| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам,
Улсын яллагч Ж.Энхбат,
Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, В303221412 тоот регистрийн дугаартай, Сэнгэ ургийн овогт Баярмаагийн Мягмарсүрэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Баярмаагийн Мягмарсүрэн нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Пүрэв-Очирын эзэмшлийн 98-00 БНР улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор, хөдөлгүүрийг асааж шилжүүлсэн буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23-24 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “WE” бааранд иргэн Э.Лхагважавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн орчим найз Ц.Дашдондогийн хамт Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 98-00 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Их Номгон”-ы худалдааны төвийн урд хэсгийн хойшоо өгсдөг засмал замаар таксинд явж байтал урдуур гараа алдалдсан хүн урдуур орж ирж ирэхээр нь машинаа зогсооход зүс таних Б.Мягмарсүрэн машинд орж ирж суусан тэгээд хүмүүст поольдуулаад зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд миний машинд суусан хүнийг гэрт нь хүргэж өгсөн, тэгтэл намайг Төв гандангийн зогсоол дээр очоод зогсоодох гэхээр нь 6 дугаар багийн төв гандангийн баруун талын зогсоол дээр очоод зогссон, тэгтэл Ц.Дашдондог бид хоёроос намайг хүндэлсэнгүй гэж хэрүүл гуйгаад байсан, мөн буугаад зодоон хийе гэхээр нь хийхгүй гэхэд бид хоёрыг машинаас буу гээд байхаар нь машинаас буухад гурвуулаа зодолдъё гэж хэлээд өмнөөс хүрээд ирэхээр нь Ц.Дашдондог бид 2 зугтаахад араас орилж засмал зам хүртэл хөөж байгаад болиод буцаж яваад машин унаад яваад өгсөн. Тэр үед машинд утсаа үлдээгээд цагдаад дуудлага өгөх боломжгүй байсан тул алхаж цагдаагийн газар ирж дуудлага өгсөн юм аа, тэгээд машинаа цагдаа нарын хамт хайсан боловч олдоогүй, тэгээд төрсөн ах Д.Гончигсумлаагийн хамт Б.Мягмарсүрэнгийн гэрт нь очиход байгаагүй юм, тэгээд хэсэг гадуур хайж байгаад дахин гэрт нь очоод би гадаа нь үлдээд ах орж асуухад нэгдүгээр сургуулийн урд байрны голд тавьсан талаар хэлсэн гэсэн, тэгээд тухайн газар нь очиж үзэхэд миний машиныг 2 байрны голын машины зогсоолд урагш нь харуулж тавьсан байсан юм аа. Б.Мягмарсүрэнгийн хувьд гар өргөж суусан зүйл байхгүй, шууд миний машины урдуур гараа алдалж орж ирж зогсоосон, Гандангийн урд очиж зогс гэсэн нь болохоор зодоон хийх санаатай очиж зогс гэсэн байх, Гандан дээр ирж зогсоод машинаас буухад зодох гээд өмнөөс ирэхээр нь Ц.Дашдондог бид хоёр зугтаасан тэрнээс бол зодох байсан байх, бид хоёрын зугтаасан учир зодуулж биедээ гэмтэл учруулаагүй, Гандан руу ирэх замд намайг машин барьж явахад араас 2 удаа үсдэж явсан, мөн манай найзыг 2 удаа үсдэж авсан, орилоод над руу дайраад байхаар нь гарыг барьж аваад байсан юм, өөр зодож, цохисон зүйл байхгүй юм аа. Миний хувьд машинаа олсон болохоор ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Хохирогч Э.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн ... Баатархуяг, Отгонболд, Мөнхбаатар, нарын хамт “WE” баар орохоор болсон. Ороод 1 ширхэг 0.75 граммын архи захиалж аваад бид нар хувааж уусан, тухайн архи дуусаагүй байхад надтай хамт явж байсан 3 залуу зочид буудал руу амрахаар явсан. Ганцаараа үлдээд ширээн дээр сууж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд “намайг Мягаа гэдэг” гээд надтай танилцсан. Тэгээд архиа хувааж ууж дуусгаад өөр тийшээ яваад өгсөн. Би дахиад захиалга өгөөд “Мягаа хөгшөөн” гээд дуудсан чинь над дээр ирээд “чи намайг дууддаг хэн бэ” давраад байна уу” гэсэн утгатай юм яриад надтай маргалдаж эхэлсэн. Намайг барьж аваад газар унагаагаад нэг цохиод, нэг өшиглөсөн. Тэгсэн Мягаа гэх залууг таньдаг хүмүүс нь надаас салгаад авсан. Тэгэхээр нь би босоод текны урд сандал дээрээ суугаад “чи яаж байгаа юм бэ” чи ингэж байгаа бол цагдаа дуудаж өгнө гэж хэлсэн чинь Мягаа миний баруун хөмсөгт 2 удаа цохисон. Тэгсэн миний баруун хөмсөг гэмтээд цус ихээр гарсан..., ... Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Надад ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Одоогоор би эмчилгээний зардал гэх нийт 2.500.000 төгрөгийн зардал гарсан байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/,
Гэрч Ц.Дашдондовын мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед найз Д.Пүрэв-Очирын хамт таксинд явж байгаад Мэргэн 2 дэлгүүрийн хажуугаас хүн машины урдуур өгсөөд “Их номгон” худалдааны төвийн урд явж байтал гараа алдсан хүн машины урдуур орж ирж зогсоогоод машин суухад зүс харж таних Б.Мягмарсүрэн байсан. Тэгээд машинд явсан эгчийг гэрт нь буулгасан тэгтэл Б.Мягмарсүрэн төв гандангийн зогсоол дээр зогс гэхээр нь хөдлөөд явж байхад та 2 намайг хүндэлсэнгүй, золбин нохойнууд минь гэж хэлээд хэрүүл гуйгаад агсраад байсан мөн явж байх хооронд намайг 2 удаа үсдэж мөн жолоо барьж байсан Д.Пүрэвдоржийг үсдэж аваад байхаар нь гарыг барьж тавиулсан. Тэгээд төв гандангийн зогсоол дээр очиж зогсоход машинаасаа буу зодолдъё гээд байсан мөн машинаас хурдан буу гэхээр нь машинаас буухад ална, зодолдъё гээд хүрч ирэхээр нь бид 2 урагшаа зам гарч зугтаахад ардаас зам гартал хөөж байгаад болихоор харахад буцаж яваад машин унаад хөдлөөд яваад өгсөн. Тэр үед би утасгүй явсан мөн Д.Пүрэв-Очирын утас машинд байсан тул дуудлага өгөх боломжгүй байсан тул цагдаа дээр алхаж ирж дуудлага өгчхөөд гадуур машинаа хайж явсан боловч олдоогүй тэгж байгаад Д.Пүрэв-Очирын ах Д.Гончигсумлаа, Б.Мягмарсүрэнгийн гэрт нь очиж уулзаж асуухад 1 дүгээр сургуулийн урд байрны хооронд тавьсан гэж хэлсэн гэсэн тэгээд 1 дүгээр сургуулийн урд байрны голд тавьсан байсныг нь олсон юм аа. Гандангийн зогсоол дээр Б.Мягмарсүрэн бид хоёрыг машинаас буу гэхээр нь буусан тэр үед машин асаалттай, түлхүүр нь Д.Пүрэв-Очирт байсан юм аа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Д.Гончигсумлаагийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 02 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад манай таксинд явчхаад ирье гээд машинтай гараад явсан тэгтэл 02 цаг өнгөрч байхад гэртээ явган найзынхаа хамт ирээд Б.Мягмарсүрэн гэх залуу машин унаад явчихлаа гэхээр нь юу болсон талаар асуухад замын голд 2 гараа өргөж орж ирж зогсоогоод суугаад, Гандангийн тэндээс машин аваад явчихлаа гэж хэлсэн мөн цагдаа очиж мэдэгдсэн гэж хэлсэн юм. Тэгээд цагдаа дээр дахин ирээд цагдаа нарын хамт хайж гадуур явсан боловч олдоогүй тэгээд дахин өөрөө машин олж унаад хайгаад өглөө 06 цагийн үед Б.Мягмарсүрэнгийн гэрт буюу 5-19-04 тоотод очиход нэг залуутай гэртээ хоол идээд сууж байхаар нь хүний машин яагаад аваад явсан, машин хаана байгаа талаар асуухад 1 дүгээр сургуулийн зүүн урд байрны голд байгаа талаар хэлчхээд зааж өгсөн газарт нь очиход байрны зүүн талын зогсоол дээр урагш нь харуулж тавьсан байсан юм аа. Б.Мягмарсүрэнг зүс харж танина, манай дүүг араас үсэдсэн, толгой руу нь ганц нэг удаа цохисон талаар хэлсэн, биед ил харагдах гэмт бол харагдахгүй байна лээ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн ... Намайг тек дээр байхад 3-4 залуу орж ирээд үйлчилгээ авч байснаа нэг залуу нь бүжгийн талбай дээр хүнтэй маргалдаад яваад байсан. Тэгсэн чинь хамт явсан хүмүүс нь уурлаад гараад явсан. Тэгсэн чинь Мягмарсүрэн салгаад яваад байснаа текен дээр ирээд Мягмарсүрэнг хэл амаар доромжлоод байсан чинь Мягмарсүрэн нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд Мягмарсүрэнг тонгороод бас нэг унагааж байгаа харагдсан. Тэгээд гараад явцгаасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92/,
Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би уг хэргийн улмаас хэн нэгэнд ямар нэгэн байдлаар хор хохирол учруулсан зүйл байхгүй учраас би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..., ...Надад хохирогчийн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би 2 удаа яриад эмчилгээний зардалд чинь надад байгаа нь 2.000.000 төгрөг байна. Энэ мөнгийг өгье гэсэн чинь чамаас мөнгө авахгүй гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 41, 161-162/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14716 дугаар шинжээчийн ...Э.Лхагважавын биед баруун хөмсөгт язарсан шарх, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 103-104/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 64/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9/,
Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 47-50/,
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-67/,
Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 69-73/,
Зарлан мэдээллийн хуудас /хх-ийн 74/,
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/63 дугаар албан бичиг /хх-ийн 137/,
Хохирлын баримтууд /хх-ийн 172-173/,
Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 114-128, 130-135/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Баярмаагийн Мягмарсүрэн нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Пүрэв-Очирын эзэмшлийн 98-00 БНР улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор, хөдөлгүүрийг асааж шилжүүлсэн буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23-24 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “WE” бааранд иргэн Э.Лхагважавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Пүрэв-Очир, Э.Лхагважав нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 79-80/, гэрч Ц.Дашдондов, Д.Гончигсумлаа, Б.Батзориг, нарын мэдүүлэг /хх-ийн 15-16, 21-22, 91-92/, шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 41, 161-162/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 64/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9/, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 47-50/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-67/, мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 69-73/, зарлан мэдээллийн хуудас /хх-ийн 74/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/63 дугаар албан бичиг /хх-ийн 137/, хохирлын баримтууд /хх-ийн 172-173/, шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Мягмарсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Пүрэв-Очир нь хавтаст хэргийн 13 дугаар талд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн, хохирогч Э.Лхагважавын /Ebarimt/ баримтаар гаргаж өгсөн Манал Оточ эмнэлгийн эмчилгээний зардал 1,300,000 төгрөг, эмнэлгийн үйлчилгээ авсны зардал 678,900 төгрөг, лазер эмчилгээний зардал 650,000 төгрөг нийт 2,628,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулав.
Шүүгдэгч Б.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалав.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Сэнгэ ургийн овогт Баярмаагийн Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнг нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнд нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт хоёр сарын /2/ хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мягмарсүрэн мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мягмарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА