| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0202/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
2024 05 08 2024/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-т холбогдох эрүүгийн 2325004110199 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
С.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Д нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр буюу хохирогч Д.Е-тай маргалдаж, толгойн тус газарт нь ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь баруун чамархайд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоот гэртээ эхнэр Д.Е-тай маргалдаж, улмаар зодох гэж дайрах үед нь салгах гэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхэд Д.Н-н нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ “Гэм буруугтай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр хүүхдээ дахиж зодоогүй” гэв.
Хохирогч Д.Е , Д.Н нар шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл. /хх-ийн 15-16 дахь тал/
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний тэмдэглэл. /хх-ийн 19-25 дахь тал/
3. СD хуурцганд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 27-30 дахь тал/
4. Хохирогч Д.Е гийн “2023 оны 08 дугаар сарын 08-аас 09-нийг шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг * тоотод унтаж байгаад үүрээр 04 цаг 30 минутын орчимд би сэрсэн чинь манай нөхөр хажууд байхгүй байсан. Би өглөө босоод бие засах гээд нойл орсон. Тэгсэн гэртээ орох гэтэл манай нөхөр Д машин дотроо гар утсаар ярьчихсан сууж байхаар нь би хаалгыг нь татаад унтаач, хэнтэй утсаар яриад байгаа юм гэхэд гар утсаа машин дотор шидчихээд гэртээ орчихсон. Би араас нь явж байгаад эргээд энэ ер нь хэнтэй ярьсан юм бол гээд гар утсыг нь аваад гэртээ ороод үзэх гэтэл урдаас зодох гэж дайрсан. Тэр үед манай хүү Н унтаж байгаад босож ирээд намайг хамгаалах гэж урдуур ороод хамраа цохиулсан. Тэгээд би хүүгээ өмөөрөөд бөөн хэрүүл маргаан болсон. Манай нөхөр Д хутга бариад намайг ална, шудна гэж дайрсан. Зурагт авч шидээд эвдсэн. Хүүгээ хүртэл золбин гөлөг би чамайг тэжээх албагүй 18 нас хүрчихээд гэж хэлсэн. Хүү бид хоёрыг пиздаа нар зайлаарай гээд байсан... Манай нөхөр Д намайг 2023 оны 03 сарын 18-ны шөнө согтуу орж ирээд ширээн дээр байсан ус буцалгагчаар толгой руу цохиж толгой хагалсан. Зүүн хөмсгийг манай нөхөр Д 2010 онд согтуу орж ирээд таксины мөнгө өгсөнгүй гэж уурлаад модон авдрын таг авч шидээд би оёдол тавиулж байсан. Манай нөхөр Д 2013 онд эрүүл дээ зодох гэж хөөж байхад нь би машин тойрч гүйж байгаад халтирч унаад баруун гарын шуугаа хугалж байсан. Зүүн шууг 2007 онд айлын найранд яваад согтуу ирэхээр нь би унт гэж хэлсний төлөө намайг газар унагааж байгаад гаран дээр дэвсэж хугалсан. Зүүн түнх рүү өшиглөснөөс болж аймар өвдөж гишгэхэд зовуурьтай байж байгаад 2007 ондоо хэвтэр орж байсан. Энэ үед хөдөө мал малладаг байсан болохоор би тоодоггүй байсан. Надад баримт байхгүй ч би мөнгө төгрөг нэхэмжилнэ. Учир нь энэ хүн миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Гэхдээ надад үзүүлж харуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37, 39 дүгээр хуудас/
5. Хохирогч Д.Н-н “2023 оны 08 сарын 08-ны өдөр манай төрсөн эгч Б нь хотоос гэр бүлийн хамт ирсэн байсан. Тэгээд манай эгч Б гийн найз эмэгтэй гэр бүлийн хамт ирсэн байсан. Тэгсэн манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой нь 00 цагийн үед манай аав С.Д нь ажлаасаа буугаад ирсэн. Тэгээд цуг уусан. Үүрээр 04 цагийн үед бүгд унтаж амрах үед аав С.Д ээж Д.Е нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Ээжийг зодох гээд дайрах үед би өмөөрсөн. Тэгсэн ээжийг барьж авах гээд дайрах үед дундуур нь орсон. Тэгээд аавтай ноцолдох үед хамраа цохиулаад цус гарсан. Энэ үйл явдлыг манай эгч найзынх нь гэр бүл, ээж бүгд харсан. Тухайн үед цагдаа нар ирж аав, эгч, хүргэн ах нарын хамт цагдаа руу явсан. Ээжийг өмөөрснөөс болж аав надад уурлаж бид хоёр маргалдсан. Тэр үед би тайвшрах гээд гарсан. Эргээд орж ирэхэд гал тогооны хэсэгт зогсож байснаа аав миний хамар луу гараараа нэг удаа аймар цохиж авсан. Цус шууд гараад ирсэн. Миний биед аав анх удаагаа халдаж цохиж авсан. Ээжийг намайг байхгүй үед 2023 оны 03 сарын 18-ны өдөр ус буцалгагчаар цохиж толгойг нь хагалсан байсан. Намайг бага байхад гарын хугалж байсан гэж сонсож байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-47 дугаар хуудас/
6. Гэрч Г.Д-н “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би цагдаагийн байгууллагад төрсөн охин Д.Е г гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар гомдол гаргасан. Учир нь гэвэл 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр болох Д ус буцалгагчаар толгой руу нь цохиж хагалсан байсныг ажлын газрын хоёр хүн хараад салгасан байсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хутга гаргаж ирээд ална шудна гэж гэр орноос нь хөөсөн байсан. Тэрийг хараад зээ хүү маань салгах гэж байгаад аавдаа хамар луугаа цохиулаад гэмтсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар хуудас/
7. Гэрч Б гийн “Д.Е нь манай ээж, Д нь манай ээжтэй намайг бага байхад суусан нөхөр нь байгаа юм, одоо тусдаа амьдарч байгаа байх. Би жилд нэг удаа очиж уулздаг, хоёулаа Орхон аймагт амьдардаг. Гэрлэлтийн баталгаатай эсэхийг мэдэхгүй байна, дундаасаа 19 настай нэг хүүтэй, хүү нь ээжтэй хамт амьдардаг. 2023 оны 08-р сард би Орхон аймагт ээжийн гэрт очсон, шөнө унтаж байхад сэрээрэй гээд бөөн хэрүүл зодоон болчихсон байсан. Хойд аав Д согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гэрт агсам тавиад хамаг юмаа аваад шидчихсэн байсан. Д ээж руу ус буцалгагч авч шидээд тэр нь манай нөхөр М-г оносон гэж надад хэлсэн. Ээжийн нүд нь хавдчихсан уйлаад Д т цохиулсан гэж хэлж байсан. Тэр үед манай дүү Н бид нарын байсан байшингаас тусдаа урд гэрт амарч байсан, намайг сэрэхэд манай дүү урд гэрээс орж ирсэн. Д ээж руу дайраад, ээж урдаас нь дайраад танд хөл толгой нь олдохгүй хэрүүл бужигнаан болсон. Хойд аав ээж руу дайраад байхаар нь манай дүү Н урдуур нь ороод салгах гэж оролдож байсан бөгөөд би гадаа гараад Д тай явалдаж байгаад баригдсан гэх эмэгтэйтэй нь утсаар яриад эргээд орж ирэхэд манай дүү Н н хамраас нь цус гараад, аймар хавдаад мурийсан байсан. Яасан юм гэхэд аав цохчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 53-54 дэх тал/
8. Шинжээч эмч Э.Б-н “Е-н биед баруун чамархай, баруун шуу, зүүн хөмсөгт сорви гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг. /хх-ийн 57 дахь тал/
9. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 1016 дугаартай “Д.Е гийн биед баруун чамархай, Баруун шуу, зүүн хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэзээ үүсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 67-70 дахь тал/
10. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 1015 дугаартай “Д.Н-н биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үйсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэзээ үүсгэсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацааг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 76-78 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр буюу хохирогч Д.Е-тай гэр бүлийн шалтгаант хэрүүл, маргаанаас үүдэлтэйгээр толгойн тус газарт нь ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь баруун чамархайд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоот гэртээ эхнэр Д.Е-тай гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар зодох гэж дайрах үед нь салгах гэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхэд Д.Н-н нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний тэмдэглэл, СD хуурцганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Е гийн “манай хүү Н унтаж байгаад босож ирээд намайг хамгаалах гэж урдуур ороод хамраа цохиулсан. Манай нөхөр Д хутга бариад намайг ална, шудна гэж дайрсан. Зурагт авч шидээд эвдсэн. Манай нөхөр Д намайг 2023 оны 03 сарын 18-ны шөнө согтуу орж ирээд ширээн дээр байсан ус буцалгагчаар толгой руу цохиж толгой хагалсан. Зүүн хөмсгийг манай нөхөр Д 2010 онд согтуу орж ирээд таксины мөнгө өгсөнгүй гэж уурлаад модон авдрын таг авч шидээд би оёдол тавиулж байсан. Манай нөхөр Д 2013 онд эрүүлдээ зодох гэж хөөж байхад нь би машин тойрч гүйж байгаад халтирч унаад баруун гарын шуугаа хугалж байсан. Зүүн шууг 2007 онд айлын найранд яваад согтуу ирэхээр нь би унт гэж хэлсний төлөө намайг газар унагааж байгаад гаран дээр дэвсэж хугалсан. Зүүн түнх рүү өшиглөснөөс болж аймар өвдөж гишгэхэд зовуурьтай байж байгаад 2007 ондоо хэвтэр орж байсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Н-н “Ээжийг зодох гээд дайрах үед би өмөөрсөн. Тэгсэн ээжийг барьж авах гээд дайрах үед дундуур нь орсон. Тэгээд аавтай ноцолдох үед хамраа цохиулаад цус гарсан, аав миний хамар луу гараараа нэг удаа аймар цохиж авсан. Ээжийг намайг байхгүй үед 2023 оны 03 сарын 18-ны өдөр ус буцалгагчаар цохиж толгойг нь хагалсан байсан. Намайг бага байхад гарын хугалж байсан гэж сонсож байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Д-н “2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр болох Д ус буцалгагчаар толгой руу нь цохиж хагалсан байсныг ажлын газрын хоёр хүн хараад салгасан байсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хутга гаргаж ирээд ална шудна гэж гэр орноос нь хөөсөн байсан. Тэрийг хараад зээ хүү маань салгах гэж байгаад аавдаа хамар луугаа цохиулаад гэмтсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Б гийн “Д ээж руу ус буцалгагч авч шидээд тэр нь манай нөхөр М-г оносон гэж надад хэлсэн. Ээжийн нүд нь хавдчихсан уйлаад Д т цохиулсан гэж хэлж байсан. Хойд аав ээж руу дайраад байхаар нь манай дүү Н урдуур нь ороод салгах гэж оролдож байсан бөгөөд би гадаа гараад Д тай явалдаж байгаад баригдсан гэх эмэгтэйтэй нь утсаар яриад эргээд орж ирэхэд манай дүү Н н хамраас нь цус гараад, аймар хавдаад мурийсан байсан. Яасан юм гэхэд аав цохчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, шинжээч эмч Э.Б-н “Е-н биед баруун чамархай, баруун шуу, зүүн хөмсөгт сорви гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 1016 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 15-ныөдрийн 1015 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Д нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Д.Е гийн толгойн тус газарт нь ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь баруун чамархайд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоот гэртээ эхнэр Д.Е-тай зодох гэж дайрах үед нь салгах гэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхэд Д.Н-н нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, хүүгээ зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Е гийн эрүүл мэндэд нь баруун чамархайд сорви бүхий хөнгөн хохирол, хохирогч Д.Н-н эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 5 /тав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС