| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр,
Улсын яллагч Ж.Энхбат,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******,
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа өврөөсөө 1 шил архи гаргаж ирэхэд ******* найруулсан архи уухгүй гэж хоорондоо маргалдаж, өөрийг нь газарт унагаасны дараа *******гийн бие рүү цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд зүүн өгзөг, гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа *******г өврөөсөө 1 шил архи гаргаж ирэхэд найруулсан архи уухгүй гэж хоорондоо маргалдаж, түүнийг газарт унагаасны дараа бие рүү цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимын салстын цус хуралт, духны хуйхны зулгаралт, цээжний цус хуралт, хамар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Тухайн өдөр Бууцагаан сум руу буяны ажлаар явах гээд дүү ийн хамт 14 цаг 30 минутын орчимд Баянхонгор сумын зах орчимд байдаг Наранбулаг дэлгүүр орчимд очиж зогссон юм. Тэгтэл ******* гэгч нь нэлээн согтуу намайг дэлгүүрийн тэр орчимд дуудсан юм. Тэгээд байж байтал өөрөө над дээр хүрээд ирсэн. Тэгээд надад хараа гэх нэртэй 1 шил задалсан архи байсан бөгөөд түүнийг ******* бид 2 хувааж уусан юм. Тэгээд тухайн хараа гэх нэртэй архи дуустал ******* нь куртикний дотор талаасаа дөрвөлжин шилтэй хямдхан архи надад үзүүлсэн юм. Тэгэхээр нь би *******д би ийм архи уудаггүй ээ гэж хэлтэл ******* нь миний уруул хэсэг рүү тохойгоороо нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би *******тай барилцаж аваад би *******г тонгорох мэх хийж газарт унагаагаад нүүр, нүд хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. ******* нь миний нуруу болон зүүн гуя орчим руу 2-3 орчим удаа өшиглөсөн. Тэгээд ирж салгасан. Тухайн үед ******* бид 2 харилцан зодолдсон. Гэхдээ тэгж удаан зодолдоогүй. Барилцаж аваад газарт унаад дээр доороо орчхоод л салсан зүйл болсон. Тэгээд *******гаас салаад машинд суугаад Бууцагаан сумын 5 дугаар баг руу буяны ажилд явсан.... *******, болон би байсан, зах орчимд болохоор тэрүүгээр зөндөө олон хүн явж байсан. Тухайн өдөр нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагаас 17 цагийн хооронд тог тасарсан байсан бөгөөд би гар утсаа цэнэглэх гэж бодож байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2024 оны 01 сарын 26-ны өдөр Наранбулаг дэлгүүрийн орчимд байж байтал ******* машинтай, гэх хүнтэй хамт ирээд хажууд зогссон юм. Тэгээд би мэндэлсэн чинь ******* наашаа суу гэж хэлээд тэгээд би *******гийн машинд орж суусан юм. Тэгтэл ******* Хараа гэх нэртэй 0,5л хэмжээтэй 1 шил архи гаргаж ирээд *******, бид 3 хамт хувааж уусан юм. Тэгээд тэр архи дуусаад би ахиж 1 шил архи гаргаж ирээд уух гэтэл ******* нь би найрка уудаггүй. Ийм муу архи уудаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь машинаас буугаад явах гэж байтал араас бууж ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод өшиглөсөн. Тэгээд салсан, ийм зүйл болсон. Миний зүүн нүд хөхөрсөн, би дүгнэлт гаргуулна..... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ... ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 33,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,
Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр тог тасарсан байсан өдөр байсныг би санаж байна. Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ажил явдал гараад Бууцагаан сум руу явах зорилготой явж байгаад зах орчимд ******* ах бид нар очсон юм. Тэгээд Наранбулаг дэлгүүрийн хажууд очоод зогстол ******* гэж манай ах *******г нааш хүрээд ир уулзъя гэж хэлээд дуудаад байсан гэтэл ******* яваад *******тай уулзсан. ******* ах ******* хоёрыг уулзаж байх үед би машин дотор сууж байсан. Гэтэл нэг мэдсэн чинь ******* ах ******* хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би шууд буугаад салгах гээд очих хооронд тэр хоёр ноцолдож байгаад газарт уначихсан юм. Тэгээд очоод салгасан чинь *******гийн нүд хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд би ******* ахыг салгаад аваад явсан. Ийм зүйл болсон. Тэр хоёр харилцан нэгнийгээ заамдаж аваад ноцолдоод цохилцоод, нэгнийгээ өшиглөөд байсан. Тэгж байгаад газарт унасан, би яг аль хэсэг рүү нь яаж цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Машинд суулгаад Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу явсан, тухайн өдөр Бууцагаан суманд очиж 2 хоночхоод ******* ах аймагт ирсэн, Бууцагаан сум руу явж байхад болон тэнд очоод ******* ах хэн нэгэнтэй хэрэлдэж зодолдоогүй ээ. Харин ******* гэж хүнтэй зодолдчихоод Бууцагаан сум руу явж байх үедээ Байдрагийн гүүр өнгөрөөд ******* ах архи нь гарсан бололтой гэнэт хөл өвдөөд чинэрээд байна гэж хэлээд зүүн талын хөлөө бариад ёолоод байсан. Тухайн ажил явдал болсон айлд очоод бас хөл өвдөөд байна гэж хэлээд шөнө унтаж чадахгүй хэцүү байсан. Харилцан зодолдож байгаад газарт унасан тэгээд би очоод салгасан чинь ******* гэж хүний нүднээс нь цус гарчихсан байсан. Тэр *******тай зодолдсон зүйлээс болж ******* ахын хөл нь өвчинтэй болсон, харин ******* гэгч нь ******* ахын хөл рүү яг юугаар яаж цохисон гэдгийг би мэдэхгүй байна, ямар ч байсан *******тай зодолдоод л тийм болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч Ч.Жанцаны мөрдөн байцаалтад өгсөн ... Би Портер машинаар ачаа зөөх ажил хийдэг юм аа. Тухайн өдөр зах дээр ачаа зөөх гээд зогсож байх үед ******* гэгч нь үдээс хойш орчимд ирээд миний машин дотор орж ирж сууж байгаад буцаад буугаад явсан. Тэгээд ******* миний машинаас буух үед ******* гэх хүнтэй ******* нь тааралдаж таарсан. Тэгээд тэр хоёр хамт жоохон цаашаа явж байсан. Тэгээд нэг харсан чинь *******, ******* нар хоорондоо зууралдаад нэг нэгнийгээ харилцан заамдаж аваад зогсож байсан. Гэтэл ******* нь *******г газарт унагаачихсан байсан. Тэгээд би өөр тийшээ харчхаад буцаад ******* ******* нарыг хартал ******* гэгч нь *******г газарт унасан байх үед нь толгой хэсэг рүү нь хөлөөрөө удаа дэвсэж байсан. ******* нь *******гийн хөлөөс нь зуурчихсан байсан. ******* нь толих руугаа дэвсүүлж байх үедээ хөлөөрөө тийчлээд байсан харагдаж байсан. Тэгээд би салгах гээд буугаад очтол тэр хоёр салчихсан байсан. Тэгэхээр нь яваад очтол ******* нь машинд суучихсан байсан. *******гийн нүднээс цус гарчихсан байсан. Тэгээд би *******г *******г эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд *******, ******* нар хоорондоо эв зүйгээ олоод байх шиг байсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан *******, ******* нар хоорондоо зууралдаад ноцолдоод, заамдалцаад байсан. Яг яаж цохиж халдсан талаар би бол хараагүй ээ. Газарт унагачхаад толгой хэсэг рүү нь өшиглөж дэвсэж байгааг би харсан. Тэр хоёр аль аль нь согтуу байсан, ******* нь бол нэлээн бүр илүү согтуу байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би тухайн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******г зодоогүй. Надад гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би тухайн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 106 тоот шинжээчийн ...*******гийн биед зүүн өгзөг, гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 6Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 92 тоот шинжээчийн ...*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимын салстын цус хуралт, духны хуйхны зулгаралт, цээжний цус хуралт, хамар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх зүүн нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимын салстын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 42-44/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15/,
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/38 дугаар албан бичиг /хх-ийн 26-27/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40-41/,
Шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 72-73, 75-76, 78-108, 124-148/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа өврөөсөө 1 шил архи гаргаж ирэхэд ******* найруулсан архи уухгүй гэж хоорондоо маргалдаж, өөрийг нь газарт унагаасны дараа *******гийн бие рүү цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд зүүн өгзөг, гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа *******г өврөөсөө 1 шил архи гаргаж ирэхэд найруулсан архи уухгүй гэж хоорондоо маргалдаж, түүнийг газарт унагаасны дараа бие рүү цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимын салстын цус хуралт, духны хуйхны зулгаралт, цээжний цус хуралт, хамар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч М., нарын мэдүүлэг /хх-ийн 32-33, 35-36/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 63/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 14/38 дугаар албан бичиг /хх-ийн 26-27/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40-41/, шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирогч *******гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 33,000 төгрөгийг шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг шүүхэд гаргаж өгчээ.
Хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэрэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА