Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч П.Нархажид,

           шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46, 

шүүгдэгч Б.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй байсан,  ам бүл-4,  хадам эцэг, хамтран амьдрагч Сугармаа болон  03 настай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо,  Ээж хайрханы 7-р гудамжны 142 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн Боржигон овогт Баатархүүгийн Хишигсүрэнд /РД:УП 96031031/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0413 дугаартай 105/2017/0211/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ

Шүүгдэгч Б.Хишигсүрэн  нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Өсөх-2” бааранд архидан согтуурсан үедээ  иргэн Н.Даваанямаас пиво авч өгөхийг шаардан заамдан авч, нүүр лүү нь мөргөж, цээж, толгойн хэсэгт нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хишигсүрэн мэдүүлэхдээ:  Би 2017 оны 01 дүгээр сарын  15-ны орой  ажлаа тараад ажлынхаа хоёр залуутай  “Өсөх-2” бааранд орж архиууссан. Тэгээд манай тэнд  байдаг хохирогч болох  Даваанямтай  бааранд тааралдаж 5 шил пиво  аваад өг гэхэд чадахгүй гэхээр нь би мөргөж цээж  рүү  нь 2-3 удаа  цохьсон. Давааням намайг зөрүүлээд 1-2 удаа  цохьсон. Тэгээд  Даваанямтай цуг явсан залуу болон надтай цуг явсан залуучууд биднийг салгасан. Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна  гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Даваанямын:…Хишигсүрэн гэх халамцуу залуу намайг танхихгүй байна уу гэхээр нь танихгүй байна гэхэд 5 пиво аваад өгчих гэхээр  нь чадахгүй гэхэд шууд заамдан авч нүүр лүү мөргөсөн…миний цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохисон…би зөрүүлээд 1-2 удаа гараараа цохисон…шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон энэ гэмтлийг Хишигсүрэн намайг зодох үед учирсан, одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг / хх-ийн 18-19-р тал/

 Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ванданцэрэнгийн: ..2017 оны 01 дүгээр сард өдрийн санахгүй байна. 21 цагийн үед санаж байна. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцэст байдаг “Өсөх-2” бааранд аавын төрсөн ахын хүү Даваанямын хамт дөнгөж ороод сууж байхад Давааням бие засах газар орсон. Удалгүй бие засах газраас сүүлд нэрийг мэдсэн. Хишигсүрэн гэх залуутай…маргалдан зууралдаад гараад ирсэн. Тэгэхэд тэр залуутай хамт явсан 2 залуу очоод тэр  хоёрыг салгах гэхэд би хамт салгасан...Даваанямын уруул язарсан цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудаж Хишигсүрэн Алтаншагай гэх 2 залууг бариулсан…хамт явсан 2 залуу нь миний хажууд Даваанямыг зодоогүй. гэх мэдүүлэг. / хх-ийн  32-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Отгонбаатарын:..Хишигсүрэн нэг залуутай маргалдаад заамдалцан зогсож байсан..Тэгэхэд би очиж салгахад Алтаншагай хамт салгасан. Намайг очихоос өмнө тэр 2 харилцан зодолдсон байдалтай байсан…Алтаншагай бид 2 салгасан болохоос зодож цохисон зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн  ¹1621 тоот  дүгнэлтэнд :

           1.Н.Даваанямын   биед үүдэн зүүн 1,2-р шүдний сулрал, доод уруулын дотор талын шарх, духны зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт /хх-ийн 34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас  дүгнэхэд  Б. Хишигсүрэн нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  олон нийтийн  газар  хохирогч Н.Даваанямыг   пиво  авч өгөхийг  шаардаж   эрх чөлөөнд халдан  биед нь  гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан байна. Уг гэмт хэрэг нь танхайн сэдэлттэй байна.

Иймд  Б.Хишигсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” бааранд архидан согтуурсан иргэн Н.Даваанямаас пиво авч өгөхийг шаардан заамдан авч, нүүр лүү нь мөргөж, цээж, толгойн хэсэгт нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Хишигсүрэнг  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Хишигсүрэн нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 24-р тал/

Хохирогч Н.Давааням нь өөрт учирсан хохиролд 110.000 төгрөгийг хүлээн авсан шүүх хуралд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул     одоогоор төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 72-р тал/

Шүүгдэгч Б.Хишигсүрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Баатархүүгийн Хишигсүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогчийн биед  гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Баатархүүгийн Хишигсүрэнг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Хишигсүрэнд оногдуулсан  3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Б.Хишигсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Хишигсүрэнд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Хишигсүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш   14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хишигсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.АЛТАНЦЭЦЭГ