Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 879

 

 

 

 

 

                        

  2020           7             7                                           2020/ДШМ/879

 

Т.М-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Т.М,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Мийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906073100851 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Түвдэндоржийн М, 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” ХХК-д төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Даваасүрэнтэй маргалдсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайж овгийн Түвдэндоржийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Түвдэндоржийн Мийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Моос 1.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Даваасүрэнд олгож, хохирогч И.Даваасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед болсон үйл явдал нь камерт бичигдэж, хэргийн материалд авагдсан байдаг. Камерын бичлэгээс үзвэл миний үйлдлээс болж тухайн иргэнд хохирол учирсан нь тогтоогддоггүй, мөн нэхэмжилж байгаа төлбөр нь бодитойгоор тогтоогдоогүй, нотлох баримтаа хангалттай бүрдүүлээгүй гэж үзэж байна. Тухайлбал, хохирогч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн эсэхийг тогтоогоогүй, мөн хохирогч гражийг түрээсийнх гэж байгаа боловч тухайн граж нь миний өмчлөлийн граж юм. Энэ талаар худал мэдүүлэг өгснийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогоогүй, дутуу ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.

Мөн хохирогч өөрөө эхэлж үйлдэл хийсэн бөгөөд миний бие өөрийгөө хамгаалсан,  хохирогч өөрийн буруу үйлдлээс болж ийм байдалд хүрсэн байхад надаас өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тухайн үед хүний биед гэмтэл учруулаагүй, миний цохисноос болж эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх нь баттай тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Мид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархи доргилт гэсэн шинжээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ломбо унасан гэх асуудал нь шинжээчийн дүгнэлтийн гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргисон нь гэмтлийн зэрэгт нөлөөлсөн. Нийт 2.212.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Үүнээс шүүх 1.300.000 төгрөгийн баримтыг үнэлж, бусад баримтыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Мид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Даваасүрэнтэй маргалдсаны улмаас толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч И.Даваасүрэнгийн  “...би 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 154 дүгээр байрны жижүүртэй ярилцаад зогсож байхад Даваажав гэх эмэгтэй үл таних эрэгтэйн хамт орж ирээд надад хандан “Ли захирал хаана байна, орж ална” гэж хэлсэн. Тэдний хооронд ямар асуудал байсан талаар би мэдээгүй. Би өөрийнхөө утсаар орчуулга хийж, Ли захирал гэгчтэй холбож өгсөн чинь тухайн танихгүй залуу “та нар” гээд ямар ч шалтгаангүй харааж доромжилж эхэлсэн. …“Бид, та нарт ингэж дээрэлхүүлэх хүмүүс биш шүү” гэж хэлсэн чинь нөгөө эрэгтэй харж зогсож байснаа гэнэт над руу дайраад нүүр нүдгүй нүдээд эхэлсэн. Эхний цохилтоороо доод нэг араа шүд буюу салдаггүй байдлаар хийлгэсэн хиймэл шүдийг хуга цохисон. Би оронд нь дахиад хийлгэсэн байгаа. Мөн намайг эхний цохилтоор манараад тонгойход дагзны араас баахан цохисон, нүүр лүү өшиглөсөн, би цагдаад хандсан. ...“ /хх 13-16/,

 

шинжээч эмч С.Одончимэгийн “...шүдний ломбо унасан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ хиймэл шүд, ломбо нь эмчилгээ гэсэн үг, тиймээс гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 49/ гэх мэдүүлгүүд,

 

“И.Даваасүрэнгийн баруун тархи доргилт, доод уруул, дагзны хуйханд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13146 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33/, хохирлын баримтууд /хх 18, 58-60/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Т.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Мийн хохирогч И.Даваасүрэнтэй маргалдсаны улмаас түүний толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Мийн “... хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх нь баттай тогтоогддоггүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

 

Хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүдээр хохирогч И.Даваасүрэнгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Мийн цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эдгээр мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бол гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, “И.Даваасүрэнгийн баруун тархи доргилт, доод уруул, дагзны хуйханд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13146 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19/, шинжээч эмч С.Одончимэгийн “...хиймэл шүд, ломбо нь эмчилгээ гэсэн үг, тиймээс ломбо унасан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 49/ гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Т.Мийн үйлдлээс хохирогч И.Даваасүрэнгийн шүд гэмтсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх бөгөөд хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй юм.

 

Иймд хохирогч И.Даваасүрэн гэм хорын хохиролд 5.420.000 төгрөг нэхэмжилсэн бичгийн баримтууд гаргаж өгсөн байх бөгөөд шүүх 1600000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлс болон шүдэнд эмчилгээ хийлгэсэн төлбөрийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэхгүй тул шүүгдэгч Т.Моос хохирогчид 150.000 /8000+120.000+2000+20.000/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж заажээ.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ял биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийж байвал зохино.

 

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

 

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах нь зүйтэй.  

 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Т.Мийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.М /РД:ДЮ83091517/-оос 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ишгомбын Даваасүрэн /РД:ЕЭ87071371/-д олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.М /РД:ДЮ83091517/-оос 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ишгомбын Даваасүрэн /РД:ЕЭ87071371/-д олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мид оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ