Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/552

 

 

 

 

 

 

 2024         05          15                                       2024/ШЦТ/552

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн /ҮД:2062/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох 2403 00089 0174 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....................ны өдөр, Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 08 сараас 05 насны 3 хүүхдийн хамт ......................тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..................

Хэргийн товч агуулга:      

Н.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богд уулын арын замд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цаг 40 минутын орчимд “Toyota Sai” маркийн 59-52 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Алтанбаяр жолоочтой “Toyota Prius 20” маркийн 18-44 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Р.Хавхаа, Х.Алтанцэцэг нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /05-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Хавхаагийн өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цаг 40 минутын орчимд хүү Х.Алтанбаярын хамт түүний “Toyota Prius 20” маркийн 18-44 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамтран амьдрагч Х.Алтанцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уулын замаар явж байхад урдаас нэг машин чигээрээ ирээд миний талаар мөргөсөн. Би тэр үед урд шилээ мөргөсөн, мөн ард сууж явсан Х.Алтанцэцэг гэмтсэн. Дараа нь түргэн ирээд бид 2-ыг аваад явсан, Алтанцэцэг эмнэлэгт хэвтсэн, харин би гэртээ харьсан. Миний зүүн гарын сарвуу хэсэгт хугаралтай гэсэн. Надад санал гомдол байхгүй жолооч Н.Б нь болсон өдрөөс хойш байнга санаа тавиад явж байгаа. Надад гомдол санал байхгүй, Би өөрөөсөө 350.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан тэр мөнгийг нь Б төлсөн...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Алтанцэцэгийн өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутын орчим хамтран амьдрагч Р.Хавхаа болон түүний хүү Алтанбаяр нарын хамт айлаас юм авах гээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Уулын замаар явж байсан бөгөөд тухайн үед би Алтанбаярын арын суудал дээр суугаад явж байтал гэнэт нэг цагаан өнгийн машин ирээд мөргөсөн. Мөргөлдсөний улмаас миний биед болон Р.Хавхаа бид хоёрын биед гэмтэл учирсан тэгээд бид хоёр яаралтай түргэн тусламжид үзүүлээд шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмнэлгийн машинтай яваад эмнэлэгт очиж хэвтсэн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дунд чөмгөний хагалгаанд орсон... Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Х.Алтанбаярын өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн 15 цаг 30 минутын орчим би аав Р.Хавхаа аавтай хамтран амьдардаг Алтанцэцэг нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд уулын замаар зүүнээс баруун чиглэлд явж байтал эсрэг урсгалын машин гэнэт гарч ирээд урдаас мөргөлдөөд зогссон. Жолооч Н.Б нь бүх хохирлыг төлсөн надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Р.Хавхаа нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 223.000 төгрөг ... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Алтанцэцэг нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 208.000 төгрөг гарсныг Н.Бээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.36, 39/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2223 дугаартай:

“1. Р.Хавхаагийн биед зүүн алганы 5 дугаар шивнүүрийн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.46-47/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн загвар /хх.48/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2224 дугаартай:

“1. Х.Алтанцэцэгийн биед зүүн дунд чөмгөний зөрөөтэй хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх.49-50/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн загвар /хх.53/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан /хх.76-82/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.90/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.98-100/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бийн яллагдагчаар өгсөн: “... Хавхаа ахад эм тарианы мөнгө 350.000 төгрөг өгсөн, хохирогч Алтанцэцэгт эм тарианы мөнгө 1.000.000 төгрөг өгсөн ба хувийн эмнэлэгт хэвтсэн 1.185.000 төгрөг төлж эмнэлэгт хэвтүүлсэн, Хавхаа болон Алтанцэцэг нарын рашаан сувилалд хэвтсэн 1.100.000 төгрөгийг төлсөн, баримт нь Алтанцэцэг эгчид байгаа... урд машин явж байгаад гэнэт зогссон, тухайн үед зам халтиргаатай байсан учир эсрэг урсгалд орсны улмаас зам тээврийн осол болсон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй...” /хх.104-105/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх.115, 120/,

Хохирогч нар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлүүд /хх.126-128/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Н.Бийн хувийн байдлыг тодорхойлох болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.108-112, шинээр гаргасан 30 хуудас баримт/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богд уулын арын замд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цаг 40 минутын орчимд “Toyota Sai” маркийн 59-52 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Алтанбаяр жолоочтой “Toyota Prius 20” маркийн 18-44 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Р.Хавхаа, Х.Алтанцэцэг нарын эрүүл мэндэд тус гус хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Р.Хавхаагийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн алганы 5 дугаар шивнүүрийн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл,

Хохирогч Х.Алтанцэцэгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн дунд чөмгөний зөрөөтэй хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б нь иргэн Р.Хавхаа, Х.Алтанцэцэг нарын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Н.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Н.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Р.Хавхаад 610.000 төгрөг, хохирогч Х.Алтанцэцэгт нийт 3.779.000 төгрөг, хохирогч нарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөрийн баримтаар нэхэмжилсэн нийт 431.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Х.Алтанбаярт учирсан 3.792.000 төгрөгийн гэм хорыг арилгасан, хохирогч Р.Хавхаа нь нэмж эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй, хохирогч Х.Алтанцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцийн хохирол нэхэмжилжээ.

Хохирогч Р.Хавхаа, Х.Алтанцэцэг нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Н.Бт 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Н.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Бт оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Н.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Яргайт овогт Нарангийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Бт оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бт сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Хавхаад 610.000 төгрөг, хохирогч Х.Алтанцэцэгт нийт 12.079.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд нийт 431.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Х.Алтанбаярт учирсан 3.792.000 төгрөгийн гэм хорыг арилгасан, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Бээс 280.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Алтанцэцэгт олгосугай.

          7. Хохирогч Р.Хавхаа, Х.Алтанцэцэг нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Бээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР