Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/01220

 

 

 

 

 

 

 

 2021          04          26                                    101/ШШ2021/01220

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

Гэрээг хүчингүйд тооцуулах, 4,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М, хариуцагч Б.Б, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Т-ийн төлөөлөгч Т.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. ******* нь Б. *******тай 2018 оны 10 сарын 24 ний өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр Б.Б-аас 50.000.000 тавин сая төгрөгийг ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй , хөгжмийн зохиолч Б. ******* гэгч нь нэхэмжлэгчийн А ХХК-с ая зохиосны ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг авахын тулд зээлийн гэрээ болгон, Б.Бт төлж байхаар тохирсон боловч Б.О нь уг төлбөрийг Хан- Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн А ХХК-ийг хариуцагчаар татаж уг төлбөрийг нэхэмжилсэн байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашигт маш их хохирол учруулах байдал үүсээд байгаа болно. Хариуцагч Б.Баас 50.000.000 /тавин сая/ төгрөгийг аваагүй, мөн Б.О нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг хоёр дахин нэхэмжлэл гаргах байдалд хүргээд байгаа тул 2018 оны 10 сарын 24 зээлийн гэрээ Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээгээр төлж байсан төлбөрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байгаа тул хүчингүйд тооцуулж, Б.Б-ийн эзэмшлийн ******* дансанд 2019 оны 4 сарын 6 ний өдөр 2.000.000 хоёр сая төгрөгийг, мөн Б.Бийн дээрх дансанд 2019 оны 5 сарын 31-ний өдөр 2.000.000 хоёр сая төгрөгийг тус тус төлж байсан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг буцааж гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгө аваагүй. Гэрчид төлөх төлбөртэй холбоотойгоор гэрээ байгуулсан. Гэвч гэрч нь ажлын хөлсөө нэхсэн байдаг. Иймд зээлийн гэрээг хүчингүй болгож, нийт 4 саяыг буцаан гаргаж гаргуулж өгнө үү. 4 сая төгрөгийн хувьд Хан-Уул дүүргийн шүүх дээр энэ төлбөр тооцогдоогүй. Зээлийн гэрээ нь дүр эсгэж байгуулагдсан гэв.

 

            Хариуцагч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.От 50,000,000 хүүгүй зээлж байсан бөгөөд гэнэт Б.Т гэгчийг гаргаж ирэн бид хоорондын уран бүтээлийн тооцоо байгаа түүнээсээ 50,000,000 төгрөгийг хасаад төлбөрийг ******* чамд өгнө та 2 гэрээгээ хийчих гэж хэлээд би *******тэй зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа *******т би бэлэн мөнгө өгөөгүй бөгөөд ******* ******* хоёрын хоорондын өрийг шилжүүлсэн болно. Тухайн үеэс хойш ******* 2 удаа буюу 2019.04.6-нд 2,000,000, 2019.5.31-нд 2,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ төлбөрийг өгснөөс хойш 2021.03.10-г хүртэл огт холбоо барьж чадаагүй тул тухайн хугацаанд Б.Оаас өөрийн авах ёстой байсан үлдэгдэл төлбөр 46,000,000 төгрөгийг авсан болно. Иймээс надад *******т өгөх өглөг байхгүй бөгөөд тухайн зээлийн гэрээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Уг өргөдөл гаргагч ******* нь Б.Отай Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэлтэй шүүхэд дуудагдсан байгаа болно. Иймээс миний нэр дээр ирсэн нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү. Тухайн авсан 4,000,000 төгрөгийг *******аас авах төлбөрөөс хассан болно.

Гэрээг хүчингүй болгохыг зөвшөөрнө. Учир нь би гэрчээс 46 сая төгрөг, нэхэмжлэгчээс 4 саяыг авсан. Гэрч нь *******ээс 4 саяыг хасаад нэхсэн гэж үзэж байгаа юм. Гэр бүлийн найзууд гэрч бид нар тул *******ийн өрийг л тооцсон. Хэрэв намайг буцааж төл гэвэл би хүү нэхэх бодолтой байна. Гэрч нь *******ээс мөнгөө хасаж тооцсон гэдгээ хэлсэн. Гэрч нь 6 саяын задаргааг бичихдээ надаас асуухад нь би хариулж өгч чадаагүй, харин 2 хувааж өгсөн гэдгийг хэлэхэд Хан-Уул дээр буруу бичсэн байна. Надаас нэхэх үндэслэл байхгүй юм. Би хүнд мөнгө өгснийхөө төлөө 2 жил хүлээсэн. ******* нь өөрөө ирж гэрээ хийчхээд биелүүлээгүй тул би сэтгэл санааны хохирлоо нэхэх болно. ******* нь нөгөө шүүх дээр 4 саяыг хасуулсан байхад илүү төлбөр нэхэмжлээд байна гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Т нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, төлсөн төлбөр 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох болон 4,000,000 төгрөг хүлээн авсан болохыг зөвшөөрсөн боловч бусдад олгосон зээлээс хасаж, улмаар нэхэмжлэгч нь бусдад төлөх төлбөрөөс энэ хэмжээгээр чөлөөлөгдөж байгаа тул 4,000,000 төгрөг буцаан төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 7 дугаар тал/

            Энэхүү зээлийн гэрээг 2 сар, 6 хоногийн хугацаатайгаар байгуулж, мөнгийг мөн өдөр хүүгүй олгохоор тохиролцсон байна.

 

            Гэвч зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгө олгогдоогүй болох нь зохигч болон гэрч Б.Оын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Улмаар зохигч болон гэрч нар нь уг зээлийн гэрээ нь нэхэмжлэгчээс гэрчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөртэй холбогдуулан байгуулагдаж, зээлийн гэрээнд дурдсан 50,000,000 төгрөгийг зээлдэгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч бус харин гэрч Б.О хүлээн авсан гэж тайлбарласан.

            Мөн гэрч нь нэхэмжлэгчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэмжилсэн гэрчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа гэж хэн аль нь тайлбарласан бөгөөд энэхүү үйл баримт нь “Н” ХХК-ний гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна. /хэргийн 10-11 дүгээр тал/

            Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

            Эдгээрээс үзэхэд уг зээлээ гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй.

            Мөн зохигч болон гэрчийн тайлбарлаж буйг харьцуулан үзвэл уг зээлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилготой байсан гэж үзэхээр байна.

            Гэвч маргаж буй зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөг буцаан төлсөн болох нь зохигчийн тайлбар, Ж.Э-ийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 8-9 дүгээр тал/ Уг дансны хуулга нь гуравдагч этгээдийн данс байх боловч гүйлгээний утга нь нэхэмжлэгчийн зээлийн төлбөр гэж заасныг дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь талууд хэн аль нь гэрээнд заасан үр дагаврыг үүсгэхийг хүсээгүй байдаг. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөг буцаан төлсөн байх тул энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарахгүй.

 

            Харин зохигч болон гэрчийн тайлбараас үзэхэд энэхүү зээлийн гэрээ нь нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан байгуулагдаж, улмаар зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг гэрч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хүлээн авсан байна. Үүнээс үзэхэд зээлийн гэрээг нэхэмжлэгч болон гэрч нарын хооронд байгуулагдсан гэх ажил гүйцэтгэх гэрээг халхавчилж хийжээ. Тодруулбал, зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй боловч нэхэмжлэгчийн гэрчид төлөх төлбөрийн зарим хэсгийг төлөх зорилго агуулсан байна. Улмаар гэрч нь халхавчлагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардаж иргэний хэрэг үүсгэгдсэн болох нь дээрх нэхэмжлэл болон зохигч, гэрч нарын тайлбараар тогтоогдсон.

            Түүнчлэн энэхүү үйл баримтыг болон маргаж буй зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хариуцагч зөвшөөрч байна.

            Иймд зохигчийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар халхавч хэлцлийн дагуу шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаан өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч болон гэрч нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдох маргаанд энэ хэрэгт маргаж буй 4,000,000 төгрөгийг хасаж тооцсон гэж тайлбарласан боловч хэргийн 10-11 дүгээр талд байх нэхэмжлэлээс үзэхэд энэхүү үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, уг нэхэмжлэлд энэ хэрэгт маргаж буй 4,000,000 төгрөгийг хасаж тооцсон талаар дурдаагүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаанд энэхүү 4,000,000 төгрөг тооцогдоогүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8.1-д зааснаар өөр хэргийн маргааны зүйлийг энэ хэргийн маргааны зүйлд харилцан тооцох боломжгүй юм.

 

            Иймд дээр дурдсанаар нотлох баримтаар тогтоогдсон, хэн аль нь маргахгүй байгаа нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

 

            Харин энэ хэргийн гэрч нь маргаж буй 4,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний маргаанд хасаж тооцсон гэж үзвэл хуульд заасан эрхийн дагуу тухайн хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

            Үүнээс гадна хариуцагч нь зээлийн гэрээний улмаас хохирол учирсан гэж тайлбарлаж байх тул энэ асуудлаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй юм.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Б.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 50,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.Б-аас 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 486,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД