Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

 2024      04          10                                          2024/ШЦТ/157

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Т,

өсвөр насны шүүгдэгч С.Н, хууль ёсны төлөөлөгч А.С, тэдний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч С.Н-д холбогдох эрүүгийн 24250000**** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

С.Н,

Өсвөр насны шүүгдэгч С.Н нь;

2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 16-17 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн **-**тоотод хохирогч М.С-тай “угаасан цүнх орны араар хийсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хогийн шүүрний хуванцар тосгуураар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

өсвөр насны шүүгдэгч С.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.   

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.С “...ийм зүйл болсон явдалд харамсаж байна. Би охиноо өөр дээрээ авч өсгөхөөр хувцасыг нь машиндаа хийчихсэн явж байна, одоо шүүх хуралдаан дуусангуут охиноо аваад Улаанбаатар явлаа. Би С-д “эмчилгээндээ зарцуулаарай” гээд 2.500.000 төгрөг өгсөн, хөнгөн ял өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч М.С-гийн “...2024 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ээжийн төрсөн дүүгийн охин Н, найз залуу Мөнхбат нарын хамт гэрээ цэвэрлэж, хувцасаа угаасан. Өдөр 16-17 цагийн хооронд санагдаж байна, найз залуугийн хамт дэлгүүр явах гээд угаасан цүнхээ хайсан чинь ил харагдахгүй байсан, үеэл дүүгээсээ “угаасан цүнх хаана байна” гэж асуухад Н “таны хаана юу тавьсан гэдгийг би яаж мэддэг юм, гэрээ цэвэрлэж чадахгүй янхан, арчаагүй янхан” гэж доромжлохоор нь би уурлаж “намайг хаана янхандаж байхыг харсан юм, наад аягаа угаахаа болиод манай гэрээс зайл” гэж хэлтэл Н дуугүй болчихсон. ...найз залуу М-ын хамт дэлгүүр явъя гээд байж байтал Н хогийн шүүрний хуванцар тосгуураар миний нүүр рүү нэг удаа цохиж, сандлаас түлхэж газар унагасан, дараа нь надад “би чамайг олон жил тэвчиж байгаа шүү, битгий давраад байгаарай” гэж хэлсэн. ...нүүр рүүгээ цохиулсны дараа миний баруун нүд нээгдэхгүй маш их өвдсөн, баруун хөмсөг сэтэрч цус гоожсон, хамар мурийж хавдсан. Дүү Н болон түүний аав С нар уучлалт гуйсан, “эмчилгээндээ зарцуулаарай” гээд 2.500.000 төгрөг өгсөн, цаашид гаргах гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 12 дахь тал/,

гэрч Ч.М-ын “...Өдөр 16-17 цагийн хооронд С хувцасаа угааж дууссан ба бид хамт дэлгүүр гарах гэж байхад С өөрийнх нь угаасан цүнх хатаагч дээр байхгүй байхыг хараад Нос асуухад “мэдэхгүй, би чиний цүнхийг хараагүй” гэсэн утгатай зүйл хэлсэн, үүний дараа Н, С хоёр угаасан цүнхээ хайсан ба С цүнхээ орны араас өөрөө олоод Н-д “яагаад угаасан юм ийшээ хийчихсэн юм” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тэр хоёрыг хэрэлдэж байхад яг гол хавьцаа нь хогны тосгуур байсан ба Н орон дээрээс босож ирээд урдаа байсан хогны тосгуурыг авч С-гийн нүүр рүү хүчтэй шидсэн, гэтэл уг тосгуур С-гийн нүүрийг онож ойгоод миний урд газар унасан. С нүүр рүүгээ хогийн тосгуураар цохиулаад сандал дээрээ хоёр гараараа нүүрээ дарж уйлж эхэлсэн, Н С-гийн дэргэд очиж сандал дээрээс түлхэж унагаасан. ...Сгийн нүүрийг харах гэтэл ард зогсож байсан Н, С-д “давраад байгаарай, зөндөө удаан тэсэж байгаа шүү” гэж хэлсэн, С нүүрээ хоёр гараараа дарчихаад уйлаад байхаар нь гарыг нь татаж харах гэтэл аль талын хөмсөг гэдгийг нь санахгүй байна сэтэрчихсэн цус гоожиж байсан, бас зүүн талын нүд болон ойр орчим нь маш хурдан хавдчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

гэрч А.М-ын “...2024 оны 2 дугаар сарын 17-ны орой 17-18 цагийн орчим төрсөн охин С над руу залгаж “ээжээ, Солонгоо миний нүдийг сохолчихлоо” гээд уйлаад байсан, гэр рүүгээ ортол охин С хоёр гараараа нүүрээ дараад уйлж байсан ба хувцас хунар, гар, нүүр зэрэг нь цус болсон байсан, Сгийн ойролцоо Н зогсчихоод “би С аниагийн нүдийг сохолчихсон, яана аа” гээд гар нь салганаад зогсож байсан. Тэгэхээр нь би Нд “та нар нэг нэгнийгээ алах нь уу” гэж хэлээд Сгийн нүүрийг хартал битүү хавдчихсан, дүүрэн цус болсон байсан. Үүний дараа С, Н хоёрыг дагуулаад эмнэлэг орж үзүүлтэл миний охины “баруун хөмсөг сэтэрсэн, хамар хугарсан, зүүн нүд нь юм харахгүй хавдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

иргэний хариуцагч А.С-ын “...Г.Н бол миний төрсөн охин байгаа юм, Нарансолонгийн ээж Ариунаатай олон жилийн өмнө хамт амьдарч байгаад салсан, одоо охин Н болон сүүлд суусан эхнэр С-д, хүүхдүүд нарын хамт амьдардаг. Охин Н ихэвчлэн Орхон аймагт миний төрсөн эгч Мягмаржаргалын гэрт амьдардаг, зан байдлын хувьд гайгүй, хүний өөдөөс аймар уурлаж, хараалын үг хэлдэггүй, ...янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй. Би өөрийн төрсөн эгч М-ын охин С-тай уулзаж охиныхоо өмнөөс уучлалт гуйсан, “эмчилгээндээ зарцуулаарай” гэж хэлээд 2.500.000 төгрөг өгсөн, эгч, дүүсийн хүүхдүүдийн дунд ийм зүйл болсон явдалд харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

өсвөр насны яллагдагч С.Н-ын “...Тухайн өдрийн өглөө найзынхаа гэрт хоночихоод М эгчийн гэрт очсон, намайг очих үед С, М хоёр байсан. Өдөр хувцасаа угааж дуусчихаад байж байтал С эгч “миний угаасан цүнх хаана байна” гэж асуухаар нь “мэдэхгүй байна, наад өрөөнд чинь байгаа байх” гэж хариулсан, хэсэг хугацааны дараа би С эгчийн ягаан өнгийн цүнхийг жижиг өрөөний орны араас олж өгсөн. Үүний дараа С эгч намайг “угаасан цүнхийг орны араар хийсэн” гээд уурлаад, доромжлоод байхаар нь би буйдан дээр сууж байхдаа урдаа байсан саарал өнгийн хогны тосгуурыг авч үүд рүү шидсэн, гэтэл миний шидсэн хогны тосгуурт С эгч оногдчихсон. Би С эгчид гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна, харамсаж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 248 дугаартай; “...М.С-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацааанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

хохирогч М.С-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

С.Н-ын насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,

хохирогч М.С-гийн “...С.Н-с эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг авсан, цаашид гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд гэрч нараас, хохирогчоос, насанд хүрээгүй С.Н-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 16-17 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн **-**тоотод хохирогч М.С-тай “угаасан цүнх орны араар хийсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хогийн шүүрний хуванцар тосгуураар түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн өсвөр насны шүүгдэгч С.Н-ын “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,    

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогчийн “...Н хогийн шүүрний хуванцар тосгуураар миний нүүр рүү нэг удаа цохиж, сандлаас түлхэж газар унагасан, ...нүүр рүүгээ цохиулсны дараа миний баруун нүд нээгдэхгүй маш их өвдсөн, баруун хөмсөг сэтэрч цус гоожсон, хамар мурийж хавдсан.” гэх,    

гэрч Ч.М-ын “...Н орон дээрээс босож ирээд урдаа байсан хогны тосгуурыг авч Сгийн нүүр рүү хүчтэй шидсэн, гэтэл уг тосгуур С-гийн нүүрийг онож ойгоод миний урд газар унасан. ...Н С-гийн дэргэд очиж сандал дээрээс түлхэж унагаасан. ...С нүүрээ хоёр гараараа дарчихаад уйлаад байхаар нь гарыг нь татаж харах гэтэл аль талын хөмсөг гэдгийг нь санахгүй байна сэтэрчихсэн цус гоожиж байсан, бас зүүн талын нүд болон ойр орчим нь маш хурдан хавдчихсан.” гэх,    

гэрч А.М-ын “...гэр рүүгээ ортол охин С хоёр гараараа нүүрээ дараад уйлж байсан ба хувцас хунар, гар, нүүр зэрэг нь цус болсон байсан, Сгийн ойролцоо Н зогсчихоод “би С аниагийн нүдийг сохолчихсон, яана аа” гээд гар нь салганаад зогсож байсан. ...эмнэлэг орж үзүүлтэл миний охины “баруун хөмсөг сэтэрсэн, хамар хугарсан, зүүн нүд нь юм харахгүй хавдсан байсан.” гэх,    

иргэний хариуцагч А.С-ын “...С-тай уулзаж охиныхоо өмнөөс уучлалт гуйсан, “эмчилгээндээ зарцуулаарай” гэж хэлээд 2.500.000 төгрөг өгсөн.” гэх,    

өсвөр насны яллагдагч С.Н-ын “...би буйдан дээр сууж байхдаа урдаа байсан саарал өнгийн хогны тосгуурыг авч үүд рүү шидсэн, гэтэл миний шидсэн хогны тосгуурт С эгч оногдчихсон. Би С эгчид гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна, харамсаж байна.” гэх мэдүүлгүүдээр,     

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 248 дугаартай, “...М.С-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,  хохирогч М.С-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Өсвөр насны шүүгдэгч С.Н-ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь тухайн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул  шүүх өсвөр насны шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх;

өсвөр насны шүүгдэгч С.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэдий боловч түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “...хохирогч насанд хүрсэн, харин шүгдэгч нь 16 настай, эцэг, эхийн хараа хяналт сул, сурч боловсрох эрх нь хязгаарлагдсан, энэ айлд сүүлийн дөрвөн жил амьдарч “зайл” гэж хэлүүлэх хүртэл байдалд хүргэсэн томчуудын шалтгаанаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 2.500.000 төгрөг төлсөн, мөн хохирогчийн “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн боловч нийгэмд учруулсан хор уршиг нь ялимгүй шинжтэй, мөн хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон тухайн хүний зан байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг шалтгаанууд эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэл болдог.

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзахыг өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхыг ойлгох бол ялаас чөлөөлөх гэдгийг шүүхийн шийдвэр гарч, ял оногдуулсны дараа буюу ял шийтгүүлсэн этгээдийн /ялтан/ шүүхээс оногдуулсан ялыг эдлүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгааг, эсхүл эдэлж байгаа ялаас хугацаанаас өмнө чөлөөлөхийг ойлгоно.

Ялаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь өөр өөр ойлголтууд бөгөөд хэлбэр, агуулга, үр дүнгээрээ ялгаатай юм. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж хуульчилсан байна.

Өсвөр насны шүүгдэгч С.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүйгээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүх хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах шаадлагагүй гэж дүгнээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд хэрэв шүүгдэгч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байсан бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах нь зөв юм.

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч С.Н-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдал, хохирогчийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогч М.С-гийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 2.500.000 төгрөг нөхөн төлсөн байдал, өөрийн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаа байдал, түүний нас биеийн болон сэтгэцийн онцлог, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзав.

Шүүх өсвөр насны шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч М.С-гийн “...дүү Н болон түүний аав С нар уучлалт гуйсан, “эмчилгээндээ зарцуулаарай” гээд 2.500.000 төгрөг өгсөн, цаашид гаргах гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 12 дахь талд,

иргэний хариуцагч А.С-ын “...Би өөрийн төрсөн эгч М-ын охин С-тай уулзаж охиныхоо өмнөөс уучлалт гуйсан, “эмчилгээндээ зарцуулаарай” гэж хэлээд 2.500.000 төгрөг өгсөн.” гэсэн хавтаст хэргийн 26 дахь талд авагдсан тус тус авагдсан мэдүүлгүүдийг,

мөн хохирогч М.С-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Нос эмчилгээний 2.500.000 төгрөг авсан. Цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч С.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Н-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ