух овогт /РД:/-д холбогдох,
"2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, ХААИС-ийн баруун талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, тус хаягт байрлах 300,0 /273,0/ м.кв талбайтай газар эзэмших эрхийн эзэмшигчээр тус тус тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ-ний үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 26,267,800 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: миний бие өөрийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2003020131 дугаарт бүртгэлтэй, тоот гэрчилгээтэй, Дархан-Уул, Дархан, 1 баг, ХААИС-ийн баруун урд талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 300 м2 талбайтай обьектыг иргэн Ц.д түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Надад зайлшгүй мөнгөний хэрэг гарсан тул түрээсийн төлбөрөөс 50,000,000,00 /тавин сая/ төгрөгийг бөөнд нь авах хүсэлтийг тавьсан. Ц. нь Надад уг мөнгө бэлэн байхгүй гэсэн. Харин хэсэг хугацааны дараа Чи обьектоо миний нэр дээр шилжүүлчихвэл, би өөрийнхөө компанийн үйл ажиллагаагаар 50,000,000 төгрөгийн зээл авч өгөх боломж байна гэсэн. Ингээд бид ярилцаж уг аргаар нь зээл авахуулахаар болсон. Би ээс түрээсийн төлбөр авахгүйгээр, нь надад төлөх ёстой түрээсийн төлбөрүүдийг тухайн зээлэнд, хүүгийнх нь хамтаар төлж дуусгахаар тохиролцсон. Намайг уг зээлийг төлж барагдуулмагц миний обьектыг надад буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Ингээд 2016.10.20-ны өдөр Арилжааны гэрээ байгуулж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг Ц.ийн нэр дээр шилжүүлж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшилд байсан газрын 300,0 м2 талбайг мөн Ц.ийн нэр дээр шилжүүлсэн. Үүнийхээ хажуугаар бид Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулсан. Ц. нь Худалдаа, хөгжлийн банкинд уг үл хөдлөх эд хөрнгө болон газар эзэмших эрхийг барьцаалж 50,000,000 төгрөгийг надад авч өгсөн. Би тухайн зээл болон зээлийн хүү болох нийтдээ 77,200,000,00 төгрөгийг түрээсийн төлбөрөөсөө тооцож, Ц.д бүрэн төлж барагдуулсан боловч Ц. нь миний обьектыг надад шилжүүлж өгөхгүй байсан. Гэтэл тэрээр миний зөвшөөрөлгүйгээр миний хөрөнгийг барьцаалж өөртөө зээл авч ашиглаж байсныг би дараа нь мэдсэн. Надад яаралтай мөнгө хэрэг болж обьектоо авахаар нэхэхэд Ц. нь Чи хэрэгтэй үедээ надаас мөнгө аваад өрнүүдээсээ төлчихөж бай. Хоёулаа тэгээд дараа нь болчихно шүү дээ гэдэг байсан. Би их хэмжээний мөнгөний хэрэгцээ гарч аргагүйн эрхэнд 2019.11.04-ний өдөр Ц.тэй байгуулсан Түрээсийн гэрээ-г дуусгавар болгож, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000,00 төгрөгөөр Ц.д худалдахаар тохиролцсон тухай баримт үйлдэж түүнээс 150,0 сая төгрөгийг цувуулж авсан бөгөөд үлдэгдэл 50,000,000,00 төгрөгийг 2 жилийн дотор, график гарган төлөхөөр тохиролцсон. Би энэ бүгдийг аргагүй байдлын улмаас л хийсэн. Ц. ч намайг аргагүй байдалд оруулж байгаад доод тал нь 300,0 сая төгрөгийн үнэтэй миний обьектыг хямдхан үнээр өөрийн болгох зорилгоор хийсэн байсан. Ц.тэй хийсэн гэрээ тохиролцоо нь миний болон Ц.ийн хүсэл зорилгын илэрхийлэл байгаагүй бөгөөд зөвхөн зээл авах зорилготой дүр үзүүлсэн хэлцэл байсан юм. Иймд Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу иргэн Т., иргэн Ц. нарын хооронд 2016.10.20-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоон хүчингүй болгож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр болон газар эзэмших эрхийн эзэмшигчээр Т. намайг тогтоож өгнө үү. Мөн ажлын байр түрээслэх гэрээнд заасан түрээсийн төлбөр шаардах эрхийн дагуу иргэн Ц.ээс 26,267,800 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тус шүүхэд Т. нь Ц.д холбогдуулан 2016.10.20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай эрхийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болсон арилжааны, мөн 2016.10.20-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл гэдэг үндэслэлээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор үйлдсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу гаргаж байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан ажлын байр түрээслэх гэрээнд заасан түрээсийн төлбөр шаардах эрхийн дагуу иргэн ээс 26,267,800 төгрөг гаргуулахыг шаардаж байгаа. Үйл баримтын хувьд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон арилжааны гэрээ нь хуульд заасан арилжааны гэрээний шинжийг агуулсан гэрээ биш байгаа юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ, хариуцагч талын өгсөн тайлбар, Мон Өртөөчин ХХК болон 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээг дуусгавар болгох тухай үйлдсэн баримт зэргээр тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тодруулбал 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас , нөгөө талаас нар 300 м.кв хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлэх дүр үзүүлсэн хэлцийг хийхдээ арилжааны гэрээний үнэлгээг 20,0 сая төгрөг байлгаад, барилгын материал оролцуулахаар тогтоосон. Бодит байдал дээр энэ нь хэрэгжээгүй бөгөөд арилжааны гэрээ дүр үзүүлсэн хэлцэл байсан гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг, хариуцагч тал үүн дээр маргаагүй, хожим үүнийг дүр үзүүлсэн хэлцэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан мөн түрээсийн төлбөр төлж байсан зэрэг үйл баримтаар энэ нь нотлогддог. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн арилжааны гэрээ 350,0 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр нотариатч дээр хийгдсэн байдаг. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага дээр уг хэлцлээр дамжиж үл хөдлөх хөрөнгө шилжих үндэслэл болоогүй учраас бид нар дурдаагүй боловч энэ нь зайлшгүй судлагдах үйл баримт болж байгаа. Яагаад гэвэл мөн адил тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 350,0 сая төгрөгөөр арилжиж байгаа мэтээр хийсэн. Үүнийг талууд тайлбарлахдаа банкнаас зээл авахад тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ нь ийм үнэтэй байсан тул нөхцөл байдлыг хөнгөвчлөхийн тулд ийм хэлцэл хийгдсэн гэх тайлбарыг өгдөг. 350,0 сая төгрөгийн арилжааны гэрээг гэрчилсэн нас барсан нотариатч Энхболдын бүртгэлийн дэвтрийн холбогдох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулж үзэхэд энэ бүртгэл байгаагүй. Өөрөөр хэлбэл уг хэлцлийг архивт бүртгэж, архивын илүү хувийг талуудад өгөхгүйгээр нотариатын үйлдэл хийх журмыг зөрчиж ийм үйлдэл хийсэн нь тодорхой харагдаж байгаа. Эдгээрээс харахад дүр үзүүлсэн хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл. Дүр үзүүлсэн болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нэгэн зэрэг хийгдэх боломжтой байдаг. Энэ боломж нь манай хэргийн хувьд харагдаж байгаа. Дүр үзүүлсэн хэлцэл нь нэг талаас түрээсийн гэрээ боловч нөгөө талаас түрээсийн гэрээгээр халхавчилж арилжааны гэрээ хийсэн гэдгээрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаж байгаа юм. Үүний үндсэн дээр өмчлөх эрх шилжсэнээс болоод талуудын хооронд эрх зүйн хувьд тодорхойгүй байдал үүссэн. Хариуцагч түрээсийн төлбөр төлж байсан талаараа хэлдэг. Тухайлбал хариуцагчийн хувьд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хөрөнгөө өөрөө түрээслээд байгаа ч юм шиг, нэхэмжлэгчийн хувьд бусдын өмчлөлийн хөрөнгийг өөрт нь түрээслээд байгаа ч юм шиг үл ойлголцол, хууль бус харилцаа үүсэх шалтгаан болоод байгаа. Ийм учраас зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэх үүднээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн хөрөнгийг харилцан буцааж өгөх үүргийн дагуу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасан үндэслэлээр дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна. Хамгийн сүүлд хариуцагч ийн 100 хувь эзэмшилд нь байдаг Мон өртөөчин компаниас албан бичигт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээг дуусгавар болгож хөрөнгө худалдах, худалдан авах тохиролцоо гэсэн нэг хуудас баримт буюу Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч гарын үсэг үнэн зөв болохыг гэрчилсэн баримт болон талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээний дагуу төлбөрүүд хийгдсэн байдаг юм гэсэн тайлбар хариуцагчийн өөрийнх нь гарын үсгийн хамт ирүүлсэн байдаг. Эндээс хариуцагч тодорхой хэмжээнд хүчин төгөлдөр бус хэлцэл байсныг шүүхийн хэлэлцүүлгийн болон мэтгэлцээний шатанд хүлээн зөвшөөрч байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчлүүлсэн баримт хэлцэл биш гэдгийг нэхэмжлэгч тал онцгойлон дурдаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн хэлцэл бол шилжүүлэхдээ заавал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагчаас эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч талаас төлбөр шилжүүлэх үүргийн дагуу хийгддэг. Хөрөнгө худалдан авах гэрээний гол нөхцөл нь төлбөрийн нөхцөл байдаг. Төлбөрийн нөхцөлийн тухайд гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баримтад талууд төлбөр тогтоогоогүй, талууд хэлэлцэн тохироогүй. Нотариатын тухай 2011 оны хууль болон, нотариатын үйлдэл эрхлэх зааварт зааснаар гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэл нь тусдаа бие даасан үйлдэл байгаа юм. Дээрх үйлдэл нь баримт бичиг дээр зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баримт болохоос хэлцлийн буюу гэрээний үнэн зөвийг гэрчилдэггүй. Хэлцлийн үр дагаврыг тайлбарлах, өмчлөгч өмчлөх эрхтэй этгээд мөн эсэхийг шалгадаг, худалдагч, худалдан авагчийн хооронд гэрээний гол нөхцөлөө тогтоосон эсэхийг шалгадаг, энэ ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баримт дээр хийгдээгүй, үйлдлийн төрөл өөр байсан тул хэлцлийн шаардлагыг хангахгүй баримт байгаа юм. Баримт дээр тодорхой зүйл харагдаж байна лээ. Ер нь ээс түрээсийн авлагатай, тэрийгээ тогтмол нэхдэг эсвэл худалдан борлуулаад би өөрийн санхүүгийн асуудлаа шийдмээр байна гэдэг зүйлийг ярьдаг байсан талуудын хооронд бичсэн нүүр номын зурваст хийсэн үзлэгээр тогтоогддог. Үүнийг хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй. Үүнээс харахад гэдэг хүн өөрийнх нь хууль ёсны өмчлөлийн зүйл биш гэдгийг сайн мэдэж байсан байгаа юм. Гэхдээ төрөл бүрийн дарамт шахалт, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч 105 хоног цагдан хоригдоод тодорхой сэтгэл зүйн гэмтэл авсан, хүндрэлтэй нөхцөл байдлыг эзгүйчилсэн байдалтай үнэн зөв тайлбар өгөхгүй, шүүх дээр ч маргахдаа тодорхой баримт гаргаж өгөхгүйгээр ажиллагаанд оролцож байна гэж бид үзэж байгаа юм. Тиймээс энэ хэргийн хувьд шилжүүлэн авсан хөрөнгийн хувьд нэхэмжлэгч өөрөө түрээсийн авлагатай гэж үзнэ. ын тухайд зохиомлоор нэмэгдүүлэх замаар ийн төлбөрийг төлсөн маягаар маргаж байгаа. гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахад ээс зөвшөөрөл авахгүйгээр гэх хүнтэй тохироод явсан. тэй холбогдож гэрээний дагуу юм шаардаагүй, гэх хүн дур мэдээд энэ асуудлыг шийдсэн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ бүхнийг харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хангалттай нотлогдож байгаа харагдаж байна. Хариуцагч өөрөө үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах үндэслэл болсон хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдгийг өөрөө мэдсэн. 2020 оны 06 сараас хойш цугларсан нотлох баримтуудаар маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтууд бүрдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Т. бид Монгол Улсын иргэний хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлийн газар бүртгүүлсний дагуу миний бие өмчлөх эрхтэй билээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож, хавсаргасан 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ-ний хугацаа нь уг гэрээний 6.1-д зааснаар 2019 оны 11-р сарын 01-ний өдөр дууссан, мөн 6.2-д Гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчилж, цуцалж, дуусгавар болгоно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг талууд 7 хоногийн дотор хянан үзэж албан ёсны тохиролцоонд хүрнэ гэсэн заалтын дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор буюу 2019 оны 11-р сарын 04-ний өдөр Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо гэсэн нэртэй гэрээ байгуулж, үүгээрээ 2016.11.01-ний өдөр байгуулагдсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ-ний хугацаа дуусгавар болж, талууд гэрээний үүргээ бүрэн буиелүүлсэн тул уг гэрээг талуудын хүсэлтийн дагуу дуусгавар болгов., мөн Түрээсийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Y-2203030131 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 багт байрлах 300,0 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Т. нь Ц.д 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд 150,000,000 /Нэг зуун тавин сая/ төгрөгийг 2019.11.06-ны өдрийн дотор Т.ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж , үлдэгдэл 50,000,000 /Тавин сая/ төгрөгийг 2 жилийн дотор графикийн дагуу төлж дуусгахаар харилцан тохиролцов. Төлбөр төлөх графикийг харилцан тохиролцож тогтоохоор болов. гэж түрээсийн гэрээний хугацааг дуусгавар болгон үүргийн гүйцэтгэлийг сольж, шинээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах үүргийг харилцан хүлээж нотариатаар гэрчлүүлсэн юм. Миний бие 2016.11.01-нээс эхлэн 2 эзэнтэй 449 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай уг барилгыг тэй түрээсийн гэрээ байгуулж түрээсэлж байсан. Түрээслэхээс өмнө цахилгаан, дулаан, ус суваг-аас албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан. Тэр болгоныг манайх өөрсдөө хөөцөлдөж байгаад уг барилгыг ашигласан. /ийн нэр дээр 303 м2, нэр дээр 149 м2/. Үйл ажиллагаа явуулж байх явцад манай компанид зөндөө саад бэрхшээлтэй асуудлуудтай тулгарч байсан, энэ гараад байгаа асуудлуудыг яаралтай арга хэмжээ авч өгөхийг удаа дараалан ээс шаардаж байхад ямар ч арга хэмжээг авч өгөөгүй өдийг хүргэсэн. ОБГ, МХГ, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын албанаас удаа дараалан албан бичиг ирж уг барилгыг ашиглалтанд өгөхгүй бол компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар шаардаж ихээхэн хүндрэл учруулдаг байсан ба барилгыг ашиглалтанд өгөхөд шаардагддаг бичиг баримтыг гаргаж өгөхгүй хохироосоор ирсэн. Түүнчлэн хажуу талыг 149 м2 талбайтай Б. өгөх түрээсийн төлбөрийг манайхаас бөөнөөр авчихаад тэр хүндээ өгөхгүй болохоор тэр хүн нь өдөр болгон ирж манайхаас түрээсийн тооцоогоо нэхэж дарамт учруулдаг байсан. Гэтэл түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны сараас эхлэн манай түрээсэлж байсан байрыг зарна гээд зар өгчихсөн тул уг зарын дагуу хүмүүс ирж үзэж, элдэв хэл ам болсоор нэхэмжлэгч нь 2019 оны 8-р сард Надад нэг санал байна аа. Тэртээ тэргүй таны нэр дээр энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөл бүртгэлтэй байгаа учраас та худалдан авчихаач. Надад мөнгөний хэрэг маш их гарч хэцүү байдалтай байна. Зар тавиад ч авах хүн гарч ирэхгүй байна гэж ирсэн. Миний зүгээс ашиглалтанд хүлээн аваагүй, бас өөр өмчлөгчтэй хамт байдаг болохоор тодорхой шийд хэлээгүй байтал тэрээр хэсэг хугацааны дараа та энэ байрыг нийтдээ 200,0 сая төгрөгөөр үнэлж авчихаач төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцож цувуулах, тодорхой хугацаа тогтох зэргээр шийдэж болно ш дээ гээд байхаар нь би одоо надад өгөх 200,0 сая төгрөг байхгүй. Харин би зээл хөөцөлдөж байж асуудлыг ярих хэмжээнд очно гэдгийг албан ёсоор хэлсэн. Гэтэл тэр за тэгвэл та зээл хөөцөлдөж бай тэр хооронд би зараа явуулж л байя. Аль түрүүлж бүтсэнд нь өгнө гэсэн, манайхыг зээл хөөцөлдөж байхад зараар нь хүмүүс үзсээр л байсан. Ингээд 10-р сарын сүүлээр 150,0 сая төгрөгийн зээл миний 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Мон өртөөчин ХХК-ийн нэр дээр гарч түүнээс бэлнээр нь авч Т.ийн гэрээнд дурдсан Хаан банкны тоот дансанд тушааж, үлдэгдэл 50,0 сая төгрөгийг хоёулаа 2 жилийн хугацаатай төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2019 оны 11-р сарын 04-ний өдөр гэрээ хийж түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан болно. Энэ үеэс хойш надад Т.ийн өмнө 50,0 сая төгрөгийг 2 жилийн хугацаанд буюу 2021 оны 11-р сарын 04-ний өдрийн дотор гүйцээж төлөхөөс өөр үүрэг байхгүй болно. Харин миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгөд суулгасан цонхны мөнгө гэж Баатар гэдэг хүн ирж нэхэж, өгөхгүй бол суулгасан цонхоо буцааж салгаж авна гэж дарамталж байгааг би т хэлж, энэ асуудлаа зохицуулахыг шаардахад тэрээр би өөрөө зохицуулна гэдэг боловч одоог хүртэл түүнийгээ зохицуулдаггүй, цонхны төлбөр тооцоогоо хийгээгүй, мөн барилгыг хүлээлгэж өгөхгүй л явна. Ийм болохоор би өөрөө бичиг баримтаа хөөцөлдөж барилгыг хүлээлгэж өгөх гээд аргаа бараад явж байна. Дээр нь бас дээврийн мөнгө нэхэж бас нэгэн үл таних хүн ирээд намайг сураглаад байгаа ба ээс итгэмжлэлтэй бас нэгэн үл таних хүн мөнгө нэхэж ирсэн. Энэ мэтийн талаар түүнээс шаардаад байгаа болохоор нь хариу болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Түүнээс биш түүний нэхэмжлэлдээ дурдсан шиг түүнийг дарамталж барилгыг хүчээр аваагүй, өөрөө мөнгөний асуудлаа шийдвэрлэх гэж, мөнгө, өр зээлээсээ улбаатай, цаанаа байгаа дарамтнаасаа салах гэж өөрийнхөө хүсэл зоригоор Монгол Улсын Иргэний хуульд заасан эрх, үүрэг, журмын дагуу үл хөдлөх хөрөнгөө надад худалдах гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан. Ийм болохоор надаас биш харин би түүнээс барилга хүлээлгэж өгөх зардал, дээвэр, цонхны төлбөр тооцоог 2 жилийн хугацаанд хийх 50,000,000 төгрөгөөс хасч тооцож эцсийн тооцоогоо дуусгах нөхцөл байдал өнөөдөр үүсчихээд байгаа билээ. Түрээсийн төлбөр бүрэн гүйцэд төлж барагдуулснаар дараагийн худалдах гэрээгээ хийсэн. Энэ нь дээр дурдсан 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн Ажлын байрны зориулалтын байр түрээслэх гэрээ-г дүгнэсэн 2019 оны 11-р сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо гэсэн гэрээнээс тодорхой харагдана. Тийм болохоор 2019 оны 11-р сарын 04-ний өдрөөс хойш түрээсийн төлбөр, түүний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн яриа, асуудал хууль зүйн үндэслэлгүй болох тул 26,267,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэний хуулийн 187 дугаар зүйлд үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж заасан. Тэгэхээр нэг юм эхлээд ямарваа нэг юм дуусаад дахиад шинээр эхэлдэг. Гэтэл өмнө дууссан өмнөх жилийн зүйлийг хөөж ярьж байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө юу ч болсон байлаа талууд бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд тохиролцоо хийжээ. Хууль зөрчөөгүй, хуульд харшлаагүй энэ өдрөөр тасалбар болгон талууд тохиролцоонд хүрчээ. Энэ тохиролцооноос өмнөх зүйлийг ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэзээ шилжих вэ гэдэг нь Иргэний хуульд байж байгаа. Энийг заавал арилжааны гэрээг дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гээд яриад байна. Нэг гэрээгээр хэд хэдэн үүрэг хүлээлгэж болно. Жишээ нь 20,0 сая төгрөгөөр байрыг тохижуулах, түрээсийн төлбөрөө бөөнөөр авах, түрээсийн гэрээний хугацаа дуусвал буцаад шилжүүлэх ийм л эрх зүйн харилцаа үүсээд явж байсан байна ш дээ. Гэрээний хугацаа дуусахад үл хөдлөх хөрөнгөө буцаагаад шилжүүлэх үүрэг хариуцагчид үүснэ. Тэрийг шилжүүлээгүй бол тэр хугацаанаас өмнө байсан бол өнөөдрийн ярьж байгаа зүйлийг ярьж байх ёстой. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энэ нэхэмжлэлийг гаргасан бол дээрх агуулгаар мэтгэлцэх боломжтой байж болно. Гэхдээ одоо бол 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи асуудлыг ярих боломжтой. Нотариатаар гэрчлүүлээд улсын бүртгэлд бүртгүүлсэн бол өмчлөх эрх шилжинэ гэж яриад байх шиг байна. Хишигбаатар нотариатч хуульд харшлаагүй гэрээг хийсэн хүмүүс нь энэ 2 хүн мөн юм шүү гээд гарын үсгийг л гэрчилсэн гэж хэлсэн болохоос тэр доторх тохиролцооны тооны үнэн зөв хамаагүй. Гарын үсгийн л үнэн зөвийг гэрчилсэн. Нэг үүргийг нөгөө үүргийн гүйцэтгэлээр сольсон. Үүргийн гүйцэтгэл солигдоод байна. Буцаагаад үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх үүргээ мөнгө төлөх үүргээр л сольсон. Энэ үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үйлдэл биш, тиймээс нотариатч заавал гэрээний үнэн зөвийг нотлох үүрэг байхгүй. 2 талын хооронд хийсэн тохиролцоо. Энэ тохиролцоог хийхдээ талууд өмнөх үүрэг, харилцаагаа дүгнээд түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэг асуудал байхгүй гээд дуусгавар боллоо гээд тодорхой зааж өгөөд үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхээ болиод 200,0 сая төгрөгийн 150,0 сая төгрөгийг одоо өгнө, үлдсэн 50,0 сая төгрөгийг дараа өгнө гэж тохирсон тохиролцоо. Энэнээс илүү хуульд нийцсэн харилцаа гэж юу байхав. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш мөнгөө төлөөгүй, графикийн дагуу төлөөгүй гэвэл нэг өөр. Үлдэгдэл 50,0 сая төгрөгийн асуудлыг ярьж болно. Нотариатын үйлдэлтэй холбоотой асуудал байгаа бол холбогдох байгууллагад нь хандах хэрэгтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дарамт шахалт үзүүлсэн талаар хэлэхэд дарамт шахалт үзүүлсэн эсэх, өөрт нь мөнгөний хэрэгцээ шаардлага байсан эсэх талаар тодруулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасны дараа өөрөө хүлээн зөвшөөрөөд эрүүгийн хэрэгт холбогдсон материалаа гаргаж өгсөн. Мөн 2018 оноос эхлээд байраа зарах талаар хөөцөлдөж байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Түрээсийн гэрээ дуусахаас өмнө 7, 8 сараас эхлэн д байр зарах талаар хандсан баримт ч байгаа. 11 сард түрээсийн гэрээний хугацаа дуусахад өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ мөнгө төлөх харилцаагаар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд сольсон. Ямар гэрээг ямар гэрээгээр халхавчилсан, ямар гэрээг дүр үзүүлж хийсэн гэж байгаа юм бэ. Энд нэг л үл хөдлөх хөрөнгө яригдаж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр талууд хүсэл зоригийн үндсэн дээр тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түрээсийн үлдэгдэл төлбөрийн тухайд мөн л дээрх тохиролцоогоор түрээсийн төлбөр байхгүй гэж дүгнэсэн. Тиймээс үлдэгдэл төлбөр байхгүй гэж үзэж байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Ц.д холбогдуулан "2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, ХААИС-ийн баруун талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, тус хаягт байрлах 300,0 /273,0/ м.кв талбайтай газар эзэмших эрхийн эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ-ний үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 26,267,800 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...аргагүй байдлын улмаас л хийсэн хэлцэл юм. Ц. ч аргагүй байдалд оруулж байгаад доод тал нь 300,0 сая төгрөгийн үнэтэй обьектыг хямдхан үнээр өөрийн болгох зорилгоор хийсэн байсан. Ц.тэй хийсэн гэрээ тохиролцоо нь бидний хэн алины хүсэл зорилгын илэрхийлэл байгаагүй бөгөөд зөвхөн зээл авах зорилготой дүр үзүүлсэн хэлцэл байсан юм... гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...нэг гэрээгээр хэд хэдэн үүрэг хүлээлгэж болно, нэг үүргийг нөгөө үүргийн гүйцэтгэлээр сольсон, буцааж үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үүргээ мөнгө төлөх үүргээр л сольсон, энэ нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үйлдэл биш учир нотариатч заавал гэрээний үнэн зөвийг нотлох үүрэг байхгүй, талуудын хооронд хийсэн тохиролцоог баталсан. Энэ тохиролцоог хийхдээ талууд өмнөх үүрэг, харилцаагаа дүгнээд түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэг асуудал байхгүй гээд дуусгавар болгосныг тодорхой зааж, үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхээ больж 200,0 сая төгрөгийн 150,0 сая төгрөгийг өгч, үлдсэн 50,0 сая төгрөгийг дараа өгөхөөр тохирсон тохиролцоо юм. Талууд хүсэл зоригийн үндсэн дээр тохиролцсон. Тус тохиролцоогоор түрээсийн төлбөр байхгүй гэж дүгнэсэн тул түрээсийн үлдэгдэл төлбөр байхгүй, Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэж тус тус маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, ХААИС-ийн баруун талд байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Т.ийн өмчлөлд бүртгэж, 2016 оны 05 сарын 31-ний өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, мөн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Арилжааны гэрээ-ний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Т.ээс хариуцагч Ц.ийн өмчлөлд шилжин бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000545246 дугаартай, дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 1408 дугаартай албан бичгээр ирүүлсэн дээр дурдсан гэрээ, гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, ХААИС-ийн баруун талд байрлах 638,0 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч Т.т эзэмшүүлж, 2015 оны 04 сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, мөн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу тус газраас 300,0 м.кв /273,0/ газрыг эзэмших эрх нэхэмжлэгч Т.ээс хариуцагч Ц.ийн эзэмшилд шилжин бүртгэгдэж, нэгж талбарын 4505701522 дугаар, газар эзэмших эрхийн 000556515 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болох нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 1052 дугаартай албан бичгээр ирүүлсэн дээр дурдсан гэрээ, гэрчилгээнүүдээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан байдаг.
Зохигчдын хооронд байгуулагдсан Арилжааны гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч Ц. нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, ХААИС-ийн баруун талд байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө, тус хаягт байрлах 300,0 /273,0/ м.кв талбайтай, нэгж талбарын 4505701522 дугаар, газар эзэмших эрхийн 000556515 дугаарт бүртгэгдсэн газрыг эзэмшилдээ тус тус шилжүүлэн авснаас хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Хэрэгт авагдсан №64 дугаартай, 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Арилжааны гэрээ-нд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 20,000,000 төгрөг гэж бичсэн, мөн 2016 оны 11 сарын 16-ны өдөр баталсан, 2016 оны 10 сарын 20-ны өдрийн №1 дугаартай, Арилжааны гэрээ-нд А талын үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 350,000,000 төгрөг, Б талын үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 180,000,000 төгрөг гэж бичсэн байгаа хэдий ч талууд бодит байдал дээр тус үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөгөөр тохирсон талаар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, аливаа эрх зүйн үр дагавар бий болгохыг зориогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, үүрэг хүлээхгүйгээ мэдсээр байж талууд зориуд өөр зорилгоор хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг гэж, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг талууд гэрээний эрх, үүргийг хүлээх зорилгогүй, цаашид хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж тус тус ойлгоно.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар Т., Ц. нар нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг арилжиж, худалдах, худалдан авах талаар бодит үр дүнд хүрэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний дагуу хариуцагч Ц. нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг нь бодитоор илэрхийлэгдсэн, хариуцагч Ц. нь үл хөдлөх эд хөрөнгийг Арилжааны гэрээ-ний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авч, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа, талууд бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 200,000,000 төгрөгийн 150,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч талын гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талуудын бодит байдал дээр тохирсноос багаар бичсэн гэх тайлбараар дүр үзүүлэн, халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагч нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 04-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө арилжих, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн талаар шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Т.ийн хариуцагч Ц.д холбогдуулан гаргасан "2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, ХААИС-ийн баруун талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, тус хаягт байрлах 300,0 /273,0/ м.кв талбайтай газар эзэмших эрхийн эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т., хариуцагч Ц. нар нь 2016 оны 11 сарын 01-ний өдөр Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй, гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 01-ний өдөр дуусгавар болсон, тус гэрээний хугацаа дуусгавар болж, талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, талуудын хүсэлтийн дагуу дуусгавар болгосныг баталгаажуулж 2019 оны 11 сарын 04-ний өдөр үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байх тул Т. нь тус гэрээний дагуу шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмждэгч Т.ийн хариуцагч Ц.д холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ-ний үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 26,267,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Маргааны зүйл болох газрын хэмжээг талууд 300,0 м.кв гэж тайлбарладаг боловч газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 273,0 м.кв байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 318.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.ийн хариуцагч Ц.д холбогдуулан гаргасан "2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, ХААИС-ийн баруун талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, тус хаягт байрлах 300,0 /273,0/ м.кв талбайтай газар эзэмших эрхийн эзэмшигчээр тус тус тогтоолгох, 2016 оны 11 дүгээр
сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ-ний үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 26,267,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,639 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС