Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0577

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Б***** ХХК

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж*****

Гуравдагч этгээд: С***** сургууль нарын хоорондын хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б***** ХХК-ийн төлөөлөгч Б.Б*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.М*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З*****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*****, С.Э*****, А.З***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б***** ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж*****ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийг анх тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0677 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0006 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

5. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

6. Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

7. Нэхэмжлэгч Б***** ХХК-ийн захирал Б.Б***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б***** ХХК нь 2013 оны 6 сард С сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэж байх явцад манай компани Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж барилгын үндсэн хийцийн 80 орчим хувийг гүйцэтгэсэн. Харин С***** сургуулийн зүгээс удаа дараа гэрээний үүргээ зөрчиж байсан. С *****сургууль нь гаднаас заслын бригад оруулан ирж гэрээгээ цуцал бид нар үлдэгдэл ажлаа энэ хүмүүсээр хийлгэнэ гэсэн. Харин бид ажлаа хугацаанд нь хийх боломжтой гэсэн боловч удаа дараа биднийг дарамталж 2013 оны 10 сарын 25-ны өдөр барилгын талбайгаас хөөж явуулсан.

2013 оны 10 сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хянагдаж байсан боловч, С***** сургууль Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн журмаар гомдол гарган залилан мэхэлсэн хэрэгт 756 хоног, чанаргүй барилга барьсан хэрэгт 886 хоног, хүний нэр төр гутаасан хэрэгт 413 хоног хянагдаж, яллагдаж, шалгагдаж шүүгдсэн. 2018 оны 05 сарын 21-ний өдөр Монгол улсын дээд шүүхийн хуралдаанаас цагаатгагдсан. Эрүүгийн хэрэгт чанар муутай хогийн барилга барьсан гэж байсан атлаа тухайн цаг үедээ чанартай сайн барилга болж улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байсан. Үүнийг нь мэдээд 2017 оны 10 сард Ерөнхий сайдад гомдол гаргасан. Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосны дагуу сайд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу албан бичиг явуулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 оны 11 сарын 01-ний өдөр С***** сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээж авсан үйл ажиллагааг шалга гэж үүрэг болгосны дагуу 11 гишүүнтэй комиссыг байгуулсан. 2017 оны 12 сарын 04-ний өдөр ажлын хэсгийн удирдамж гарсан. Гэвч ажлын хэсэг дүгнэлтээ гаргахгүйгээр урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хийсэн зөрчил гаргасан гэж манайх үзсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуулийн байгууллагаар энэ асуудал шийдэгдэж байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн хариуг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П***** руу явуулсан. Манай Б***** ХХК руу хүсэлтийн хариу болгон албан бичиг ирүүлсэн байдаг. Үүний дараа Монгол улсын Ерөнхий сайдад дахин гомдол гаргасан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэг Монгол улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй гаргасан өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлэхгүй байна гэсэн өргөдөл гаргасан. Ерөнхий сайдын зүгээс дүгнэлтээ гаргаагүй байна дахин хяналт шалгалтаа хий гэсэн албан бичгийг Ерөнхий сайдын зөвлөхөөс явуулсан боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шинжилгээгээ хийхгүй асуудал үүсгэсэн учраас нэхэмжлэл гаргасан. 2021 оны 07 сард С***** сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээж авсан албан хаагчдыг Авлигатай тэмцэх газарт хандан явж байхдаа шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Энэ шинжээчийн дүгнэлтээр Б***** ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн байна. С***** сургуулийн өргөтгөлийн барилгыг ерөнхий гүйцэтгэгчээр хүлээж авсан Г***** к******Барилгын тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолд заасан дүрмийг зөрчсөн байна гэдгийг мөн тухайн үед хүлээж авсан улсын комисс нь уг Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тухайн үед шударгаар С***** сургуулийн барилгыг улсын комисс хүлээн авсан үйл ажиллагааг хуулийн дагуу юу үгүй юу гэдэг талаар дүгнэлт гаргасан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан. Ж***** дарга хууль шүүхийн байгууллагаар маргаантай байх тул дүгнэлт гаргах боломжгүй гэдэг үгээр таглаж эс үйлдэхүй гаргасан. Ганцхан шинжээчийн дүгнэлт бус Монгол улсын ерөнхий прокурорын зүгээс С***** сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч Г**** констракшин хуурамч гэрээ байгуулсан байх үндэслэлтэй байна гэж эрүүгийн журмаар шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн хариуг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн албан бичигт Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг Г**** констракшин компани зөрчсөн байна гэж дурдсан. 2019 оны 01 сарын 15-ны өдрийн манай компанид ирүүлсэн албан бичигт С***** сургуулийн өргөтгөлийн барилга болон өргөтгөлийн барилгын дундуур Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дахь хэсгийг зөрчсөн байна гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаад зөрчлийн хэрэг нээсэн. 2020 оны 04 сарын 27-ны өдрөөс 04 сарын 29-ний өдөр болсон шүүх хуралдааны тогтоолоор Г***** к******ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн байна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл ширхэг тоосго өрөөгүй, шанага шавар зуураагүй гүйцэтгэгчийн чиг үүргийг гүйцэтгээгүй гэдгийг шат шатны олон байгууллага тогтоосон. Мөн дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн компани 2016 оны 08 сард С***** сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхдөө дотор цахилгааны тусгай зөвшөөрөлгүй байсан. Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг эс үйлдэхүй гаргаж хуулийн дагуу шударга дүгнэлт гаргаагүй гэдэг нь бусад төрийн байгууллагуудын шийдвэрээр тогтоогдож байгаа. 2021 оны 07 сарын 19-ний өдрийн дүгнэлтийг гаргахдаа 2 шинжээч томилогдсон. Нэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч Т.Э******, Хотын стандарт хяналтын газрын барилга байгууламжийн хэлтсийн дарга томилогдсон. Хариуцагчаар татагдсан Ж*****ын доод албан тушаалтан Т.Э****** нь хууль дүрэм зөрчсөн байна гэдгийг тогтоож байгаа нь Ж***** дарга эс үйлдэхүй гаргаж дүгнэлт гаргаагүй гэдэг нь нотлогдож байна гэж хэлмээр байна. Төрийн хяналт шалгалтын 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, 4.1.4 дэх хэсэгт шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах, хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх, 4.1.6 дахь хэсэг хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх, 4.1.7 дахь хэсэг хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн заалтуудыг зөрчсөн. Хяналт шалгалтын дүн, дүгнэлтээ гаргаагүй байж Хууль зүйн сайд руу 2017 оны 12 сарын 15-ны өдөр албан бичиг явуулсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх рүү 2017 оны 12 сарын 25-ны, манай компани руу 2017 оны 12 сарын 27-ны өдөр явуулсан. Хяналт шалгалтын талаар илтгэх хуудас гаргаад илтгэх хуудсаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад танилцуулаад албан бичгүүдэд хариу өгөх ийм зарчмаар явагддаг. Гэтэл өмнө нь албан бичгүүдээ явуулчхаад дараа нь буюу 12 сарын 28-ны өдөр илтгэх хуудсаа бичиж оруулсан байгаа нь төрийн хяналт шалгалтын хэлтэс дүгнэлтээ урьдчилан гаргаад түүнийгээ батлах замаар хийсэн гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Монгол улсын Үндсэн хуулийн 16.12 дугаар зүйлд төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах түүнийгээ хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх гэсэн заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд өргөдөл гомдолд үндэслэлтэй хариу авна гэдэг эрхүүд маань сэргээгдэх юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн, Д.Ж***** дарга нь эс үйлдэхүй гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Ж***** дарга эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон. Хариуцагч тал татгалзлаа нотолсон баримт нь хариу хүргүүлж байгаа албан бичгүүд бөгөөд албан бичгүүд дотор нь хяналт шалгалт явуулах боломжгүй гэдгээ өөрсдөө илэрхийлсэн байдаг. Хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ хяналт шалгалтыг бүрэн дүүрэн дуустал явуулаагүй гэж үзэж байна. Удирдамжид заасан хүрээ зорилгыг гаргаагүй. Шалгах ёстой ажиллагааг шалгаагүй.

Нэхэмжлэгчийн дурдаад байгаа асуудлыг шалгасан зүйл байхгүй байна. Хариуцагчаас асуухад хариу мэдэгдэх албан бичгийг үндэслэл болгож байна. Үндэслэлгүй хариу өгч байгаа нь хууль бус байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хариуцагчийг удирдамжийн дагуу хяналт шалгалт бүрэн гүйцэт явуулахад яаж саад болоод байгаа юм бэ. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд хяналт шалгалт гэж юуг хэлэх талаар заасан байгаа. Хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний ажил үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хяналт шалгалтын арга хэмжээний цогцолборыг хэлнэ. Мөн хуулийн 5.2-т төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд 5.2.2-т шалгалтын зорилго, үндэслэл гуравдагч этгээд гэж заасан байна. Хяналт шалгалтыг удирдамжид заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ. Мөн хуулийн 5.9-д хяналт шалгалтын явцад тэмдэглэлийг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгагчийн тэмдэглэлд улсын байцаагчийн санал, мэдээллийг тусгана гэж заасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргийг гүйцэтгээгүй үндэслэлгүй хариу өгч нэхэмжлэгчийн өргөдөл гомдлоо шударгаар шийдвэрлүүлэх үндэслэл бүхий хариу авах эрхийг өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчиж ирсэн. Бүх шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн тал чи ажлаа өөр компаниар гүйцэтгүүлсэн юм биш үү, чи улсын комисст орох гээд байгаа юм уу гэсэн зүйл яриад байна. Тэрийг бид нар энд ярих биш хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож шүүхээс даалгаж байж удирдамжийн дагуу хяналт шалгалт явагдсаны дараа бидний яриад байгаа маргаан зогсоно. Гуравдагч этгээдийн тал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зүйлийг яриад байна. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд хөөн хэлэлцэх хугацааны талаар тус тусын дүгнэлтээ хийсээр ирсэн.

Дээд шүүхээс энэ хэрэг анхан шат руу ирэхэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой захирамж гараад тэр захирамжид гомдол гаргаад давж заалдах шатны шүүхээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэр эцсийн байна гэж заасан байхад дахин дахин яриад байх шаардлагагүй. Нэхэмжлэгчийн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд үндэслэл бүхий хариу авах эрхтэй гэсэн эрх ноцтой зөрчигдөөд байгаа. Бид нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуулийн хүрээнд хүсэлтээ гаргаж яваа. Хариуцагчийн зүгээс хариу өгснөөр дуусгавар болно гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж***** болон түүгээр ахлуулсан ажлын хэсэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажиллагааг журмын дагуу явуулан үр дүнг газрын даргад танилцуулсан бөгөөд хяналт шалгалтын үр дүн бүхий хариу албан тоотыг удирдамжид заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад болон "Б*****" ХХК-ийн захирал Б.Б*****т тус тус хүргүүлж ажилласан билээ.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу дотооддоо төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулан, шалгалтын үр дүнгийн талаарх албан бичгийг тус удирдамжид заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн нь эс үйлдэхүй биш болно.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалаар холбогдох мэргэжлийн 11 улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн материал, Үндэсний төв архиваас авсан баримт бичиг болон Б*****" ХХК, "С***** дунд сургуулиас тус тус ирүүлсэн бичиг баримтад үндэслэн хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, дээрх баримт бичгүүдэд үндэслэн гаргасан шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагад танилцуулж, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн дуусгасан тул дахин үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй юм. Хэрэв энэ хяналт шалгалтыг дахин давтан хийвэл үр дүн нэгэн адил болох тул хяналт шалгалтын ажлыг дахин давтан үргэлжлүүлэх шаардлагагүй болно.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын зорилго, үр дүнгээс харвал тус төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь гадагш чиглэсэн захирамжилсан шинжийг агуулаагүй, хяналт шалгалтын акт торгууль тогтоосон шинжгүй, хяналт шалгалтын дүнг зөвхөн Хууль зүй дотоод хэргийн сайдад. хүргүүлэхээр заасан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус удирдамжийн дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад, "Б***** ХХК-ийн захирал Б.Б*****т тус тус хүргүүлснээр 01/275 дугаар удирдамжид заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил гүйцэтгэх ажлын хэсгийн үүрэг бүрэн биелсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал өөрийнхөө ямар эрх ашгийг зөрчигдсөнөө мэдэхгүй шүүхэд хандаад яваад байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу хариу өгсөн байна. Гэтэл тэр хариуг хүлээн зөвшөөрөхгүй эс үйлдэхүй байна гэж үзээд байна. Нэхэмжлэгч өөрөө зөрчигдсөн эрхээ нотолж чадахгүй байна. 2017 оны 12 сарын 04-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж гарсан. Үүний дагуу илтгэх хуудсаар хариу хүргүүлсэн. Хариу авсан талаар маргадаггүй. Захиргааны ерөнхий хуульд эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Гэтэл Б.Б*****ийн ойлголт бол надад таалагдсан хариу өгөөгүй илтгэх хуудсаар хариу өгсөн учраас эс үйлдэхүй байна гэж ойлгоод байна. Хариуцагч захиргааны байгууллага хуулийг зөрчөөгүй. Хяналт шалгалтыг удирдамжид заасан асуудлын хүрээнд хийхээр заасан. Удирдамжид дүгнэлт гаргаж Б.Б*****т танилцуулах гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Дүгнэлтийн зорилго нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирсэн албан бичгийн дагуу шалгалт явуулаад холбогдох тайлбар танилцуулгыг буцаагаад тайлагнана гэсэн болохоос Б.Б*****т өгөх гэсэн зорилго байхгүй. Ингэхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх хэсэгт улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж заасан. Удирдамжид заасны дагуу хяналт шалгалт хийх ёстой. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн хүссэний дагуу шалгалт хийлгээд дүгнэлт гаргуулахаар шийдвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр удирдамжийн зорилго шаардлагад нийцэхгүй өөр нөхцөл байдал үүснэ. Тиймээс ингэж шийдэх хууль зүйн үндэслэл байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлнэ. Өнөөдөр С***** сургуулийн явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах үндэслэл байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд С***** сургууль хамаарахгүй. Хяналт шалгалтын гол зорилго бол тухайн гомдол гаргаж байгаа этгээдийн гомдол, өргөдөл, хүсэлтийг үндэслэнэ. Түүнээс биш Хууль зүйн сайд, Ерөнхийлөгчийн тамгын газраар дамжуулж ирсэн хүсэлтийн хүрээнд хийгдэх нь хуулиараа байхгүй. Эрүүгийн хэргээр Б.Б***** нь нэг ч хоног хоригдсон асуудал байхгүй. Цахилгааны монтаж буруу холбосон гэдэг асуудал тогтоогдсон. Түүнээс биш ямар ч үндэслэлгүйгээр шалгасан зүйл байхгүй. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д заасны дагуу барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх ёстой байтал гүйцэтгэсэн гэдэг байдлаар дүгнэлт гаргаж ирээд шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулчихсан. 2008 оны Барилгын тухай хуульд ч мөн дээрх ажлуудыг тухайн компани өөрөө хийж гүйцэтгэхээр заасан. Өөрөө Барилгын тухай хуулиа зөрчсөн байж өөр нэгнийг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиалагч туслан гүйцэтгэгч компаниар хийлгэж болно гэж тайлбарлаад байгаа боловч Барилгын тухай хуульд заасан өөрөө хийх ёстой ажлаа туслан гүйцэтгэгчээр хийлгэж болохгүй. Энэ талаар хэрэгт баримт байхгүй ч гэсэн нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өргөдөл, гомдлын талаарх ойлголтыг тодорхой заасан байгаа. Нэг газарт очоод гомдол гаргахдаа Б.Б*****ээр, шүүх дээр ирэхээр Б***** ХХК болчихдог. Энэ хуулийг иш татаад мэтгэлцээд байгаа бол энэ хуулийг ярихаас өөр алга. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Мөн хуулийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байна. Тэгэхээр компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулахаас биш иргэнийг төлөөлж компанийн захирлаар явна гэсэн зүйл байхгүй. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлүүлэх тухай хуульд иргэн гэж заасан болохоос хуулийн этгээд гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр уг хуулиар зөрчигдсөн эрх байхгүй. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй гэж заасан. Хэн дуртай хүний гаргасан өргөдөл гомдлыг төрийн байгууллага хүлээн авч шийдвэрлээд эрх ашгийг нь сэргээж болохгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ асуудалд С***** сургууль, цаашлаад тэнд сурч байгаа хүүхдүүдийн эрх ашиг хамаарна. Тэгэхээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлүүлэх тухай хуулийн зарчим зөрчигдөх болчхоод байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан. Яг энэ үйл баримттай холбоотой улсын комиссын актыг хүчингүй болгуулах гэдэг хэрэг захиргааны шүүх дээр ажиллагаанд байгаа. Ингээд харахаар 1 зөрчигдсөн эрх дээр 2 маргаан үүсгээд нэг нь арай түрүүлээд шийдэж байгаа ийм л зүйл болоод байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд тусгай мэдлэг шаардсан этгээдийг шинжээч гэж байгаа. Хэзээ ч хууль тайлбарлуулахаар шинжээч томилуулдаггүй. Гэтэл Авлигатай тэмцэх газраас томилсон шинжээч хууль тайлбарлаад явчихсан байсан. Хэрэв шинжээч хууль тайлбарлаад тэр нь эцсийн байдаг юм бол шүүх гэж байгаад яах юм. Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр эрүүгийн хэрэгт байгаа нотлох баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэхээ больсон. Миний сонссоноор эрүүгийн хэрэгт ганцхан энэ дүгнэлтээс гадна өөр дүгнэлтүүд байгаа гэсэн. Б.Б***** л танилцах эрхтэй учраас өөрт ашигтай нотлох баримтаа авсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд хэргийг шийдвэрлэхэд гол ач холбогдолтой баримт гэж үзэх боломжгүй. Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл дээр Б***** ХХК-ний нэр байгаа учраас тухай компанийг гүйцэтгэгч гэж үзнэ гэсэн байна. Тиймээс шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий баримт биш. Бүх дүгнэлт хууль зөрчсөн эсхүл зөрчөөгүй гэдгээр гардаггүй. Дүгнэлт гаргах, татгалзах, гаргахгүй байх тохиолдлууд байгаа. Нэгэнт шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гээд дүгнэсэн байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэлт гаргасан бол шүүхийн шийдвэр магадлал, тогтоолтой зөрчилдөх асуудал үүсэх байсан. Хяналт шалгалтын удирдамж нь батлагдчихсан үүнтэй нэхэмжлэгч маргадаггүй. Энэ удирдамжийг байгууллагын дарга баталдаг. Хуулиар олгогдсон эрх хэмжээнд нь шүүх хөндлөнгөөс халдаж дахиад удирдамж гаргаад хяналт шалгалт явуул гэх боломж байхгүй. Хяналт шалгалт нь өөрөө шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргаан, шүүхээр шийдвэрлэгдэх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Гэрээг хэний санаачилгаар цуцалсан гэдгээс шалтгаалаад хэн ямар хохирол учруулсан бэ гэдэг асуудал яригдах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тухайн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудлын хүрээнд дүгнэлт гаргах ёстой. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчих учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна... гэжээ.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Б***** ХХК-ийн удаа дараа гаргасан өргөдөл гомдол түүнд өгсөн албан бичиг, хариунууд байгаа. Нэгэнт төрийн захиргааны байгууллага албан тушаалтнаас хариу албан бичгээр илэрхийлэгдсэн байхад эс үйлдэхүй гэдэг зүйл байхгүй байгааг илэрхий харж болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан эс үйлдэхүй байхгүй бол захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан болж байгаа юм. Хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах гэсэн шаардлага нь ямар захиргааны акт юм. Хяналт шалгалтын үйл ажиллагаа бодитоор явагдчихсан байхад юуг даалгах юм. Одоог хүртэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тодорхойлох ажиллагаа хийгээгүй. Хүссэн хариугаа захиргааны байгууллагаас авах ёстой гэсэн хуулийн заалт Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед бол миний өргөдөл гомдол гаргах эрх хөндөгдсөн үүнийхээ хариуг авмаар байна гэж байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг хэлж байна. Захиргааны байгууллагад өргөдөл гомдол гаргаад түүнийх нь хариуг өгч байгаа нь өргөдөл гомдол шийдвэрлүүлэх эрх нь хангагдаад үндэслэл бүхий хариу авчихсан байгааг илтгэж байхад нэг асуудлаараа дахин өргөдөл өгөөд байж болох юм уу. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэг асуудлаар дахин хандвал хүлээн авахгүй буцаах талаар зохицуулсан. Өргөдөл гомдол гаргах, хариу авах эрхээ эдлээд дуусчихсан байна. Шүүх бол биелэгдэх боломжтой шүүхийн шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл энд зөрчигдсөн болон сэргээд байх эрх алга. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан хуулийн нотолгоо харагдаж байна. Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтыг харахаар шүүх Б*****т өөрөөр үйлчилдэг юм байна гэдэг баримт илэрхий харагдаж байна. Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад өдийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулчихсан байна. Шүүхийн ажил багадаагүй, маш их ачаалалтай. Нэхэмжлэгч ямар их завтай юм шүүхийн ачааллыг нэмэгдүүлж ханадаггүй юм бэ. 2018 оны 03 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг компани 2017 оны 12 сарын 27-ны өдөр хариугаа авсан. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Ингэхээр 2018 оны 01 сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргах хугацаа нь дуусчихсан. 75 хоног хэтэрчихсэн байхад нэхэмжлэлийг яагаад хүлээж авсан юм. Хамгийн сүүлийн албан бичгийн хугацаанаас хойш бодоод үзэхэд 2018 оны 02 сарын 07-ны өдөр гомдол гаргах эрх нь дуусаж 28 хоног хэтрүүлсэн байна. Нэг л их жагсаал цуглаан хийж гомдоод хэл ам хийгээд байгаа хүний юмыг хүлээж авах хэрэгтэй юм байна гэдэг байдлаар хандаж болохгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дэх хэсэг, 52 дахь хэсэг 53 дахь хэсэгт зааснаар илтгэх хуудас гарснаар үйл ажиллагаа дууссан байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дагуу хийсэн үйл ажиллагаа дууссан байна. Таалагдахгүй шийдвэр гаргасных нь төлөө уриа лоозон бариад жагсаал цуглаан хийсэн нэхэмжлэлийг хүлээн аваад шийдвэрлээд байж болохгүй. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хэргийн шүүх дээр манай үндсэн шаардлагын эсрэг сөрөг нэхэмжлэл гаргачихсан явж байгаа. Өнөөдрийн хурал дээр гэрээний харилцаа дуусгавар болсон ч гэсэн гүйцэтгэгчээр ормоор байна гээд байна. Гэрээний харилцаа дуусгавар болбол үлдсэн ажлыг бусад этгээдээр гүйцэтгүүлээд өмчлөлдөө авах эрхтэй. Гэрээг цуцалчхаад барилгыг дутуу хэвээр нь байлгаад байж болохгүй учраас гэрээнд заасны дагуу нэг бол өгсөн авснаа буцаах эсвэл үнээр нь буцаана. Манайд барилга болон тусгай зөвшөөрөл биет байдлаараа үлдэж байна. Нөгөө талын өмч гэвэл манай төлбөр үлдэж байгаа. Өөрийнхөө өмчийг цааш нь захиран зарцуулах эрх нь манайд байгаа. Энэ байгууллагыг хүлээвэл байгууллага барилга хэзээ ч ашиглалтад орохгүй учраас өөр байгууллагаар хийлгэсэн. Ингээд хоёр тийшээ болсон байсан ч нэхэмжлэгч тал иргэний маргаан дээр давуу эрх олж авах зорилгоор өмнө бий болсон харилцаа бүр дээр гомдол гаргаад шийдвэр гаргасан албан тушаалтан бүр дээр гомдол гаргаад хөөсрүүлчихсэн. Яагаад ийм маргаан үүсгэсэн бэ гэвэл иргэний маргааныг түдгэлзүүлж зогсоох хүсэлтэй байдаг. Өнөөдрийг хүртэлх нэг ч хурал дээр ирж байгаагүй байнга хойшлуулдаг.

Иргэний маргаан дээр 2 удаа манай талд шийдсэн боловч мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нөгөө талаас өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдсэн гээд хүчингүй болсон. Шинжээчийн дүгнэлтийн тухайд эрүүгийн гомдлыг бүртгэж шалгахын тулд хэрэг бүртгэлтийн хэрэг нээдэг. Эрүүгийн шинж чанартай байвал яллагдагчаар татаж дугаар авдаг. Хэрэг бүртгэлтийн хэргийг нээгээд шалгах явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг яагаад нотлох баримтаар үнэлэх ёстой юм. Аль нэг хэргээс нотлох баримтыг сугалж аваад энд ашиглаад байж болохгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нь хаагдаад эсвэл энэ дүгнэлт хүчингүй болоод бүрэлдэхүүнтэй шинжээч томилогдсон байхыг үгүйсгэхгүй. Хэрэгтэй нь танилцахаар хүсэлт гаргасан боловч хэргийн оролцогч биш учраас бид нарт мэдээлэл өгөхгүй гэсэн. Шинжээч нь хуульч биш байж Барилгын тухай хуулийн гүйцэтгэгч гэдэг ойлголтыг тайлбарласан байсан. Энэ байгууллага өөрсдөө юу ч хийгээгүй дандаа туслан гүйцэтгэгчээр хийлгэж нөгөө хэд нь ажлаа хийж чадахгүй асуудал гаргаад маргаан үүссэн. Мэргэжлийн хяналтын газар шалгалтаа хийлээ гэхэд яг юу өөрчлөгдөх юм. Барилгын чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацаа 3 жил байдаг. 3-с дээш жилийн хугацаанд өмчлөлийн асуудал яригдана. Нэгэнт ашиглалтад ороод өмчлөлдөө аваад олон жил болчихсон барилга дээр нөхөж комисс хүлээн авах гэдэг асуудал яригдахгүй. Жагсаал цуглааныг нийтийн эрх ашгийн төлөө хийдэг болохоос биш ажил гүйцэтгэх гэрээндээ давуу тал олох гэж хийдэггүй. Субьектив эрх хөндөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б***** ХХК 10 дахь жилдээ 2 удаа шийдвэр гарсан. С***** сургууль илүү мөнгө төлсөн байна гэж нийгэмд цаг мөнгөний хохирол учруулж байна. Захиргааны энэ хурал шийдэгдсэн байхад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлтээс болоод Улсын дээд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хяна гээд буцаасан. Үүрэгт ажлаа хийх ёстой байтал энэ хурал дээр ирж цагаа үрж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хувь хүний хувиар ханддаг. Төрийн байгууллага нэг дүгнэлт гаргаад энэ нь шүүхийн шийдвэрлэж байгаа хэрэгт нөлөөлж байна. Өөрсдийнхөө амьдралын цагийг хэрэггүй зүйлд зарцуулаад байна. Хөөж явуулсан гэдэг нь худлаа. Өөрийнх нь ярьснаар бичгээр харьцана гэсэн учраас албан бичгээр хариу өгсөн. Гэрээ цуцалсан бол талбайгаа чөлөөл гэсэн болохоос хөөгөөгүй. Өөрөө бүгдийг нь хийсэн юм шиг юм яриад байна. Гэтэл биднээс нууж гүйцэтгэгч байгууллагаар хийлгэсэн байсан. Гэрээ нь хэргийн материалд байгаа. Өөрөө юу ч хийгээгүй. Мэргэжлийн хяналтын газрын үйлдэл бол зөв байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б***** ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж***** нарт холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж*****ын эс үйлдэхүй хууль бус болохыг тооцуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б***** ХХК-ийн захирал Б.Б***** Монгол улсын Ерөнхий сайдад гаргасан өргөдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н****оос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн байх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 01/275 дугаар удирдамжийг баталсан байна.

Удирдамжаар Б***** ХХК-ийн захирал Б.Б*****ийн өргөдөлд дурдсан асуудлаар Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Барилгын тухай хууль тогтоомж, холбогдох журам, дүрмийн хүрээнд хяналт шалгалт хийж, тайлбар тодруулга гаргах зорилгын хүрээнд Сүхбаатар дүүрэг 2 дугаар Усны гудамж, С***** сургуулийн өргөтгөлийн барилга улсын комиссын үйл ажиллагааг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний архивын газраас албан бичгээр ирүүлсэн баримт, бичиг, материалуудад үндэслэн шалгахаар шийдвэрлэжээ. /1-р х.х-н 21/

Тус удирдамжаар байгуулагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн илтгэх хуудсаас үзвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 128 хуудас материал гаргуулж, иргэн Х.Б*****ээс 119 хуудас материал ирүүлж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга, улсын комиссын дарга, Б***** ХХК-ийн захирал Б.Б*****, С***** сургуулийн захирал Д.З*****тай уулзаж тайлбар авч, зөрүүтэй баримт бичгийг Үндэсний төв архивын материалтай тулгаж, нягтлан судлаад, С***** сургууль Б***** ХХК-ийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан болон барилгын чанартай холбоотой асуудлууд иргэний болон эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагаас уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй болохыг мэдэгдсэн болно гэсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудсыг гаргажээ. /2-р х.х-н 65-71/

Б***** ХХК-ийн захирал Б.Б*****ээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж*****ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934 тоот албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч, улмаар газрын даргад 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргаж, улмаар тус шүүхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүгнэлтийг Д.Ж***** гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэл гаргасан гэж тайлбарлаж байна./1-р х.х-н 19-20/

Уг албан бичгээс үзвэл 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудастай агуулгын хувьд ижил байна.

Б***** ХХК-ийн захирал Б.Б*****ээс тус хуулийн этгээдээс Монгол улсын ерөнхий сайд болон өөр бусад албан тушаалтнуудаар дамжуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргасан бөгөөд тус байгууллага удирдамжийнхаа дагуу хяналт шалгалт явуулж, дүгнэлт гаргах ёстой, төрийн байгууллагаас үндэслэлтэй хариу авах эрх зөрчигдөж байна гэж маргаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа байгаа болон борлуулж, байгаа бараа бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг, 52 дугаар зүйлийн 52.1 Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр...болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. гэж зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нь холбогдуулж, /энэ тохиолдолд С***** сургуулийн сургалтын үйл ажиллагаатай нь холбогдуулж/ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу, мөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хяналт шалгалтыг /төлөвлөгөөт бус/ явуулах хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл Б***** ХХК болон С***** сургуулийн хоорондын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалтыг явуулах эрх зүйн үндэслэл байхгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудас үндэслэлтэй гарчээ.

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т удирдамжид тусгагдах зүйлсийн жагсаалтыг баталсан ба 5.2.2 шалгалтын зорилго, үндэслэл гэж, 52 дугаар зүйлийн 52.3-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ. гэж заасан бөгөөд удирдамжаар Б***** ХХК-ийн захирал Б.Б*****ийн өргөдөлд дурдсан асуудлаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний архивын газраас албан бичгээр ирүүлсэн баримт, бичиг, материалуудад үндэслэн шалгаж, тайлбар, тодруулга гаргах зорилготой хийгдсэн бөгөөд зорилгодоо нийцжээ.

Дээрх ажиллагааг хийсний үндсэн дээр хуулийн этгээдүүдийн хоорондын иргэний эрх зүйн маргаан нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь дээр дурдсан хуулийн заалтад нийцсэн байна.

Улмаар уг хариуг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж*****ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934 тоот албан бичгээр өгсөн байх бөгөөд тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиг үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй-г гаргаагүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг хэлэх ба энэ тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжаас үзвэл Д.Ж***** нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байх бөгөөд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн асуудлаар дан ганц Д.Ж*****д холбогдуулан эс үйлдэхүй гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага ойлгомжгүй гэсэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Иймд хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж***** хууль бус эс үйлдэхүй гаргаагүй нь тогтоогдож байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгах үндэслэлгүй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 5 дугаар зүйлийн 5.2.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б***** ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж***** нарт холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж*****ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ