Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 30

 

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, 

                Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

                Шүүгдэгч А.Мөнхөөгийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

           Шүүгдэгч Д.Базаррагчаагийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

           Насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөгийн хууль ёсны төлөөлөгч П.Энх-Отгон,

                Шүүгдэгч: А.Мөнхөө, Д.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

                Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөд овгийн Дашнямын Базаррагчаа, Зуутраг овгийн Анхбаярын Мөнхөө нарт холбогдох эрүүгийн 201720000073  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 12д ангид сурдаг, ам бүл-7, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 07-29 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, 2014 онд ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил хүртэл хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, РД: УП00212117, Зуутраг овгийн Анхбаярын Мөнхөө.     

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөлмөрийн дээд  сургуулийн оюутан, ам бүл- 3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р багт оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОЙ96110633, Зөөд овгийн Дашнямын Базаррагчаа.     

    Холбогдсон хэргийн талаар: Насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөө, шүүгдэгч Д.Базаррагчаа нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Улаангом сумын 11-р багийн 11-09 тоотод оршин суух иргэн Ж.Нарантуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 5000 төгрөг, “Морьтой Чингэс” нэртэй архи 1 шил, 3D нүдний шил 2 ширхэг, харааны шил 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, хумсны иж бүрдэл 1 ширхэг, үсний хавчаар 2 хос, гоёлын ээмэг 2 хос зэрэг эд зүйл хулгайлж, нийт 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10-р тал/,

                2. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26-р тал/,

                3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27-р тал/,

                4. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-23-р тал/,  

                5. Хохирогч Ж.Нарантуяагийн мөрдөн байцаалтад анх удаа өгсөн: “Би 2016 оны 09-р сарын 15-ны өдөр Улаангом сумаас Улаанбаатар хот руу өөрийн хүү Анхбаярын гэрлүү явсан. Би Улаанбаатар хотруу явахдаа Улаангом сумын 11-р баг 019 тоотод байдаг өөрийнхөө амьдардаг байшингийнхаа түлхүүрийг манай төрлийн Буянжаргал гэх эгчид үлдээгээд “Эргэж тойрч байгаарай” гэж хэлчихээд явсан.  2017 оны 01-р сарын 08-ны өдөр манай эгч Буянжаргал над руу залгаж “Танай гэрийн цонхыг хагалаад хулгай орчихсон байна. Танай гэрийн номын тавиур дээр байсан жаазтай зургийг хагалчихсан байна. Мөн авдрын тагийг нь аваад хоолны шкаф дээр тавьчихсан байна. Би авдар доторхыг хараагүй” гэж хэлсэн. Тэгээд би Буянжаргал эгчид “Хагарсан цонхыг нь янзлаад хаачих” гэж хэлсэн бөгөөд би Улаангом суманд 2017 оны 01-р сарын 14-ний өдөр ирээд гэртээ ганцаараа орсон. Гэрт ороод би гэрийнхээ хувцасны шкаф дотор байсан мөнгө аягануудыг хартал байгаагүй бөгөөд тухайн хувцасны шкаф дотор миний дунд гарын дундаа бор өнгийн модон оруулагатай, амсар хэсэгтээ “Ж.Нарантуяад Үйл онош зүйн тасгийн хамт олноос 2014 оны 11-р сарын 11-ний өдөр” гэсэн бичигтэй мөнгөн аяга байсан. Мөн хажууд нь жижиг гарын дундаа бор өнгийн модон оруулагатай, ямар нэгэн бичиглэлгүй мөнгөн аяга байсан юм. Тэгээд би цааш үргэлжлүүлэн гэрийнхээ эд зүйлийг үзэхэд манай номын тавиур дээр байсан манай ээжийн жаазтай зургийг хагалчихсан байсан бөгөөд дотор нь байсан 5000 төгрөг алга болчихсон байсан. Мөн би авдраа онгойлгоод хартал авдарт хадганд ороочихсон байсан 0.35 литерийн “Морьтой Чингис” нэртэй 1 шил архи алга болсон байсан. Мөн манай гэрийн шүүгээнд байсан Fine fih-200 маркийн зургийн аппарат алга болчихсон байсан тул би цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд шалгуулсан боловч манай гэрээс алга болсон эд зүйлүүд нь 236.300 төгрөг болж байсан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Түүний дараа 2017 оны 02-р сарын 10-ны өдөр өөрийн гэрт байсан эд зүйлүүдийг нэг бүрчлэн үзэхэд манай гэрт байсан миний харааны шил 1 ширхэг, ТСL загварын 3D нүдний шил-2 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй мөнгөн жижиг ээмэг 1 хос, урт бөмбөлөг бүхий хэлбэртэй мөнгөн ээмэг 1 хос, нарийн жижиг мөнгөн бөгж 1 ширхэг, нарийн зүүлт 2 ширхэг, төмөр гоёлын ээмэг 2 хос, төмөр гоёлын үсний хавчаар 2 ширхэг, вино задлагч, хумсны хутга, балтай иж бүрдэл 1 ширхэг тус тус алга болсон байсан тул би 2017 оны 02-р сарын 13-ны өдөр Увс аймгийн прокурорт өргөдөл гаргасан юм. Би тухайн үед өөрийн гэрт хулгай орж эд зүйл алга болсон талаараа шалгуулахдаа өөрийн гэрт байсан эд зүйлүүдиийг нэг бүрчлэн үзээгүй, дутуу орхисон байсан юм. Алга болсон дунд гарын мөнгөн аягыг надад манай тасгийн хамт олон 2014 оны 11-р сарын 11-ний өдөр тэтгэвэрт гарсан гэж бэлэглэж байсан бөгөөд би уг мөнгөн аягыг хэрэглээд 3 жил болж байна. Харин жижиг мөнгөн аягыг надад 2015 оны 10-р сард манай дүүгийн охин Алимаагийн хадаг сүйнд бэлгээр ирсэн юм. Зургийн аппаратыг 2010 онд манай хүү Цэрэнчимэд надад авч ирж бэлэглэсэн аппарат байсан юм. Тухайн үед манай гэрээс алга болсон өөрийн харааны шилийг 2012 онд 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ТСL загварын 3D нүдний шил 2 ширхэгийг 2015 оны зун манай хүү Анхбаяр ТСL загварын 32 инчийн зурагтын хамт бэлэглэсэн байсан. Улаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хосыг манай хүү Анхбаяр 2010 онд Япон улсаас надад авч ирж бэлэглэж байсан. Мөн 2014 онд бөмбөлөг хэлбэртэй мөнгөн ээмгийг 15.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нарийн жижиг мөнгөн бөгж 2 ширхэг, нарийн зүүлт 2 ширхэг, гоёлын ээмэг 2 хос, төмөр гоёлын үсний хавчаар 2 ширхэг, вино задлагч, хутга, балтай иж бүрдэл 1-ийг тус тус 2010 онд худалдаж авч байсан бөгөөд хэдэн төгрөгөөр худалдаж авч байсныг нь сайн санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36-р тал/,

                Хохирогч Ж.Нарантуяагийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн газраас надруу ярьж манай гэрээс хулгайлагдсан харааны шил 1 ширхэг, ТСL загварын 3D нүдний шил 2 ширхэг, нарийн зүүлт 2 ширхэг, төмөр гоёлын ээмэг 2 хос, төмөр гоёлын үсний хавчаар 2 ширхэг, вино задлагч, хумсны хутга, балтай иж бүрдэл, Fine fih-200 маркийн зургийн аппаратыг тус тус надад бүртэн бүтэн хүлээлгэж өгсөн. Харин миний дунд гарын болон бага гарын мөнгөн аяганууд, “Морьтой Чингис” нэртэй 0.35 граммын архи зэргийг буцааж өгөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.Базаррагчаа, А.Мөнхөө нар ээжүүдтэйгээ манай гэрт ирээд дунд гарын мөнгөн аяга 1 /шинэ/, бага гарын мөнгөн аяга 1 /шинэ/ ширхэгийг тус тус авч ирж өгсөн. Мөн алга болсон архины мөнгийг өгч, манай гэрийн цонхыг шиллэж өгсөн. Одоо хохирол бүрэн төлөгдсөн тул миний зүгээс Д.Базаррагчаа, А.Мөнхөө нарт ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

                6. Гэрч Ж.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай танил Ж.Нарантуяа нь Улаангом сумын 11-р баг 019 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд Ж.Нарантуяа 2016 оны 09-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотруу явсан. Ж.Нарантуяа хотруу явахдаа надад “Би хотруу явж байна. Танайхан манай гэрийг ажиглаад байж байгаарай” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрээ өгчихөөд явсан. Ж.Нарантуяа өнгөрсөн хоёр жил бас Улаанбаатар хотруу явж тэндээ өвөлжиж байсан бөгөөд миний мэдэхээр сүүлийн гурван жил хотод өвөлжиж байгаа. Ж.Нарантуяа хотруу явахдаа гэрийнхээ түлхүүрийг манайд, надад байнга үлдээж явдаг бөгөөд Ж.Нарантуяагийн хажуу талын хашаанд манай хүү Цэрэн-Очирынх байдаг тул би болон манай хүү Цэрэн-Очирынх тэдний гэрийг харж байдаг юм. 2017 оны 01-р сарын 05-ны өдөр байх тэр үеэр манай хүү Цэрэн-Очирынд хүмүүс ирж цай ууцгаасан бөгөөд хүмүүст сандал хүрэхгүй дутаад байсан тул би том хүү Цэрэнчимэдэд Ж.Нарантуяагийн гэрийн түлхүүрийг өгөөд “Ж.Нарантуяагийн гэрлүү ороод  сандал аваад ир” гэж хэлээд гаргасан. Тэгээд манай хүү Цэрэнчимэд Ж.Нарантуяагийн гэр лүү орж сандал авч ирсэн бөгөөд тухайн үед Ж.Нарантуяагийн гэрт ямар нэгэн хулгай ороогүй хэвийн байсан юм. Түүний дараа 2017 оны 01-р сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад намайг зах дээр байж байтал надруу манай том хүү Цэрэнчимэд залгаж “Ж.Нарантуяа эгчийн байшингийн цонх нь хагарчихсан,  онгорхой байна” гэж хэлсэн бөгөөд тухайн үед Ж.Нарантуяагийн гэрийн түлхүүр Цэрэн-Очирын гэрт байсан тул би том хүү Цэрэнчимэдэд “Чи Ж.Нарантуяагийн гэрлүү нь ороод харчих” гэж хэлсэн. Цэрэнчимэд гэрлүү нь орж харчихаад “Цонх нь хагарчихсан байна, шилтэй вино задалж тавьсан байна” гэж хэлэхээр нь би Цэрэнчимдэд “Байж бай, битгий гар хүр. Эхлээд Ж.Нарантуяатай ярьж байгаад орж харъя” гэж хэлсэн. Тэгээд орой 18 цаг 30 минутын үед зах дээр байж байтал манай бага хүү Цэрэн-Очир намайг зах дээрээс ирж аваад хүү Цэрэнчимэд бид хоёр Ж.Нарантуяа руу залгатал утас нь холбогдохгүй байхаар Улаангом сумын 10-р багт байх Ж.Нарантуяагийн хамаатны дүү Төмөрөөгийн гэрт очсон. Тэгээд Төмөрөөгөөс Ж.Нарантуяаг хаана байгааг асуухад Төмөрөө нь Ж.Нарантуяаг “Шарын голд манай дүүгийнд байгаа” гэж хэлээд дүү рүүгээ залгаж Ж.Нарантуяатай намайг яриулсан юм. Би Ж.Нарантуяад болсон явдлын талаар хэлэхэд Ж.Нарантуяа надад “Та цонхыг нь хаачих” гэхээр нь Цэрэнчимэд бид хоёр буцаж Ж.Нарантуяагийн гэрт очиж дотогшоо ороход байшингийн баруун талын цонх нь хагарчихсан байсан. Мөн орон дээр нь Ж.Нарантуяагийн ээжийнх нь зураг хагарчихсан байсан. Тэгээд Цэрэнчимэд бид хоёр бор өнгийн хөнжлөөр цонхыг нь хаасан юм. Тэр үед Цэрэнчимэд гэнэт намайг дуудаад “Ээжээ эдний авдар онгорхой байна” гэж хэлсэн тул бид хоёр Ж.Нарантуяад авдар нь онгорхой байгаа талаар хэлсэн. Тэгээд бид хоёр тэдний гэрээс гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

                7. Гэрч Б.Цэрэн-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хажуу талын хашаанд Ж.Нарантуяа гэдэг эгч ганцаараа амьдардаг бөгөөд Ж.Нарантуяа эгч 2016 оны 09-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотруу явсан. Ж.Нарантуяа эгч хот руу явахдаа манайд орж ирээд “Би хотруу явж байна. Танайхан манай гэрийг ажиглаад байж байгаарай” гэж хэлээд манай ээж Буянжаргалд түлхүүрээ өгчихөөд явсан юм. Түүнээс хойш би болон манай гэрийнхэн Ж.Нарантуяа эгчийн гэрийг орж, гаран харж байсан. ...2017 оны 01-р сарын 08-ны өдөр манай эхнэр Бурмаа гэрээс гарчихаад буцаж орж ирээд “Ж.Нарантуяа эгчийн байшингийн цонх нь хагарчихсан байна, чи хардаа” гэж хэлэхээр нь би хашааны зайгаар Ж.Нарантуяа эгчийн байшин руу хартал тэдний байшингийн баруун талын цонх нь дэлгээтэй, хагарчихсан байсан. Тэгэхээр нь би өөрийн ах Цэрэнчимэдэд энэ талаар хэлсэн бөгөөд удалгүй манай ах Цэрэнчимэд, ээж Буянжаргал нар ирээд Ж.Нарантуяа эгчийн байшин руу орж, би тээврийн хороонд байдаг хадмынхаа гэрлүү хувцасаа угаахаар явсан юм. Тэгээд манай ээж, ах хоёр Ж.Нарантуяа эгч рүү ярихад “Цонхыг нь битүүлчих” гэж хэлсэн гэсэн бөгөөд ээж, ах хоёр гэрлүү нь орж цонхыг нь битүүлсэн гэсэн. Манай ах, ээж хоёр Нарантуяа эгчийн гэрт ороход жаазтай зургийг нь хагалчихсан, цонх нь хагарчихсан, мөн авдрын тагыг нь онгойлгоод хаячихсан байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,

                8. Гэрч Ц.Хангайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 01-р сарын 05-ны өдөр 21 цаг 40 минут орчимд өөрийн найз А.Мөнхөө рүү залгахад тэр: “Д.Базаррагчаа бид хоёр “Сансар” интернет тоглоомын газарт байна” гэж хэлсэн. Би А.Мөнхөөг “Хүрээд ирээч” гэж хэлчихээд гэрээсээ гараад гэрийнхээ ойролцоо байх “Гурван тамир” дэлгүүрийн үүдэнд зогсож байтал удалгүй А.Мөнхөө нь Д.Базаррагчаатай хамт ирсэн. Тэгээд бид гурав уулзаад яриад зогсож байгаад би Д.Базаррагчаад 1000 төгрөг өгөөд “20 айл” дэлгүүрээс тамхи аваад ирээч” гэж хэлэхэд Д.Базаррагчааа тамхи авахаар дэлгүүр явсан юм. Тэгээд би А.Мөнхөөтэй юм яриад зогсож байтал А.Мөнхөө надаас “Танай ард талд байдаг Сонинбаяр ойрд яагаад харагдахгүй байгаа юм бэ” гэж асуухаар нь би түүнд “Сонинбаярын гэрийхэн хотод байгаа. Нараа эгч ирэх болоогүй. Тэдний гэр нь эзгүй байгаа, 5 сард гэртээ ирнэ” гээд хэлээд зогсож байтал Д.Базаррагчаа дэлгүүрээс тамхи аваад ирсэн. Тэгээд бид гурав тамхиа татаж 10 гаруй минут юм ярьж зогсож байгаад би гэрлүүгээ явчихсан юм. Харин А.Мөнхөө, Д.Базаррагчаа хоёр “Бөхийн өргөө рүү” явна гээд яваад өгсөн ” гэх мэдүүлэг  /хх-ийн 40-41-р тал/,   

                9. Гэрч У.Улаанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Мөнгөншагайг танина. Ц.Мөнгөншагай нь миний бага хүү юм. Би 2017 оны 01-р сарын 05-ны өдөр Сагил сумын сургууль руу өргөдлийн шалгалтаар явсан бөгөөд 2017 оны 01-р сарын 08-ны өглөө үүрээр гэртээ ирсэн юм. Намайг Сагил сумруу ажлаар явахад миний хүү Мөнгөншагай гэрт ганцаараа үлдсэн бөгөөд би 2017 оны 01-р сарын 08-ны үүрээр гэртээ ирэхэд манай гэрийн  цонхны тавцан дээр 3 ширхэг халуун ногоотой бэлэн гоймонгийн сав байсан. Би Мөнгөншагайгаас ямар учиртай гоймонгийн сав байгаа талаар асуухад Мөнгөншагай надад “Мэдэхгүй” гэж хэлсэн юм. Тухайн үед Мөнгөншагай надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд 2017 оны 03-р сарын 06-ны өдөр манай хүү Мөнгөншагай надад “Таныг ажлаар явсны дараа 2017 оны 01-р сарын 06-ны өдөр манайд манай найз А.Мөнхөө, Д.Базаррагчаа нар 350 граммын “Морьтой Чингис” нэртэй архи авч ирж бид гурав хувааж уучихаад 16 цагийн үед А.Мөнхөө, Д.Базаррагчаа нар нь манай гэрээс гараад явчихсан” гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

                10. Гэрч Ц.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “манай ээж 2017 оны 01-р сарын 05-ны өдөр Сагил сумруу ажлаар яваад 01-р сарын 08-ны үүрээр гэртээ ирсэн юм. 2017 оны 01-р сарын 05-ны өдөр 10 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал манайд манай найз А.Мөнхөө, Д.Базаррагчаа нар ирсэн юм. Тэгээд тэр хоёр манайд цай уучихаад сууж байгаад А.Мөнхөө:  “Надад 1 шил архи байна, хуваагаад уучих уу” гэж хэлэхэд Д.Базаррагчаа өөрийнхөө цүнхнээсээ 350 граммын “Морьтой Чингис” гэх нэртэй, саарал өнгийн шошигтой 1 шил архи гаргаж ирсэн. Уг архины шил нь хөөрөг шиг хэлбэртэй хавтгай шилтэй содон архи байсан юм. Тэгээд бид гурав тэр архийг хувааж уучихаад А.Мөнхөө, Д.Базаррагчаа хоёр манайхаас гарч манай байрны гадна талд байдаг “ТҮЦ”-ээс халуун ногоотой дугуй савтай бэлэн гоймон 3 ширхэг, 1 ширхэг талх авч ирээд  бид гурав ус буцалгаж гоймонгоо чанаж идэцгээсэн юм. Тэгээд А.Мөнхөө, Д.Базаррагчаа нар нь манайд байж байгаад 16 цаг өнгөрч байхад гарч яваад би гэртээ үлдсэн юм. А.Мөнхөө, Д.Базаррагчаа хоёр манайд ирж архи хувааж уухдаа надад хулгай хийсэн талаараа хэлээгүй. Мөн уг архийг хаанаас авч ирсэн талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. А.Мөнхөө, Д.Базаррагчаа хоёр миний найзууд бөгөөд А.Мөнхөө бид хоёр нэг ангид сурдаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,

                11. Гэрч Ө.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал А.Мөнхөө, Д.Базаррагчаа гэх хоёр залуу орж ирээд цүнхнээсээ бага гарын мөнгөн аяга гаргаж ирээд надад үзүүлсэн бөгөөд уг аяга нь ямар нэгэн бичиггүй, шинэвтэр мөнгөн аяга байсан. Би тэр хоёрт хандаж хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа, ямар учиртай аяга болохыг нь асуухад тэр хоёр “Энэ аяга янз бүрийн хулгайн аяга биш. Мөнгөний хэрэг гараад байна, 70.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг аягыг “50.000 төгрөгөөр худалдаж авна” гэж хэлэхэд тэр хоёр зөвшөөрсөн. Тухайн үед би мөнгөгүй байсан тул өөрийн ах Гомбо руу залгаж ах Гомбоос 50.000 төгрөг авахаар болж ахын Мобайл банкаар А.Мөнхөө, Д.Базаррагчаа нарын дансруу 50.000 төгрөг шилжүүлсэн. Уг аягыг би аваад эвдэж мөнгийг нь хайлуулж эд зүйл хийгээд зарчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

                12. Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтад: “Би Улаангом сумын “Итгэлт” зах дээр хувиараа алт, мөнгөний дархан хийдэг бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр манай дархны газар өөрсдийгөө А.Мөнхөө, Д.Базаррагчаа гэж танилцуулсан хоёр залуу ирээд “Та мөнгөн аяга хямдхан худалдаж авах уу” гэж хэлээд цүнхнээсээ бага гарын, шинэвтэр мөнгөн аяга гаргаж надад үзүүлсэн. Уг аяга нь дундаа модон оруулгатай, бага гарын шинэвтэр, ямар нэгэн бичиггүй мөнгөн аяга байсан юм. Тэгэхээр нь би тэр хоёрт “Би энэ аягыг худалдаж авах юм бол хайлуулж эд зүйл хийх учраас худалдаж авахад хайран байна” гэж хэлээд аягыг нь авахгүй явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/,

                 13. Гэрч С.Нарнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын “Итгэлт” зах дээр хувиараа алт, мөнгөний дархнаар ажилладаг бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр үдээс хойш ажил дээрээ байж байтал Мөнхөө, Базараа гэж өөрсдийгөө танилцуулсан танихгүй хоёр залуу манай ажил дээр ирээд надаас “Та дунд гарын мөнгөн аяга хямдхан худалдаж авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Ямар учиртай аяга юм бэ?. Хулгайн аяга юм уу?. Ямар нэгэн нэхүүл, дагуул байхгүй биз дээ?” гэж асуухад тар хоёр “Мөнгөний хэрэг гараад байна. Хулгайн аяга биш” гэж хэлсэн. Би уг аягыг аваад харахад дундаа модон оруулгатай, дунд гарын, хуучин мөнгөн аяга байсан бөгөөд дунд хэсэгтээ “Ж.Нарантуяад Үйл, онош зүйн хамт олноос 2014.11.11” гэсэн бичигтэй байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт “Энэ аягыг модноос нь гаргаад мөнгийг нь грамлаж авна” гэж хэлэхэд тэр хоёр зөвшөөрсөн. Тэгээд би уг аягыг модноос нь салгаад жинлэж үзэхэд 1 лан граммтай байсан тул 1 ланг нь 20.000 төгрөгөөр тооцож тэр аягыг А.Мөнхөө, Д.Базаррагчаа нараас 22.300 төгрөгөөр худалдаж авсан юм. Мөнгийг хайлуулж эд зүйл хийгээд зарсан. Тэгээд тэр хоёр манай ажлаас гараад явчихсан юм. Тэр хоёр надад “Хулгайн аяга биш, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм” гэж хэлээд зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

               14. Гэрч Н.Цогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаангом сумын 3-р багт байх “Сондор” дэлгүүрийг өөрийн эхнэр Сэржмаагийн хамт ажиллуулж байсан бөгөөд уг өдөр 16 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт хоёр залуу орж ирээд өөрсдийгөө А.Мөнхөө, Д.Базаррагчаа гэж танилцуулаад эхнэр бид хоёроос “Хуучин мөнгөн аяга хямдхан авах уу?” гэж асуусан. Тэгээд тэр хоёр дунд гарын, дундаа модон оруулгатай, амсар хэсэгтээ “Ж.Нарантуяад Үйл онош зүйн тасгийн хамт олноос 2014.11.11” гэсэн бичигтэй мөнгөн аяга, мөн бага гарын дундаа модон  оруулгатай мөнгөн аяга тус тус гаргаж ирэхээр нь бид хоёр аягануудыг үзчихээд “Авахгүй” гэж хэлэхэд тэр хоёр манай дэлгүүрээс гараад явсан. Тэр хоёр уг аягануудыг хулгайн аяга гэж хэлээгүй бөгөөд “Мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм” гэж хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,

               15. Гэрч Ц.Сэржмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр Цогоогийн хамт Улаангом сумын 3-р багт “Сондор” нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед манай дэлгүүрт А.Мөнхөө, Д.Базаррагчаа гэдэг хоёр залуу орж ирээд “Мөнгөн аяга авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр уг аягаг нь харахад дунд гарын, дундаа модон оруулгатай, амсар хэсэгтээ “Ж.Нарантуяад Үйл онош зүйн тасгийн хамт олноос 2014.11.11” гэсэн бичигтэй мөнгөн аяга, бага гарын, дундаа модон оруулгатай, шинэвтэр мөнгөн аяганууд байсан. Уг аяганууд нь хуучин аяга байхаар нь нөхөр бид хоёр аваагүй юм. Тэгээд тэр хоёр залуу дэлгүүрээс гараад явсан. Тэр хоёр залуу манай дэлгүүрт орж ирэхдээ өөрсдийгөө А.Мөнхөө, Д.Базаррагчаа гэж танилцуулаад “Мөнгөний хэрэг гараад байна. Мөнгөн аяганууд авах уу” гэж асуусан юм.  Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,                  

               16. Гэрч Б.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Базаррагчаа нь миний том хүү юм. 2017 оны 01-р сарын 05-ны орой манай хүү Д.Базаррагчаа гэртээ хоноогүй бөгөөд найзындаа хоносон гэж надад хэлсэн. Д.Базаррагчаа 2015 оны 9-р сараас эхлэн Улаангом суманд байх Хөдөлмөрийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэн орсон бөгөөд одоо 2-р курсд суралцаж байгаа юм. Д.Базаррагчаа зан аашийн хувьд элдэв муу зуршил байхгүй, даруу төлөв, ажилласаг хөдөлмөрч зантай бөгөөд сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох сонирхолтой хүүхэд юм. Мөн манай хүү Д.Базаррагчаа урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож, шалгагдаж байгаагүй бөгөөд хааяа нэг интернэт тоглоом тоглодог. Сүүлийн үед интернэт тоглоомын газруудаар явж тоглох нь ихсээд байгаа. Би  эрхэлсэн тодорхой ажилгүй тул аав, ээжийгээ асраад 2 хүүгийнхээ хамт амьдардаг юм. Би өөрийн хүү Д.Базаррагчааг ямар нэгэн байдлаар хоосон хонуулж, хувцас эд зүйлээр дутааж байгаагүй ба би Д.Базаррагчаад чадах чинээгээрээ анхаарал халамж тавьж байдаг юм. Би өөрийн хүү Д.Базаррагчаатай ойр дотно байж ярилцдаг бөгөөд манай аав, ээж хоёр ч гэсэн миний хүүтэй аль болох сайн харьцдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/,

               17. Гэрч П.Энх-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “А.Мөнхөө нь миний хоёр дахь хүү юм. 2017 оны 01-р сарын 05-ны орой манай хүү А.Мөнхөө нь гэртээ ирж хоноогүй бөгөөд найзындаа хоносон гэж надад хэлсэн. А.Мөнхөө 2-р ангиасаа одоог хүртэл Улаангом сумын 2-р сургуульд суралцаж байгаа. Суралцах хугацаандаа А.Мөнхөө нь биеийн тамир, урлаг спортод сонирхолтой, сайн сурдаг байсан. Гэвч 9-р ангиасаа хойш манай хүү А.Мөнхөө болж бүтэхгүй хүмүүстэй нийлж, интернэт тоглоомын газарт их тоглодог болсон. 9-р ангидаа буюу 2014 онд А.Мөнхөө нь өөрийн найзуудтайгаа Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2014 оны 10-р сарын 08-ны өдөр Увс аймгийн сум дундын шүүхээс 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан арга хэмжээ авагдсан. Манайх амьдарлын нөхцөл байдлын хувьд нөхөр бид хоёр хоёулаа хувиараа хөдөлмар эрхэлдэг. Манай нөхөр барилгын ажил эрхэлдэг, харин би зөв хооллолтын талаар клуб ажилуулдаг юм. Бид өөрийн хүү А.Мөнхөөг идэх хоол, өмсөх хувцас зэргээр дутааж байгаагүй юм. А.Мөнхөө нь өөрийн найзуудыг дагаж яваад гэмт хэрэгт холбогдоод байдаг юм. А.Мөнхөө нь хүмүүжил төлөвшлийн хувьд үг дуу цөөтэй, аливаа зүйлд гүргэр, шазруун зантай бөгөөд сүүлийн үед тамхи татдаг болсон. Мөн А.Мөнхөө бага ангидаа хичээл сурлагын хувьд сайн байсан боловч одоо хичээл суралгандаа муу болсон. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг хүүхэд юм. Нөхөр бид хоёр ажил ихтэй байдаг учраас сүүлийн үед А.Мөнхөөд тавих анхаарал халамж муудсан. Би өөрийн хүү Мөнхөөтэй ойр дотно байж ярилцдаг бөгөөд нөхөр бид хоёр хүүтэйгээ аль болох эвээр харилцдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/,

               18. Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “А.Мөнхөө нь манай хоёр дахь хүү юм. А.Мөнхөө 2017 оны 01-р сарын 05-ны орой гэртээ ирж хоноогүй бөгөөд найзынхаа гэрт хоносон гэж хэлсэн. Манайх амьдарлын нөхцөл байдлын хувьд эхнэр бид хоёр хоёулаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манай эхнэр зөв хооллолтын клуб ажилуулдаг ба бид хүү А.Мөнхөөг идэх хоол, өмсөх хувцас зэргээр дутааж байгаагүй юм. Харин А.Мөнхөө өөрийн найзуудыг дагаж яваад гэмт хэрэгт холбогдоод байдаг юм шиг байна лээ. А.Мөнхөө нь төлөвшлийн хувьд үг дуу цөөтэй, аливаа юманд гүргэр, шазруун бөгөөд сүүлийн үед тамхи татдаг болсон. Бид хүүтэйгээ аль болох зөөлөн харьцдаг. Сүүлийн үед намайг юм хэлэхээр миний үгийг сонсолгүй үл ойшоох болсон бөгөөд би А.Мөнхөөг удаа дараа “Сансар” гэх интернэт тоглоомын газраас очиж авч ирж байсан. Мөн А.Мөнхөө ганцаараа бие даах чадвар муу,  одоог хүртэл хоол болон гэрийн ажил хийж чаддаггүй бөгөөд тэр талаар нь намайг хэлэхэд миний үгийг үл ойшоогоод сонсдоггүй юм. Би тэглээ гээд хүү А.Мөнхөөг зодож цохидоггүй, янз бүрээр хэлж загнаж байгаагүй. Сүүлийн үед эхнэр бид хоёр ажил ихтэй байгаа учраас өөрийн хүү А.Мөнхөөд тавих анхаарал, халамж муудсан” гэх мэдүүлэг /хх-ийн59-р тал/,

               19. Гэрч З.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: Би ахлах 2-р сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байна. Манай сургуулийн сурагч А.Мөнхөө нь 1-9-р анги хүртлээ манай сургуульд суралцаж байгаад 10-р ангидаа ахлах 4-р сургууль руу шилжиж суралцаад 11-р ангидаа буцаж шилжиж ирээд одоо С.Болор багшийн удирдсан 12д ангид суралцаж байгаа. Сурагч А.Мөнхөө нь зан байдлын хувьд сурах сонирхолгүй, хичээл олон цаг, өдрөөр тасалдаг, хичээлдээ ирсэн ч хичээл, номоо хийдэггүй, дотоод сэтгэлээ хүнд илэрхийлдэггүй, хүний зөвлөгөө, шаардлага хүлээж авдаггүй сурагч юм. Мөн өөр сургуулийн хүүхдүүдтэй нийлж гадуур их явдаг, шөнө оройд дэмий тэнэдэг сурагч юм. Харин А.Мөнхөөгийн сайн, давуу тал нь гэвэл хүнтэй зөв боловсон харьцдаг, өөртөө арчаатай, биеэ дайчилбал сурах чадвар, боломжтой, хүн итгэл хүлээлгэвэл хүний итгэлийг алдахгүй даах боломжтой, хичээлээс гадуурхи ажилд идэвхи чармайлттай, үг хэллэг нь янз бүрийн бүдүүлэг биш, засарч хүмүүмжих боломжтой хүүхэд юм. Миний нүдэнд архи, тамхи хэрэглэж харагдаагүй. А.Мөнхөө нь оюун санаа, ой тогтоолт сайтай бөгөөд 8,9-р ангидаа хичээлдээ муудсан. Бага ангидаа онц, сайн сурдаг байсан хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/,

               20.Гэрч С.Болорын мөрдөн байцаалтад өгсөн /насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөгийн анги удирдсан багш/: “Би Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 12д ангийн анги удирдсан багшаар ажилладаг юм. Би А.Мөнхөөгийн анги удирдсан багшаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд А.Мөнхөө нь хичээл номондоо сайн биш боловч хичээлээс гадуурх ажилд идэвхи чармайлттай хүүхэд юм. Хичээл их тасалдаг тул би А.Мөнхөө болон ар гэрийнхэнтэй нь удаа дараа уулзаж байсан. А.Мөнхөөтэй уулзаж ярилцахад тэрээр нээлттэй, бүх юмаа нуулгүй ярьдаг, хүний итгэл даах чадвартай сурагч юм. А.Мөнхөө нь надтай болон анги хамт олонтойгоо гайгүй зөв боловсон харьцдаг бөгөөд сүүлийн үед анги хамт олонтойгоо нийлэхээ больчихсон. А.Мөнхөө нь хичээлээ таслахгүй суувал сурах боломжтой сурагч бөгөөд багш нар А.Мөнхөөд байнга зөвлөгөө өгч байдаг юм. А.Мөнхөөгийн биеэ авч яваа байдал нь хичээнгүй байдаг бөгөөд тамхи татдаг эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,

               21. Гэрч Б.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын Цогцолбор 2-р сургуульд тасралтгүй 17 жил нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Манай сургуулийн 12д ангийн сурагч А.Мөнхөө нь зан байдлын хувьд төлөв даруу, урьд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд төлөвшлийн хувьд танхай балмад биш, зөв боловсон, хүмүүжилтэй, жаахан хэнэггүй, хааяа хичээл номоо тасалчихдаг хүүхэд юм. Гадуур дэмий тэнэж байгаа талаар ангийн багш нь нэг удаа надад хэлж байсан. Би А.Мөнхөө болон түүний ар гэрийнхэнтэй нь уулзаж, ярилцаж байсан бөгөөд уулзсанаас хойш А.Мөнхөө ямар нэгэн зөрчил гаргаагүй. А.Мөнхөөгийн ааш зан нь дотогшоо, үг дуу цөөтэй, хичээлээс гадуурхи ажил, спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог сурагч юм. А.Мөнхөөгийн нэр манай сургуулийн тамхи татдаг сурагчдын нэрсэд байдаг. А.Мөнхөөтэй уулзаж, ярилцаад итгэл хүлээлгэхэд хүний итгэл сайн даадаг, цаашид засарч хүмүүжих бүрэн боломжтой сурагч юм” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,

               22. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Эд зүйл, Гоёлын ээмэг, Гар утас үнэлсэн тухай тайлангууд /хх-ийн 68-69, 75-76, 81-82, 87-88-р тал/,

               23. Эрүүгийн 201720000073 тоот хэргийн Хохирлын тооцоо /хх-ийн 118-р тал/,

               24. Шүүгдэгч Д.Базаррагчаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122-р тал/,

   25. Улаангом сумын 11-р багийн засаг дарга Д.Гансүхийн 2017.03.07-ны өдрийн 247 тоот Тодорхойлолт /хх-ийн 124-р тал/,

               26. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулиас 2017.03.09-ний өдөр гаргасан 35 тоот Тодорхойлолт /хх-ийн 126-р тал/,

               27. Шүүгдэгч Д.Базаррагчаагийн суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, сурагчийн хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 127-141-р тал/,

               28. Улаангом сумын 12-р багийн засаг дарга З.Балжиннямын 2017.03.13-ны өдрийн 190 тоот Тодорхойлолт /хх-ийн 149-р тал/,

               29. Насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөгийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 151, 152-р тал/,

               30. Насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөгийн сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 154-163-р тал/,

               31. Шүүгдэгч А.Мөнхөөгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164-р тал/,

               32. Сум дундын 24  дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 89 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 167-171-р тал/, 

               33. Хохирогч Ж.Нарантуяагийн нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй талаархи Тодорхойлолт, Эвлэрлийн гэрээ /хх-ийн 174, 175-р тал/,

               34. Шүүгдэгч Д.Базаррагчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт: “А.Мөнхөө бид хоёр хамтарч Ж.Нарантуяа гэдэг айлаас эд зүйл хулгайлсан нь үнэн. Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр хэлсэн байгаа. Тэр айлаас хулгай хийхийг анх Мөнхөө санаачилсан. Бид 2 хулгайлсан эд зүйлүүдээс хоёр мөнгөн аягыг нь нийт 72300 төгрөгөөр зарчихсан, мөнгөөрөө компьютер тоглоомын газар тоглоод дуусгасан . Архийг нь уучихсан. Харин үлдсэн эд зүйлүүд нь надад байсныг эзэнд нь буцааж өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан.  Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү. Дахин хэрэгт холбогдохгүй байж чадна” гэх мэдүүлэг,

               35. Насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Базаррагчаа бид 2 хохирогч Ж.Нарантуяа гэдэг эгчийн гэрээс эд зүйл хулгайлсан нь үнэн. Бид 2 тэр эгчээс уучлал гуйж 2017 оны 02-р сарын 26-ны өдөр шинэ дунд гарын мөнгөн аяга 145.000 төгрөгөөр, бага гарын мөнгөн аяга 115.000 төгрөгөөр, хөшиг 45.000 төгрөгөөр худалдан авч өгсөн, мөн зургийн жааз болон дотор нь байсан 5000 төгрөг, нийт 305.000 төгрөгийн хохирлыг Д.Базаррагчаагийн гэр бүлийнхэнтэй хувааж, манай гэрийн зүгээс 152.500 төгрөг гаргаж Ж.Нарантуяа эгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.      

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

                Насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөө, шүүгдэгч Д.Базаррагчаа нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Улаангом сумын 11-р багийн 11-09 тоотод оршин суух хохирогч  Ж.Нарантуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 5000 төгрөг, Морьтой Чингис нэртэй архи 0.35л- 1 шил, 3D нүдний шил 2 ширхэг, харааны шил 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, хумсны иж бүрдэл 1 ширхэг, үсний хавчаар 2 хос, гоёлын ээмэг 2 хос, зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж, нийт 381300/ гурван зуун наян нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Нарантуяа, гэрч Ж.Буянжаргал, Б.Цэрэн-Очир, Ц.Мөнгөншагай, Ө.Батзориг, Б.Өлзийбаяр, С.Нарнай, Н.Цогоо, Ц.Сэржмаа нарын мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд,  шүүгдэгч Д.Базаррагчаа, А.Мөнхөө нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

        Шүүгдэгч Д.Базаррагчаа, А.Мөнхөө нар хохирогч Ж.Нарантуяагийн гэр эзэнгүй, гэрийн эзэн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа болон гэртээ эргэж ирэх хугацаа болоогүй байгаа зэргийг урьдчилан мэдэж байсан байх бөгөөд тэдний гэрээс хулгай хийхээр үгсэн тохиролцож бүлэглэн хохирогч Ж.Нарантуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул тэднийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй гэж дүгнэв.

        Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Нарантуяад 381.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн эд зүйл үнэлсэн тухай 39, 121, 129 тоот тайлангуудаар нотлогдон тогтоогдож байгаа ба шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Ж.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Базаррагчаа, А.Мөнхөө нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Д.Базаррагчаа, А.Мөнхөө нар хохирогч Ж.Нарантуяагийн гэрээс хулгайлсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэгийг бусдад 72.300 /далан хоёр мянга гурван зуу/ төгрөгөөр зарж борлуулан, мөнгийг өөрсдөө ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар Д.Базаррагчаагаас 36.150 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөгийн хууль ёсны төлөөлөгч /иргэний хариуцагч/ П.Энх-Отгоноос 36.150 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч Д.Базаррагчаа, А.Мөнхөө нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч Д.Базаррагчаагийн эд хөрөнгө болох “BMM” загварын гар утас 1 ширхэг, А.Мөнхөөгийн эд хөрөнгө болох “Nokia-0631” загварын гар утас 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч А.Мөнхөө нь Сум дундын 24  дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 89 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жил хүртэл хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан буюу ял шийтгэлгүй, тэрээр 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, одоо 17 нас 1 сар 22  хоногтой буюу насанд хүрээгүй, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид суралцдаг, түүний сурагчийн хувийн байдал, цаашид сурч хүмүүжих боломжтой талаар тодорхойлсон анги удирдсан багш С.Болор, сургалтын менежер З.Алтансүх, нийгмийн ажилтан Б.Дэлгэрмаа  нарын  мэдүүлэг зэргийг үндэслэн түүнд цаашид сурч боловсрох боломж олгох нь зүйтэй гэж дүгнэж, түүнд хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн болно.   

          Шүүгдэгч Д.Базаррагчаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа  ухамсарлан гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа болон  тэрээр дээд сургуулийн 2-р курсад суралцдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.  Түүнчлэн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зохистой гэж үзсэн болно.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

       1. Шүүгдэгч Зөөд овгийн Дашнямын Базаррагчаа, Зуутраг овгийн Анхбаярын Мөнхөө нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Д.Базаррагчаад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял, шүүгдэгч А.Мөнхөөд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Базаррагчаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.   

      4. Шүүгдэгч Д.Базаррагчаа, Ө.Мөнхөө нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Д.Базаррагчаагаас 36150/ гучин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөг, иргэний хариуцагч П.Энх-Отгоноос 36150 / гучин зургаан мянга нэг зуун тавь / төгрөг тус тус  гаргуулж улсын орлогод оруулсугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч А.Мөнхөөд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Базаррагчаад оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтан Д.Базаррагчаад хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Д.Базаррагчаагийн эзэмшлийн эд хөрөнгө “ BMM” загварын гар утас 1 ширхэг, А.Мөнхөөгийн эзэмшлийн эд хөрөнгө  “Nokia-0631” загварын гар утас 1 ширхэгийг тус тус  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч  Д.Базаррагчаа, А.Мөнхөө нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.АЛТАН