Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2021/01025

 

2021 03 31

101/ШШ2021/01025

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.И-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Д-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******а хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэгдсэн 472 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт байрлах 4м х 5м хэмжээтэй амины орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И, хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Д, гэрч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өөрийн өмчлөлийн газар дээрх байшинг иргэн П.Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх. Б.И миний бие 2020 оны 08 сарын 05 өдөр С. *******гийн эзэмшлийн УБ хот, БЗД, *******, *******-р гудамж 1а, 16 тоот хаягтай 4 тал банзан хашаатай газрыг 16 хаягт байрлах өвлийн 4*5м харьцаатай өвлийн байшингийн хамт н.******* /Утас:*******/ гэх Remax Mongolia ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар дамжуулж худалдан авсан. Анх 2020 оны 7-р сарын сүүлээр facebook-ын зарын дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлагч н.*******тэй холбогдож дээрх хашаа, байшин, газрыг сонирхон очиж үзээд хашаан дотор байгаа эзэнгүй цоожтой байшингийн гэрчилгээ, бичиг баримтын тухай асуухад: Тэрээр Наад байшин чинь үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, газартайгаа хамтдаа зарагдана, газар нь чиний өмч болохоор чиний газар дээр байгаа байшин чиний л өмч ш дээ гэж хэлсэн. Мөн газрын эзнийг шүүхийн байгууллагад олон жил ажилласан жаахан ширүүн ааштай, гэхдээ шударга хүн байгаа талаар хэлж байсан

Миний бие тухайн хашаа, байшин, газрын жинхэнэ эзэнтэй хэд хоногийн дараа биечлэн уулзаж, байшингийн тухай асуухаар тохирсны дагуу өмчлөгч С.*******, түүний үеэл / Remax үл хөдлөхийн зуучлалын компанид ажилладаг гэж байсан/ болон зуучлагч н.******* нартай уулзахад өмчлөгч С.******* ... тухайн үед 4 сая гаруй төгрөгөөр барьж байсан. Чамаас энэ байшинг хэн ч нэхэхгүй, санаа зоволтгүй. Чи нураагаад өөрийнхөө юмыг барихгүй юу. Цахилгааны төлбөр байвал би төлөөд өгнө. Байшингийн түлхүүр одоогоор алга байна. Энэ байшин миний өмчлөлийн газар дээр байгаа юм чинь миний л байшин гэж хэлээд, тухайн үед 4 сая төгрөг би өөрөө гаргаж барьж байсан. Чамаас энийг хэн ч нэхэхгүй, чи нураагаад өөрийнхөө юмыг барьж болно. Энэ байшинг нэг эгч, хүүгийн хамт түрээслэн амьдарч байгаа. Хүү нь хөдөө 14 хоногийн хугацаатай явж ээлжийн ажил хийдэг. Хүүгээ эзгүй ажилдаа явсан хойгуур ээж нь хөдөө явсан байх. Утас нь холбогдохгүй байна. Хүүгийнх нь ажил нь дуусаад ирэхээр нь байшинг суллаж өгнө. Чи санаа зоволтгүй... гэсэн. 2020.08.05-ын өдөр Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төвд н.*******, С.*******, түүний үеэл, миний бие 4 үүлээ уулзсан. Тухайн төвийн Нотариат дээр Худалдах, худалдан авах гэрээ хийхээр болж миний бие гэрээн дээр Газар, 4 тал банзан хашаа, 4x5 м харьцаатай байшин гэж бичүүлэх гэтэл С.******* үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй учраас гэрээн дээр бичихгүй, мөн нийт худалдсан дүн болох 185 сая төгрөгийг багасгаж 20 сая болгож бичүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө зарсан татвараа бага төлөх хэрэгтэй байна гэж байсан. Би байшинг хамт худалдаж байгаа талаар гараараа бичээд нотариатаар баталгаажуулаад өгье одоо гэрээгээ хурдан хийхгүй бол нотариат хаах гээд байна өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдахад сайн өдөр гэсэн амжихгүй нь гэж яаруулсаар гэрээн дээр тухайн үгнүүдийг бичүүлээгүй. Газрын үнэ болох 185.000.000 /нэг зуун наян таван сая төгрөг/-ийг С. *******-ын Голомт банкны  дансанд /*******, ГАЗАР 4 ТАЛ ХАШАА 4 5-Н ХАРЬЦААТАЙ БАЙШИНГИЙН ҮНЭ/ гэх утгатайгаар шилжүүлсэн. 2020.08.07-нд залгаж бичгээ авахаар болж Цэцэг төвийн хавьд уулзаад хуучнаар Ард кино театрын арын хаалганд байрлах нотариат орж дахин худалдах худалдан авах гэрээ хийх талаар хэлэхэд нотариатын хүн харьяаллын дагуу БЗД-ын нотариат орох хэрэгтэй гэсэн. Ингээд замдаа С. ******* хэлэхдээ гараар бичсэн Баталгаа гаргах нь /хавсаргав./ баримтыг үзүүлж энийг нотариат баталдаггүй гэнэ гараараа бичээд гарын үсгээ зураад өгөхөд чамд нотлох баримт болно гэж хэлснээр баримтыг нотариатаар батлуулалгүй өгсөн. С.******* орой нь над уруу мессеж бичсэн: Би ээжтэйгээ ярилаа тэр жижиг байшин нь манайх биш гэж байна тэр байсан айлынх нь гэж байна. Би тэр үед монголд байгаагүй юм уучлаарай гэсэн мессеж бичсэн. Би хариуд нь байшинд манаач орохоор болсон Тиймээс боломжгүй ээ гэсэн мессеж бичсэн. Үүнээс хойш байшинг суллахаар удаа дараа залгаж, мессеж бичихэд хариу өгөөгүй. н.*******тэй/зуучлагч/ холбоо барьж тухайн байшинд хүн оруулах хэрэгтэй байна. Суллаж өгөхгүй байгаа талаар хэлэхэд наад байшин чинь одоо чиний өмч болсон өөрөө мэд гэж байсан түүнээс хойш дахиж миний утсыг аваагүй болно. Иргэний хуулийн 84-р зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг хэлнэ. Мөн тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ гэж заасны дагуу тус 4x5 хэмжээтэй байшингийн өмчлөх эрхийг газрын эрхтэй хамт бүртгэхээр байна. Гэвч иргэн П.Д нь тус байшинг өөрийн өмч мэтээр ойлгож байшинг чөлөөлж өгөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасны дагуу П.Д нь *******гийн зөвшөөрлийн үндсэн дээр тухайн байшинг ашиглаж байсан нь түүнийг тухайн эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайн газар дээр баригдсан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул газрын хамт хүчин төгөлдөр байх газраас салгаж үл болох эд хөрөнгө тул газрын өмчлөх эрхийг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн өмчлөл газрын нэгэн адил миний өмчлөлд шилжихээр байна. Мөн Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна гэж заасны дагуу газрын гол бүрдэл хэсэг болсон хөдлөх эд хөрөнгө буюу хашаа зэрэг нь газрын хамт шилжихээр заасан байгаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө газрын хамт шилжих болохыг харуулж байна. 2020.09.02-нд, 2020.09.19-нд байшинд манаач оруулах хэрэгтэй байна гэж ******* уруу мессеж бичсэн боловч ******* хариу өгөөгүй ингээд байшинг онгойлгохгүй хүлээсээр 2020.09.22-нд гадны 2 хүний гэрчтэйгээр байшинг нугасаар нь онгойлгож ороход нүүхээр бэлдэж цэгцэлсэн мэт айлын эд хогшил байсан. Жижиг толины өмнө байсан сим карт дээрх 88706706 утасны дугаар уруу залгаж ПҮРЭВ овогтой ДАРИЙМАА гэх хүнтэй холбогдож энэ газар байшингийн хамт зарагдсан байшинг суллаж өгнө үү? Гэхэд хашаа байшин зарагдсан тухай хэлж Ирж уулзана уу? гэхэд 3-4 цагийн дараа П.Д, охины хамт, 2 хүүхэдтэйгээ, бас нэг эмэгтэйтэй хамт ирсэн. П.Д хэлэхдээ тухайн үед наад байшинг чинь 2 сая төгрөг гаргаж барьж байсан. Энэ байшин чинь минийх суллаж өгөхгүй гэсэн. Иргэний хуулийн 85.2.Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байна. Тухайн газрыг худалдан авахад газар дээр баригдсан байшин нь газрын хамт нэхэмжлэгч миний өмчлөлд шилжсэн тул П.Д нь шударга бус эзэмшигч болох бөгөөд Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу газар болон байшингаа чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд саад учруулж буй үйлдлийг зогсоолгох шаардах эрхтэй байна. Иймд миний худалдан авсан өмчлөлийн газар дээрх байшинг иргэн П.Д эзэмшиж байгаа нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрх хэрэгжихгүй байх ИХ-ийн 85 дугаар зүйлийн 85.2, 119 дугаар зүйлийн 119.1-д заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож П.Дгийн хууль бус эзэмшилд байгаа байшинг чөлөөлүүлж өгнө үү.

45 хэмжээтэй байшинг албадан чөлөөлүүлнэ. Уг байшин миний худалдаж авсан газар дээр байдаг. Би зуучлалын газраар дамжуулж уг газрыг үзсэн. Ингэхэд шавар байшин байсан. Байшингийн гэрчилгээний талаар асуухад гэрчилгээгүй, газрын эзний байшин гэсэн. Хүн өөрийн газар дээр байшин барьдаг тул цуг шилжинэ гэсэн. Улмаар эзэнтэй нь уулзахад газрын гэрчилгээ байгаа гээд газар зарсан ******* нь би энэ байшинг барьсан нэхэх хүн байхгүй тул бүгд чамд очно гэснээр гэрээ хийж худалдаж авсан. Үүнээс хойш байшингийн түлхүүр асуухад өгөөгүй. Улмаар байшинд манаач байрлуулахаар хаалга онгойлгож ороход нүүх гэж байгаа айл байсан. Утсыг нь олоод залгахад хариуцагч ирж уулзаад миний байшин гэсэн. Би газрыг байшингийн хамт худалдаж авсан тул чөлөөлүүлнэ. Би хариуцагчийн байшин гэж үзэхгүй байгаа тул чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч П.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Иын надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцав. Уг нэхэмжлэл үндэслэл муутай байх тул би зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь түүний нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч нь худалдагчийн буруу тайлбарт .. автан бодит байдал дээр С.*******гийн биш, харин миний үл хөдлөх эд хөрөнгийг буюу байшинг худалдан авчээ. Үүнд уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучилсан зуучлалын компани ч буруутай байна. Анх би 2006 онд С.*******гийн ээж, миний төрлийн Долгоржавын миний газар дээр байшингаа бариад амьдар" гэсний дагуу би байшингаа барьж бас газар, хашааг нь хамгаалан сахиж 2020 оны 7 дугаар cap хүргэсэн. Ер нь уг газар, хашааг 2005 оны 5 дугаар сараас би хүүгийн хамт гэр барин бууж сахин амьдарсан юм. Иймд Б.Иын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу. Харин би уг байшингаа дөрвөн сая төгрөгөөр үнэлж байгаа тул уг мөнгийг Б.И нь надад өгвөл надад гомдол алга.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2005 онд нүүж ирээд *******гийн ээжтэй уулзахад манай хашаанд буу гэсэн. Ингээд бид ярилцаад өөрийн хашаатай болохыг хүссэн. Хашаа байшин үзээд ярилцахад *******гийн ээж Долгоржав нь манай газар дээр барь гэсэн. Ингээд би энэ байшинг барьсан. 2008-2010 онд хашаагаа зарна гэх үед би асуухад тэр үед хашаа байшин авч өгнө гэдэг байсан. Гэтэл гэнэт л нэг өдөр 00 нураагаад явсан байсан. Тэгээд би дахиж 00 бариулсан. Тэгээд хөдөө явчхаад ирээд байж байтал нэхэмжлэгч над уруу утасдаад хашаа байшинг авсан гэсэн. Би *******тай утсаар ярьсан. Ээжтэй чинь холбоо барья гэхэд ээж гадаад явсан гэсэн. Зарах бол надад дуулгахгүй яасан юм бэ гэсэн. Гэтэл би таны юмыг юу гэж зарах юм, би хүнд нь өөр хүнийх гэдгийг хэлсэн гэсэн. *******гийн гараар бичсэн нь 4х5 гэсэн боловч 4х6 хэмжээтэй байшин юм гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Учир нь ******* нь нэхэмжлэгийн эрхийг зөрчөөгүй байна. Газрыг авахад байшин байсан гэж байна. Газрыг худалдаж авснаас хойш эрхийг нь зөрчөөгүй байна. ******* нь хариуцагч биш бөгөөд ******* юм уу зуучлалын компаниас болоод нэхэмжлэгч хохирох болоод байна. Эрхээ хэрхэн хамгаалах нь өөрийнх нь асуудал юм. ******* нь ямар ч буруугүй. Эд хөрөнгө олж авах эрхийн дагуу газрын эзний зөвшөөрлөөр байшингаа барьсан. *******гийн байшин гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.И нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******а хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн 472 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт байрлах 4м х 5м хэмжээтэй амины орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.******* нь уг амины орон сууцыг өмнөх газар өмчлөгчийн зөвшөөрлөөр өөрийн хөрөнгөөр барьсан гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 409 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн 1а хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн .................... дугаарт бүртгэгдсэн 472 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь тус тус нэхэмжлэгчийн өмч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаар гэрчилгээнүүдийн хуулбараар тогтоогдсон. /хэргийн 16, 15 дугаар тал/

Зохигчийн маргаж буй амины орон сууц нь тус газар буюу 1а хаягт байрлаж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолтоор тогтоогдсон гэж үзэхээр байна. Түүнчлэн уг амины орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байрлаж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь уг амины орон сууцыг газрын хамт худалдан авсан бөгөөд энэ нь хэргийн 13 дугаар талд байх С.******* гэсэн гараар бичсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарласан. Уг баримтаас үзэхэд дээрх 1а, 1б хаягт байрлах газрыг худалдсан байна. Харин 4 тал хашаа, 4х5 байшингийн хамт хүлээлгэн өгөв гэсэн нь уг байшинг худалдсан гэдгийг шууд нотлохгүй. Өөрөөр хэлбэл энэхүү баримтад газар худалдсан болохыг дурдаад, хүлээлгэн өгсөн эд зүйлийг заажээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн Голомт банк дахь дансны хуулганд хашаа, байшингийн үнэ гэж 185,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ байх боловч энэхүү гүйлгээний утга нь худалдан авч буй зүйлийг нотлохгүй. /хэргийн 14 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгч нь газар худалдан авсан гэрээг шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүний шүүхэд гаргасан тайлбараар худалдах худалдан авах гэрээний үнийг буруулж 20,000,000 төгрөг гэж тодорхойлсон ба уг гэрээнд маргаж буй амины орон сууцны талаар дурдагдаагүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь уг амины орон сууцыг өөрийн өмч гэж тайлбарласан ба гэрч С.Зоригт нь энэхүү байшинг хариуцагчтай хамтарч барьсан, үүнд газрыг зарсан хүмүүс оролцоогүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж байна. Гэвч хариуцагч нь энэхүү тайлбарыг баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 119 дүгээр зүйлийн 119.1, 85 дугаар зүйлийн 85.2, 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар буюу миний өмчлөлийн газар дээр байгаа байшин тул миний өмч гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах эд зүйлийн талаарх, 119 дүгээр зүйлийн 119.1-т заасан нь газрын бүрдэл хэсэг буюу нийлж холилдсон эд зүйлийн талаарх ойлголт, 85 дугаар зүйлийн 85.2-т заасан нь үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлолттой холбоотой бөгөөд газар худалдан авагч нь түүн дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шууд өмчлөх ойлголт биш, 95 дугаар зүйлийн 95.1-т заасан нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшихтэй холбоотой зохицуулалт, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээдэд холбогдох зохицуулалт юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нь тус хуулийн нэр томьёоны тодорхойлолт бөгөөд харин 10 дугаар зүйлийн 10.1-д заасан нь газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг тухай эд зүйлийг бий болгосон этгээд хүсэлт гаргаснаар улсын бүртгэлд хэрхэн бүртгэх талаарх зохицуулалт юм.

 

Нэхэмжлэгч нь тухайн газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэлд бүргүүлж, уг газрыг өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болсон нь дээрх , дугаар гэрчилгээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

Харин маргаж буй амины орон сууцны хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлэн, эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн газар худалдах худалдан авах гэрээнд энэхүү байшингийн талаар дурдаагүй гэх тайлбараар тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаж буй амины орон сууцыг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх үүсээгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаж буй амины орон сууцыг хариуцагчийн өмч мөн эсэх талаар шүүх дүгнэнэ гэж тайлбарласан боловч нэхэмжлэлээр энэ талаар шаардлага гаргаагүй, хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул уг үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмч мөн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл уг маргаж буй эд хөрөнгийн хувьд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй эсэх талаар дүгнэсэн болно.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар аливаа эд хөрөнгөний өмчлөгч нь өөрийн өмчийг өөрийн үзэмжээр, чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгч биш тул түүнд бусдын эзэмшлээс буюу албадан чөлөөлөх талаар шаардлага гаргах эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг албан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч П.Д-д холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******а хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэгдсэн 472 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт байрлах 4м х 5м хэмжээтэй амины орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэгч Б.И-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД