Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/01217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 18,805,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гын төлөөлөгч Э.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Хаас зээлийн гэрээний төлбөрт 11,870,000 төгрөг, алданги 5,935,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 18,805,000 төгрөг гаргуулах тухай. Д.Г миний бие нь А.Хтай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 14,870,000 төгрөгийг 7 хоногийн дотор түүний хаан банк дахь ******* тоот данс уруу бүрэн шилжүүлж өгсөн. Энэ мөнгөнөөс надад 3 сая төгрөгийг эргүүлж өгсөн. Үлдсэн мөнгөө авахаар маш олон удаа түүнтэй ******* дугаарын утсаар нь холбогдож ярьсан Мөн фэйсбүүкийн чатаар нь холбогдож байсан. Утсаар ярих, чат бичих болгонд өгнө өө л гэдэг байсан. Гэтэл сүүлийн үед утас нь холбогдохоо болиод сураг чимээгүй болсон. Би Х*******ын Улаанбаатар хот Б******* дүүрэг ******* дугаар хороо *******-р байрны ******* тоот хаягаар шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл өгөхөд "Энэ хаягтаа амьдардаг” гэдгээ хэлсэн боловч худлаа шалтаг хэлээд очихгүй байсаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байсан. Х******* нь одоо Улаанбаатар хотод яг энэ хаягтаа оршин сууж байгаа бөгөөд хөл хориотой холбоотой ийш тийш явах боломжгүй суурин байгаа. Би А.Хаас мөнгөө авахаар 2 жил шахуу хөөцөлдөж, өөрийн хэмжээнд бүхий л аргыг хэрэглэсэн боловч авч чадахгүй байгаа тул арга ядан өмгөөлөгч хөлслөн авсан. Иймд өмгөөлөгчид өгсөн хөлсийг А.Хтай холбоотой гэрээнээс үүссэн зайлшгүй зардал гэж үзэн нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11  870 000, алданги 5 935 000, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1 000 000 гаргуулна.

Зохигч 2018 онд зээлийн гэрээ байгуулсан. 14 сая төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Үүнээс 3 саяыг буцаан төлсөн. Үлдэгдэл төлбөр нь 11 870 000 төгрөг байдаг. Зээлийн гэрээ нь 1 жил. Гэрээнд алдангийн талаар заасан. Алдангийн хэмжээ хэтэрсэн тул 50 хувиар тооцсон. Өмгөөллийн хөлс нь зайлшгүй учирсан хохирол юм. Иргэний хуулийн 72.3-т зааснаар тайлбар гаргаагүй.  Мөн 77-д зааснаар тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцно гэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,870,000 төгрөг, алданги 5,935,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1,000,000 төгрөг, нийт 18,805,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Мөн шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцнэ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14,870,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 10 сар, 12 хоногийн хугацаатайгаар байгуулжээ. /хэргийн 4 дүгээр тал/

Зээлийн гэрээгээр хүү тохиролцоогүй боловч хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, гэрээний 5-д зээлээр олгох мөнгөн хөрөнгийг хариуцагчийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр заасан байна.

Улмаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд заасан хариуцагчийн Хаан банк дахь ******* тоот дансанд 8,000,000 төгрөг, 3-ны өдөр 5,600,000 төгрөг, 6-ны өдөр 800,000 төгрөг, 8-ны өдөр 400,000 төгрөг, нийт 14,800,000 төгрөг олгосон болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 27 дугаар тал/

Зээлийн гэрээг хүүгүйгээр байгуулсан тул зээл олголт тус бүрд тооцох шаардлагагүй. Харин зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул үүнээс хойших хугацаанд гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 3,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 11,800,000 төгрөг юм.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 557 хоног хэтэрсэн байна. Үүнээс алдангийг тооцвол 1 хоногт 59,000 /11,800,00*0.5%/ төгрөг, 557 хоногт 32,863,000 төгрөг тооцогдоно.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний алдангийг 50 хувиар тооцсон гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь нь 5,900,000 төгрөг юм.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь гагцхүү түүний хүсэл зоригоос хамаарна. Өөрөөр хэлбэл хариуцагчид хамааралгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцоогүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. Мөн нэхэмжлэлд дурдсанаар хууль зүйн туслалцаа авч төлбөр төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй.

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 11,800,000 төгрөг, алданги 5,900,000 төгрөг, нийт 17,7000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,105,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч А.Х-аас 17,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,105,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******1,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД