Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Батбаяр,

шүүгдэгч Б.Намуундөл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар Сүрэгтэн овогт Балдандоржийн Намуундөлд холбогдох эрүүгийн 201625013741 дугаартай, 105/2017/0100/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 06 дугаар хороо, Нүхтийн 08 дугаар гудамжны 149б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 16-54 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хар Сүрэгтэн овогт Балдандоржийн Намуундөл, /РД:РЛ84061711/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Намуундөл нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 102 дугаар байрны 49 тоотод хохирогч Г.Амгалангийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Намуундөл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эгчтэйгээ цалингийн зээлийн төлөлтийн талаар маргалдаж байхад нөхөр болох Амгалан дундуур орж ирээд ийм асуудал болсон. Хажуугаар орж хохирогч хүч хэрэглээгүй бол би эгчтэйгээ эв зүйгээ ололцох байсан. Би хохирогчийг мөнгө төгрөгөөр дарамталсан зүйл огт байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Намуундөлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Амгалан над руу хандаж “чи миний гэр оронд орж ирж орилдог хэн бэ” гэж хэлээд толгой руу гараараа хоёр удаа цохисон. Би зөрүүлээд цээжээр нь тэвэрч авахад миний хиймэл хөл сугарч Амгалан миний дээр унасан. Би Амгалангийн хоёр хөлнөөс нь тэвэрч авахад хойшоогоо унасан...” гэх мэдүүлэг. /хх 25-32, 60-61 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намуундөл Номинзултай хэрэлдээд байхаар нь би очоод “та нар гэр оронд битгий хэрүүл хийгээд бай” гэж хэлсэн. Намуундөл “чи юу гээд солиороод байгаан, манай аавд гар хүрч байсан гэлүү” гэж хэлээд шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би газар унахад Намуундөл ус буцалгагч аваад, шанаа, чихний ар хэсэг рүү гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Номинзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намуундөл Амгалангийн шанаа руу 2-3 удаа цохисон. Ноцолдоод Амгалан газар унахад хажууд байсан ус буцалгагчаар Намуундөл Амгалангийн толгой руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх 12-14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹14284 дүгнэлтэд “Амгалангийн биед чихэнд няцарсан шарх, тохой, нуруунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх 16 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Намуундөл нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 102 дугаар байрны 49 тоотод хохирогч Г.Амгалангийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Энэ гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Намуундөл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.