| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
2024 04 24 2024/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
өсвөр насны шүүгдэгч Э.И, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э, тэдний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Э.И-д холбогдох эрүүгийн 222500******* дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Э.И,
өсвөр насны шүүгдэгч Э.И нь;
насанд хүрээгүй С.У, Г.С нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 21.00 цагаас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 07.30 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум ***** багийн нутагт үйл ажиллагаа явуулах хохирогч М.Эын эзэмшлийн “coffee shop” /кофе шоп/-ийн цонхыг хагалан нэвтэрч, 2л том ундаа 11 ширхэг, 1.5л “Гоё” жүүс 3 ширхэг, 0.5л кока кола ундаа 6 ширхэг, ADE сироп 2 ширхэг, ясны шөлтэй бэлэн гоймон 11 ширхэг, хатаасан жимс 2 ширхэг, сүү 3л, кейк 6 ширхэг, сендвич 2 ширхэг, шоколад 4 ширхэг, боодолтой бохь /15 ширхэгтэй/ 1 хайрцаг, жижиг контик 4 ширхэг зэрэг 571.400 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
өсвөр насны шүүгдэгч Э.И “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
хууль ёсны төлөөлөгч Ш.Э “...Э.И нь 2013 онд осолд ороод удаан хугацаагаар асаргаанд байсан болохоор үеийнхээ хүүхдүүдээс хоцрогдолтой байдаг, ээж, аавгүй болохоор эрхлүүлж өсгөсөн нь миний буруу болсон байна. Цаашид хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах тул миний хараа хяналтанд байлгаж өгөөч.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч М.Э-ын “...Би 2022 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 07.30 цагийн үед өөрийн эзэмшлийн “coffee shop”-оо нээхээр ирэхэд баруун талын цонхыг хагалж, дотроос нь бэлэн гоймон 13 ширхэг, лаазтай ундаа 8-9 ширхэг, 0.5л хуванцар савтай ундаа 3-4 ширхэг, 2л хэмжээтэй том ундаа 11 ширхэг, “паприка” чипс 7 ширхэг, пирог 1 ширхэг, сэндвич 2 ширхэг, шар өнгийн цаастай шоклад 4 ширхэг, 1 хайрцагтай бохь, резин чихэр 5-6 ширхэг, иштэй чихэр 7-8 ширхэг, үлээдэг бохь 7-8 ширхэг, 1л цэвэр сүү 2 сав, хөргөгчинд байсан резин савтай 2 чихэр, 1.2л “Гоё” жүүс 2 ширхэг, кекс 8 ширхэг, шилтэй сироп 2 ширхэг, 0.33л ундаа 5-6 ширхэг зэрэг эд зүйл алга болсон тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
өсвөр насны сэжигтэн С.У-ын “...Э.И, Г.С бид гурав Г.С-ын гэрийн ойролцоох сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад горд руу алхаад явж байтал замын хажуу талд кофены газар байсан, тухайн газар луу орох уу гэж хоорондоо ярилцаад, цонхыг нь хагалж дотор нь ороод, чипс, бэлэн гоймон, ундаа, сэндвич талх, резинэн чихэр зэрэг идэх юм авсан, ...уг газраас гараад бид гурав авсан юмнуудаа хувааж аваад өөрсдийн гэр лүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
өсвөр насны сэжигтэн Г.С-ын “...Э.И, С.У бид гурав манай гэрийн ойролцоох сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад горд руу алхаад явж байтал замын хажуу талд кофены газар байсан, цонхоор нь харсан чинь дотор нь хүнгүй байхаар нь цонхыг нь хагалж дотор нь ороод бэлэн гоймон, ундаа, сэндвич талх, гүзээлзгэнэтэй нэг идэх юм авсан, ...дандаа идэх юмнууд аваад уг газраас гараад бид гурав авсан юмнуудаа хувааж аваад гэр лүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
өсвөр насны сэжигтэн, яллагдагч Э.И-ийн “...цаг хугацааг нь санахгүй байна, ***** багт найз С-ын гэрт С, У нарын хамт байсан, орой С, У хоёртой хамт гарч яваад цэцэрлэгт хүрээлэн орчихоод горд руу алхаж байсан чинь С “энэ газар луу орж тонох уу” гэж У бид хоёроос асуухаар нь бид хоёр “тэгье” гэж хэлсэн. С кофены газрын цонхыг чулуугаар хагалж, эхлээд С орсон, дараа нь У ороод, араас нь би ороход хөргөгчинд ундаа байсан, тавиур дээр чипснүүд, дээд талд нь гоймон байсан. Ингээд миний өмсөж явсан хүрмэнд ундаа, гоймон, чипс, зэрэг эд зүйлсийг хийж буцаж гараад цэцэрлэгт хүрээлэнгийн ардуур явж байгаад гудамж руу ороод авсан эд зүйлсийг хувааж авсан. ...гэртээ очоод гэрийнхээ гадна талд авсан зүйлээ нуугаад гэртээ орсон. ...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101, 151-152 дахь тал/,
хохирогч М.Э-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах “coffee shop”-д хулгай орж, эд зүйл алдагдсан.” гэх гомдлыг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 07.50 цагт тус аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,
хэргийн газар болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах “coffee shop”-д үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-21, 22-23 дахь тал/,
“Бейкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 02/02-54 дугаартай; “...2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрах “coffee shop”-д хулгай орж хагарч, алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээ 571.400 төгрөг.” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 39-46 дахь тал/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Нарантунгалаг, Б.Золзаяа, М.Алтан-Од нарын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай; “1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 8, 11 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд тэнцэж буй 1, 9 дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд MN003020001897 дугаараар бүртгэгдсэн, Э.И-ийн зүүн гарын ядам хурууны дардастай, 2, 10 дугаартай гарын мөрүүд Э.Иийн зүүн гарын дунд хурууны дардастай, 3, 5 дугаартай гарын мөрүүд Э.И-ийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 68-71, 72-85 дахь тал/,
хохирогч М.Эын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “...миний эзэмшлийн “coffee shop”-д хулгай орсон байсан. Хэргийн холбогдогч Э.И-ийн ар гэрээс хохирлын мөнгө болох 199.000 төгрөгийг надад өгсөн нь үнэн болно.” гэсэн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 187 дахь тал/,
өсвөр насны Г.С-ыг “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 180-181 дэх тал/,
өсвөр насны С.У-ыг “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
өсвөр насны шүүгдэгч Э.И-ийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 105 дахь тал/,
нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 113 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, өсвөр насны Э.И-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
өсвөр насны шүүгдэгч Э.И нь насанд хүрээгүй С.У, Г.С нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 21.00 цагаас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 07.30 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум ***** багийн нутагт үйл ажиллагаа явуулах хохирогч М.Э-ын эзэмшлийн “coffee shop” /кофе шоп/-ийн цонхыг хагалан нэвтэрч, 2л том ундаа 11 ширхэг, 1.5л “Гоё” жүүс 3 ширхэг, 0.5л кока кола ундаа 6 ширхэг, ADE сироп 2 ширхэг, ясны шөлтэй бэлэн гоймон 11 ширхэг, хатаасан жимс 2 ширхэг, сүү 3л, кейк 6 ширхэг, сендвич 2 ширхэг, шоколад 4 ширхэг, боодолтой бохь /15 ширхэгтэй/ 1 хайрцаг, жижиг контик 4 ширхэг зэрэг 571.400 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч М.Э-ын “...Би 2022 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 07.30 цагийн үед өөрийн эзэмшлийн “coffee shop”-оо нээхээр ирэхэд баруун талын цонхыг хагалж, дотроос нь...эд зүйл алга болсон тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэх,
өсвөр насны сэжигтэн С.Уын “...Э.И, Г.С бид гурав... цонхыг нь хагалж дотор нь ороод, чипс, бэлэн гоймон, ундаа, сэндвич талх, резинэн чихэр зэрэг идэх юм авсан.” гэх,
өсвөр насны сэжигтэн Г.Сын “...Э.И, С.У бид гурав... цонхыг нь хагалж дотор нь ороод бэлэн гоймон, ундаа, сэндвич талх, гүзээлзгэнэтэй нэг идэх юм авсан.” гэх,
өсвөр насны сэжигтэн, яллагдагч Э.И-ийн “...кофены газрын цонхыг чулуугаар хагалж, эхлээд С орсон, дараа нь У ороод, араас нь би ороход хөргөгчинд ундаа байсан, тавиур дээр чипснүүд, дээд талд нь гоймон байсан. Ингээд миний өмсөж явсан хүрмэнд ундаа, гоймон, чипс, зэрэг эд зүйлсийг хийж буцаж гараад цэцэрлэгт хүрээлэнгийн ардуур явж байгаад гудамж руу ороод авсан эд зүйлсийг хувааж авсан.” гэх мэдүүлгүүдээр, мөн
хохирогч М.Э-ын гомдлыг Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах “coffee shop”-д үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Бейкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 02/02-54 дугаартай; “...нийт үнэлгээ 571.400 төгрөг.” гэх үнэлгээний тайлан,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Нарантунгалаг, Б.Золзаяа, М.Алтан-Од нарын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай; “...Шинжилгээнд тэнцэж буй 1, 9 дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд MN003020001897 дугаараар бүртгэгдсэн, Э.Иийн зүүн гарын ядам хурууны дардастай, 2, 10 дугаартай гарын мөрүүд Э.И-ийн зүүн гарын дунд хурууны дардастай, 3, 5 дугаартай гарын мөрүүд Э.И-ийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна өсвөр насны шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох тул өсвөр насны шүүгдэгч Э.Иийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг хангана.
Өсвөр насны шүүгдэгч Э.И-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч нь өсвөр насны Г.С, С.У нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх ба өсвөр насны Г.С, С.У нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй болох нь баримтаар тогтоогдсон тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1, 2 дугаартай тогтоолууд үндэслэл бүхий байна.
Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Э.И-ийг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
өсвөр насны шүүгдэгч Э.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх өсвөр насны шүүгдэгч Э.И-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг жил хорих ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч “...биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, 17 настай зэргийг нь харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,
2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж,
3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж,
мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж,
2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.” гэж,
3 дахь хэсэгт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.” гэж,
4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно.” гэж тус тус заажээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч М.Э-д 571.400 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан шинж чанар, өөрөө 17 настай болон өндөр настай эмээгийн хамт ам бүл хоёулаа амьдардаг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч,
уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хариуцуулж,
өсвөр насны шүүгдэгч Э.И-ийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Ш.Э-т даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг нэг жилийн хугацаанд хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч М.Э-ын “...миний эзэмшлийн “coffee shop”-д хулгай орсон байсан. Хэргийн холбогдогч Э.И-ийн ар гэрээс хохирлын мөнгө болох 199.000 төгрөгийг надад өгсөн нь үнэн болно.” гэсэн хавтаст хэргийн 187 дахь талд авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Э.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.
2.Өсвөр насны шүүгдэгч Э.И-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Өсвөр насны шүүгдэгч Э.И-ийг хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд,
Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад,
хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э-т тус тус даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг өсвөр насны шүүгдэгч Э.Ид хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э