Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

                        

  2020             6               30                                         2020/ДШМ/847

 

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Э.Билгүүн, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 578 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Э.Билгүүний өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Н.Бд холбогдох 1903007820348 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хантайшир овгийн Нямдоржийн Б, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Н.Б нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 08 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” зуурмагийн үйлдвэрийн гарц замд Бэйбэн загварын 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Билгүүний жолоодож явсан “Тоёота Приус” загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокуророос Хантайшир овгийн Нямдоржийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Н.Бд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч Э.Билгүүний нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 10.3 дугаар зүйлд “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэж заасан.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

Хохирогч Э.Билгүүний “...Миний урдуур Бэйбэн загварын 31-54 УНК улсын дугаартай автомашин гэнэт зүүн гар тийш эргэх гээд гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгэх хооронд мөргөлдсөн. ...Зогсоох арга хэмжээ авах ямар ч боломж байхгүй байсан, тулаад ороод ирсэн учир...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Н.Бгийн “...Би Сонсголон зуурмагийн үйлдвэрийн гарцаар зүүн эргэх гээд зогсож байгаад хартал гол замаар Тоёота Приус загварын ...тээврийн хэрэгсэл чигээрээ ирж байсан...” гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд, туслах замаас орж ирж байгаа Бэйбэн загварын 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гол замаар яваа Тоёота Приус загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг харсан, хараад зам тавьж өгөх ёстой байтал гол замаар явж байсан, давуу эрх бүхий Тоёота Приус загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй, гэнэт зүүн гар тийш эргэх үйлдэл хийснээс энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон.

Гэтэл шүүх туслах замаас гэнэт орж ирсэн Бэйбэн загварын 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг “шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт” хийж гэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч Э.Билгүүний өмгөөлөгч Н.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тоёота Приус загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Билгүүн нь Н.Бгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын 3 дугаар тэнхлэг буюу хойд талын дугуйг мөргөж, үүний улмаас Э.Билгүүн хохирол авсан болох нь:

“...Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тодорхойлох хэсэгт: Зүүн хойд дугуй дээр мөр үүссэн...” гэх баримт /хх 6-7/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар С.Ганзоригийн өгсөн “...манай жолооч Н.Б гарцаар гараад зүүн эргэх гэж байх үед Тоёота Приус загварын 10-64 УНВ улсын дугаартай автомашин хажуугаас нь орж ирж мөргөсөн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх 36-37/,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сонсголон зуурмагийн үйлдвэрийн уулзвар дээр очоод тухайн уулзвар бага зэрэг өгсүүр болохоор машинаа араанд нь хийгээд хүндрүүлээд өгсөж байсан” гэх мэдүүлэг нь гэрэл зургийн үзүүлэлт №3-т авагдсан баримт /хх 8/-аар тус тус нотлогдож байна. Шүүхээс тогтоосон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Бгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Билгүүнд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судлан үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй, асуудалд хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг ялгамжтай үнэлсний үндсэн дээр үнэн бодит байдал, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Учир нь;

Мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 312 дугаартай магадлагаанд “Вэйбэн загварын 3154 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, зам гарахдаа уг зам дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх 20/,

хохирогч Э.Билгүүний өгсөн “...осол гарах үед зам орчны байдал хэвийн, цаг агаар цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би 50 км/ц хурдтай явсан. Зогсоох арга хэмжээ авах ямар ч боломжгүй байсан. ...” /хх 18-19/,

хохирогч Э.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг явж байхад замын хажууд том оврын машин зогсож байсан. Намайг дөхөөд ирэхэд гэнэт миний урдуур ороод ирсэн...” гэсэн мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11/ зэргээр шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг явж байхад том оврын автомашин зогсож байсан. Тэгээд намайг урагшлаад дөхөөд ирэхэд гэнэт хаазлаад тулж ирсэн. Би цагт 40-50 километрийн хурдтай явж байсан, гол замаар явж байсан тул түрүүлж явах эрхтэй. Би тухайн үед тоормос гишгэсэн тул зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж байна. Тухайн үед зам дээр их түгжрээ байгаагүй боловч хөдөлгөөнтэй зам учир хурдтай явах боломжгүй. Би гэмтэлтэй байгаа буюу хөл эдгээгүй, доголж байгаа. Сүүлд нурууны гэмтэл илэрсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Н.Бг 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 08 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” зуурмагийн үйлдвэрийн гарц замд Бэйбэн загварын 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Билгүүний жолоодож явсан “Тоёота Приус” загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Э.Билгүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх, Н.Бд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан шинжилж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь Н.Бгийн үйлдлээс хамаараагүй болохыг зөв тодорхойлж, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл /хх 4-5/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-13/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Бгийн: “...зүүн эргэх гээд зогсож байгаад хартал гол замаар “Тоёота Приус” загварын автомашин чигээрээ ирж явсан. Зайтай явсан тул би урагшлаад зүүн эргэх гэж эсрэг урсгалын машиныг хараад зөөлөн урагшилж байтал ирж мөргөсөн...”, иргэний нэхэмжлэгч С.Ганзоригийн “...Н.Б гарцаас гараад зүүн эргэх гэж байх үед автомашин хажуугаас орж ирж мөргөсөн гэж ярьсан...”, хохирогч Э.Билгүүний “...“Бэйбэн” загварын 31-54 УНК улсын дугаартай автомашин гэнэт зүүн гар тийш эргэх гээд гараад ирсэн. Би тоормос гишгэх хооронд түс тас гээд мөргөсөн...” гэх мэдүүлгүүд болон бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч Э.Билгүүн “Тоёота Приус” загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг төв замаар жолоодож явахдаа туслах замаас төв зам руу нэвтэрч, зүүн эргэх үйлдэл хийж байсан Н.Бгийн жолоодож явсан “Бэйбэн” загварын том оврын 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 дугаар тэнхлэг буюу тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуйг мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас хохирогч Э.Билгүүний жолоодож явсан “Тоёота Приус” загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр жолооч Н.Б нь туслах замаар явж байхдаа гол замын автомашинд зам тавьж өгөх дүрэмтэй боловч “Тоёота Приус” загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд, ирж байгаа орон зайнд тохируулан нэгэнт уулзварт нэвтэрч /хх 8/ өөрийн орох урсгалын машины хөдөлгөөнд нийцүүлэн хөдөлгөөнөө саармагжуулсан байгааг хохирогч Э.Билгүүн нь харсаар байж Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтын дагуу хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэв.

Түүнчлэн, Н.Бгийн жолоодож явсан “Бэйбэн” загварын 31-54 УНК улсын дугаартай машин нь гарцаар замд нийлэх хөдөлгөөн хийгээд эсрэг урсгалын хөдөлгөөнд тулж ирээд хурдаа саармагжуулсан, уг машины арын зайгаар “Тоёота Приус” загварын 10-64 УНВ улсын дугаартай машины жолооч Э.Билгүүн нь тойрон гарах боломжтой байсан, тоормос дарж зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нь замын хөдөлгөөнд оролцохдоо илтэд анхаарал болгоомжгүй явсантай холбоотой байна гэж үзэв.

Мөн энэ хэргийн тухайд 2 автомашин мөргөлдсөн А цэг буюу эхний цэгийг үндэслэлтэй зөв тогтоох нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд уг цэг ямар учраас тогтоогдож байгаа,  хэргийн газрын үзлэгийн гэрэл зургуудыг хэзээ авч бэхжүүлсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор үндэслэл бүхий тайлбарлаагүй бөгөөд Н.Бг эргэлзээгүйгээр гэм буруутай болохыг тогтоосон  баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх...” тухай прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Э.Билгүүний өмгөөлөгч Н.Энхбаярын  “...хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх...”-ээр гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 578 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Э.Билгүүний өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

                                    ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ