Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1430

 

МАГАДЛАЛ

 

2018.06.20                                                     Дугаар 1430                           Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01100 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Ш-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 23 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э,

Өмгөөлөгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Т нь Ш.Ш-ээс 2015 оноос 2-3 удаа бараа зээлээр авч, төлбөр тооцоогоо хийж дуусгасан. Үүнийг хариуцагч болон Б.Т өөрөө зөвшөөрдөг. Харин 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс Б.Т Ш.Ш-т бэлэн мөнгө өгч бараа захих болсон. Эхлээд 4 400 000 төгрөгийг 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын АТМ-аас шилжүүлсэн, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин 750 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5 050 000 төгрөгийг өөрийн данснаас Ш.Ш-ийн Хаан ны 5028573361 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 2016 оны 4 сараас эхэлж 10 200 000 төгрөгийг бэлнээр буюу дансаар Ш.Ш-т шилжүүлсэн. Гэвч хэдэн төгрөгийн бараа авч, өгсөн тал дээр маргадаг. Ш.Ш нь Италиас авчирсан бараанаасаа өгдөг, Т таалагдсанаа авдаг, зарим барааг буцаадаг. Гэтэл Ш.Ш буцааж авснаа хэлдэггүй, хоорондоо тооцоо байхгүй. Б.Т нь 2016 оны 4 дүгээр сард шилжүүлсэн 10 200 000 төгрөгийг Ш.Ш-ээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Т , Ш.Ш нар нь нэг ангийн найзууд учраас 2015 оны 4 дүгээр сараас бараа өгч авдаг байсан. Ш.Ш 10 200 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргахгүй. Гэхдээ 10 200 000 төгрөгийг авсныхаа дараа Итали явсан, энэ нь гадаад паспортын хуулгаар харагддаг. Б.Т Ш.Ш-т 10 200 000 төгрөгөө өгөхөөс өмнө 2 500 000 төгрөгийн өртэй байсан нь хар дэвтрээр нотлогддог. Шилжүүлсэн 10 200 000 төгрөгөөс нь 2 500 000 төгрөгөө хасч 8 500 000 төгрөгөнд нь гутал авчирч өгөхөөр болсон. Үүнд 3 800 000 төгрөгийн гутал, хүүхдийн гутал 4 ширхэг 70 000 төгрөгөөр тооцож 280 000 төгрөг, эрэгтэй гутал, цүнх зэрэг нийт 5 680 000 төгрөгийн бараа өгсөн. Мөн Б.Т ээждээ авч өгнө гэж 1 цүнх нь 250 000 төгрөгөөр тооцож 2 цүнх 500 000 төгрөгөөр, хар саарал гутал 200 000 төгрөг, хүүхдийн гутал 2 ширхгийг 440 000 төгрөг, сэвхний тос 150 000 төгрөг нийт 1 140 000 төгрөгийг бараа авсан. Ингээд барааны нийт дүн 6 820 000 төгрөг болсон. 8 500 000 төгрөгөөсөө хасч тооцоход 1 680 000 төгрөг үлдсэн. 2016 онд АСЕМ-ын чуулга уулзалтын үед Б.Т дүү Б.Т-тайгаа хоолоор үйлчлэх тендер авч хамтран ажиллахад Ш.Ш хүнсний бараа 1 270 000 төгрөгөөр авсан байдаг. Дараа нь Б.Т ээждээ 60 000 төгрөгийн сандаал, дүүдээ 40 000 төгрөгийн сандаал, утасны төлбөр 55 750 төгрөгөө төлүүлж 155 750 төгрөгийг Ш.Ш-ээс авсан. Мөн Б.Т зам тээврийн осол гаргаж 200 000 төгрөгийн гутлыг хохирогчдоо өгсөн. АСЕМ-ын үеэр тог, цахилгаан тасарчлаа гээд 600 000 төгрөг дансаар авсан. Дахин мөнгө дутлаа гээд 300 000 төгрөг, Б.Т буудлын хөлсгүй болчихлоо мөнгө гэхээр нь Ш.Ш 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Н гэж хүний данс руу 60 000 төгрөг хийсэн. Энэ бүгдийг тооцоход 8 500 000 төгрөг болж байгаа. Ингээд тооцоо нийлж тохиролцоод дараа нь хоёр талаасаа мөнгө нийлүүлж урлан ажиллуулсан. Одоо өгөх төлбөргүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ш 17 650 000 төгрөг, Б.Т 10 600 000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийж урлан ажиллуулж, Б хийцийн иж бүрэн эмээл хоёр, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, ташуур хоёр ширхэг зэргийг хийлгэсэн. Нэг эмээлээ Швед улс руу хүнд заруулахаар явуулсан. Мөнгөн аяга ташуур нь байгаа. Нэг эмээлийг нь Б.Т н.Н гэж хүнд 37 000 000 төгрөгөөр зарж, 37 000 000 төгрөгдөө газар авсан байгаа. Тэгэхээр урланд 70, 30 хувийн хөрөнгө оруулалт орж байгаа учраас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ашгаа хувааж авах ёстой. Иймд эмээлийн ашгаа авахаар тооцож 23 400 000 төгрөгийг Б.Т-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Урлан ажиллуулахаар гаргасан мөнгөний хэмжээнд маргахгүй. Газрыг Э Т  ХХК, О Г И  ХХК-ний хооронд шилжүүлэх гэрээ хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Ш-ээс 4 550 445 төгрөг гаргуулж Б.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 649 555 төгрөгийн нэхэмжлэл болон Б.Т гаас 24 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ш.Ш-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 662 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ш-ээс 87 757 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс хариуцагч талын гаргаж өгсөн 2 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл шүүх хаана, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй тэмдэглэлийн дэвтрийг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авггчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж тус тус заасан байдаг ба нэхэмжлэгч Б.Т д барааг хүлээлгэн өгсөн талаархи баримт хэрэгт огт байдаггүй. Шүүх шүүхийн шийдвэрийнхээ агуулгыг тайлбарлаж өгөхдөө тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхээс өөр ямар ч арга байхгүй гэж үзэж, зөвхөн тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн зүйл үнэн байх магадлалтай мэтээр хэт нэг талыг барьж, дээрхи хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч Б.Т-ийн өорийнх нь данс руу     10 200 000 төгрөг Итали руу бараа захиж шилжүүлсэн тал дээр маргах зүйлгүй харин Италиас ирээд захисан барааг нь өгсөн талаар л маргасан. Иймээс энэ барааг аваад явж байсан талаар гэрчлэх гэрч А.А-г асуулгаж мэдүүлэг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ба түүнийг шүүх хангасан захирамж гарган гэрчийг асуух болсон. 2018 оны 03 сарын 22-ний өдөр шүүх хуралдаанд гэрчийг ирсэн байхад шүүгч гэнэт гэрчид хариуцагч Ш  үг зааж өгсөн гэсэн хийсвэр дүгнэлтээр тэр өдөр хийх шүүх хуралдаанаа хийлгүйгээр урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосон нь ойлгомжгүй байгаагаас маргах үндэслэл болж байна. Иймээс гэрч А.А асууж мэдуүлэг аваагүйн улмаас хэргийн бодит байдлыг тогтоож чадахгүй болсны улмаас хэт нэг талыг баримтлан гарсан байх тул хянуулахаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн дээрхи шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдыг мэтгэлцэх нөхцлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ш.Ш-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээний үүрэгт 23 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь А.А, Д.Д, н.О, н.Т  нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/04226 тоот захирамжаар хангасан боловч “...хариуцагч Ш.Ш нь гэрч н.Т, н.О нарт үг зааж мэдүүлэг өгүүлэх нөхцөл байдал үүссэн...” гэж хуульд заагаагүй үндэслэлээр дээрх захирамжийн холбогдох хэсгийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2018/04571 тоот захирамжаар хүчингүй болгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Шүүх хариуцагчийн хүсэлтийг хангасан захирамжийн н.О, н.Т нараас гэрчийн мэдүүлэг авах гэснийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь уг захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

Гэтэл шүүх хуульд заасан гомдол гаргах хугацааны дотор буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дээрх байдлаар зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчдын давж заалдах гомдлоор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйг  дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 87 757 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                                                            М.НАРАНЦЭЦЭГ