| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/01013/И |
| Дугаар | 101/ШШ2021/01167 |
| Огноо | 2021-04-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2021/01167
2021 04 12 101/ШШ2021/01167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х.Ц” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,184,218,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.Д, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Ц” ХХК ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 26 өдөр А/15-76 тоот зээл авах хүсэлт гаргасан бөгөөд Сан ХХК-тай гадна бохирын дэд бүтцийн шугамын холболтын ажил хийх 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа 337,000,000 /гурван зуун гучин долоон сая/ төгрөгийг 2 сарын хугацаатай зээлээр олгож өгнө үү гэсэн. Бид хүсэлт, холбогдох гэрээ хэлцэл, барьцаанд бариулах үл хөдлөх хөрөнгө зэргийг судалж үзээд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 27 өдөр 337,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй олгосон. Уг зээлийн барьцаанд: 1 .”Х.Ц” ХХК ХХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн 11-р хороо, ******* ам /17050/ ******* гудамж 9 байр 2 тоот 250 м.кв ******* гэрчилгээтэй, ........ улсын бүртгэлийн дугаартай, 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2. “Х.Ц” ХХК ХХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн 11-р хороо, ******* ам /17050/ ******* гудамж 9 байр 3 тоот 250 м.кв ******* гэрчилгээтэй, ..... улсын бүртгэлийн дугаартай, 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалж гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд хугацаандаа зээлийн хүү төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй шаардуулсаар өдийг хүрсэн болно. 2018 онд зээлийн барьцаа үл хөдлөх хөрөнгийг манай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэхээр болж газар дээр нь очиж барьцаа хөрөнгийг шалгахад 90 хувийн гүйцэтгэлтэй бус 40 орчим хувийн гүйцэтгэлтэй барилга зааж өгснөөр бидний зүгээс барьцаанд бариулсан хөрөнгийг буруу тодорхойлон зааж өгч залилан мэхэлсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах, гэмт хэргийн шинжгүй харилцаа байх тул гээд 2018 оны 12 дугаар сарын 11 өдөр 1477 тоот Чингэлтэй дүүргийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болно. Ингээд удаа дараа шаардаж байсан боловч утсаа авахгүй, олдохгүй, төлнө, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгнө гэх мэтээр өдийг хүргэлээ. Зээлдэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 27 өдөр зээл олгосноос хойш зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувьд нэг ч удаа төлөлт хийгдээгүй тул 2021 оны 02 сарын 27 өдрөөр тасалбар болгон нэхэмжлэл гаргахад дараах хэмжээтэй байна. Үндсэн зээл: 337,000,000 /гурван зуун гучин долоон сая/ төгрөг, хүү: сарын 3 хувиар тооцож 70 cap буюу 2133 хоногийн хүү 707,700,000 /долоон зуун долоон сая долоон зуун мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү: хүүгийн 20 хувиар тооцож 2103 хоногийн хүү 139,518,000 /нэг зуун гучин есөн сая таван зуун арван найман мянга/ төгрөг, нийт: 1,184,218,000 /нэг тэрбум нэг зуун наян дөрвөн сая хоёр зуун арван найман мянга/ төгрөг болсон. Эдгээр төлбөрийг шаардан гаргуулах хүсэлтэй байгаа юм. Иймд шүүх хариуцагчаас Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 451, 452, 453 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн: 1 Үндсэн зээл 337,000,000 /гурван зуун гучин долоон сая/ төгрөг, 2. Хүүгийн төлбөр 707,700,000 /долоон зуун долоон сая долоон зуун мянга/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 139,518,000 /нэг зуун гучин есөн сая таван зуун арван найман мянга/ төгрөг, нийт 1,184,218,000 /нэг тэрбум нэг зуун наян дөрвөн сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаанд бариулсан ....., ............. улсын бүртгэлийн дугаартай хөрөнгүүдийг худалдан борлуулж хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 1 184 218 000 гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Хариуцагч нь 2015.4.26-нд зээлийн хүсэлт гаргасан. Ингэхдээ САН ХХК-тэй гэрээгээр ажиллаж байгаа гээд 3 тэр бумын ажил авсан гэсэн. Зээлийг судлаад 2015.4.27-нд 337 000 000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн барьцаанд хариуцагчийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй. 2018 онд барьцаа хөрөнгийг манай нэр дээр шилжүүлэхээр болж газар дээр нь очиход 90 хувь биш 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан тул цагдаад гомдол гаргасан боловч иргэний эрх зүйн маргаан гэж үзсэн. Улмаар удаа дараа төлбөр шаардсан боловч төлөлгүй өдий хүрсэн. Хариуцагч нь нэг ч удаа төлбөр төлөөгүй тул 2021.2.26-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэл гаргасан. Нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцсон. Иймд уг төлбөрийг гаргуулж өгнө үү. Тухайн үед ББСБ-д хариуцагч талаас ******* хүсэлтээ гаргаад зээлээ авсан. Хариуцагчийн тайлбар нь зээлээ эргэн төлөхгүй гэсэн зорилгоор ярьж байна. 80 саяыг бэлнээр олгосон. Нийт 337 саяын зээл хүсээд хариуцагч нь 2 хувьцаа эзэмшигчтэй гэж зээл хүсээд 80 саяыг бэлнээр олгоод бусдыг нь өөр тийшээ шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлт өгсөн байдаг. Хариуцагч нь 337 саяыг хүчээр олгосон юм шиг ярьж байна. Барьцаа үл хөдлөх нь гүйцэтгэлд хүрэхгүй байсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гэрээг хүчин төгөлдөр бус гэж байна. Хуралдаан дээр 80 саяыг зөвшөөрнө гэж байна. Ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр зээлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн. Холбогдох хуульд нэмэгдүүлсэн хүүг зохицуулсан бөгөөд энэ талаар гэрээнд заасан байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн зээлийн хүү төлөх зохицуулалт байдаг. Үүний дагуу бид зээлийн тооцоо хийсэн. Үлдэгдэл 200 саяыг ******* ХХК уруу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт байдаг. 80 саяыг бэлнээр аваад 120 саяыг шилжүүлснээр 200 саяыг өгсөн байдаг. Уг тоот дээр үлдэгдэл 200 сая гэдэг. Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоол дээр 337 саяыг авсан гэж эрх бүхий этгээд хэлсэн байдаг. Энэхүү тайлбараар хэрэг хаагдсан байдаг. Манайхыг хүсэлтгүй байхад бусдад зээл шилжүүлсэн гэдэг. Зээл хүсээгүй мэт тайлбарласан боловч зээл хүссэн. Хүсэлтийн дагуу зээл олгосон. Иргэний хуулийн 40-д зааснаар хүсэл зориг хүчин төгөлдөр болсон. Хүсэлтийн дагуу мөнгө олгосон. Тогтоол дээр мөнгө авсан талаараа зөвшөөрсөн байдаг. Иймд уг зээл олгогдсон гэдгийг зөвшөөрдөг. Барьцаа хөрөнгийн хувьд анх өөр үл хөдлөх үзүүлээд зээл олгосны дараа өөр хөрөнгө үзүүлсэн байдаг. Ингээд уг барилгаа зээлд авбал ав гэдэг тайлбар хэлдэг. Тэгээд зээлээ төлөхгүй гэдэг. Төлөхгүй байх шалтаг хайж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “Х.Ц” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь ******* ББСБ-тай 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул П ББСБ-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Анх зээл олгоход Мөнгөнтулга нь Могул тауны хувьцаа эзэмшигч байсан. Тэрнийхээ дулааныг хийлгэх гэж манайхыг шахаж байгаад зээл авхуулсан. Манайх зээл хүсээгүй. Гэтэл одоо нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь 2015.4.27-нд гэрээ байгуулагдсан. Гэрээний 3-т зээлийг бэлнээр олгоно гэсэн байдаг. Гэтэл 4.27-нд гэрээ хийсэн боловч мөнгө байхгүй гэж байж байгаад 4.30-нд 137 саяыг Могул скайн дулаан хийж байгаа ******* ХХК-д шилжүүлсэн байдаг. Улмаар 5.1-нд 200 саяын албан бичиг хийгээд ир 80 саяыг бэлнээр 120 саяыг бэлэн бусаар шилжүүлэх бичиг хийгээд ир гэж Мөнгөнтулга надад хэсэн. Ингээд уг бичгийг хийж ирсэн. Ингээд 80 саяыг бэлнээр авсан. Тэгээд дараа нь 2015.5.5-нд 100 саяыг Хасуу цамхгийн хүсэлтээр гээд өөр тийш нь шилжүүлсэн байсан. Мөн 5.6-нд мөн байрны төлбөрт гээд өөр тийш нь шилжүүлсэн байдаг. Эдгээрийг хааш нь шилжүүлснийг мэдэхгүй. Ингээд 337 сая болдог. Анхнаасаа бэлнээр өгнө гэснээ манай зөвшөөрөлгүй өөр тийш нь шилжүүлсэн. Үүнийг нь энэ Мөнгөнтулга гэж хүн зохион байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээгээ ингэж зөрчсөн тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. 4.27-нд шилжүүлэх байсан боловч зээл олгоогүй. Заримыг нь манай зөвшөөрөлгүй захиран зарцуулсан боловч манайхаас төлбөр нэхдэг. Манайхыг цагдаагаар шалгуулсан. Анх зээл олгохдоо барьцаа хөрөнгийг очиж үзсэн байдаг. Энэ ямар учиртайг би сайн ойлгохгүй байдаг. Мөнгөнтулга нь манай нэрийг барьцаалж мөнгө авч Могул тауны дулааныг хийлгэчхээд манайхаас мөнгө нэхээд байдагт гайхаад байна. Бүх зүйл баримтаар яригдах ёстой. Хэрэгт байгаа баримтаар л би ярьж байна. Анхнаасаа гэрээ хүчин төгөлдөр бус юм. Зээлийн гэрээнд зээлийг бэлнээр олгоно гэсэн байдаг. 2 өөр хуулийн этгээд байдаг ба би нэхэмжлэгчээс зээл хүссэн боловч Бямбасүрэнгээс зээл хүсээгүй. Мөн байрны төлбөрт гэж мөнгө шилжүүлсэн байдаг гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,184,218,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Х.Ц” ХХК нь зээл авах хүсэлт гаргаагүй, зээлийг өөр этгээдэд олгосон, зээлийн гэрээнд бэлнээр олгохоор заасан боловч бэлнээр олгоогүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. Улмаар шүүх хуралдаанд 80,000,000 төгрөгийг бэлнээр авсан талаар тайлбарлаж, буцаан төлөхийг зөвшөөрсөн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2015/04/27 дугаартай 337,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 13-15 дугаар тал/
Энэхүү зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулж, сард 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь “П ББСБ” ХХК-ний 000205524 дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 8 дугаар тал/
Иймд дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцсэн байна.
Хариуцагч “Х.Ц” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор олгосон эрхийн дагуу зээл олгох талаар хүсэлт гаргасан байна. /хэргийн 8, 9, 25-32 дугаар тал/ Иймд хариуцагчийн төлөөлөгчийн зээл авах хүсэлт гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй.
Зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан тул нэхэмжлэгчид 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийг буцаан шаардах эрх үүссэн. Улмаар нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж, мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаах санал гаргасныг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1477 дугаар тогтоолоор энэхүү хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ. /хэргийн 44-45 дугаар тал/
Үүнээс үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, улмаар мөн зүйлийн 79.7-д зааснаар хэрэг бүртгэлийн хэргийг хаасан дээрх 1477 дугаар тогтоол гарсан өдрөөс эхлэн дахин тоологдож эхэлсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу 137,000,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтийн дагуу бусдад шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь үүнийг үгүйсгэж маргасан. Энэхүү 137,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “*******” ХХК-д олгосон болох нь мөн өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байна. /хэргийн 11 дүгээр тал/
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Түүнчлэн прокурорын 1477 дугаар тогтоолд энэ талаар дурдсан нь зээлийн гэрээний дагуу 137,000,000 төгрөгийг бусдад шилжүүлэхийг хариуцагч хүссэн гэдгийг шууд нотлохгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 137,000,000 төгрөг хариуцагчид олгогдсон гэж үзэх боломжгүй юм.
Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг “*******” ХХК-д, 80,000,000 төгрөгийг бэлнээр олгохыг хүссэн болох нь “Х.Ц” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/15-80 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хэргийн 10 дугаар тал/ Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь 80,000,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд дээрх албан тоотыг үйлдсэн болохыг зөвшөөрсөн.
Улмаар 80,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдөр, харин 100,000,000 төгрөгийг 05-ны өдөр, 20,000,000 төгрөгийг 06-ны өдөр тус тус хариуцагчид болон түүний хүсэлтийн дагуу бусдад олгосон болох нь дээрх А/15-80 дугаар албан тоот, Голомт банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тус тус тогтоогдсон. /хэргийн 11-12 дугаар тал/
Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 2015/04/27 дугаар зээлийн гэрээ нь 200,000,000 төгрөгийн хэмжээнд хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 200,000,000 төгрөгийн хувьд үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.
Эдгээр зээлийг цаг хугацааны хувьд нэг өдөр олгоогүй байх тул тэдгээрт ногдох үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тусад нь тооцвол:
80,000,000 төгрөгийн хувьд: Нэхэмжлэгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдөр бэлнээр олгосон 80,000,000 төгрөгийг хариуцагч нь буцаан төлөхийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Уг зээл олгогдсоноос хойш 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 70 сар, 3 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
Зохигчид зээлийн гэрээгээр сард 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 1 сард 2,400,000 төгрөг, 70 сард 168,000,000 төгрөг, 1 хоногт 78,904.12 /2,400,000*12/365/ төгрөг, 3 хоногт 236,712.36 төгрөг, нийт 168,236,712.36 төгрөгийн үндсэн хүү тооцогдоно. Зээлийн гэрээний 2.4-т талууд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх тул 33,647,342.47 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогджээ. Эдгээрийг нэмж тооцвол үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 201,884,054.83 төгрөг дээр үндсэн зээл 80,000,000 төгрөгийг нэмбэл энэхүү зээлийн хувьд нийт 281,884,054.83 төгрөг төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна.
100,000,000 төгрөгийн хувьд: Энэхүү зээлийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 69 сар, 29 хоногийн хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээнд зааснаар үндсэн хүүг тооцвол 1 сард 3,000,000 төгрөг, 69 сард 207,000,000 төгрөг, 1 хоногт 98,630.14 төгрөг, 29 хоногт 2,860,274.06 төгрөг, нийт 209,860,274.06 төгрөг юм. Улмаар нэмэгдүүлсэн хүү болох 20 хувь буюу 41,972,054.81 төгрөг дээр үндсэн зээл, түүний хүүг нэмж тооцвол энэхүү зээлийн хувьд нийт 351,832,328.87 /100,000,000+209,860,274.06+41,972,054.81 / төгрөгийг буцаан төлөх үүрэг үүсжээ.
20,000,000 төгрөгийн хувьд: Энэхүү зээлийг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 69 сар, 28 хоногийн хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээнд зааснаар үндсэн хүүг тооцвол 1 сард 600,000 төгрөг, 69 сард 41,400,000 төгрөг, 1 хоногт 19,726.03 төгрөг, 28 хоногт 552,328.84 төгрөг, нийт 41,952,328.84 төгрөг юм. Улмаар нэмэгдүүлсэн хүү болох 20 хувь буюу 8,390,465.77 төгрөг дээр үндсэн зээл, түүний хүүг нэмж тооцвол энэхүү зээлийн хувьд нийт 70,342,794.61 /20,000,000+41,952,328.84+8,390,465.77/ төгрөгийг буцаан төлөх үүрэг үүсжээ.
Дээрх тооцооллыг нэгтгэвэл хариуцагчид 2015/04/27 дугаар зээлийн гэрээний дагуу нийт 704,059,178.31 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу буцаан төлбөр төлөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь энэ талаар маргаагүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу ямар нэг үүрэг биелүүлээгүй болохыг зөвшөөрсөн.
Хариуцагч нь зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу зээлийг бэлнээр олгоогүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь тодорхой мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно.
Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 704,059,178.31 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480,158,821.69 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2015/04/27Б дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 16-19 дүгээр тал/ Барьцааны гэрээ нь агуулгын хувьд зохигчийн хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байна.
Энэхүү барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам /17050/, ******* гудамж, 9 байр, 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт, 3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаарт тус тус бүртгэгдсэн, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Уг нь барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаар гэрчилгээнүүдийн хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 22-23 дугаар тал/
Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД