Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1431

 

МАГАДЛАЛ

 

2018.06.20                                                  Дугаар 1431                                      Улаанбаатар хот

 

 

 

 

МЦХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00842 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч МЦХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэг, хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Ц нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хоёр компанийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдаж, тус гэрээний дагуу бид Төв аймгийн заамар сумын нутаг дэвсгэрт Туул голын баруун дэнжид байрлах Т ХХК-ийн эзэмшлийн 26.08 га бүхий, MV-016841 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн явуулсан. Тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Б тал нь (МЦХ ХХК) нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахаа баталж, барьцаа хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг А талын дансанд байршуулна хэмээн заасны дагуу бид эхний жилийн төлбөр болох 50 000 000 төгрөгийг Т ХХК-ийн дансанд гэрээ байгуулагдсны дараагаар байршуулсан. Барьцааны 150 000 000 төгрөг нь жил бүрийн 50 000 000 төгрөгөөр тооцсон байсан. Дээрх гэрээний гол нөхцөл нь Т ХХК нь өөрийн эзэмшлийн талбайгаа бидэнд ашиглуулах, бид өөрийн тоног төхөөрөмж, хүн хүч, хөрөнгөөр олборлолтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй талбай дээр явуулах, олсон ашгаа гэрээнд заасны дагуу хувиарлах бөгөөд 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх байсан. Гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явж байсан, гэтэл нэг талын санаачилгаар буюу Т ХХК-ийн саналаар гэрээг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл өгч 2 хоногийн дараа буюу 23-ны өдөр шалтгаангүйгээр гэрээг цуцалж, яаралтай талбай чөлөөлж өгөхийг шаардсан. Бид гэрээний дагуу талбайг чөлөөлж, олборлосон алтаа Монгол Банкинд тушааж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн Т ХХК нь барьцаа төлбөр болох 50 000 000 төгрөгний 40 000 000 төгрөгийг бидэнд буцаан төлсөн боловч өдийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг төлөхгүй, мөнгөгүй гэдэг шалтгаанаар төлөхгүй байна. Энэ нь Хамтран ажиллах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзсэн тохиолдолд А тал нь барьцаа хөрөнгийг Б талд гэрээ дуусгавар болсноос хойш 2 хоногийн дотор шилжүүлнэ хэмээсэн заалтыг зөрчиж байна. Т ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бид өдөр бүр банкинд хүү төлж байна. Гэхдээ гэрээнд тусгагдаагүй тул бид банкны хүү нэхэмжлээгүй. Үндсэндээ манай компаниар хөрс хуулах ажиллагааг хийлгэчихээд талбайгаас гаргачихсан. Гэрээгээр Монгол банктай гурвалсан гэрээ байгуулагдах ёстой ч Т ХХК өөрөө гэрээгээ байгуулаагүй. Талбайгаас өдөрт олборлож байгаа алтны хэмжээ Стандартчилал хэмжил зүйн газраас мөрддөг журамд заасан 10 граммаас бага байсан тул нийлүүлээд Улаанбаатар хотод 2017 оны 8 дугаар сарын 31-нд ирэхдээ манайх Т ХХК-ийн нэрийн өмнөөс алтыг тушаасан. Хэтэрхий бага хэмжээтэй алт гарч байсан учраас авахгүй байсан. Үүнийг н.О захирал өөрөө мэдэж байсан. Мөн өөрсдөө ашигт малтмал олборлох талбайгаа зааж өгөхгүй байсан. Зааж өгсөн газарт очиход хэд хэдэн газрыг оруулсан байсан тул яг манай талбай аль хэсэг гэдгийг тогтоож өгөхгүй байсаар олборлолтын ажил 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Мөн олборлолтын үед маш бага хэмжээний алт гарч байсан ч гэрээний дагуу өдөр бүрийн гарсан металлын хувийг тухай бүрт нь авдаг байсан. Нөхөн сэргээлтийг манайх гарахдаа хийгээд н.О захирал, н.Х захиралтай талбайгаар хамт явж үзүүлсэн. Иймд үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөг, мөн хууль зүйн туслалцаа авсны 1 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчтэй 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж манай эзэмшлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Хамтран ажиллах явцад гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байжээ. Энэ зөрчлийг арилгах, гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч компанийн захирал болох Ж.Ц , уурхайн дарга н.Г, н.Т гэх хүмүүстэй гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа талаар олон удаа хамтран уулзаж, удаа дараа зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл өгч байсан байна. Гэтэл МЦХ ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчиж, тусгай хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийхгүй байх, гэрээний дагуу олборлосон металлаа Ашигт малтмалын хуульд заасны дагуу Монгол банкинд тушаахгүй байх зэргээр хамтран ажиллах гэрээний 4.1, 5.1, 6.1, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.6 заалтуудыг тус тус зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд барьцаа буцаан олгохгүй байх нөхцлүүдийг зааж өгсөн байдгаас нэхэмжлэгч 7.5.1, 7.5.2, 7.5.6-д заасан зөвшөөрөлгүй ашигласан, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал алдагдсан, нөхөн сэргээх ажиллагааг тогтоосон хугацаанд стандартын дагуу хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлүүд бүрдсэн тул барьцааны үлдэгдэл 10 000 000 төгрөгийг олгох үндэслэлгүй. Тухайлбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар гол мөрний ай саваас 20 км дотогш ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл нэхэмжлэгч тусгай хамгаалалттай бүсэд байрлаж, ажиллагаагаа явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн газарт хийсэн 2017 оны 7 дугаар сарын 26-ны шалгалтаар тогтоогдсон. Улмаар үйл ажиллагааг зогсоогоод явсан байдаг. Энэ нь талбай зөвшөөрөлгүй ашигласан гэдэгт хамаарч байгаа. Мөн энэ үйлдлээс болоод манай менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаас батлахгүй удааширч байгаа. Хэдийгээр тусгай зөвшөөрөл цуцлагдсан зүйлгүй ч дээрх байдлыг хүчин төгөлдөр байдал алдагдахад хүргэсэн гэж үзсэн тул гэрээний 7.5.6-д заасан үндэслэл бүрдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т зааснаар тухайн талбай нь Т  ХХК-ийн талбай тул хэрэв нэхэмжлэгч нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй бол манайхаас үл маргах журмаар хуулийн дагуу зардлыг гаргуулна. Ийм нөхцөл байдал үүсч болзошгүй тул барьцааны үлдэх хэсгийг өгөх боломжгүй. Гэрээгээр Монголбанктай гурвалсан гэрээ байгуулж олборлосон алтаа тушаах ёстой ч нэхэмжлэгч алтаа бүгдийг тушаагаагүйгээс гурвалсан гэрээ байгуулагдаагүй. Харин барьцаа 50 000 000 төгрөг хүлээн авсан, гэрээ цуцлагдсан, олборлолт 8 дугаар сарын 01-нээс эхэлсэн, олборлосон алтыг гэрээнд тохиролцсон хувиар хувааж авсан гэдэгт маргахгүй. Гэрээний үүргээ зөрчиж Т ХХК-ийг хохироосон нэхэмжлэгч болох МЦХ ХХК нь хууль зүйн туслалцаа авах эсэх нь хариуцагчид хамааралгүй бөгөөд компаниудын хооронд хууль зүйн туслалцаа авах хөлсийг төлөх талаар харилцан тохиролцсон асуудал байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МЦХ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тухайн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хариуцагч талын тайлбар нотлох баримтыг үнэлэхгүйгээр хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж байсан. Нөхөн сэргээлт хийж олборлосон алтаа банкинд тушааж байсан гэж тайлбарладаг боловч ямар ч нотлох баримт байдаггүй. Хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт болох олон удаагийн мэдэгдэх мэдэгдлийг хүлээн авч хариу өгч байсан албан бичгүүд, металлын журнал, хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн тайлбар гаргасаар байтал хэрэгт авагдсан нотлох баримт тайлбарыг үнэлсэнгүй. Талууд хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчвөл, зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны тухай хамтран ажиллах гэрээнд тодорхой зааж барьцаа мөнгийг хариуцагчийн дансанд байршуулсан. "Т " ХХК нь МЦХ  ХХК-ийн гэрээний үүрэг биелэгдээгүйтэй холбоотойгоор цаашид гарч болзошгүй эрсдэлийг тооцож барьцаа мөнгөнөөс 10 000 000 төгрөгийг үлдээсэн. Барьцааны талаар талууд тохиролцсон байхад шүүх үүнийг "дэнчин" тавьсан гэж хуулийг буруу хэрэглэсэн. Талууд хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдолтойгоор "барьцаа" гэх заалт байхаас "дэнчин" гэж огт тохиролцоогүй. Иймд хэрэгт авагдсан тайлбар, нотлох баримтыг үндэслэн хэргийг тал бүрээс нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч МЦХ ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг, хохиролд 11 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хариуцагч компанийн санаачилгаар 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цуцалсан, гэрээний зүйл болох Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр Туул голын баруун дэнжид байршилтай 26,08 га ашиглалтын талбайг хариуцагчид хүлээлгэн өгсөн, уг гэрээний дагуу         нэхэмжлэгч нь барьцаа гэж 50 000 000 төгрөг шилжүүлснээс 40 000 000 төгрөгийг буцаан авсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ, гэрээний 5.3-т зааснаар олборлосон металын 30 хувийг тухайн ажлын өр багтаан Т ХХК-д олгох нэхэмжлэгчийн үүргийг хангуулахаар 150 000 000 төгрөгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй. Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хариуцагч нь гэрээг цуцлах мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэж байсан баримтууд хэрэгт авагдсан байна. Гэвч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний үүргийг хэн аль нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, МЦХ ХХК нь олборлосон металын зохих хувийг Т ХХК-д гэрээний 5.3-т заасан хугацаанд өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч нь гэрээнд заасан талбайг зааж өгөхгүй 1 сар хүлээлгэсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цуцлагдаж, гэрээний зүйлийг хүлээлцсэн тул уг гэрээгээр хангагдах үүрэг дуусгавар болжээ. Иймд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 150 000 000 төгрөгийг барьцаа болгон хариуцагчийн дансанд байршуулах, үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдсэн тохиолдолд гэрээ дуусгавар болсноос хойш 2 хоногийн дотор барьцааны мөнгийг буцаан шилжүүлэхээр талууд гэрээний 7 дугаар заалтаар тохиролцсоныг талууд барьцааны гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс “хариуцагч нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчин авсан” гэж дүгнэсэн нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00842 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “233 дугаар зүйлийн 233.2, 227 дугаар зүйлийн 227.3-т...” гэснийг “160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                              М.НАРАНЦЭЦЭГ