Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,

улсын яллагч Б.Түвшинтөр,

хохирогч Б.Д,

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Э.Н-д холбогдох 2416000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, О овогт Э-н Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Э.Н нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын нутаг дэвсгэр ******** дээд талын засмал зам дээр хохирогч Б.Д-г нүүрэнд нь өшиглөж доод эрүүний баруун булангийн далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д намайг цаашаа бай гээд байсан. Тэгэхээр нь би Д-г унагаагаад эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Д-г босгож ирээд машинд суулгаад ******* зочид буудлын үүдэнд хүргэж өгөөд явсан... Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

2. Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 03  дугаар  сарын  28-ны  шөнийн  01  цагийн үед Н, Н, Н, нарын хамтаар ****** баар луу явсан баарны гадаа очоод Н бид хоёр маргалдаад байж байхад Н ирээд миний зүүн хацар луу хоёр удаа алгадаад авсан тэгэхээр би Н луу чамаас боллоо гээд уурлахад надад хандаад хоёулаа дээшээ тал дээр гарч зодолдъё гэж хэлэхээр нь бид хэд машиндаа суугаад ******** дээд талын засмал зам дээр очоод. Би Н-той барилцаж аваад газар унасан байхад Н хажуу талаас миний эрүү хэсэг рүү өшиглөсөн ... Миний эрүүний яс шүд дайрч хугарсан баруун хацар хавдартай байгаа ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/

3. Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тухайн  хоёр  хүнийг  танина  манай  найзууд.  2024 оны 03 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө би найз Э.Н-н машиныг нь бариад явж байсан... **********-ын засмал зам дээр очоод Д цуг явж байсан Н гэх хүүхэдтэй муудалцаад машинаас буусан тэгээд Н машинаас буугаад тэр хоёрыг салгаад Н, Д нар хоорондоо маргалдаад, Н, Д-г унагаагаад эрүү хэсэг рүү нь өшиглөсөн... Б.Д-н эрүү нь өвдөөд байна гээд байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

4.  Хэрэгт  ирсэн хохирогч Б.Д-н 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр авахуулсан нүүр, эрүүн хэсгийн 3 ширхэг рентген зураг.

5. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102 дугаартай “...Б.Д-н биед доод эрүүний баруун булангийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, хохирогч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт  “...Б овогтой Д миний бие өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй байх хүсэлтэй байна. Э.Н нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...”  гэх хүсэлт /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүх хуралдаанд “... 10 сая төгрөг өгсөн ... одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэв.  

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Д-н гэмтлийн гаралтай өвчний улмаас тусламж үйлчилгээ авсан 4,555,971 дөрвөн сая таван зуун тавин таван мянга есөн зуун далан нэг) төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул түүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000(долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000(долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д-т 10,000,000 (арван сая) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 2 ширхэг рентген зургийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  О овогт Э-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 700(долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Н-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.Н-с 4,555,971 (дөрвөн сая таван зуун тавин таван мянга есөн зуун далан нэг) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д-т 10,000,000 (арван сая) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 2 ширхэг рентген зургийг хэрэгт хавсаргасугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА