Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2021/01519

 

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2021/01519

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан Бүлээн даваа ХХК/РД:/-ийн

Хариуцагч: Сүхбаатар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/РД:/-т холбогдох

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 дугаартай албан бичгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19271547/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон /18130/, Сонсголонгийн зам гудамжны 44-2 тоот хаягт байршилтай Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй албан конторын зориулалттай 838,17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 02255 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, Бүлээн даваа ХХК-аас 63.006.842 төгрөгийг гаргуулж Жэни ойл Шейл Монголиа ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй албан конторын зориулалттай 838.17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/3064 дугаартай тоотыг явуулж улмаар үүний дагуу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 245 дугаартай тоотоор Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаж буй албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. 2020 оны 08 дугаар сард манай компани Жэни ойл Шейл Монголиа ХХК-д төлбөрөөсөө 45.000.000 төгрөг төлөөд хоорондоо эвлэрсэн. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20/21 тоот хүсэлтээр Жэни ойл Шейл Монголиа ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан Бүлээн даваа ХХК-тай эвлэрсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргадаг. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон учир конторын зориулалттай эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг Бүлээн даваа ХХК-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байдаг. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг мэдэгдээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгах шаардлага гаргасан. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 27-ны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн тогтоолоор дуусгавар болж байгаа учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь танай байгууллагатай холбоотой ажиллагаа дуусгавар болсон байгаа хэдий ч танай байгууллагад холбогдох Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээдийн өмчлөлд буй хөрөнгөөс төлбөр гаргуулахаар заагаагүй байгаа учир танай компанийн өмчлөх эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгдөг. "Бүлээн даваа" ХХК нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тайлбарыг эс зөвшөөрөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дээрх гомдлын хариуг өгсөн. Тус хариунд "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүсийн 960 тоот хаягт байрлах 900 м.кв талбайтай сууц, гражийн зориулалттай барилга, 200 м.кв талбайтай газар зэргийг барьцаалсан боловч уг хөрөнгүүдэд үнэлгээ тогтоогоогүй, төлбөрийн шаардлагыг хангах эсэх нь тодорхойгүй байгаа учраас өмчлөх эрхийг сэргээх боломжгүй байна гэсэн хариу өгсөн учир "Бүлээн даваа" ХХК нь өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны 02255 дугаартай шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т талууд эвлэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хаана гэж заасан. Мөн 29 дүгээр зүйлийн 29.5-т дуусгавар болсон шийдвэрээр төлбөр төлөгч болон түүний эд хөрөнгөтэй холбогдуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах гэж заасан байна. Нэгэнт талууд эвлэрээд ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон учир төлбөр төлөгч буюу "Бүлээн даваа" ХХК-ийн өмчлөх эрхтэй холбоотой захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгох ёстой. Ийм байхад хариуцагч нь дээрх ажиллагааг хийлгүй "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д өр төлбөртэй байна, барьцаалсан хөрөнгө чинь үнэлгээ нь тодорхойгүй, шаардлага хангахгүй байна гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр өмчлөх эрхийг маань сэргээхгүй, татгалздаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон төлбөр төлөгч болон түүний эд хөрөнгөтэй холбогдуулсан арга хэмжээг хүчингүй болгоно гэж тодорхой заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 27-ны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн тогтоолоор дуусгавар болсон учир тухайн өдрөөс эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болох ёстой. Нэхэмжлэгч "Бүлээн даваа" ХХК-ийн зүгээс тухайн компанийн өмч болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон гудамжны 44-2 тоотод байрлах Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй албан конторын зориулалттай 838 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01451 дугаартай захирамжтай холбогдуулан тус захирамжийн дагуу явуулсан ажиллагааг хууль бус гэж үзсэн учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг захирамжийн дагуу "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д 337.981.298 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед хариуцагч "Бүлээн даваа" ХХК нь "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд эвлэрсэн байдаг. Шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба талууд тодорхой графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохирсон боловч цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч "Бүлээн даваа" ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон учир төлбөрөө зохих хугацаанд нь төлж чадаагүй байдаг. Гэхдээ "Бүлээн даваа" ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаас өмнө "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д 75.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 262.891.000 төгрөг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаар болсон байдаг. "Худалдаа хөгжлийн банк" ХХК болон "Бүлээн даваа" ХХК нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 1 тэрбум гаруй төгрөгийн үүрэг байдаг. Энэхүү гэрээний үүрэгт 4 давхар амины орон сууц, түүний доор байрлах гараж болон амины орон сууцын доор байрлах газар зэргийг барьцаалсан байдаг. Энэ барьцааны хөрөнгө өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл барьцаанд байгаа хөрөнгөөс үлдэх 262.891.000 төгрөгийг хангуулах бүрэн боломжтой ба тухайн үед шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гуравдагч этгээдийн барьцаанд байгаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь тодорхойгүй гээд байдаг. Үнэхээр шүүгчийн захирамж нь тодорхойгүй байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчид буцаах эрх өөрт нь байгаа юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь энэ эрхээ эдлээгүй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагч, барьцаалуулагчийн эрхэнд хөндлөнгөөс халдсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм. "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нь байсан бөгөөд энэ эрхээ эдлэх эрх нь банкны өөрийн эрхийн асуудал юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-т иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд тохирсон байна гэж заасан байдаг. Гүйцэтгэх хуудас дээр 347.000.000 төгрөгийг "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгохоор бичигдсэн байгаа учир гүйцэтгэх ажиллагаа нь 337.000.000 төгрөгийг хэмжээн дотор явагдах юм. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газарт мөн конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тоот явуулсны дагуу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газарт мөн конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх албан тоотыг явуулдаг. Манай өмчлөлд буй 44-2 тоотод байрлах конторын зориулалттай барилга бол зах зээлийн ханшаар 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга юм. Тэгэхээр 337.000.000 төгрөгийн гүйцэтгэх хуудастай ажиллагаан дээр 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий конторыг битүүмжлэх ажиллагааг явуулсан нь өөрөө өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, үндэслэлгүйгээр халдаж буй үйлдэл гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заахдаа 10 дугаар сарын 14-ний өдөр битүүмжлэх ажиллагаа явагдсан. Битүүмжлэх ажиллагаа явуулахдаа ямар нэгэн үнэлгээ огт хийгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заахдаа битүүмжлэл гэдэг бол үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсний дараа эрхийн улсын бүртгэлийн байгууллагад тухайн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг явуулах зохицуулалтай байгаа юм. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь эрхийг түдгэлзүүлснийхээ дараа битүүмжлэх ажиллагаа хийгдээд байгаа юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-т заасан гүйцэтгэх хуудас дээр заагдсан хэмжээ хязгаарт тохироогүй эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа юм. Тохирсон гэдгээ хариуцагч талаас баримтаар нотлоогүй учир эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хууль заасны дагуу явуулаагүй гэж үзэж байна. Иймд "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д холбогдох 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 01451 дугаартай захирамжийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн дээрх захирамжтай холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр "Бүлээн даваа" ХХК-ийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах байх явцдаа мэдсэн ба энэ талаарх мэдэгдлийг хариуцагч талаас "Бүлээн даваа" ХХК-д мэдэгдээгүй байна. Тэгэхээр хариуцагчийн үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96, 49, 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дэх заалтыг зөрчсөн байгаа учир "Бүлээн даваа" ХХК нь шүүхэд хандан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжилсэн тоотыг хүчингүй болгуулах, өмчлөх эрхийг сэргээх буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01451 захирамжид заахдаа барьцаа хөрөнгө болох Д.Оюуболд, С.Дэлгэрдорж, В.Алтантуяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027047 дугаарт бүртгэгдсэн бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн 18547 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүс 160 тоот хаягт байрлах 900 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай барилга, 200 м.кв талбайтай газрыг барьцаалсан болно гэж заасан боловч шүүгч захирамжлахдаа барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахгүйгээр хэсэгчлэн төлүүлэх буюу 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл сар бүр 1.000.000 төгрөг, 2016 оны 2,3,4 дүгээр улиралд сар бүрийн сүүлчийн хоногт 20.000.000 төгрөг, үлдэх 265.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж тохирсон талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулах талаар арга замыг зааж өгөөгүй байсан учраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 тоотоор Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс "Бүлээн даваа" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18130, Сонсголонгийн зам гудамж, 44-2 тоотод байрлах, 828.17 м.кв талбайтай албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Нэхэмжлэгчийн тавьж буй шаардлагын дагуу 139 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.Золзаяа нь Жэни ойл Шейл Монголиа ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, "Бүлээн даваа" ХХК-ийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх хүсэлтийн хариуг явуулсан байдаг. Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Д.Оюунболдтой 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 47 минутад уулзахад Д.Оюунболд нь манай компани 2019 ондоо 60.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Үлдэх 200.000.000 төгрөгийг 2020 онд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байдаг. Гэвч төлбөр төлөгч нь тохирсон хугацаандаа нэг ч төгрөг төлөлгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.14, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсгүүдэд зааснаар төлбөр төлөгч этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэн хамгаалах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Ийнхүү эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.Оюунболд нь өөрөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцсан бөгөөд хариуцагчийн үйл ажиллагааг мэдэж байсан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид хугацаандаа буюу 7 хоногийн дотор гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс аливаа шийдвэр, захирамж гаргахдаа төлбөрийг хэрхэн төлүүлэх арга замыг тодорхой зааж өгсөн байдаг. Төлбөрийг харилцан тохиролцож төлөх юм уу, барьцаа хөрөнгөөс төлүүлэх юм уу гэдгийг тодорхой зааж өгөх ёстой байдаг. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01451 дугаартай шүүгчийн захирамжид 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүх өр төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж заасан байдаг. Гэтэл төлбөр төлөгч нь одоог хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байгаа юм. Дээрх 01451 дугаартай шүүгчийн захирамжид төлбөрийг төлөөгүй тохиолдолд ямар арга хэмжээ авахыг зааж өгөөгүй учир төлбөр төлөгчийн өмчлөл рүү халдахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Нэмж хэлэхэд төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгө нь гуравдагч этгээдийн хөрөнгө байгаа учир төлбөр төлөгчийн өөрийнх нь бүртгэл дээрх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Одоогийн байдлаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрхэнд халдаж түүний эд хөрөнгийг хурааж авч, худалдан борлуулах ажиллагаа хийгээгүй байгаа бөгөөд зөвхөн хөрөнгийг нь хамгаалах ажиллагаа хийсэн. "Бүлээн даваа" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18130, Сонсголонгийн зам гудамж, 44-2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад гаргасан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээх боломжгүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч тал захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг мэдээгүй гэсэн тайлбар гаргадаг. Гэвч 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд авагдсанаар эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч Д.Оюунболд байлцсан нь тогтоогддог. Эд хөрөнгийг битүүмжилснээс хойш 7 хоногийн дотод ахлах шийдвэр гүйцэтгэгчид, түүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байхад шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр 44.3-т заасны дагуу нэхэмжлэгч тал хууль ёсны дагуу гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бүлээн даваа ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01451 дугаар захирамжийн дагуу хууль бусаар хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамжны 44 дүгээр гудамжны 2 тоот хаягт байршилтай Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй албан конторын зориулалттай 838,17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдсан хууль бус ажиллагааг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 албан тоотын дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах тухай шаардлагаар нэмэгдүүлсэн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00635 дугаар тогтоолоор Жени Ойл Шэйл Монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бүлээн даваа ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд 69.000 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Бүлээн даваа ХХК-иас 63.006.842 төгрөгийг гаргуулж, Жени ойл Шэйл Монголиа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53.876.398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/13211 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 01448 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, тус гүйцэтгэх хуудсанд үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 19270099 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байдаг./ХХ-ийн 150-174 дүгээр хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дугаар зүйлд заасан хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа, Бүлээн даваа ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах, компанийн дүрэм, шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх болон Бүлээн даваа ХХК-ийн өмчлөлийн маргаж буй Ү-2201027220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 245 дугаар тоотын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст түдгэлзүүлэхийг даалгах зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэн тэмдэглэлээр баталгаажуулсан байна./ХХ-ийн 175-196 дугаар хуудас/

Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Жени Ойл Шэйл Монголиа ХХК нь төлбөр төлөгч Бүлээн даваа ХХК-тай эвлэрч 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 45.000.000 төгрөгийг дансаар төлсөн үндэслэлээр төлбөр авагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2-9/704 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол үйлдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг ба энэ талаар зохигч талууд маргаагүй./ХХ-ийн 73-77, 197-205 дугаар хуудас/

Нэхэмжлэгч тал уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон ч маргаж буй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгоогүй гэж тайлбар гаргаж маргадаг.

Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигч талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч тал уг ажиллагаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тодруулгаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01451 дугаар шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан болох нь тогтоогддог.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01451 дугаар шүүгчийн захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бүлээн даваа ХХК-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 337.981.298,63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлага болох 337.981.298,63 төгрөгийг хариуцагч Бүлээн даваа ХХК нь 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл сар бүр 1.000.000 төгрөг, 2016 оны 02, 03, 04 дүгээр улиралд улирал бүрийн сүүлийн сарын сүүлчийн хоногт 20.000.000 төгрөгийг, үлдэх 265.981.298 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./ХХ-ийн 44 дүгээр хуудас/

Дээрх хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШЗ2019/01784 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 184/ГХ2019/00187 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, тус шүүхийн гүйцэтгэх хуудсанд үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 19271547 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн тогтоол үйлдсэн байдаг./ХХ-ийн 45-48 дугаар хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 184/ГХ2019/00187 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх талаар 2020 оны 03 дугаар сарын 03, 08 дугаар сарын 24, 09 дүгээр сарын 24, 29, 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байх төдийгүй, төлбөр төлөгч Бүлээн даваа ХХК-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн эрх, үүрэг тайлбарлан төлбөр төлөгчөөс өөрийн хөрөнгийн мэдүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргуулан авахад төлбөр төлөгч Бүлээн даваа ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС, 160 тоот 5 хүний эзэмшлийн амины орон сууц гэх үл хөдлөх хөрөнгө мэдүүлсэн, банкинд мөнгөн хөрөнгө байхгүй, бусад хөдлөх болон тусгай зөвшөөрлийн эрх, үнэт цаас, бусад, цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлого байхгүй гэж мэдүүлсэн байх ба төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах хаяг, харилцах данс, утас, цахим шуудангийн баталгаа гаргуулсан байдаг.

Мөн төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын дагуу 339.605,227,713 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг арилжааны банкуудад даалгах ажиллагаа, түүнчлэн компанийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага, тоо, овог нэр, утасны дугаар, өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан эсэх дэлгэрэнгүй лавлагаа гаргуулан шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19271547/129 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн байгуулагад албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Мөн түүнчлэн тус компанийн эд хөрөнгийн лавлагааг цахимаар авахад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон /18130/, Сонсголонгийн зам гудамжны 44-2 тоот хаягт байршилтай Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй, албан конторын зориулалттай, 838,17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгч Бүлээн даваа ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үүрэг ноогдуулаагүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4-129/30239 дугаартай албан бичгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгасны дагуу Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 1702 дугаартай албан бичгээр маргаж буй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн байна./ХХ-ийн 58, 61, 119-140 дүгээр хуудас/

Улмаар хариуцагч тал 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19271547/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн байна./ХХ-ийн 67, 78-83 дугаар хуудас/

Одоогийн байдлаар төлбөр төлөгч Бүлээн даваа ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ид төлөх 337.981.298,63 төгрөгийн өр төлбөрийн 262.891.527,13 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогддог./ХХ-ийн 47 дугаар хуудас/

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Бүлээн даваа ХХК-ийн өмчлөлийн автомашинууд, өрөмдлөгийн тоног төхөөрөмж зэрэг хөдлөх хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй, тус хариуцагчийн зөвшөөрөл баталсан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсэгт дурдсан иргэн Д.Оюунболд, С.Дэлгэрдорж, В.Алтантуяа, Д.Оюунцэцэг, Д.Оюунбаатар нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027047 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн 000018547 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн бүс, 160 тоот хаягт байршилтай, 900 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 200 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөс 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/81/1, ЗГ/81-2 дугаар зээлийн болон зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой атал тус компанийн албан үйл ажиллагаа явуулдаг, 2 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэ бүхий маргаж буй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэж гомджээ./ХХ142-143 дугаар хуудас/

Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэсэн, өмчлөх эрхэд дураар халдаагүй, хариуцагчийн зөвшөөрөл баталсан шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсанд нэхэмжлэгч талын дурдсан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах арга замыг заагаагүй учраас Бүлээн даваа ХХК-ийн нэр бүхий хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Бүлээн даваа ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа гомдол гаргаж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр маргаж буй үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн аваад 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 4/845 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх боломжгүй, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд битүүмжилсэн хөрөнгийн эрхийг сэргээх боломжтой талаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гаргасан гомдлыг хүлээн аваад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04а/3142 дугаартай хариунд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн эрхийг сэргээгүй нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн байна./ХХ-ийн 7-8, 59-60 дугаар хуудас/

Шүүх дээрх үйл баримт, тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг тусгаж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эхний ээлжинд мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэх, мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.1-94.1.4-д заасан дарааллын дагуу хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, бусад материал, үнэт зүйл, хөрөнгийн эрх, үл хөдлөх хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагааг явуулахаар заасан.

Уг ажиллагааг хариуцагч зохих дараалал журмын дагуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнүүдийг шийдвэр гүйцэтгэгч явуулахаар зааж, 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, хураасан эд хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулах арга хэмжээг авах, түүнчлэн 44.2.14-т зааснаар төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэх мэт иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам зөрчөөгүй төдийгүй уг ажиллагаанд төлбөр төлөгч Бүлээн даваа ХХК гомдол гаргасан нь 44.3, 44.4-т заасан ахлах болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах журмыг зөрчөөгүй, шүүхэд гомдол гаргасан нь шүүхийн харъяалал зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болохоор заасан тул нэхэмжлэгч Бүлээн даваа ХХК битүүмжлэгдсэн болон захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль бус гэж үзэх буюу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх/өмчлөх эрх сэргээлгэх өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай/ нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч талын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01451 дугаар хариуцагчийн зөвшөөрөл баталсан шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсэгт болон нэхэмжлэлийн шаардлагад барьцаа хөрөнгийн шаардлага тусгагдаагүй, 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШЗ2019/01784 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 184/ГХ2019/00187 дугаартай гүйцэтгэх хуудсанд ч барьцаа хөрөнгийн мэдээлэл дурдагдаагүй байдаг.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Бүлээн даваа ХХК-ийг төлөөлөх этгээдэд эрх, үүрэг тайлбарласаар атал хөдлөх хөрөнгүүдийн мэдээлэл өгөөгүй, төлбөрт хүрэлцэх эсэх нь тодорхойгүй, зөвхөн шүүхэд уг асуудлаар маргасны дараа өмчлөлийн автомашинуудын жагсаалт, өрөмдлөгийн тоног төхөөрөмж гэх эд хөрөнгийг мэдээлсэн нь үндэслэлгүй тул түүний өмчлөлийн ганц үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх болон захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Маргаж буй хөрөнгийн зах зээлийн үнэ төлбөр төлөгчид төлөх төлбөрт харьцуулагдах хэмжээний бус өндөр үнэтэй гэх тайлбар бас үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар төлбөр төлөгчийн нийт хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөнөөс гаргуулахаар заасан, иргэн Д.Оюунболд, С.Дэлгэрдорж, В.Алтантуяа, Д.Оюунцэцэг, Д.Оюунбаатар нарын өмчлөлийн хувийн сууц, газраас төлбөр барагдуулах үндэслэлгүй, шүүхийн гүйцэтгэх хуудсанд тус хөрөнгүүдийг дурдаагүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.14-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 дугаартай албан бичгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19271547/07 дугаартай тогтоол хууль зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй, мөн маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, уг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэгч Бүлээн даваа ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-129/30239 дугаартай албан бичгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19271547/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон /18130/, Сонсголонгийн зам гудамжны 44-2 тоот хаягт байршилтай Ү-2201027220 дугаарт бүртгэлтэй албан конторын зориулалттай 838,17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэгч Бүлээн даваа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***