Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/70

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

           улсын яллагч Б.Батсүх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт А.Б-д холбогдох эрүүгийн 2331..... дугаартай, 175/...../Э хэргийг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг ... сум, ...... тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ... овогт А.Б /РД: ..../, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч А.Б. нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын ... дугаар баг ******* тосгоны нутаг дэвсгэр “....” гэх газарт ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолоочийн үүрэг: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 23.5 Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглоно., 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч" гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож тус машинд зорчиж явсан зорчигч Д.Г нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:

Яллагдагч А.Б нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны нутаг дэвсгэр “*******ын ам” гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-нд шилжих шөнө Б.Х, Г.О, Б.Ц, Б.Х, Д.Г нарын хамт ан агнах зорилгоор ... УБА улсын дугаартай авто машиныг жолоодон явсан. Жолоочийн хажуугийн суудалд Б.Ц, арын суудалд Г.О, Б.Х, Д.Г нар сууж явсан. Улмаар уул руу гараад уруудах үедээ Д.Г машины лүүкээр цээж хэсгээ гаргаад гэрэлтүүлэг хийгээд явж байхад тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан Д.Г гавал тархины хүнд хавсарсан гэмтэл авч, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б өгсөн: “... Бид хэд бүгд ярилцаж байгаад *******аас гараад явсан. Өмнө нь нэг явна гээд ярьж байсан болохоор явахаар болсон. Уул өөдөө өгсөж байгаад нэг унианги /унасан мод/ гарч  ирээд тэрийг тойрч гараад л осол болсон гэв....” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э өгсөн: “... Манай нөхөр бид 2 гэртээ байж байгаад О манай хүн рүү өдөржин залгасан. Манай хүн сүүлд утсаа аваагүй, утсаа аваад Б дуудаж байна гээд явсан. Намайг дэлгүүр орсон хойно бид 2 охиноо аваад гэртээ хариад машинд суухад дахиад залгасан, очиж байна гэж байсан гэрийн гадаа очиход хүлээж байсан. Тэгээд шөнө 03 цагт утас нь холбогдоогүй, 05 цаг өнгөрч байхад манай ах хэлээд хэргийн газар руу яваад 06 өнгөрч байхад очсон. О нь ажил явдлын үеэр очоод уулын уруу унасан гэж яриад байгаа юм. Нэг гөрөөс унагаагаад цусыг уусан гэж бичсэн байсан. Тэрийг яагаад үнэн зөв мэдүүлэг өгөөгүй юм бэ?. Нэг шил архинд хүн хэзээ ч согтохгүй манай хүнээс архи уусан гэж гарсан яагаад энэ 5 хүнээс уугаагүй гэж гараад байгаа юм эргэлзээтэй байна. Хохирол төлбөр 298,978,193 төгрөг, оршуулгын зардал 82,028,193, хүүхдийн тэтгэмж 158,950,000, сэтгэл санааны хохирол 90,000,000 төгрөг нийт 328,978,193 төгрөг нэхэмжилж байгаа үүнээс төлсөн байгаа мөнгө нь 32,000,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр талийгаач болон хүүхдүүдийн хамт 19:00 цагийн үед ******* сумын ******* тосгон ... дугаар баг Өлөнт ...тоотод байрлах гэрээсээ гараад Б гэрт очиж бид хэд бөөндөө хоол идэцгээсэн. Тэгээд Б гэрт хоол, цай уучхаад манай гэр бүл Б гэрээс гараад ******* тосгоны 5 давхар байранд байрлах талийгаачийн төрсөн дүү О гэр рүү явсан. Тэгээд О гэрт очоод байж байтал талийгаачийн утас дуугараад байсан ба манай хүн утсаа аваагүй. Тэгээд талийгаачийн утас дахиад дуугарахаар нь утсаа аваад “за одоо гарлаа гэж яриад О гэрээс гарч явсан. Талийгаач дүүгийнхээ гэрээс гарч яваад ирэхгүй 10-15 орчим минут болохоор би тэдний гэрээс гараад хүүхдүүдээ аваад дэлгүүр рүү явж байхдаа талийгаач руу залгатал “Би Огэрт бууны дуран тохируулж байна удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээс гараад иртэл талийгаач тоглоомын талбай дээр ирчихсэн байсан ба намайг хурдал, гэр лүүгээ явъя гээд яаруулаад байхаар нь машиндаа суугаад талийгаачаас хаашаа яараад байгаа талаар нь асуутал “ууланд явчхаад ирье” гэж хариулахаар нь “чи явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл “би гялс явчхаад ирье” гэж хэлээд гэрийн гадаа очтол Бороо буюу Ц-н машин ирчихсэн байсан ба талийгаач машинаа хашаа руу оруулж тавиад гэр рүү орж хантааз авчхаад гарч явсан. Талийгаач тэрнээс хойш огт яриагүй ба гэртээ ирэхгүй удаад байхаар нь би 2023 оны 05 дугаар!; сарын 17-ны шөнөөс 2023 оны 05 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед талийгаачийн утас руу залгатал холбогдоогүй. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөөний 05:00 цагийн орчимд талийгаачийн төрсөн дүү О над руу залгаж талийгаачийг осолд орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ осол болсон газар луу явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...талийгаачийн оршуулгын зардалд 51,187,009 төгрөг, талийгаачийн .... ХХК-с зээл авсан байсан 25,100,000 төгрөг, талийгаачийн тэтгэврийн зээл 5,741,184 төгрөг, 3 хүүхдийн 18 нас хүртэлх тэтгэмжийн хөлсний доод хэмжээгээр бодоод 158,950,000 төгрөг нийт 240,978,193 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Л 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл нь М.Г-д гэдэг хүний нэр дээр эзэмшилтэй байдаг машин. Тухайн хүн нас барахаасаа өмнө Х гэж хүнд зараад гэрчилгээгээ шилжүүлээгүй байсан юм. Би Хгэдэг хүнээс тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр амаар тохиролцоод 4 сая төгрөгөөр худалдаж авч байсан ба машиныг худалдаж аваад 8 сая гаруй төгрөгөөр засвар үйлчилгээ хийж тоноглосон байсан. Би Б гэдэг хүнийг сайн танихгүй. Өөрийн найзаар дамжуулж танилцаж байсан. Б 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт ирээд миний машиныг “түрээсэлж унаж байгаад худалдаж авна” гэж тохиролцоод авч явсан. Би тухайн машиныг Б сарын 2.500.000 төгрөгөөр түрээсэлж байсан. Тэгтэл 2023 оны 05 дугаар сарын сүүлээр Б над руу залгаад “Би машинтай чинь шөнө гөрөөнд явж байгаад унагаагаад, хүн нас барчихлаа, би чиний түрээсийн мөнгө болон машиных чинь мөнгийг нэн даруй шийдэж өгнө” гэж хэлсэн. Би Б машины зах зээлийн одоогийн үнэлгээ болох 11.000.000 төгрөг болон түрээсийн 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,  

Иргэний нэхэмжлэгч Б.Л 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж, хэрэг шийдвэрлэсний дараа машинаа авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас/,

Гэрч Б.Х 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад 22 цагийн үед өөрийн найз Ц /Бороо/ дээр гэрт нь очиж уулзаад хамт гэрээс нь гараад мөн найз болох Ойгонбаярын гэрт нь ирээд, тэгээд Ц, О бид гурав 23 цагийн үед талийгаач Г Ц, О хоёрын нэг нь утсаар холбогдоод ярьсан чинь гэрээс ирээд авчих гэсэн юм шиг байна лээ, гэрт нь байхад нь очоод уулзаад бид хэд явах гэж байна гээд талийгаач Г, Ц, О хоёртой л юм яриад байсан. Тэгээд явахаар болоод миний машинд суугаад бөөнөөрөө Бой гэх газар руу Б гэрт очиход Х оччихсон байсан. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Б Мицубүши пажеро маркийн саарал өнгийн /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ тээврийн хэрэгслээр 6-уулаа цаашаа .... ам руу бөөнөөрөө гөрөөс агнахаар явсан. Тэгээд тухайн газартаа очоод ан хийсэн зүйл байхгүй талийгаач Г машины лүүкээр дээшээ гарчихсан гэрэлтүүлээд явж байхад уул руу өгсөөд, за буцъя гээд уруудаж байхад 1 жижиг жалга гараад юу болсон нь мэдэгдэхгүй машин хажуугаараа унаад уулын уруу өнхөрсөн. Тухайн үед хэдэн өнхөрснийг бол мэдэхгүй, миний бодлоор 4, 5 өнхөрсөн байх дотроо зогсчхоосой л гэж бодож явсан чинь уулынхаа дунд хавьцаа байхад жаахан тэгш газар таараад тэнд зүүн талаараа хажуу тийшээ хараад зогссон. Тэгээд машинаас бууж ирээд бид хэд бие биеэ дуудаад гайгүй юу гайгүй гэж хэл сонсчхоод талийгаачийг дуудсан чинь дуугарахгүй байхаар нь дээшээ харсан чинь 15 орчим метр зайд дээшээ харсан байдалтай толгой нь хойд чигт нүүр, ам нь цус болчихсон байхаар нь Б *******ын эмнэлэг рүү дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 129-132 дугаар хуудас/,

Гэрч А.Д 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Б нь миний төрсөн ах байгаа юм. Миний төрсөн ах Б ах ******* тосгонд ирэхдээ ээж Б гэрт байдаг. Манай ах ээж болон ах дүү нартай халамжтай, манай гэр бүлийн асуудлыг шийддэг мундаг ах байгаа юм. Харин тэрнээс муу зуршил байхгүй. Хүнд тусархуу зантай. Мөн найз нөхөд дундаа нэр хүндтэй хүн байгаа. Тийм болохоор би ах Б хүндэлж явдаг. Гэхдээ талийгаач Г манай ах Б нь найзалж, нөхөрлөж явдаг гэж боддог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/,

Гэрч Г.О 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн авга ах болох Г руу залгаад “та гэртээ байна уу? таныг гэртээ байвал би явж очоод бууныхаа дуранг янзлуулах гэсэн юм гэж хэлтэл би танай гэртэй ойрхон явж байна яваад очъё гэж хэлсэн. Удалгүй талийгаач Гах ******* тосгоны .... тоотод байрлах манай гэрт 18:00 цагийн үед машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгээд талийгаач ах миний бууны дуранг янзалж өгч байтал Ц, Х хоёр манай гэрт ирсэн. Тэгтэл талийгаач бид хэдээс ”та хэд анд явах гэж байгаа юм уу? би хамт явж болох уу гэж асуухаар нь “таныг авч явахгүй бид хэд найзуудаараа явах гэж байна” гэж хэлтэл уурлангуй аястай болоод гэр лүүгээ яваад өгсөн. Ахыг явсны дараа би Ц “Г ахыг аваад явбал багтах болов уу гэтэл Ц багтана би Г ах руу залгаад дуудчихъя гэж хэлсэн. Тэгээд Ц талийгаач руу залгаад анд явъя гэж хэлтэл “манай гэрээс ирээд авчих гэсэн. Ц, Х бид гурав талийгаачийг гэрээс нь очиж аваад Б гэрт 20:00-21:00 цагийн хооронд очсон. Тэгээд бид 6 хаашаа явж гэрэлтүүлж гөрөөс агнах талаараа ярилцаж байгаад ... ам гэх газар руу 2023 оны 05 дугаар сарын 18 шөнийн 00:10 цагийн үед Б машинтай гэрээс нь хөдөлцгөөсөн. Бид хэд Ходоод гэх газарт зогсоод гэрэлтүүлэг хийх гэрлээ машинтайгаа холбоод байж байтал Х машины суудал доороос 0,5 литрийн “Ауруг" нэртэй архи 1 шилийг гаргаж ирээд хувааж ууцгаасан. Бтухайн архинаасаа өгтөл шавхайтаа зам дээр жолоо бариад явж байгаа юм чинь би уухгүй гэж хэлээд хальт амсаад л өгсөн. Тэгээд гэрлээ холбоод архиа ууж дуусчхаад .... ам гэх газарт очтол талийгаач ах машины лүүк хэсгээр цээжээ гаргаад гэрлээ тусгаж гэрэлтүүлсэн. Тэгтэл нэлээн эгц өндөр уулан руу гэрэлтүүлтэл нэлээн дээр амьтны нүд орж ирэхээр нь бид хэд машинтайгаа тухайн нүд өгсөн газар руу өгсөөд очтол нэлээн өндөр байхаар нь жолоодлого хийгээд уулнаасаа доош буутал талийгаач зүүн дар зүүн дар гэж хэлтэл жалга гарч ирээд онхолдчихсон. Тэгтэл би машины гадна талд гарчихсан байсан ба миний нэг хөл машин дотор хавчуулагдчихсан байхаар нь хөлөө татаад гаргасан. Тэгтэл Ц машинаас гарч ирээд хүнээ бүртгээд орилоод байтал талийгаач огт дуугарахгүй байсан. Тэгэхээр нь Ц талийгаачийг хайгаад онхолдож эхэлсэн газар луу гүйж явж байгаад энд байна, дуугарахгүй байна гээд орилоод байсан. Би шоконд орчхоод машины хажуугаас босож чадахгүй хэвтээд байсан. Машин онхолдсоноос хойш 1 цаг гаруй хугацааны дараа эмнэлэг, цагдаа ирсэн. ...Бтухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136-139 дүгээр хуудас/,

Гэрч Ж.М 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед манай ээлжийн сувилагч Б.Б жижүүрийн гар утаснаас миний дугаар луу залгаж, сая цагдаагийн жижүүрээс дуудлага өглөө ...т тосгоны ... ам гэх газар зам тээврийн осол болсон хэдэн хүн бэртэж гэмтсэн талаар мэдэгдэхгүй байна гэж дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би бага эмч О.Х болон хэсгийн төлөөлөгчийн хамт 05 дугаар сарын 18-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад тухайн осол болсон гэх газар явж очиход эгц налуу газар байсан ба осолд орсон машин нь хажуу тийшээ харсан, тухайн машинаас 10 орчим метр газар дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байсан. Тэгээд тухайн хүний биеийн байдлыг үзэж шалгахад тухайн амь хохирогч нь толгой болон дух хэсэгтэй гэмтэл авсан амьсгал байхгүй нас барсан байдалтай байсан. Тэгээд хамт явсан гэх хүмүүсээс Х хамрын дээд хэсэгт язарч товойж хавдсан, дух 2 газар хөхөрч хавдсан, зүүн гар нь бугалганы дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул анхан шатны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,

Гэрч Б.Х 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20:00 цагийн үед би өөрийн танил Б гэх залуутай дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Тэгээд мэнд усаа мэдэлцээд хаа хүрэх гэж байгаа талаар нь асуухад “гэрэлд явах гэж” байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явж багтах юм уу гэж асуутал болно гэж хэлсэн. Тэгээд би Б дагаад гэрт нь очтол, Ц, Х О, талийгаач 4 Б-н гэрт ирчихсэн байсан. Тэгээд бид 6 ан гөрөө хийх газраа ярилцаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 00:20 цагийн үед хөдөлцгөөсөн. Тэгээд Ходоод гэх газар өнгөрөөд машинтайгаа гэрэлтүүлэг хийх гэрлээ холбох гээд зогсохдоо 0,5 литрийн “Ауруг” нэртэй 1 шил архи хувааж уусан ба Б машин барьж байгаа гээд тухайн архинаас уухгүй амсаад л өгсөн. Бид хэд гэрлээ, холбоод архиа ууж дуусчхаад цаашаагаа хөдлөөд гэрэлтүүлгээ хийгээд явцгаасан. Талийгаач машины лүүк хэсгээр цээжээ гаргаад гэрэлтүүлэг хийгээд явж байсан. Тэгтэл нэлээн өндөр дээр нүд өгч байна гэхээр нь тухайн гэрэлд нүд өгсөн газар руу өгстөл огцом өндөр байсан ба тухайн өндөр рүү гарчхаад жолоодлого хийгээд уруудаад явж байтал талийгаач зүүн дар, зүүн дар гэж хэлэхийн зуургүй машинтайгаа өнхрөөд машин зогссон. Тэгэхээр нь би машины ар талаар гадагшаа гарсан. Тэгтэл Ц манайхан байна уу гэж орилохоор нь бид нар бүгд байна гэж дуугарч байсан ба талийгаач огт дуугарахгүй байсан. Тэгээд машин анх онхолдсон хэсэг рүү мөлхөөд явж байтал талийгаачийг Ц тэвэрчихсэн сууж байсан ба талийгаачийг ойртож очилгүйгээр наад талаас нь хартал амнаас зөндөө их цус гарчихсан байсан. Тэгээд Б жи мобайлын утсаараа цагдаа, эмч, найзууд руугаа тусламж хүсээд залгаад байх шиг байсан. ...Б машин бариад явж байсан. ...Бид нар хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Ойролцоогоор 10 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. ...Б архи уугаагүй. Бид хэд архиа тойруулж байгаад Б өгтөл жолоо барьж байгаа, шавартай замтай юм чинь архи уухгүй гэж хэлээд амсаагүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149-152 дугаар хуудас/,

Гэрч Д.Г 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаачийн яг дээд талын төрсөн ах юм. Манай дүү нутаг усандаа олон түмэндээ нэртэй хүнд тусархуу хүнтэй нийтэч хүн байсан ба эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй залуу байсан. Ийм сайхан дүүгээ алдсантай бид нар маш их гомдолтой байна. хуулийн дагуу буруутай хүмүүст нь арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсэж байна. Бид нарт цаг хугацаа алдаж мэдээлсэнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154 дүгээр хуудас/,

Гэрч Д.О 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаач ахтайгаа маш ойрхон байдаг байсан ба бид хоёр бүх зүйлсээ хоорондоо ярилцдаг хүн байсан. маш их сэргэлэн ах дүүгийнхээ төлөө зөндөө явдаг миний хамгийн хайртай ах маань байсан. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны 05 цаг 30 минутын орчимд манай ахын багын баз хүргэн нь манай гэрт ирээд Г ах аваарт ороход бие нь маш муу байна гэж хэлэхээр нь нөхрөө дагуулаад бэр эгч дээрээ очоод аваад явсан. Би ахыгаа алдсандаа маш их харамсаж, тухайн хүмүүст гомдож, байна. Хуулийн дагуу үнэн зөв шалгаж буруутай хүмүүст арга хэмжээг нь тооцоосой гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 156 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өөрийн найзууд болох Б, О, Х, Х нартай ойрхон гэрэл тавьж анд явъя гэж хэд хоногоос ярилцаж байсан. Тэгээд бид хэд 2023 оны 05 дугаар сарын 17-ны орой явахаар болоод О гэрээс нь авахаар Х хамт очтол З ах байсан ба бид хэдээс хаашаа явах гэж байгаа талаар асуухаар нь бид хэд ойрхон явж гэрэл тавих гэж байна гэж хэлтэл талийгаач Г ах хамт явъя гэж хэлтэл О “Бид хэд найзуудаараа явах гэж байна, та явж яах гээд байгаа юм бэ? Таныг явахаар би найзуудтайгаа тухтай явж чадахгүй ш дээ гэж хэлтэл жаахан уурлангуй болоод гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд би Брүү залгаад “Г ах хамт явъя гэж байна багтах уу гэж асуутал багтана гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаач Г ах руу залгаад “ахаа анд явах юм уу гэж асуутал тэгье гэж хэлэхээр нь Ор, Х хоёрын хамт талийгаач З ахыг гэрээс нь очиж авсан. Тэгээд бид дөрөв Б гэрт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21:00-22:00 цагийн хооронд очсон. Бид хэд очоод анд явах газар, цагаа ярилцаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00:20 цагийн орчимд хөдөлцгөөсөн. Бид нар ... ам гэх газарт очоод машиныхаа гэрлийг холбож байх хооронд Х 0,5 литрийн “Ауруг” нэртэй архи гаргаж ирээд тойруулаад бид хэд ууцгаасан. Тэгээд Б-д Х тухайн архинаасаа аягалж өгтөл би жолоо барьж байгаа дээрээс нь зам шавартай байгаа юм чинь уухгүй гэж хэлсэн. Тэгээд бид хэд машинтайгаа гэрэлтүүлэг хийх гэрлээ холбоод тухайн газраасаа хөдөлсөн ба Б өөрийн Мицүбүши пажеро маркийн машинаа жолоодож явсан ба би түүний хажууд суугаад машины ард талын суудал баруун гар талаас О, талийгаач Г ах, Х, Хишигт нар суугаад явсан. Б машин нь дээрээ лүүктэй байсан ба талийгаач Г ах лүүкээр цээжээ гаргаад гэрэлтүүлэг хийгээд явж байтал уулын орой дээр нүд өгөх шиг болсон. Тухайн нүд өгсөн газар руу гартал нэлээн огцом уул байсан ба дээр нь гараад буцаж эргээд тухайн уулнаас уруудаж байтал талийгаач наадах чинь эвгүй болчихлоо зүүн дар зүүн дар зүүн дар гэж хэлж байтал машин түс тас болоод онхолдоод явчихсан. Тэгээд машин баруун тал хэсгээрээ хазайгаад уначихсан байсан ба би машинаас Б дээр хальт гишгээд өөрийнхөө талын цонхоор гартал манайхан дуугараарай гээд орилтол талийгаачаас бусад нь чимээ өгөөд байхаар нь З ахаа гэж хэлээд орилоод явтал машинаас дээшээ 20-40 метрийн зайд талийгаач доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь гүйж очоод Заяа ахаа гэж хэлээд өвөр дээрээ бариад суутал нээх сонин чимээ гаргаж байтал Б доороос гүйж ирээд талийгаачийн цээжин бие хэсэгт иллэг хийж байгаад жи мобайлын утсаа олоод сүлжээтэй газар руу гүйж цагдаа болон эмнэлэг ойр дотно хүмүүстэй мэдэгдсэн. ...машиныг Б жолоодож явсан тухайн үед хэр зэрэг хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Бид нар хамгаалах бүс огт зүүгээгүй явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158-161 дүгээр хуудас/,

Гэрч Г.С 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б бид хоёр эхнэр нөхөр болоод 13 жил болж байна. манай нөхөр ял шийтгэл эдэлж байгаагүй. Манай хүн хувиараа мод самранд явдаг. Манай нөхөр их хөдөлмөрч, уяхан зөөлхөн сэтгэлтэй. Архи дарс хэрэглэдэггүй амьдралынхаа бүх ачааг үүрч явдаг....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 163 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 05 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 07-17 дугаар хуудас/,

- Хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчөөр Н.Э тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 18 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан мэдүүлэг /1-р хх-ийн 20 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талийгаачийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 26-31 дүгээр хуудас/, 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны захирагчийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, 3 хүүхдийн улсын бүртгэлийн лавлагаа, талийгаачийн цэргийн үүрэгтний үнэмлэх, “...” ХХК-ийн тодорхойлолт, “...х” ХХК-ийн зээлийн гэрээ, талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл, оршуулгын зардал зэрэг нийт 47 хуудас 150 ширхэг хохирлын баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 33 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны захирагчийн тодорхойлолт /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,

-Талийгаачийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар -1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- Талийгаачийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

- Талийгаачийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/,

- “...” ХХК-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,

- “...” ХХК-аас талийгаач Д.Г нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №...830 дугаартай зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөг зээлсэн тухай төлбөрийн баримт, зээл хүссэн өргөдөл /1-р хх-ийн 43-45 дугаар хуудас/,

- ....” ХХК-аас талийгаач Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №...829 дугаартай зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөг зээлсэн тухай төлбөрийн баримт, зээл хүссэн өргөдөл /1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,

- Талийгаач болон Н.Э нарын Хаан банкин дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 48 дугаар хуудас/,

- Оршуулгын зардлын баримтууд /1-р хх-ийн 49-95 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгчээр Б.Л тогтоосон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 98 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” 1-р хх-ийн 104 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Лөгсөн итгэмжлэл /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн автомашины гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 106-108 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн чатаар харилцсан хуулбар /1-р хх-ийн 109-115 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.Б “Жи мобайлын” .... дугаарын 2023.05.01-2023.05.18-ны өдрийн гар утасны биллийг гаргуулан авсан баримтууд /1 дүгээр хх-ийн 123-126 дугаар хуудас/,

- Гэрч Г.О галт зэвсэг эзэмшигчийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 141 дүгээр хуудас/,

- Гэрч Г.О галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 142 дугаар хуудас/,

- Гэрч Г.Оэзэмшлийн галт зэвсгийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 144-145 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №208 дугаартай: “...Б.Х биед духанд няцарсан шархтай, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №206 дугаартай: “...Б.Х биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 173 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №205 дугаартай: “...Г.О биед баруун сүвээнд цус хуралт зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №204 дугаартай: “...А.Б биед зүүн ташаан толгойн доод хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 1*******-187 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №207 дугаартай: “...Б.Ц биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 199-207 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Бүрэнжаргалын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай: Талийгаачид гавал тархины хүнд гэмтэл, хуйхан доорх цус хуралт, гавлын орой, зулай хэсгийн цөмөрсөн хугарал, гавлын хөндийд нэвтэрсэн ил хугарал, хатуу хальсны урагдал, нүүр яс нэлэнхүйдээ цөмөрсөн битүү хугарал, ясны хавиралдах чимээтэй, доод эрүү ясны булан болон дунд хэсгийн хөндлөн хугарал, гавлын суурийн хэсэг урд хонхор, эрвээхэй далавч яс, дагз, суурь ясны хөндлөн бяцарсан хугарал, тархины аалзан хальсан дээр, доорх цус харвалт, тархины бор цагаан эдэд цус харвалт, Сак, бага тархины няцрал, дарагдлын ором, зүүн хөмсөг, зовхи, хацрын няцарсан шарх, зулгаралт, эрүү бугалга, тохой сарвуу, өвдөгний цус хуралт, зулгаралтуудтай зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь гавал тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас Шок-н хүндрэл, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 208-211 дүгээр хуудас/,

- Шинжээч С.Бүрэнжаргалаас 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаачид учирсан уг гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тээврийн хэрэгслээс унаад уг хэсгүүдэд нь машинд дарагдаж, цохигдсоны улмаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 213-214 дүгээр хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай: “...А.Б цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №60 дугаартай “...Б.Х цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 227-228 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №59 дугаартай “...Г.О цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 235-236 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №58 дугаартай “...Б.Ц цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 243-244 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №62 дугаартай “...Б.Г цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 249-250 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №57 дугаартай “...Б.Х цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 06-07 дугаар хуудас/,

- “...” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №228 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /2 дугаар хх-ийн 14-17 дугаар хуудас/,

- Шинжээчийн дүгнэлт 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №12 дугаартай Сэлэнгэ аймгийн “...” ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн ЗХД жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн “...... УБА улсын дугаартай “Мицүбүши пажеро” маркийн тээврийн хэрэгсэл нь нийтийн хэрэгцээний замаар биш, ууланд ан хийх зорилгоор зорчиж явсан учир зам тээврийн осол биш гэж үзэж байна. МУ-ын ЗХД-ийн 1.2.17-т зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 24-28 дугаар хуудас/,

- 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №2023-15 дугаартай шинжээчийн “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд: 3.1.4 “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна, 3.1.5 “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, 3.1.8 “замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг гэж заасан. Автомашин онхолдсон гэх газарт тээврийн хэрэгсэлд зориулсан зам байхгүй, мөн хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа бус ан хийж байгаад онхолдсон нь анхаарал болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн үйлдэл гэж үзэж байна. замын хөдөлгөөнд оролцоогүй байх тул замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдсөн гэж үзэхгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Очбадралаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №2023-15 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт /2 дугаар хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

- Хүсэлтийг хангахаас татгалзсан мөрдөгчийн тогтоол /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татах тухай 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2331... дугаартай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 47-52 дугаар хуудас/,

- Яллагдагч А.Б. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 55 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Шүүгдэгчийн эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн жолоодох эрхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 65 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 69 дүгээр хуудас/,

- Шүүгдэгчийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх лавлагаа /2 дугаар хх-ийн 70 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн Хаан банкинд данс эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /2 дугаар хх-ийн 71-93 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 95 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 96 дугаар хуудас/,

- 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №34 дугаартай “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 126-127 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 133-138 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар “Мицүбүши пажеро” маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан тухай 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №34 дугаартай прокурорын зөвшөөрөл /2 дугаар хх-ийн 140 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №63 дугаартай: “...Тухайн зам орчны байдлыг тодорхойлоход замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтаар тодорхойлогдох тул дээрх асуултад хариулах боломжгүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох тохирох ангиллын үнэмлэхтэй байсан эсэхийг тогтоох нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 143-147 дугаар хуудас/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /2 дугаар хх-ийн 155 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол  /2 дугаар хх-ийн 157-158 дугаар хуудас/,

- Яллагдагч А.Б 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Тус гэмт хэргийн объектив талын хувьд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хүндрүүлэх шинжид хамаарна.

Шүүгдэгч А.Б нь ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл уулын уруу уруудах үед гуу жалга таарч онхолдож, мөн дүрмийн 3.4 Жолоочийн үүрэг: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 23.5 Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглоно, 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Г нас барсан хохирол хор уршиг учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнээс авч үзвэл А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зорчигч Д.Г нас барсан хохирол хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа тохиолдолд  Замын хөдөлгөөний дүрмүүдийн холбогдох заалтуудыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх дүрмийг зөрчсөнөөрөө гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бий болгосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь мөн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгтэй объектив болон субьектив талын шинжээрээ төстэй боловч, объект, халдлагын зүйл болон субъектээрээ ялгагдана.

Тухайлбал тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объект нь хүний амьд явах эрх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, халдлагын зүйл нь зөвхөн автотээврийн хэрэгсэл, субъект нь зөвхөн автотээврийн хэрэгслийн жолооч байдаг бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн объект нь хүний амьд явах эрх, субъект нь 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай, хувь хүн хэн ч байж болно. Халдлагын зүйлийн хувьд зөрчсөн хууль, дүрмээс хамаарч өөр өөр байна.

 Хэргийн 2 дугаар хавтас 148-150 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр зам тээврийн осол биш гэж дүгнэсэн нь дээрх дүгнэлтээр няцаагдаж байгаа болно. Нөгөөтэйгүүр хууль болон дүрэмд тусгасан илт тодорхой хуулийн заалтыг шинжээчээр тайлбарлуулахыг хориглох бөгөөд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх заавал баримтлах үүрэггүй юм.

Автотээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч, зорчигч нь ямар ч нөхцөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээс дуусах хүртэл хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм бусад хууль эрхийн актаар хүлээсэн үүргээ сахин биелүүлж зам тээврийн осол буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл гаргахгүй байх зорилгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй. Үүнийг зөвхөн замын хөдөлгөөнд оролцохдоо эсвэл зам дээр тээврийн хэрэгсэл шилжих хөдөлгөөн хийх үедээ хэрэгжүүлнэ гэж хууль дүрмийн зорилгоос өөрөөр үгчлэн ойлгох нь өрөөсгөл юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд А.Б үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч А.Бат-Энхжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г нас барсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 240.978.193 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс:

-Амь хохирогчийн оршуулгын зан үйлтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн 53.481.000 төгрөгийг шүүгдэгч хохирол төлөх завсарлага авсан хугацаанд эцэслэн бүрэн төлж барагдуулсан байна.

-Амь хохирогчийн асрамжинд бага насны 2, өсвөр насны 1 хүүхэд байдаг ба тэдгээрийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардал, барьцаат зээлийн газраас авсан зээл зэргийг нэхэмжилснийг нотлох баримт дутуу “тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж ямар хэмжээгээр тогтоосон нь тодорхойгүй” үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

-Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Дээрх хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад нэмэлт өөрчлөлт орж хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах харилцааг хуульчилсан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтад “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад орсон нэмэлт өөрчлөлт нь дагалдах хуульд хамаарах бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр хуульчилжээ.

Иймд энэхүү гэмт хэрэг нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэх хуулийн зохицуулалтын дагуу сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн зүгээс хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

-Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 3 сарын хугацаагаар хязгаарлах ял санал болгож байна. Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зөв байх. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр 16,481,000 төгрөгийг 17,000,000 төгрөг болгоод төлсөн гэж үйлчлүүлэгчээсээ сонссон. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаад эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд хор уршгийг арилгасан гэдэн нөхцөл байдлыг хуульчилсан байдаг. Хор уршиг арилах боломж байхгүй гэмт хэрэг юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэг холбогдсон, тухайн гэмт хэрэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан нөхцөлийг хангасан гэж үзэж байна. Тэгэхээр нийгмээс тусгаарлахгүй шийдвэрлэж өгнө үү. Бүх төлбөрийг Ба дансаар дамжуулж 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 158,000,000 төгрөгийг төлж барагдуулах агуулга тавьсан гэх санал дүгнэлтийг тус тус илэрхийлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

            А.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан тул шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж тус зүйлийн 3-д “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж” гэснийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж” гэж нэмэгдэл ялын хугацаа хэмээг нэмэгдүүлж хуульчилжээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан ба тус гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул  шүүгдэгчид ашигтайгаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Б үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч А.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн ..... дугаартай үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй.

            Дөрөв: Бусад асуудлын талаар:

            Хэрэгт хураан авсан ... УБА улсын дугаартай “Мицибуши пажеро” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Л эзэмшлийнх болох нь хх-ийн 100-116 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдвал зохино.

          Шүүгдэгч А.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бат-Энхжинд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.  

5.  Шүүгдэгч А.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл, зээлийн гэрээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... УБА улсын дугаартай, Мицубиши пажеро маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 29 дүгээр байрны 2 тоотод оршин суух хаягтай ... овогт Б.Л /....../ олгосугай.

8. Шүүгдэгч А.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

            9. Шүүгдэгч А.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ